Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 213/МА2024/00011

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

*******д холбогдох иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 131/ШШ2024/00651 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 30,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Чимэдцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *******гийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

1.1. Миний бие 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр иргэн *******т 30,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл зээлсэн. Гэтэл 2023 оны 9 дүгээр сарын сүүлд тухайн мөнгө зээлсэн ******* нас барсан. Би 2 сарын зээлийн хүү авахаас татгалзаж байна.                         Харин үндсэн зээл 30,000,000 төгрөг одоо надад яаралтай хэрэг болж байгаа тул түүний төрсөн хүү *******гээс гаргуулж өгнө үү.

1.2. 2023 оны 08 дугаар сарын 23-нд миний ээж ******* нь *******т 30,000,000 төгрөгийг хүүтэй зээлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өгнө гэж гарын үсэг зурж гэрээ хийсэн. 2023 оны 09 сард ******* нь өөд болж хүү *******тэй холбогдож мөнгө төгрөгийг авъя гэхэд өгнө гэж хэлсэн. Одоо хүртэл мөнгөө өгөөгүй сүүлдээ өгөхгүй, явдаг газраараа яв гэдэг болсон. Мөнгө төгрөгөө авах хэрэгтэй байна. Тэгээд зээлийн хүүг авахаа болъё гэсэн. Өөр хүсэх юм байхгүй.. гэжээ.

2. Хариуцагч *******гийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие ******* овогтой ******* нь дээрх 30 сая төгрөгийг шууд төлөх боломжгүй байна. Миний ээж ******* нь ******* гэх хүнээс ийм хэмжээний мөнгө зээлсэн эсэх талаар миний бие ямар ч мэдээлэлгүй байсан бөгөөд миний бие 2019 онд тусдаа гарч тусдаа амьдралтай болсон.

Миний бие ээж *******ийн 2022 онд авсан /Хаан банк/ 200,000,000 төгрөгийн зээлэнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж байсан. Тэр зээлийнх нь үлдэгдэл 176,353,000 төгрөгийн үлдэгдэлтэй, мөн Голомт банкинд 13,000,000 төгрөг тус тус үлдэгдэлтэй байна.

Иймд тус нэхэмжлэлийн дагуу 30,000,000 төгрөгийг бүхэлд нь төлөх боломжгүй байна.

2.2. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ******* гэх хүнээс хэдэн төгрөг зээлсэн талаар болоод буцаан төлсөн эсэх талаар ямар ч мэдээлэл *******д байхгүй. Хүүхдээс нь нэхэмжилж байгаа талаар нэхэмжлэл гаргасан. Хамаатан садны холбоотой байгаа дээр маргаагүй. Харин ээжийнхээ өмнөөс энэ мөнгийг төлнө гэдэг дээр маргаж байгаа. Төлөх боломжгүй гэдэг талаар шүүхэд хариу тайлбар өгсөн. *******, ******* нарын хооронд зээлийн харилцаа үүссэн байж болно. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг *******ийн дансанд шилжүүлсэн. Үүнд ******* ямар ч холбоогүй юм. ******* нь үүрэг гүйцэтгэгчээр *******г татсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. *******, ******* нарын хооронд гэрээ хийгээгүй, харилцаа үүсээгүй гэж үзэж байгаа. Цорын ганц өвлөгч юм, үүрэг хүлээх үндэслэлтэй гэж Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т зааснаар шаардаж байгаа юм байна. Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гээд заасан байгаа. Үүн дээр өв хөрөнгө хүлээж аваагүй хүн үүргийг хүлээх үндэслэлгүй юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******гээс зээлийн 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ийн тус шүүхэд гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ...Нэхэмжлэгч ын нь 2023 оны 08 сарын 23-ны өдөр иргэн *******т 30 000 000 /гучин сая төгрөг/-ийг хүүтэй зээлсэн ба зээлдэгч ******* нь 2023 оны 09 сард нас барсан байдаг. Түүний ганц хүү *******г хууль ёсны өв залгамжлагч мөн тул өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр үүрэг хүлээх тул 30 сая төгрөгийг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан.

