Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/01715

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 06 210/МА2024/01715

 

 

 

Чын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/02924 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Чын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н ХХК-д холбогдох,

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 28,931,382 төгрөг, алданги 12,030,316 төгрөг нийт 40,961,698 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Харилцагч Н ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн. Харилцагч Н ХХК нь 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 2023 оны 4 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 28,931,382 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус байгууллага нь даатгуулагчдын ...хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Н ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 28,931,382 төгрөг, алданги 12,030,316 төгрөг, нийт 40,961,698 төгрөгийг гаргуулна гэжээ. 

  

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Манай байгууллага 2022, 2023 онд Дорнод аймгийн биологийн цэвэрлэгээтэй цэвэрлэх байгууламжийг гадна цахилгаан, насос станцын өртгөтгөл, даралттай бохир усны шугамын ажлыг БНПУ-ын Мелиорекс компанитай гэрээ байгуулж ажилласан. Польш улсын технологийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр БХБЯ-тай ярилцаж гэрээг 10000м3 /хоног хүчин чадалтай болгохоор тохирсон. Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ, Цэвэрлэх байгууламжийн зураг төсөл /Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум/ боловсруулах зөвлөх үйлчилгээний зураг төслийг гүйцэтгэх гэрээ байгуулсан. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хоногт 3000м3 ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж, гадна инженерийн шугам сүлжээний хамт 2024 оны 03 дугаар сарын 06-нд хүлээлгэн өгсөн. Захиалагч БХБЯ үлдэгдэл 50,0-иад сая төгрөгийн санхүүжилтийг Сангийн яамтай холбогдож санхүүжүүлнэ. Энэ санхүүжилт 03 дугаар сараас хойш хүлээгдэж байна. Төрийн захиалагч, БХБЯ-ны талаас шалтгаалан байгууллагын санхүүжилт олон сараар саатаж байгаа тул алданги 12,030,316 төгрөгийг чөлөөлж өгөхийг хүсч байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 28,931,382 төгрөгийг санхүүжилт орж ирмэгц төлнө гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 28,931,382 төгрөг, алданги 12,030,316 төгрөг нийт 40,961,698 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 362,758 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Манай компани барилгын зураг төслийн ажил гүйцэтгэж, улсын төсвөөр санхүүждэг. 2023, 2024 онуудад биднээс шалтгаалахгүйгээр улсын төсвийн санхүүжилт саатсан.

Хоёр улсын гэрээний дагуу Польш улсаас томилогдсон Мелиорекс компанитай Дорнод аймгийн 10000мЗ/хоног цэвэрлэх байгууламжийн зураг төсвийг хийж гүйцэтгэх гэрээ хийж, зураг төсвийг хийж дуусгасан боловч, тухайн компани нь манай улсын ХББОС-ын яамтай харилцан тохиролцож чадаагүй, санхүүжихгүй байгаагаас, бид хийсэн ажлынхаа төлбөрийг одоо хүртэл авч чадахгүй байна.

Бид аргагүй байдлаас болж нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахгүй байгаа. Биднийг санхүүгийн хувьд маш их хүнд байхад өрийн дарамтад унагаж байгаад гомдолтой байна. Иймээс 12,030,316 төгрөгийн алдангийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газар нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 28,931,382 төгрөг, алданги 12,030,316 төгрөг, нийт 40,961,698 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь алдангийг төлөхгүй гэж маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар Н ХХК нь 2023 оны 04 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 28,931,382 төгрөгийн өр төлбөр үүсэж, улмаар хугацаандаа төлөөгүйгээс хуульд зааснаар алданги тооцоход 12,030,316 төгрөг болсон нь тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон хэдий ч шийдвэрийн тогтоох хэсэгт хүчингүй болсон хуулиас гадна баримтлах ёсгүй хуулийг баримталсан нь учир дутагдалтай болсон байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

4. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр зохицуулсан тул Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж зааснаар буцааж үйлчлэхгүй боловч 2023 оны 04 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой маргаан тул тийнхүү баримтлах нь хуулийг зөрчихгүй.

 

Мөн Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж зааснаар 2023 оны 04 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийг хүчин төгөлдөр үйлчилж байсан болон одоо үйлчилж байгаа хуульд заасан хувь хэмжээгээр тус тус тогтоосон тул хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхгүй.

 

Тодруулбал, 2023 оны 04 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл өр 23,116,302 төгрөг, алданги 11,103,141 төгрөг, мөн 2024 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл өр 5,815,080 төгрөг, алданги 927,176 төгрөг нь тус тус хүчин төгөлдөр үйлчилж байсан хуульд заасан хэмжээгээр бодогдсон байх тул шинээр батлагдсан хуулийг буцаан хэрэглээгүй.

 

5. Нийгмийн даатгалын ерөнхий хууль /2023 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө гэж заажээ.

 

Тодруулбал, зохигчийн маргаж буй төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл болох 28,931,382 төгрөг нь улсын байцаагчийн хяналт шалгалтын актаар нөхөн төлүүлэхээр тогтоосон шимтгэл бус, харин тайланд тусгагдсан боловч хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл бөгөөд мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийн өрд хамаарна.

 

Иймд, хариуцагч Н ХХК нь 2023 оны 04 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 28,931,382 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

6. Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газар нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан хугацаанд нь төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр 28,931,382 төгрөгөөс алдангийг 50 хувиар тооцож 12,030,316 төгрөг нэхэмжилсэн нь хуульд нийцжээ.

 

Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тооцооны алдаа гаргаснаас дутуу төлсөн шимтгэлд алданги тооцох, тус алдангийн хэмжээ нь дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулсан бол, Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцож, уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулжээ.

 

Харин Нийгмийн даатгалын ерөнхий хууль /2023 он/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан.

 

Үүнээс үзвэл алдангийн хэмжээг хүчин төгөлдөр үйлчилж байсан болон үйлчилж байгаа хуульд ижил хувиар тогтоосон байх тул анхан шатны шүүх хариуцагчаас 12,030,316 төгрөгийн алданги гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

7. Ажил олгогч нь ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн бол алданги төлөх үүргийг нийгмийн даатгалын харилцааг тусгайлан зохицуулсан хуулиар ногдуулсан байх ба уг хуульд алдангиас чөлөөлөх талаар зохицуулаагүй. Иймд хариуцагч байгууллагыг алданги төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв болсон.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуульд заасан алдангийг хэмжээг багасгах талаарх зохицуулалт талуудын маргаанд хамаарахгүй

 

Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч Н ХХК нь бусад этгээдтэй байгуулсан гэрээний дагуу ажил үйлчилгээний хөлсийг авч чадахгүй байгаа нь алдангийн хэмжээг багасгах, чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д Гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж зааснаар тус компани хариуцлагыг хүлээх учиртай.

 

Иймд, дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/02924 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг үндэслэн хариуцагч Н ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 28,931,382 төгрөг, алданги 12,030,316 төгрөг, нийт 40,961,698 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газарт олгосугай гэж,

 

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 362,758 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

 

 

Б.МАНДАЛБАЯР