Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 103

 

Х.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1466 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 242 дугаар магадлалтай, Х.Э-д холбогдох 2106000001957 дугаартай хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан гомдлыг үндэслэн  2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрчим хүчний менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, аавын хамт *** тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Д- овогт Х-ын Э-, (РД:***).

Х.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, *** тоотод байх гэртээ хамтран амьдрагч Н.А-тэй “намайг бусадтай хардлаа” гэх шалтгааны улмаас маргалдан, хэвлийн тус газар нь нэг удаа хутгалсны улмаас амь хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Э-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Э-д 10 жил хорих ял шийтгэж,

2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаартай шүүхийн тогтоолоор дээрх оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон залруулга хийж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Х.Э-аас 7,205,503 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 3 дахь заалтад 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 38 дугаартай шүүхийн тогтоолоор “...хаалттай...” гэсэн хэсгийг “...нээлттэй...” гэж өөрчилсөн залруулга хийж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Э-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Э- гаргасан гомдолдоо “...Миний бие 2021.09.29-ний өдрөөс хойш цагдан хорих 461 дүгээр ангид Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан зүйл ангиар зүйлчлэгдэн хоригдож эхэлсэн. Хоригдсон цагаас хойш биеийн байдал муудаж, хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, их хэмжээний эм тариа хэрэглэж байгаа. 2021.12.21-нд анхан шатны шүүхээр орж 10 жил хорих ялаар шийтгүүлсэн, тогтоолыг 2022.01.10-ны өдөр хорих 409 дүгээр ангид хоригдож байхдаа хүлээн авсан, тус өдрөөс хойш 2022.01.20-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэтэл 2021.01.24-ний өдөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ял эдлэх дэглэмийг “хаалттай” болгож залруулга хийсэн шүүхийн тогтоол ирсэн.

Миний хувьд шийтгэх тогтоолоор нээлттэй дэглэмтэй гэж бодон давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. ...Давж заалдах шатны шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн, миний буруутай болгоомжгүй үйлдлээс болж хохирогчид хүнд гэмтэл учруулж эцэст нь хүний аминд хүрсэндээ маш их харамсаж, одоог хүртэл итгэж чадахгүй, харамсаж байна. Хохирогчийн гэр бүлийн хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж буйгаа дахин илэрхийлмээр байна. Одоогоор миний амьдралын боломж бололцоогүйн улмаас хохирол төлбөрийг төлөх боломжгүй байгаа боловч чадах чинээгээрээ хохирол төлбөрийг төлж барагдуулахаа амлаж байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч миний анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдлыг харгалзан үзэж хаалттай дэглэмийг бууруулж нээлттэй болгож, 10 жил хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн боловч дэглэм бууруулсан өөрчлөлтийг давж заалдах шатны шүүх бичээгүйн улмаас одоогоор миний бие 2022.03.29-ний өдөр хорих 407 дугаар ангид хаалттай /тусгай/ ангид /10 жил хаалттай/ дэглэмээр хоригдож байна. Иймд хоригдож буй миний эрх зүйн байдлыг дахин дахин дордуулж яллаж байгаад гомдолтой байна.

Миний бие өндөр настай /73/ аавын хамт амьдардаг. Ээж минь тусдаа амьдардаг. Хоригдсон цагаас хойш өндөр настай /74/ ээжийн минь бие муудаж эмнэлэгт байнга хэвтэн эмчлүүлж, байнга унаж, тархины дутмагшилд орж харвах аюултай байдалд байгаа тул сэтгэл өвдөн сууна. Мөн өндөр настай аавын минь бие муудаж, зүрхний хэм алдагдах, ходоодны гүн шархлаа, бөөрний архаг үрэвсэл, сэтгэл санааны гүн цочролд орж ганцаараа байгаад нь шаналж сууна. Миний бие хоригдсон цагаас хойш хууч өвчин сэдэрч, даарч чийгтэй орчинд удаан хоригдсоны улмаас зүрхний хэм алдагдах, элэг, бөөрний үрэвсэл, хавагнах, цус алдах, цус тогтоох эмчилгээ хийлгэж эмэгтэйчүүдийн хагалгааны заалттай хавдрын улмаас хорих эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Иймд эрхэм шүүгч та бүхэн миний хувийн байдлыг харгалзан үзэж, дахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй, гэм буруугаа яс махандаа шингэтэл ойлгож ухамсарлан маш их харамсаж, өөрийн буруутай үйлдлийн улмаас давхар эцэг, эхийгээ яллаж байгаадаа гүнээ харамсаж байна. Та бүхэн надад оногдуулсан ялыг хөнгөрүүлэн багасгаж өгнө үү гэж хичээнгүйлэн хүсэж байна” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Г.Э-д холбогдох хэрэгт гэмт хэрэг үйлдсэн гэх нотолбол зохих байдпуудыг бүрэн дүүрэн нотолж чадаагүй, гэмт хэрэг үйлдсэн үйл явдал, санаа зорилгыг үнэн зөв бодитойгоор тогтоолгүйгээр хэргийн үйл баримтын бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр зүйлчлэлийг хүндрүүлэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх Х.Э-ыг хүнийг алах гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж давж заалдах шатны шүүх магадлалаар өөрчлөлт оруулж эдлэх ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр заажээ.

