Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 446

 

 

 

 

 

 

 

 

 

      2019        05          08                                   2019/ШЦТ/446

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч:  Н.Түвшинбаяр;

шүүгдэгч: Д.Ганбат (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тавхан овогт Доржжүгдэрийн Ганбатад холбогдох эрүүгийн 1909004250281 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 2, хүүгийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол 89-37 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РЮ74070110 регистерийн дугаартай, Тавхан овогт Доржжүгдэрийн Ганбат.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Д.Ганбат нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаагар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 517 дугаар байрны 27 тоотод эхнэр С.Одончимэгийн дүү С.Одонгэрэлийг “бид хоёрын амьдралд орлоо” гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж цохисны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ганбат мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн. Нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

 

   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Одонгэрэл /хх-ийн 17-23/, гэрч Д.Борхүү /хх-ийн 33/, А.Хандпүрэв /хх-ийн 34-35/, Т.Эрэмгийдорж /хх-ийн 36-37/, Д.Баярмагнай /хх-ийн 38-39/, Д.Ганбатын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-4/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 613 тоот дүгнэлт /хх-ийн 41/, Д.Ганбатын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 46-61/, С.Одонгэрэлийн хүсэлт /хх-ийн 65/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч Д.Ганбат нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаагар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 517 дугаар байрны 27 тоотод эхнэр С.Одончимэгийн дүү С.Одонгэрэлийг “бид хоёрын амьдралд орлоо” хэмээн буруутган зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч С.Одонгэрэлийн /хх-ийн 22-23/ “... Би 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаагар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхон 517 дугаар байрны 27 тоот өөрийн амьдардаг гэртээ орж ирэхэд миний эгч С.Одончимэгийн найз залуу болох Ганбат ирчихсэн унтлагын өрөөнд хэвтэж байсан. Би эгчээс “танай найз залуу ирчихсэн юм уу” гэж асуухад “тийм ээ, чимээгүй” гэж хэлсэн. ... зурагт үзэж байхад унтлагын өрөөнөөс эгчийн найз залуу Ганбат нь гарч ирээд манай эгчийг “нааш ир” гээд баруун гарын долоовор хуруугаар дуудаад байсан юм. Энэ үед манай эгч С.Одончимэг нь чимээгүй зурагт үзээд сууж байсан. Гэтэл Ганбат нь буйдан дээр сууж байсан эгч рүү минь хүрч ирээд “чи их сонин болжээ” гэсэн. Ганбат гэнэт эгчийн өвөр дээр суусан. Тэгэхээр нь би “та жирэмсэн хүний өвөр дээр суугаад байх юм, таныг яаж даах юм” гэж хэлээд гараараа түлхэж босгох гэж оролдтол “чамд ямар хамаатай юм” гээд буцаад үргэлжлүүлээд суусан. Тэр үед би “та болиоч ээ, яасан даварсан юм бэ” гэж хэлээд хөлөөрөө түлхэж холдуулах гэтэл босож ирээд “чамд ямар хамаатай юм, бид хоёрын амьдралд ордог чи хэн бэ” гээд миний өмсөж байсан ноосон цамцаар хүзүүг минь боож буйдангийн буланруу намайг боосон чигтээ хэд хэд сэгсэрч, зангидсан гараараа миний толгойн зүүн талын хэсэг рүү гурваас таван удаа цохисон ...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Баярмагнай /хх-ийн 39/: “... 2018 оны 12 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед манай хажуу айлын эмэгтэй орилоод шуугилдаад байсан. Тэгээд хүргэн ах Ганбаатар бид хоёр хажуу айлд ороход нэг биерхүү залуу хоёр эмэгтэй байсан. Тухайн үед манай ах “юу болоод байгаа юм бэ, амгалан тайван байдал алдагдуулаад” гэхэд тэр залуу “яагаад гэрт хамаагүй орж ирээд байгаа юм” гэсэн. Нэг хүүхэн нь “зайл” гэж хөөхөд тэр залуу надтай зөрөөд шууд гараад явсан....” гэх мэдүүлгээр,

 

Д.Ганбатын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 3-4/: “... эхнэрийн дүү Одонгэрэл надад хандаж “зайлчуул яасан юм бэ” гэхээр нь би Одончимэг, Одонгэрэл хоёрын дунд очоод суусан. Одонгэрэл миний ар нуруу хэсэг рүү түлхээд “зайл” гэсэн. Би Одонгэрэлийн цээж рүү нь түлхэж буйдан руу унагаасан...” гэх мэдүүлгээр,

 

С.Одонгэрэлийн биед “тархи доргилт, хүзүүнд зулгаралт, цус хуралт” бүхий шинэ гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 613 дугаартай дүгнэлт /хх-ийн 41/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Д.Ганбатын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Д.Ганбатын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч С.Одонсүрэнгийн “...гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганбат нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тавхан овогт Доржжүгдэрийн Ганбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганбатыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганбат торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ганбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