| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 131/2023/01000/И |
| Дугаар | 213/МА2024/00010 |
| Огноо | 2024-08-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 213/МА2024/00010
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ж.Баттогтох, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 131/ШШ2024/00550 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох
Гэм хорын хохирол учруулсны төлбөрт 14,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******а, түүний өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Ш.Чимэдцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. 2020 оны 10 дугаар сард *******оос хэдэн үхрээ гайгүй айлд тавих гэсэн юм тийм айл байна уу гэхэд та манайд үхрээ тавьчих гэхдээ би ааваас асуугаад хариу хэлье гэсэн. Түүнээс хойш удалгүй ******* залгаад аав зөвшөөрсөн та малаа авчраад өгөөрэй гэж хэлсэн. *******оо, ******* нарт малаа өгөхөөр болж 2020 оны 10 дугаар сарын 23-нд дүү *******ээр морьтой үхрээ туулгахаар болж би нөхөртэйгөө *******ынд очиж хоноод маргааш нь явсан. Орой нь *******той утсаар ярихад 24 тооны үхэр хүлээлгэж өглөө гэж ярьсан.
1.2. Би *******оогийнд очсон үед сарын хөлс хэд вэ гэхэд тэр яах вэ болох байх гэж хэлсэн тул хавар малаа авахаар нэг мөсөн хөлс авах юм байх даа гэж бодсон. Түүнээс хойш 2020 оны 12 дугаар сарын сүүлээр *******ынд очиж идэшний нэг үхэр авсан, цагаан сарын дараа ******* “...танай нэлээн хэдэн үхэр үхсэн гэж хэлэхээр нь чи юу яриад байна үхэр үхлээ гэж хэлэхгүй яасан юм бэ тэгвэл өвс явуулах байсан юм, хэрэв үхэр үхсэн байх юм бол зургаар дарж аваарай үхсэн үхрийн зургийг харж л баталгаажуулна шүү..” гэж хэлсэн. Тэр үед ******* юу ч дуугарахгүй чимээгүй суугаад байсан. Түүнээс хойш 4 дүгээр сард ******* Өргөөтөөс наашаа нүүж орж ирээд танайхаас 4-5 үхэр үлдсэн гэхээр нь зургийг нь харъя гэсэн чинь хоёр үхрийн зураг үзүүлсэн түүнээс хойш үхрээ авъя гэхээр үхсэн гэж маргаад явдаг байсан.
1.3. Тус сумын иргэн ******* гэх хүн 2021 оны 10 дугаар сард манай нөхөртэй таараад “...*******, ******* нарыг Архангай аймаг руу үхэр тууж гаргасан үхрүүд дотор танай үхэр байсан...” утгатай юм ярьсан байсан тул 2021 оны 12 дугаар сард Цагдаагийн байгууллагад гомдол гаргахад миний хэргийг хоёр жил шахам шалгаад “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай“ Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаартай тогтоолыг надад хүргүүлсэн.
1.4. Иймд *******, нарт хүлээлгэн өгсөн 24 тооны үхрээс 1 үхрийг идшинд хэрэглэсэн, 2 үхрийг буцааж надад өгч нийт 3 тооны үхэр хасаад үлдэгдэл 21 тооны үхрийг хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн шинжээчийн 2020 оны 10, 11 дүгээр сарын байдлаарх үнэлсэн 14,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би 3 жил хэдэн үхрийн араас хөөцөлдөж Цагдаагийн байгууллагаар явж цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирч явна гэжээ.
2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
2.1. *******ын нэхэмжлэлийг хүлээн авах ямар ч боломжгүй, үндэслэлгүй болохыг тайлбарлах нь: Би малаа авчирч тавь гэсэн зүйл байхгүй. Манай бага хүү *******той *******а сум дээр тааралдаад “...үхрээ тавимаар байна гэхэд нь ааваас асууя, тэгээд хэлье” гэж хүү надад хэлэхэд нь би “... доод голын мал туранхай хэцүү дээ. Хангайд цастай байгаа” талаар утсаар хэлсэн.
2.2. Үнэхээр тэдний үхэр маш туранхай, голд шахагдсан үхрүүд байсан. Яг өөрсдийнх нь биш, талийгаач хөгшнийх нь хэдэн хөгшин үнээ байсан юм билээ. Би “...авах боломжгүй гэтэл манай голд мал хэцүү байна, өвс л бараадуулмаар байна. Та найдвартай, яаж ийгээд борогтой залгуулаад учраа олъё гэхээр нь үхэж үрэгдвэл хэцүү шүү гэхэд үхсэн ч дүүрчээ, өвс боргийг нь бараадуулъя...” гэж манайд нөхөртэйгөө ирээд гуйгаад хоносон. Үхэр нь ирж байгаа гэсэн тэр өдрөө ирээгүй, явах болохоор нь бага хүү *******ыг өмнөөс нь явуулж авахуулсан, өөрсдөө байгаагүй. Үнэхээр туранхай эцэнхий 8 бяруу, 6 гунж, 8 бүдүүн хөгшин үнээ байсан.
2.3. 2020 оны 10 дугаар сард отор дээр байхад нөхөр нь ирж хүнсэндээ 1 үнээ авсан, ямар ч өөхгүй, тас хар мах байсан. Хүнс авахдаа нөхөр нь үхрээ хараад ”... овоо гэдэс оржээ...” гэж хэлж байсан юм. Өвөл отроор гайгүй явж даваад 2021 оны цагаан сарын өмнө нутагтаа ирээд үхрээ ав гэж олон удаа хэлсэн. Одоо очно, 2 хоноод очно гэж хэлээд ирээгүй байсаар 2021 оны 3 сард цас нэмж ороод зудыг дээд цэгт нь хүргэсэн. Энэ үед манай болон тавиул мал их үхсэн.
