Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 427

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, иргэн Б.О-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга, Нийслэлийн Газрын албанд холбогдох “...Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/186 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулахыг Нийслэлийн газрын албанд даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Б.О-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга, Нийслэлийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Б.О миний бие нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлээсээ татгалзсаны үр дагаварыг ойлгосон болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга, Нийслэлийн Газрын албанд холбогдох “...Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/186 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулахыг Нийслэлийн газрын албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр гарган ирүүлжээ. 

Б.О нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн уг хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Нэхэмжлэгч Б.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед “Нэхэмжлэлээс татгалзах тухай” хүсэлт гаргах эрхтэй бөгөөд энэхүү хэрэг дээрх асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга, Нийслэлийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.О-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 66 дугаар зүйлийн 66.1-т “...шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ дэмжсэн болно. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар  зүйлийн 66.1, 66.2-т заасныг тус тус үндэслэн иргэн Б.О-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга, Нийслэлийн Газрын албанд холбогдох “...Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/186 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулахыг Нийслэлийн газрын албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                        Г.МӨНХТУЛГА