4.2 Шүүхийн шийдвэрийг 2024 оны 08 сарын 07-ны өдөр шуудангаар явуулсныг 2024 оны 08 сарын 11-ний өдөр хүлээн авч давж заалдах гомдол гаргаж байна.

4.3. Анхан шатны шүүх нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нотлох баримтад дутуу үнэлж шийдвэрлэсэн байгааг анхаарна уу.

4.4. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө, 515.2-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ, 520.1.1-т нас барагчийн ...төрүүлсэн ...хүүхэд өвлөнө, 527.3-т Өвлөгчийн хүлээн авсан эд хөрөнгийг, өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзнэ, 535.1-т Өв хүлээн авсан өвлөгч ....өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж маш тодорхой заасан.

4.5. ******* нь ээжийнхээ улсын дугаартай lexus RX450 загварын машиныг 9,000,000 төгрөгөөр үнэлж өв хүлээн авсан, /энэ машины бодит зах зээлийн үнэлгээ нь 40 саяас дээш/, 2023 оны 10 сарын 11-ний өдөр хүлээн авсан, ............ тоотод байрлах 49 м.кв орон сууцны зориулалттай байрыг мөн хүлээн авсан боловч эмээдээ зарсан гэх үйл баримт тогтоогддог. Мөн энэ байрыг манай ээж ******* ав гэсэн нь авсан гэж сонссон. Гэтэл шүүх хангалттай зөв дүгнэлтийг хийж, нягтлаагүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэлээ.

4.6. Талийгаач нас барах үед банканд тодорхой хэмжээний хөрөнгө хадгалагдсан, түүний амьдарч байх хугацаандаа хэрэглэж байсан эд хэрэглэл, бусад зүйлийг хүү ******* нь л дангаар хүлээн авсан нь тодорхой ба өөр булаалцалдах өвлөгч байхгүй нь айлын ганц хүү учраас тогтоогддог.

4.7. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д заасны дагуу талийгаачийн *******д төлөх ёстой 30,000,000 төгрөгийн зээлийн үүргийг түүний хүү ******* өвлөн авсан хөрөнгийн хэмжээнд хүлээнэ.

4.8. Гэтэл шүүхээс 281.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-д заасан хуулийг хэрэглэхдээ өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр өвлөгчийн хариуцах ёстой хариуцлагын талаар буруу дүгнэлт хийж Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул гомдолтой байна.

4.9. Талийгаачийн хувьд үүрэг дуусгавар болж байгаа хэдий ч түүний өв залгамжлагч болох *******гийн хувьд өвлөн авсан хөрөнгө болох машин, хувийн орон сууцны хэмжээгээр *******д төлөх ёстой нас барагчийн үүргийг хүлээнэ.

4.10. Шүүхээс Иргэний хуулийн 535.1-д заасан хуулийг хэрэглээгүй, мөн хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-д заасан хуулийг буруу тайлбарлан *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу юм.

4.11. Энэ нэхэмжлэлийг гаргахдаа талийгаачаас мөнгөн зээлийг гаргуулах агуулгаар биш ******* нь нас барагчийн өв залгамжлагч тул өвлөн авсан өвийнхөө хэмжээгээр *******д төлөх ёстой 30 000 000 төгрөгийг төлнө гэж үзэж гаргасныг шүүх анхаарч үзээгүй.

4.12. Иймд Баянхонгор аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 131/ШШ2024/00651 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн тус шүүхэд гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. ... Нэхэмжлэгч болох миний ээж ын нь 2023 оны 08 сарын 23-ны өдөр талийгаач эгч *******т 30 000 000 /гучин сая төгрөг/-ийг хүүтэй зээлсэн ба зээлдэгч ******* нь 2023 оны 09 сард нас барсан байдаг. Ажил явдал болсны дараа нь түүний ганц хүү ******* талийгаачийн үлдсэн хөрөнгийг эрхлэн удирдаж, зарим хөрөнгийг нь өөрөө авч, зарим хөрөнгийг нь өв хүлээн авахаас татгалзан өөр бусад хүнд шилжүүлэн улмаар орон сууцны банкны зээлийг нь үргэлжлүүлэн төлж тэр хэмжээгээрээ талийгаачаас үлдсэн 3 өрөө орон сууцыг эзэмшин, ашиглан үргэлжлүүлэн амьдарч байгаа.