Иймд шүүхийн тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй эрүүгийн хариуцлагыг оногдуулсан нь прокуророос шүүхэд ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулсан нь буруу байхаас гадна давж заалдах шатны шүүхийн магадлалын өөрчлөлтийг хэрхэн яаж өөрчилсөн болох нь ойлгомжгүй тодорхой бус магадлалын тогтоох хэсэгт тодорхой зааж өгөөгүй нь хууль ёсны шаардлага хангахгүй байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа нь дан ганц яллах талын нотлох баримтыг цуглуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн.

Миний үйлчлүүлэгч Х.Э-ын төрсөн эцэг Х.Х-т гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж, түүнээс гарах эрх зүйн үр дагаврыг ойлгуулаагүй мэдүүлэг авч хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. Хэргийн үйл явдал болох үед Х.Э- нь хамтран амьдрагч Н.А-гийн амь насыг санаатайгаар алах гэсэн үйлдлийг нотолсон шууд нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байхаас гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр буюу нотлох баримтын шаардлага хангаагүй байхад бүхэлд нь шийдвэрлэсэн нь буруу байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба миний үйлчлүүлэгч Х.Э- нь нь дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч бусдыг санаатай алах гэмт хэргийн шинжийг агуулаагүй, тухайн хэрэг болох үед амь алдагчийг хоол хийж байх үедээ түүний хууль бус үйлдлийг холдуулах гэж байгаад хутгатай гараараа болгоомжгүйгээр хутгалсан байхаас гадна шинжээчийн 2021 оны 10 сарын 22-ны өдрийн 2092 дугаартай дүгнэлтэд заасан “Талийгаачид учирсан хэвлийн хөндийд нэвтэрч ходоодны гарах хэсгийн ар хана, нойр булчирхайн толгойн хэсгийг хатгаж, нарийн гэдсийг бүрэн тасалж гэмтээсэн шарх” гэмтэл нь амь насанд аюултай ГЗТЖ-ын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ.

Иймд амь алдагч нь гэмтэл авснаас хойш эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол миний үйлчлүүгч Х.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул уг тогтоол хууль ёсны бөгөөд хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх дүгнэлтэд хүрч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударга ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны aшиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурор, шүүх тогтоох үүрэгтэй байхаар хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн зүйл заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байх тул давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийг хөнгөрүүлэн зүйлчилж хариуцлага оногдуулж өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Шүүгдэгч Х.Э-ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Н.А- нас барсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийг хутгалж амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулсны дараа хохирогч ямар цаг хугацаанд нас барсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, шүүгдэгчийн санаатай хийсэн үйлдлийн үр дагаварт шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Хохирогчид хүч хэрэглэн халдсан шүүгдэгчийн үйлдлийн улмаас түүний биед учирсан гэмтэл нь үхэлд хүргээгүй, эсхүл эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүйн улмаас хүний амь хохирсон үр дагавар үүсгэсэн, түүнчлэн гэмтлийн бус шалтгаан буюу өөр өвчин, эмгэгийн хүндрэлээр хохирогч нас барсан гэх нөхцөл байдал шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй тул шүүгдэгчийн гэмт үйлдлийн шинжийн талаар хоёр шатны шүүхээс хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 1466 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 242 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан гомдлыг үндэслэн Х.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Х.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, *** тоотод байх гэртээ хамтран амьдрагч Н.А-тэй хувийн шалтгааны улмаас маргалдан, улмаар түүний хэвлийн тус газар хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Х.Э-д холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, тэдгээр нотлох баримтын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсарт тулгуурлан үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй тогтоосон байна.

Анхан шатны шүүх ийнхүү тогтоосон хэргийн үйл баримтанд эрх зүйн дүгнэлт хийхдээ, шүүгдэгч Х.Э-ын гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн үндэслэлд хамаарч байх тул хэргийн зүйлчлэлийн талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Түүнчлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 10 жил хорих ял оногдуулж, улмаар давж заалдах шатны шүүхээс тухайн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин анхан шатны шүүх Х.Э-д оногдуулсан хорих ял эдлэх байгууллагын дэглэмийг шүүхийн шийдвэр уншиж сонсгосноос өөрөөр шийтгэх тогтоолд тусгасан тул залруулга хийсэн, түүнчлэн давж заалдах шатны шүүх тухайн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх талаар дүгнэлт хийсэн атлаа магадлал гаргахдаа мөн л техникийн шинжтэй алдаа гаргаж, улмаар залруулга хийсэн байх тул шүүхүүд шийдвэр гаргахдаа нягт нямбай, хянуур хандаж, алдаа дутагдал гаргахгүй ажиллах нь чухал байгааг үүгээр тэмдэглэж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү”, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан “...хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1466 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 242 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Э- болон түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                       Б.ЦОГТ

                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН