| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 181/2023/04470/И |
| Дугаар | 210/МА2024/01745 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2024/01745
2024 09 11 210/МА2024/01745
П.Бийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/02231 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: П.Бийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Гд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 54,588,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Би, М.Гтай аман гэрээ хийж 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөг , 2020 оны 7 дугаар сарын 08-ний өдөр 7,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 10,000,000 төгрөгийг тус тус зээлүүлсэн. М.Г нь мөнгөний хэрэг гараад байна найздаа тус болооч гуйж байна гээд утсаар болон гэрийн хаягаар ирж гуйгаад гуйсны дагуу би амаар гэрээ хийсэн. Зээлсэн мөнгөө бүгдийг нь бөөнд нь өгнө гэж надад хэлсэн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй байна.
Мөн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөгийг гэрээ байгуулж зээлсэн. Зээлийн гэрээг бичгээр хийгээгүй үүнээс гадна олон удаагийн зээлийг өгсөн.
Нийтдээ бид аман гэрээ байгуулан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ийг хүртэл 39 удаагийн гүйлгээгээр дараах зээлийг олгосон байдаг. Үүнд:
-Хаан банк дах өөрийн ........... данснаас хариуцагчийн Хаан банк дах ................. тоот дансруу 5,000,000 төгрөгөөр нэг удаагийн,
-Дүү С.Тын Хаан банкны .............. тоот данснаас нийт 3 удаагийн гүйлгээгээр 27,000,000 төгрөгийг М.Ггийн Хаан банкны ................ тоот дансаар,
-Хасбанкны өөрийн ............. тоот данснаас хариуцагчийн Төрийн банк дах ................. тоот данс, Хаан банк дах ................ тоот данс руу нийт 3 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөг,
-Төрийн банкны өөрийн ................ тоот данснаас М.Ггийн дансруу 32 удаагийн гүйлгээгээр 86.540.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Нийтдээ 39 удаагийн гүйлгээгээр түүнд 128,540,000 төгрөгийг шилжүүлсэн.
Харин М.Ггаас зээлд нийтдээ 92.148.000 төгрөгийг буцааж төлсөн.
...Хэрэгт баримтаар бичгээр байгуулсан зээлийн гэрээнүүдийг өгсөн. Бусад зээлийн гэрээг амаар байгуулсан хэдий ч мөнгийг зээлэхдээ тухай бүрт 1-2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй байхаар амаар тохирч зээл олгодог байсан нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдоно.
...2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөр зээлийн үлдэгдэл 36.392.000 төгрөг байсан тул энэ дүнгээ зээлийн хүүг тооцсон. Зээлийн хүүг тооцохдоо Иргэний хуульд заасан үндсэн зээлийн төлөлтийн 50 хувиас хэтэрч болохгүй гэдэг зохицуулалтын хүрээнд 18.196.000 төгрөгийн хүүг тооцсон. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 36.392.000 төгрөг, хүү 18.196.000 төгрөг, нийт 54.588.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хас банкнаар дамжуулж хариуцагчаас мөнгө төлөөгүй. Нөхрийнхөө дансаар шилжүүлсэн мөнгийг тооцоонд оруулсан гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
М.Г миний бие П.Баас 25,000,000 төгрөг зээлж авсан. Үүнийг бөөн өгөх боломжгүй учраас чадлаараа уван цуван төлсөн ба нийт өөрийн данснаас 42,150,000 төгрөгийг өөрийн нөхрийн данснаас 8,900,000 төгрөг нийт 51,050,000 төгрөгийг төлсөн. Авсан мөнгөө хоёр нугалж төлсөн ба одоо өр төлбөргүй. П.Бийн төрийн банкны ............... тоот дансанд өөрийн ................ хаан банкны данснаас 14,150,000 төгрөг П.Бийн хаан банкны ........... тоот дансруу 19,600,000 төгрөгийг мөн өөрийн нэр дээрх М.Г Төрийн банкны ................. тоот данснаас П.Бийн ............... дансруу 8,000,000 төгрөг өөрийнхөө ................ тоот хаан банкны данснаас П.Бийн төрийн банкны ............... дансруу 2,900,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Өр төлбөргүй ба тооцоог бүрэн дууссан болно.
Хариуцагчийн хувьд П.Баас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойшхи хугацаанд удаа дараа зээл авснаа үгүйсгэдэггүй. Харин авсан зээлээ буцаагаад төлчихсөн гэж үзэж байгаа. Иргэний хуулиар зээлийг хүүтэй байхаар тохирсон тохиолдолд гэрээг заавал бичгээр хийхээр заасан, энэ шаардлагыг хангаагүй тул хүү авах эрхээ алдсан гэж үзэж байна. Иймд хариуцагчаас хүү гаргуулах үндэслэл байхгүй. Мөн Дүү С.Тын данснаас орж ирсэн 27,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй, энэ талаарх баримтгүй.
П.Бийн Хас банкны ............. тоот дансанд Хас банкны дансаар дамжуулж 16,550,000 төгрөг шилжүүлсэн. Нийтдээ хариуцагчаас өөрийн болоод нөхрийнхөө дансаар шилжүүлсэн мөнгөн дүн 101,798,000 төгрөг байгаа. Үүнээс нэхэмжлэгч Хас банкаар шилжүүлсэн мөнгөн дүнг огт хасаагүй байна. Иймээс авсан мөнгөө буцаагаад бүгдийг өгсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар М.Ггаас 44.792.000 /дөчин дөрвөн сая долоон зуун ерэн хоёр мянган/ төгрөгийг гаргуулж П.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 9.796.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 588.840 /282.950+305.890/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 381.910 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Харуицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
1. Шүүхээс нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын үндсэн зээлийн үлдэгдэл 36 392 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл үгүй, хариуцагчийн зээлсэн гэх мөнгөнд нэхэмжлэгч өөрийн дүү С.Тын дансаар дамжуулан бусдад зээлдүүлсэн 22 000 000 төгрөгийг оруулж тооцсон нь хуульд нийцэхгүй, учир нь уг мөнгийг нэхэмжлэх эрх бүхий этгээд нь С.Т бөгөөд өөрийн эзэмшлийн ХААН банкны .............. данснаас шилжүүлсэн байдаг.
2. С.Тын шилжүүлсэн 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 12 000 000 төгрөгийн гүйлгээний утга Б солилцоо гэсэн агуулга бүхий байгаагаас дүгнэхэд нэхэмжлэгч, түүний дүү С.Т нарын хооронд өөр төрлийн төлбөр тооцооны харилцаа үүссэн байхыг үгүйсгэхгүй.
3. Дээрх 22 000 000 төгрөгийг Солонгос Улсад ажиллаж амьдардаг эгч н.Т руу нэхэмжлэгчийн санал болгосны дагуу 10 хувийн хүүтэй зээлдүүлэн шилжүүлсэн, н.Т уг мөнгийг хүү, үндсэн мөнгөний хамт төлсөн болох нь н.Тын дансны хуулгаар нотлогдож байгаа, уг дансны хуулгыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй байсан, учир нь н. Т Солонгос Улсад ажиллаж амьдарч байгаа. Нэхэмжлэгчийн н.Тд зээлдүүлсэн 22 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь хуульд нийцээгүй.
4. Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа хариуцагч руу шилжүүлээгүй, ХААН банкны ................... гэсэн н. У гэсэн хүн рүү шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэл үгүй.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэгчээс бэлнээр 5 000 000 төгрөг авсан гэж хүлээн зөвшөөрөөгүй, зөвхөн дансаар шилжүүлсэн мөнгөний асуудлаар мэтгэлцсэн байхад 2020 оны 03 сарын 17,18 өдрүүдэд 12 удаагийн гүйлгээгээр 5000 000 төгрөг бэлнээр авсан гэж дүгнэсэн нь үндэслэл үгүй.
6. Шийдвэрийн 5,6 дах талд дурдагдсан хууль зүйн дүгнэлтүүд өөр хоорондоо уялдаа холбоогүй, ойлгомжгүй байна, "...2022 оны 06 сарын 08-ны өдөр 27.000 000 төгрөг бодитоор олгогдоогүй" гэж үзсэн боловч уг мөнгөн дүнгээс хохирол тооцсон нь хуульд нийцэхгүй байна.
7. Мөн шийдвэрийн 5 дах хэсэгт "... 2019 оны 10 сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөгийг бус харин 3 000 000 төгрөгийг олгосон" гэж дүгнэсэн боловч 5000 000 төгрөгөөсөө хохирол тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.
8. Нэхэмжлэгчийн "Хас" банкны ............. тоот данс руу мөнгө шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлэх гэсэн боловч ар гэрт нь хүндэтгэн үзэх шалтгаан бүхий асуудал гарсантай холбоотой гаргаж өгч чадаагүй болно.
9. Шүүхээс банкны дансны хуулга тус бүрийг тулгаж зохигчдын шилжүүлсэн мөнгөний дүнгүүд хэрхэн хэзээ төлөгдсөн талаар хууль зүйн бодитой дүгнэлт өгөөгүй, зөвхөн нэхэмжлэгчийн зээлдүүлсэн гэж нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүнгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 03-ны өдрийн 02231 тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Давж заалдах гомдолд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэгчийн дүү н.Тын .............. тоот данснаас 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөгийг Бгаас зээлдүүлэв, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ганаад зээлдүүлэв утгаар 5,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 12,000,000 төгрөгийг Б солилцоо утгаар шилжүүлсэн нь баримтаар тогтоогддог. Талуудын хооронд үүссэн зээлийн гэрээ, харилцаж байсан баримтад буюу Фэйсбүүк чатаар харилцсан цахим зурвас үзлэг хийлгэсэн баримтаар ...нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтийн дагуу хүүтэй мөнгө зээлдүүлсэн нь нотлогддог. Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа н.Тоос авсан мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, бусад мөнгийг хүлээн зөвшөөрнө гэж тайлбарласан атлаа давж заалдах гомдолдоо 5,000,000 төгрөгийг бэлнээр аваагүй гэж дурдаж байгаа нь ойлгомжгүй. н.У гэх хүний дансанд шилжүүлсэн мөнгийг нэхэмжлээгүй, хариуцагчийн дансанд шилжүүлсэн мөнгийг нэхэмжилсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга, жагсаалтаар нотлогдоно гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч М.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 54,588,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүйгээс хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
3. П.Б нь 2023 оны 09 дүгээр 26-ны өдөр М.Гд холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зээлдүүлсэн 5,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зээлдүүлсэн 3,000,000 төгрөг, мөн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зээлдүүлсэн 7,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлдүүлсэн 10,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр П.Б нь өнгөрсөн хугацаанд хариуцагч М.Гд зээлдүүлсэн гэх 128,540,000 төгрөгөөс түүний буцаан төлсөн 92,148,000,000 төгрөгийг хасаад үлдэх 36,392,000 төгрөгийг алданги 18,196,000 төгрөгийн хамт 54,588,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 29,588,000 төгрөгөөр нэмэгдүүлэхдээ 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 19 сарын хүү 69,144,800 төгрөг төлөөгүй гэж дурдсан нь тус нэхэмжлэлийн шаардлагад зээлийн хүү байгаа эсэхийг анхан шатны шүүх тодруулах ёстой байжээ.
Мөн нэхэмжлэгчийн хариуцагчтай бичгээр байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээгээр шилжүүлсэн 5,000,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээний дагуу шилжүүлсэн 10,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр шилжүүлсэн 27,000,000 төгрөгийн зээл тус тус нэхэмжлэлийн шаардлагад хамаарч байгаа эсэх, хэрэв тийм бол дээрх гэрээ тус бүрийн үүрэгт хэдэн төгрөгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.
4. Үүнээс гадна анхан шатны шүүх нэхэмжлэгч П.Б 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч М.Гд 5,000,000 төгрөгийг бус 3,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж, мөн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр 27,000,000 төгрөгийг зээлдүүлээгүй гэж тус тус дүгнэсэн атлаа эдгээр зээлийн нийлбэр 32,000,000 төгрөгөөс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар хүү тооцсон, тийнхүү тооцохдоо талуудын гэрээгээр тохирсон хүүгийн хэмжээг үндэслэн 2 сарын хүүнд 6,400,000 төгрөг, түүнчлэн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээний дагуу шилжүүлсэн 10,000,000 төгрөгийн 2 сарын хүүнд 2,000,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь нэхэмжлэгчийн шаардаагүй бөгөөд зохигчийн мэтгэлцээгүй зүйлийн талаар шийдвэрлэжээ.
Тодруулбал, нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа зээлийн үлдэгдэл 36,392,000 төгрөгийг алданги 18,196,000 төгрөгийн хамт 54,588,000 төгрөгийг нэхэмжилсэн байхад шүүх дээр дурдсанчлан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг үндэслэн түүний нэхэмжлээгүй зээлийн хүү болон мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа биелүүлээгүйтэй холбоотой хуульд заасан хүүг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснээс гадна нэхэмжлэгч нь 18,196,000 төгрөгийг алданги гэж тодорхойлсон байхад шүүх үүнийг хүү гэж тодорхойлж, улмаар алдангийн талаарх шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулсан байна.
5. Хэдийгээр зохигч нар нэхэмжлэгчийг хариуцагчид 128,540,000 төгрөгийг зээлдүүлсэн, үүнээс хариуцагч нь 92,148,000,000 төгрөгийг буцааж төлсөн гэж тайлбарладаг боловч хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 145,540,000 төгрөг шилжүүлсэн бол хариуцагчаас нэхэмжлэгчид буцааж 118,648,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг анхан шүүх тодруулаагүйгээс хариуцагчийн нэхэмжлэгчид төлбөл зохих үүргийн хэмжээ тодорхойгүй, түүний урьд өмнө нэхэмжлэгчид төлсөн бөгөөд одоо нэхэмжилж байгаа үүрэгт ямар төлбөрүүд багтаж байгаа нь тодорхой бус байна.
Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/02231 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР