Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0445

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 28 өдөр 

Дугаар 221/МА2019/0445

          Улаанбаатар хот

 

П.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

    

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 111/ШШ2019/0014 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Б.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлоор, П.Б-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 111/ШШ2019/0014 дүгээр шийдвэрээр: 

1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 76 дугаар тушаалыг хүчингүй болгож, П.Б-ыг Баянхонгор аймгийн Жинст сумын байгаль хамгаалагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б-ын ажилгүй байсан хугацааны олговор болох 4.134.965 /дөрвөн сая нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун жаран тав/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга /тус газар/-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, П.Б-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Б.Бат-Өлзий давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 111/ШШ2019/0014 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

П.Б-ыг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 48 дугаар тушаалаар урд ажиллаж байсан ажилд нь эргүүлэн томилж, Монгол Улсын Захиргааны өрөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу хамт олны хурлаар сонсох ажиллагаа явуулж Байгаль хамгаалагчийн хийж хэрэгжүүлэх ёстой мэдээ судалгааг гаргаж ирүүлэх тухай хугацаатай үүрэг даалгавар албан бичгээр өгч хийж хэрэгжүүлээгүй тохиолдолд ажлаас чөлөөлөх мэдэгдлийн хамт өгсөн боловч хугацаанд нь ирүүлээгүй, ирүүлсэн судалгааг хангалтгүй гүйцэтгэсэн.

Жилийн эцсийн Үр дүнгийн гэрээг дүгнэх, тайлан хамгаалах ажилд дуудсан хугацаанд бэлэн байгаагүй, тайлангаа хамгаалаагүй тул Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 9 дэх заалт зэргийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 76 дугаар тушаалаар ажлаас халсан.Дээрх шалтгааныг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 111/ШШ2019/0014 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, П.Б-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

Маргаан бүхий захиргааны акт болох Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 76 дугаар тушаалаар Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн  хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Засгийн газрын 2018 оны 01 албан даалгавар, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.9, тус газрын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажил сайжруулах тухай” 232 дугаар, 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 237 дугаар албан бичгүүдийг тус тус үндэслэн нэхэмжлэгч П.Б-ыг үүрэгт ажлаас нь халжээ.

Төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан сөрөг нөлөөлөл бүхий төрийн албанаас халах захиргааны акт нь заавал эрх зүйн үндэслэлтэй байх ёстой бөгөөд уг үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл заалтад нийцсэн, гаргасан зөрчил нь нотлох баримтаар тогтоогдсон байхыг шаарддаг.

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулан, маргаан бүхий тушаалын үндэслэлд дурдсан зөрчил тус бүрт тодорхой дүгнэлт хийсэн байна. 

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” тохиолдолд төрийн жинхэнэ албанаас халахаар заасан ба “...хангалтгүй биелүүлсэн…” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгох ёстой. Энэхүү шалгуураар болон хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг Төрийн албаны тухайн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Баянхонгор аймгийн Жинст сумын байгаль  хамгаалагчийн албан тушаалд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны олговрыг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

1/ Тодорхой хугацаатай  тайлан судалгааг хугацаанд ирүүлээгүй, ирүүлсэн боловч судалгааг хангалгүй гүйцэтгэсэн гэсэн үндэслэлийг хариуцагчаас анхан шатны шүүх хуралдаанд болон давж заалдах гомдолдоо дурдаж байна. Хариуцагчаас 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 237 дугаар албан бичгээр ... 2018 оны 11 дүгээр сарын 01-ний дотор нийт 18 судалгааг ирүүлэх ... нэхэмжлэгч П.Б нь 14 судалгааг бичгээр гаргасан нь гүйцэд хангалттай гэж үзэхгүй...”  гэж тайлбарлажээ.

 Дээрх судалгааг бичгээр гарган 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Тамгын газрын дарга З.Цэрэндоржоор хянуулсан байна. 

2/ Жилийн эцсийн үр дүнгийн гэрээ дүгнэх, тайлан хамгаалах ажилд дуудсан хугацаанд бэлэн байгаагүй, тайлангаа хамгаалаагүй тухайд гэсэн үндэслэлийг давж заалдах гомдолд мөн дурдсан байна.

 Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр 2018 оны Үр дүнгийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 17-ноос 24-ний хооронд хуваарийн дагуу дүгнэсэн болох нь тогтоогджээ.  П.Б нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 9 цагт ирж тайлангаа хамгаалах ёстой байсан боловч машин саатсан шалтгаан гарсан боловч 2018 оны 12 дугаар сарын 21-ний 11 цаг 40 минутад ирж хамгаалсан, саатал гарсан тухайгаа урьдчилан утсаар ярьж мэдэгдсэн болох нь тогтоогджээ. Хэдийгээр цаг хугацааны хувьд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хожимдож ирсэн боловч, Үр дүнгийн гэрээг дүгнэх үндсэн хуваарьт хугацаанд ирж тайлангаа хамгаалан баталгаажуулсан, энэ тохиолдолд зөрчил гэж үзэх боломжгүй. 

Иймд хариуцагчийн гаргасан шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...удаа дараа...” гэсэн нөхцөлийг хангахгүй байх бөгөөд нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас халах үндэслэл болохгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

Мөн түүнчлэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дурдсан бусад үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 111/ШШ2019/0014 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                   ШҮҮГЧ                                        Г.БИЛГҮҮН

                   ШҮҮГЧ                                        С.МӨНХЖАРГАЛ                     

                   ШҮҮГЧ                                       Э.ЗОРИГТБААТАР