2.4. Үлдсэн 2 үнээгээ ав гээд байхад авахгүй байсаар хавар тугаллуулаад 6 сарын сүүлээр авсан. Тэр жилийн зудад малгүй болсон өрх ч байгаа. Манай сум багт зуд ямар болдог, ямар хэцүүг нь мэргэжлийн хүн мэднэ. Өөрсдөө мэдсээр сонссоор байж харсаар байж малдаа анхаарал тавиагүй тул худал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оо, ******* нараас зээлийн үхрийн үнэ 11,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оо, ******* нараас 198,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, шийдвэрлэжээ.
4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******н давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492.1.1-г үндэслэж шийдсэн нь хуулийг зөрчсөн илэрхий алдаа гаргажээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралд гаргасан тайлбар зэргээс үзвэл хариуцагч нараас өөрсдийн үхрийг тавихыг хүссэн хүсэл зоригийн илэрхийлэл, өөрсдийн тавьж буй малыг өөрсдөө тууж авчирч өгөөд онд оруулж өгөөч гэж гуйсан. Хариуцагч ******* “...энэ өвөл зудтай байна,гэхэд үхвэл үхэг...” гээд явсан зэргээс үзвэл хэргийн оролцогч нар дээрх үйл явдалд маргадаггүй. Иймд хариуцагч ******* нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй.
4.2. Шүүх талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй гэх үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэтэрхий 1 талыг барьсан. Үүргийн харилцааг явцуу утгаар ойлгож хуулийг тайлбарласан гэх дүгнэлтэд хүрч байна. Талуудын хооронд хэлцэл хийгдсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдож байна. Нэхэмжлэгч нь үхрээ тавьж байгаа үхэр тавьсан үнэ хөлсөө үхрээ буцаан авахдаа ярилцах байх гэх тайлбарыг шүүхийн шийдвэрийн 2 дугаар хуудаст шүүх тэмдэглэжээ. Үүнээс үзэхэд хэргийн оролцогч нарын хооронд хэлцэл хийгдсэн болох нь илэрхий байна.
4.3. Дээрхээс үзвэл хариуцагч нар нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хууль зүйн дүгнэлтийг шүүх хийсэн нь хуулийг илэрхий зөрчсөн. Хэргийг бүх талаас нь нотлох баримтын хүрээнд шинжлэн судлаагүй, хэргийн зүйлчлэлийг хийхдээ илэрхий алдаа гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******ын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Би 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр *******оод 24 тооны үхэр хүлээлгэж өгсөн. 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүү ******* нь манайд давс авахаар ирэхээр үхэр тавих айл байна уу гэхэд, ******* нь аавтай ярьчихлаа манайх авъя гэж тохирсон. Би 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр очиж хоноод маргааш нь наашаа явсан. Тэгэхэд манай дүү танай үхрийг хүлээж авсан гэж ярьсан. Түүнээс хойш нааш цаашаа зөндөө явсан. Огт юм яриагүй байж байгаад 2021 оны 4 дүгээр сард гэнэт танай үхэр үхсэн гэж хоёр бярууны зураг үзүүлсэн. Өөр үхэр үхсэн талаар хэлээгүй. Идэш авах гэж очиход үхэр бүрэн бүтэн байсан. Миний хувьд зургаар баталгаажуулаарай гэсэн үнэ хөлс тохироогүй. 2021 оны хувьд сумын зэм устгалын тайлан өгсөн байна лээ. Тухайн үед зуд болоогүй. Миний хувьд сумын цаг уурын ажил хийдэг хүний хувьд зуд болоогүй гэж үзэж байна. Миний үхрүүдийг үхсэн гээд өгөхгүй, би хохирч байна гэв.
6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
6.1. Иргэний хуулийн 492.1.1-г үндэслэж шийдсэн нь хуулийг зөрчсөн илэрхий алдаа гаргасан. Талуудын хооронд хэлцэл хийгдсэн байхад үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн. Шүүх талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй гэх үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэтэрхий 1 талыг барьсан. Үүргийн харилцааг явцуу утгаар ойлгож хуулийг тайлбарласан гэх дүгнэлтэд хүрч байна. Талуудын хооронд хэлцэл хийгдсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдож байна. Нэхэмжлэгч нь үхрээ тавьж байгаа үхэр тавьсан үнэ хөлсөө үхрээ буцаан авахдаа ярилцах байх гэх тайлбарыг шүүхийн шийдвэрийн 2 дугаар хуудаст шүүх тэмдэглэжээ. Үүнээс үзэхэд хэргийн оролцогч нарын хооронд хэлцэл хийгдсэн болох нь илэрхий байна. Дээрхээс үзвэл хариуцагч нар нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хууль зүйн дүгнэлтийг шүүх хийсэн нь хуулийг илэрхий зөрчсөн. Хэргийг бүх талаас нь нотлох баримтын хүрээнд шинжлэн судлаагүй, хэргийн зүйлчлэлийг хийхдээ илэрхий алдаа гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч *******а хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэм хохирол учруулсны төлбөрт 14,100,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ гэм хорын хохирол арилгуулах гэж тодорхойлсон. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүх маргааныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ.
3.1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд зааснаар хамтын зарчмаар шийдвэрлэх атал шүүгч дангаар хянан хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.
4. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөх, залруулах, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагч талын давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.4-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 131/ШШ2024/00550 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ
Ч.БАЯРЦЭНГЭЛ