5.2. Бид нар ойрын ах дүү төрөл садангийн холбоотой хүмүүс, манай ээж *******гээс 2020 оноос өдийг хүртэл бэлэн мөнгө зээлж ашиглан хэрэглэж байсан. Үүнийг нь манайхан болон түүний хүү ******* нь сайн мэддэг. Бид нэгнийгээ сайн ч мэддэг итгэлтэй найдвартай, санхүүгийн боломж сайтай, цаг хугацаандаа өгч аваад зээлээ эргэн төлөлт дээрээ хариуцлагатай байж чаддаг байсан ба байнга л мөнгө зээлж тус болооч зүгээр авахгүй, хүүтэй богино хугацаатай түргэн эргэн төлж чадна гээд л гуйгаад л авдаг байсан учраас итгэж найдан бэлэн мөнгөө зээлчихдэг байсан.

5.3. ******* манай ээжид ажил явдлын дараа үлдсэн эд хөрөнгөөс нь төлөх болно санаа зоволтгүй гэж хүртэл хэлээд хашаа, байшинг нь авах санал тавихад нь ээж маань чи өөрөө мэдээ, би өгсөн бэлэн мөнгөө л авна гэхэд банканд бас өртэй үлдсэн түүнийг ч барагдуулж байна. Гэхээр нь хашаа байшингаа зараад өгөх юм байна гэж итгэсэн. Таны мөнгийг машин, хашаа байшинг нь зараад барагдуулна жаахан цаг хугацаа надад хэрэгтэй байна. Солонгос улс руу виз мэдүүлсэн, гадагшаа гараад өндөр цалинтай ажил хийгээд ч гэсэн төлнө та харин хүлээж байгаарай л гэж хэлж гуйж байсан ч шүүх харин ч эсрэгээр нь буруу шийдэж иргэн биднийг хохироосонд нь гомдож байна.

5.4. Яагаад ах дүү хүмүүсийн асуудлыг нь бодит байдлаас нь дордуулж байгаа юм бэ?, ээжид болон бидэнд ч энэ 30 сая төгрөг ямар их хэрэгтэй болж арга буюу л авах нь үнэн болохоор нэхэмжлэлээ гаргасан билээ. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад ******* нь банканд байгаа 200,000,000 төгрөг, мөн 13,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар дурдаад 30,000,000 төгрөгийг бүхэлд нь төлөх боломжгүй байгаа талаар хариу тайлбар гаргасан нь банкнаас авсан зээлийг зээл гэж үзэж, хувь хүнээс авсан зээлийг зээл биш гэж үзэж төлөх боломжгүй гэж байгаа нь шударга биш ба авсан зээлд нь адил тэгш хандахгүй байгааг нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрхийг хууль бус, хүний эрхийг бүдүүлгээр ноцтой зөрчиж буйд туйлын гомдолтой байна.

5.5. Шүүхэд хандахаасаа өмнө ажил явдлыг нь дуусгаад байнга л орж гарч байхдаа танаас зээлсэн мөнгийг өгнөө, санаа зоволтгүй, хэд хэдэн унаа тэрэг, үл хөдлөх хөрөнгө, газар хашаатай үлдсэн гэдгийг нь сайн мэдэж байсан болохоор өгөх л байх гэж ээж маань итгэж хүлээсээр өдий хүрч байна. Ийм их хэмжээний бэлэн мөнгөний зээлийг хувь иргэн, банкнаас авч байсны хэрээр л санхүү, эдийн засгийн эрэлт, эргэлт боломж бололцоотой байсан нь тодорхой байдаг.

