Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 295

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,                                        

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Ө.Болормаа,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

                                                                              

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галт овогт Чулуун-Эрдэнийн Түвшинжаргалд холбогдох эрүүгийн 1909001280104 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 27-32 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: АК85082412 / Галт овогт Ч-н Тнь:

 

- Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 3 дугаар сургуулийн урд замд 06-15 УНЛ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1. Хориглосон дохиогоор жолооч "Зогс-шугам" тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно”...гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Хүслэнг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 07-19 /

Хохирогч Б.Хүслэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Бороо ороод байхаар нь би Намууныг гэрт нь хүргэж өгчихөөд гэртээ харихаар явж байх зуураа Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар сургуулийн урд замд байрлах ТҮЦ-рүү орсон. ТҮЦ-нээс гараад иртэл ногоон гэрэл ассан автомашинууд зогссон байхаар нь явган хүний гарцаар зам хөндлөн гарсан гэжээ. / хх 28-31 /

Гэрч Т.Уртнасан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар сургуулийн урд талын ТҮЦ-нд би ажилладаг юм. Манай ТҮЦ-ний хаалга онгорхой байсан. 2018 оны 08 дугаар сарын 15-ны орой 23 цаг 40 минутын орчимд нэг охин орж ирээд эссэ ченж хоёр ширхэгийг аваад буцаад гарч явсан. Удалгүй түс тас хийх дуу чимээ гарахаар нь гүйгээд хартал зорчих хэсгийн тусгаарлах зурвасны харалдаа автомашинд мөргүүлсэн охин газарт унасан байсан. Гадаа түс тас хийх чимээ гарах үед хартал гэрлэн дохио ногоон гэрэл ассан байсан гэжээ.  / хх 35-36 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10202 дугаартай дүгнэлтэнд: ...Б.Хүслэнгийн биед гавлын зүүн хөхлөг сэртэнгээс суурь ясны их бие, суурийн хөндийрүү үргэлжилсэн хугарал, тархины баруун дух, чамархайн дэлбэнгийн эдийн цус хуралт, хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тохой баруун гуя, шилбэнд цус хуралт, зүүн тохой баруун гарын 4.5-р хуруу бүсэлхийн зүүн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  …Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ.  / хх 41 /

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн  650 дугаартай дүгнэлтэнд: Тоёота приус маркийн 06-15 УНЛ улсын дугаартай автомашины жолооч Ч.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1. Хориглосон дохиогоор жолооч "Зогс-шугам" тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ.  / хх 61 /

Шинжээч Ч.Эрдэнэболор мэдүүлэхдээ: …Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий зүйлийн 1.9.2-д шинжлүүлэгч нь нэг цаг хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрт эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлнэ"... гэж заасан тул Б.Хүслэнгийн биед учирсан гэмтэл гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ.  / хх 67-69 /

Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 802 дугаартай дүгнэлтэнд: … Тоёота приус маркийн 06-15 УНЛ улсын дугаартай автомашины жолооч Ч.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1. Хориглосон дохиогоор жолооч "Зогс-шугам" тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно” ...гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ.  / хх  153-154 /

 

Шүүгдэгч Ч.Тыг 2018 оны 10 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 75-76 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 129 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Эмчилгээний зардалд 2.335.000 төгрөг төлсөн. Цаашдын эмчилгээний зардлыг нөхөн төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Ч.Т нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 3 дугаар сургуулийн урд замд 06-15 УНЛ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1. Хориглосон дохиогоор жолооч "Зогс-шугам" тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно”...гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Хүслэнг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 07-19 /, ... ТҮЦ-нээс гараад иртэл ногоон гэрэл ассан автомашинууд зогссон байхаар нь зам хөндлөн гарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Хүслэнгийн мэдүүлэг / хх 28-31 /,  …Нэг охин орж ирээд буцаад гарч явсан. Удалгүй түс тас хийх дуу чимээ гарахаар нь гүйгээд хартал зорчих хэсгийн тусгаарлах зурвасны харалдаа автомашинд мөргүүлсэн охин газарт унасан, ногоон гэрэл ассан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Уртнасангийн мэдүүлэг / хх 35-36 /,  ...Б.Хүслэнгийн биед гавлын зүүн хөхлөг сэртэнгээс суурь ясны их бие, суурийн хөндийрүү үргэлжилсэн хугарал, тархины баруун дух, чамархайн дэлбэнгийн эдийн цус хуралт, хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тохой баруун гуя, шилбэнд цус хуралт, зүүн тохой баруун гарын 4.5-р хуруу бүсэлхийн зүүн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10202 дугаартай дүгнэлт / хх 41 /,  ...Toёота приус маркийн 06-15 УНЛ улсын дугаартай автомашины жолооч Ч.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1. “ Хориглосон дохиогоор жолооч "Зогс-шугам" тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн  Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 605 дугаартай дүгнэлт  / хх 61 /, ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий зүйлийн 1.9.2-д шинжлүүлэгч нь нэг цаг хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрт эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлнэ"... гэж заасан тул Б.Хүслэнгийн биед учирсан гэмтэл гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ч.Эрдэнэболорын мэдүүлэг  / хх 67-69/,   ...жолооч Ч.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1. Хориглосон дохиогоор жолооч "Зогс-шугам" тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно”... гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн бүрэлдхүүнтэй шинжээчийн 802 дугаартай дүгнэлт / хх 153-154 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Тыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч  нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл шалтгаан, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, түүний хувийн байдлыг харгалзан тодорхой үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж дүгнэв.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Галт овогт Ч-н Т-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч-н Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нь Ч.Т нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг  мэдэгдсүгэй.

 

5. Ч.Тын жолооны 798151 дугаартай үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Ч.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНЧИМЭГ