Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 389

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Цоохор овогт Дашдоржийн Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911010750475 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, эмэгтэй, 39 настай, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, “Бүрэн урлан” ХХК-нд оёдолчин ажилтай, ам бүл 4 нөхөр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр баг Өлзийт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Цоохор овогт Дашдоржийн Д.Б /РД: НЗ80070462/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэтэд дурдсанаар/ яллагдагч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 3 дугаар сарын сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун тасганы 3 дугаар гудамжинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ю.Цолмонтой маргалдан улмаар зодож түүний биед зүүн чамархайн хуйханд шарх, зүүн нүдний доод зохинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, зүүн бугалган, нуруу, баруун гуя, зүүн гуя, баруун өвдөг, зүүн өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Ю.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн орчим Баруун тасганы 3 дугаар гудамжаар явж байтал өдөөс Идэрбат, Д.Б нар ирсэн. Тэр үед би гартаа 5000 төгрөг барьсан явж байсан ба Идэрбат тэр мөнгийг аваад цаашаа явсан. Тэгэхээр нь би араас нь очтол Д.Б цохиод аваад газар унагаагаад нүүр нүдгүй өшиглөөд цохиод байсан ба гартаа тоосго барьчихсан байсан ба дайраад байсан ...Д.Б тоосго барьчихсан энд тэндгүй цохиж толгой хагалсан бөгөөд өсгийтэй гутлаараа энд тэндгүй өшиглөж тухайн гэмтлүүдийг учруулсан. ..гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.." гэх мэдүүлэг /хх-ийн 20-22х/,

гэрч Н.Идэрбатын "..Цолмон Д.Бтай маргалдаад нэгнийгээ хэл амаар доромжилж нэгнийгээ түлхэж байгаад Цолмонг унагаагаад дээрээс нь гартаа нэг юм барьж байгаад цохиод нөгөө цохисон зүйл нь бутраад явчих шиг болсон ба цохиж өшиглөөд л байх шиг байхаар нь би зугтаагаад өөр тийшээ яваад өгсөн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 23х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4125 тоот "...Ю.Цолмонгийн биед зүүн чамархайн хуйханд шарх, зүүн нүдний доод зохинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, зүүн бугалган, нуруу, баруун гуя, зүүн гуя, баруун өвдөг, зүүн өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон үйлчлэлээр үүсгэгдэнэ... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна....Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." дүгнэлт /хх-ийн 26х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Д.Бг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Цоохор овогт Дашдоржийн Д.Бг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Д.Бг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