5.6. Гэвч шүүх бодит байдлаас эрс зөрүүтэй буруу шийдсэнийг анхаарч залруулан өгнө үү гэж энэхүү гомдлоо гаргаж байна. ******* нь ажил төрөлтэй, талийгаачийнхаа бүх эд хөрөнгийг ганцаараа л өвлөн авч үлдэж, хэн ч маргахгүй өмчлөн үргэлжлүүлэн амьдарч байгааг нь сайн мэдэж байна. Ард нь үлдэх үр хүүхэдгүй, тэр нь насанд хүрээгүй болон, хөдөлмөрийн чадвар, эд хөрөнгөгүй бол одоо яах вэ гэсэн, харин ч эсрэгээрээ бид нараасаа ч илүү чинээлэг амьдарч байгаа нь үнэн. 30 сая төгрөгөө зээлүүлсэн ээж маань эцсийн дүндээ буруутан болж хохирч үлдэх ёстой гэж үү.

5.7. Энэ мөнгийг олох гэж яаж хуруу хумсаа хугалан, өдөр шөнө, цаг наргүй л хөдөө хээрээр явж даарч хөөрч явсан хүч хөдөлмөр маань үнэ цэнэггүй үлдэх ёстой юм уу. Ээжийн маань эрүүл мэнд энэ байдлаас болон хань нөхрөө алдсанаас хойш маш их хэцүү байдалтай болж сэтгэл санаа нь их хүнд байгаа нь үнэн.

5.8. Эрхээ хамгаалуулан авах ёстой мөнгө авахаар хандаж байхад яагаад асуудлыг ингэж шийдэж байгаа юм бэ, үлдсэн үр хүүхдээс нь нэхэхгүй өөр хэнээс нь гаргуулахаар хуулийн байгууллагадаа хандахгүй ядарсан иргэд яах ёстой билээ дээ. Арга заль, төлж чадахгүй гэсэн ганцхан тайлбараар л асуудлыг шийдэж байгаа нь огт үндэслэлгүй байгааг хянан шалгаж, нягтлан шалгуулан өгөөч гэж гомдлоо бичиж байгааг хүлээн авна уу. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдэж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нотлох баримтад дутуу үнэлж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө, 515.2-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ, 520.1.1-т нас барагчийн ...төрүүлсэн ...хүүхэд өвлөнө, 527.3-т Өвлөгчийн хүлээн авсан эд хөрөнгийг, өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзнэ, 535.1-т Өв хүлээн авсан өвлөгч ....өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж маш тодорхой заасан. ******* нь ээжийнхээ улсын дугаартай lexus RX450 загварын машиныг 9,000,000 төгрөгөөр үнэлж өв хүлээн авсан.

 Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д заасны дагуу талийгаачийн *******д төлөх ёстой 30,000,000 төгрөгийн зээлийн үүргийг түүний хүү ******* өвлөн авсан хөрөнгийн хэмжээнд хүлээнэ.

 Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч талын нотлох баримт гаргуулах хүсэлтийг удаа дараа хангахаас татгалзаж, дутуу гаргуулах зэргээр оролцогчийн эрхийг хангаагүй. Нотлох баримт гаргах боломжоор хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү..гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ******* нь түүний ээж ******* болон ******* нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээний харилцааг огт мэдэхгүй. Зээлсэн гэх мөнгийг захиран зарцуулахад оролцоогүй байдаг. 

*******, ******* нарын хооронд гэрээ хийгдээгүй, зээлийн харилцаа үүсээгүй гэж үзэж байгаа. Хэдийгээр ******* нь *******ийн цорын ганц өвлөгч боловч хүлээн авсан өв, хөрөнгө байхгүй. RX450 автомашиныг ХААН банкны зээлийн гэрээний үүрэгт хураан авч худалдан борлуулсан тухай баримт хэрэгт авагдсан. Орон сууцны хувьд ХААН банкны зээлийн барьцаалбар тул өвийг хүлээн авахаас татгалзсан. Газар, хашаа байшингийн хувьд *******гийн хувийн өмч тул энэ асуудалд хамааралгүй юм.

Тийм учраас давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү..гэв.

ХЯНАВАЛ:

8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд  нь хянаад  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

9. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гээс 30,000,000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг “...*******ийн төлөх 30,000,000 төгрөгийн зээлийн үүргийг хариуцагч нь өвлөн авсан хөрөнгийн хэмжээнд хариуцах ёстой..” гэж тодорхойлжээ.

9.1.Хариуцагч ******* нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгчээс мөнгө зээлснийг мэдээгүй, ...ямар зориулалтаар мөнгө хүлээн авсан нь тодорхойгүй тул үүргийг хариуцахгүй...” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

9.2. ******* нь 2023 оны 09 сарын 29-ний өдөр нас барсан, хариуцагч ******* нь *******ийн төрсөн хүүхэд болох нь *******гийн төрсний гэрчилгээ, тайлбараар тогтоосон байна.

9.3. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-т зааснаар хариуцагч С.******* нь талийгаач *******ийн хууль ёсны өвлөгч бөгөөд энэ талаар маргаагүй байна.

9.4. Харин хариуцагч нь талийгчаач *******ээс ямар эд хөрөнгө өвлөн авсан, өвлүүлэгчийн үүргийг хариуцах эсэх нь маргааны зүйл болжээ. 

9.5. Нэхэмжлэгч ******* нь ХААН банкин дахь өөрийн эзэмшлийн тоот дансаар *******ийн эзэмшлийн ХААН банк дахь тоот дансанд 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөг шилжүүлсэн,

9.6. Түүнчлэн *******гээс *******т 2023 оны 08 сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөгийг 2.5 хувь хүүтэй зээлсэн тухай бичгээр хийсэн хэлцэл тус тус хэрэгт авагдсан байна.

10. Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгч *******гийн “...*******т 30,000,000 төгрөг зээлсэн…” гэх тайлбар үндэслэлтэй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч нас барах хүртэл гэрээний төлбөрийг гүйцэтгээгүй байсан ба зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

10.1. Иргэний хуулийн 535 дугаар зүйлд  зааснаар өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх ба хэд хэдэн өвлөгч байвал тэдгээр нь үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ.

10.2. Талийгаач ******* нь ................. тоотод байршилтай .................. дугаартай, 49 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Д.*******тай хамтран, улсын дугаартай, LEXUS, RX450 автомашиныг дангаараа тус тус өмчилж байжээ.

11. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт “Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана”, 531.2-д Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно..531.3-д Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно..гэж заасан.

11.1. Хариуцагч *******д өвлөх эрхийн гэрчилгээг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон байх ба уг гэрчилгээнд “..******* 2023 оны 09 сарын 29-ний өдөр нас барснаар өвлүүлэгчийн хүү болох *******д өвлүүлэгчийн эзэмшилд байсан улсын дугаартай, LEXUS, RX450 автомашиныг өвлөгч ******* хүлээн авч байгаа талаар заасан..”, өвлөгч өвийг хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна.

11.2. Энэ нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт “Өвлүүлэгчийн эд хөрөнгө… өвлөгдөнө” гэж, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно”, 43.3 дахь хэсэгт ”Өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөгдөх эд хөрөнгө, ногдох хэсгийг тодорхой заах бөгөөд түүнийг тогтоохдоо Иргэний хуулийн 522, 531, 533 дугаар зүйлийг баримтална” гэж заасантай тус тус нийцжээ.

12. Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ”.. гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь талийгаач *******ийн өвийг хүлээн авагч *******гээс *******тэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 12.1. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ”, мөн хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж зааснаар хариуцагч ******* нь өвлөн авсан өвийн хэмжээгээр талийгаач *******ийн үүргийг хүлээх нь зүйтэй.

12.2. Харин 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 0083 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнд “*******ийн эзэмшилд байсан улсын дугаартай, LEXUS, RX450 автомашины үнэлгээг 9,000,000 төгрөг гэж тогтоосон”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд уг автомашины үнэлгээн дээр маргаагүй байна.

13. Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 9,000,000 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 21,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

14. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийн 149,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 158,950 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 131/ШШ2024/00651 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг .. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 515 дугаар зүйлийн 515.2, 520 дугаар зүйлийн 520.1.1, 535 дугаар зүйлийн 535.2-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******гээс 9,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай..гэж, 2 дахь заалтыг .. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч  *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 158,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай..гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.                                                                                                                                         

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгөөс 149,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 158,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргаж нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ч.БАЯРЦЭНГЭЛ

         ШҮҮГЧИД                              Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                             Т.ГАНЧИМЭГ