Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
Хэргийн индекс | 184/2021/03598/И |
Дугаар | 210/МА2024/01769 |
Огноо | 2024-09-13 |
Маргааны төрөл | Өвлөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/01769
2024 09 13 210/МА2024/01769
Д.Өгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2024/03689 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.Өгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.От холбогдох,
Зурмал шүтээн гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ө, түүний өмгөөлөгч Л.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Миний эцэг С.Дээс надад өвлөгдөж ирсэн соёлын хуваарьт өв болох мөнгөн гуу бүхий нүдний элдэв өвчин, эмгэгт ач тустай хэмээгддэг зурмал шүтээнийг түр хэрэглүүлэхээр хариуцагч С.Оийн ээж, өөрийн эгч Д.Пд өгсөн, түүнийг нас барсны дараа буцаан авах гэтэл хариуцагч өгөхгүй, үндэслэлгүйгээр эзэмшилдээ байлгаж байгаа тул С.Оээс Талим, Хум, Бүрэм гэсэн 3 тарнийн үсэгтэй, мөнгөн гуутай зурмал шүтээнийг шүтээнийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч С.Оийн татгалзал, тайлбарын агуулга:
Буурал аав С.Д нь өөрийн охин, манай ээж Д.Пд зурмал шүтээнийг өвлүүлж үлдээсэн, буурал аавыг нас барснаас хойш Д.Ө гуайд шүтээн байгаагүй, манай ээжид байсан, ээж маань нас барахдаа шүтээнийг надад өвлүүлж үлдээсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Оээс Талим, Хум, Бүрэм гэсэн 3 тарнийн үсэгтэй, мөнгөн гуутай зурмал шүтээнийг гаргуулж нэхэмжлэгч Д.Өд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг хариуцагч С.Оээс гаргуулан нэхэмжлэгч Д.Өд олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн Зурмал шүтээн гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, гэрчийн мэдүүлгүүдийг бусад нотлох баримтаар нотлогдож байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөлгүй, хуулийн буруу тайлбарласан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна.
Шүүхээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ урьдчилсан нөхцөл болох тухайн хөрөнгө нь нэхэмжлэгчийн хууль ёсны өмч хөрөнгө байх, хариуцагч түүнийг хууль бусаар эзэмшиж байх зэрэг нөхцөл байдлыг шалган тогтоолгүй шийдвэрлэсэн.
Хариуцагчийн хувьд ээж С.Пс өвлөн авсан шүтээнийг хууль ёсны дагуу эзэмшиж ашиглаж зориулалтын дагуу шүтэж байгаа шударга өмчлөгч бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байна.
Учир нь, хариуцагчаас нотлох баримтаар гарган өгсөн тэмдэглэлийн дэвтэр, фото зураг, гэрчийн мэдүүлгээр маргаан бүхий шүтээн нь 1973 онд С.Дийг нас барсан цагаас хойших хугацаанд Д.Пын өмчлөлд байсан талаар нотлогддог.
Анхан шатны шүүхээс хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг татгалзаж буй тайлбар түүнийг нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг зурмал шүтээн дурдсан цаг хугацаанд хаана байсныг гэрчилдэг хэдий ч Д.Ө болон Д.Пын хэнд өвлөгдсөн талаарх үйл баримтыг нотлохгүй, мэдүүлгийг шууд эх сурвалж болж чадахгүй нотолгоогүй ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.
Хариуцагчийн хүсэлтийн дагуу асуугдсан гэрчийн мэдүүлгийг нотолгоогүй ач холбогдолгүй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн хүсэлтээр асуугдсан гэрчийн мэдүүлгийг нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлийг дэмжсэн гэж дүгнэсэн. Харин ч нэхэмжлэгчийн хүсэлтээр асуугдсан гэрчүүд үгсэн хуйвалдаж 2005 онд Д.Пыг нүдний хагалгаанд орох үед уг шүтээнийг нэхэмжлэгч аваачиж өгч байсан талаар тодорхой мэдүүлдэг ч Д.П аль нүдэндээ хагалгаанд орсон эсэх болон бусад зүйлсийг санадаггүй болно.
Хариуцагчаас 2003 оны 07 дугаар сард хүүхдийн хамт авхуулсан, эвтэй 4 амьтны сувинерт шүтээнийг өлгөсөн байгаа 2 ширхэг зургийг зурмал шүтээн мөн эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэж нотлох баримтаар үнэлээгүй үндэслэлээ тодорхойлжээ.
Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад тухайн сувинерт өлгөөтэй байгаа шүтээнийг нэхэмжлэгч талаас үгүйсгээгүй байхад шүүх эргэлзээтэй гэж дүгнэсэн. Мөн хариуцагчаас нотлох баримтаар гаргасан өгсөн өдрийн тэмдэглэл түүнд хийсэн үзлэгийг тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээ бүхий гэж үзсэн байдаг.
Нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий шүтээнийг Д.Пыг нас барахаас өмнөх цаг хугацаанд буцаан авах талаар шаардлага санал хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд нас барсных нь дараа С.Дийг хараа ч үгүй нэрийг нь мэдэх төдий С.О эзэмшиж буй нь үндэслэлгүй гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх анхаарч үзээгүй.
Бурхан шүтээн гаргуулах шаардлагатай хэргийг хянан шийдвэрлэж байгаа атлаа маргаан бүхий шүтээнийг 1973 онд С.Д нь нас барахдаа Д.Өд өвлүүлэн үлдээсэн байна гэж шууд дүгнэсэн нь учир дутагдалтай.
Шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан гэрчүүд Д.Өд өвлүүлэн үлдээсэн талаар хөтөлбөргүйгээр гэрчлээгүй, харин ч гэрч С.Ц нь ...1973 онд манай дүү С.Б Баянхонгор аймагт төрөөд ирэхэд аав нь энэ жижиг зүйл хүүхдэд байх ёстой гэсэн гэж хэлсэн, би аваад харахад жижиг дөрвөлжин зүйл байсан, түүнийг байнга өлгийнд нь нуучихдаг байсан, 1973 оноос хойш байнга манай ээжид байсан талаар мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл, С.Д нь нас барахаас өмнө Д.Пд маргаан бүхий бурхан шүтээнийг өгч байсан талаар мэдүүлдэг бөгөөд түүнийг зориулалтын дагуу шүтэж байсан, хамгийн их шүтэж хэрэглэж байсан гэрч Т.Нын мэдүүлгээр нотлогддог.
Мөн шүүхээс Иргэний хуулийн 9 дүгээр бүлэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байдаг. Иймд, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 184/2024/03689 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч өмгөөлөгч Л.Нгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Хариуцагч С.О нь С.Дээс өвөлж аваагүй ээж Д.Псаа өвлөн авсан гэж ярьдаг. Д.Ө нь өөрийн эцэг С.Дээс өвөлж авсныг олон гэрчүүд мэдүүлдэг бөгөөд Д.Ө нь өөрийн аав С.Дээс өвөлж авсан хуваарьт хөрөнгө гэж тайлбарладаг. Д.Ө гуай залуудаа хараа муутай байсан тийм учраас өөрийн гар дээр өнгөрсөн аав болох С.Дээс нүдний зурмал шүтээнийг өвлөж авсан. Мөн гандангаар шинжээч томилуулах хүсэлт гаргаж ерөнхий шүтээн гэх дүгнэлт гарсан. С.О нь хариу тайлбартаа энэ нь нүдний шүтээн гэх талаар огт дурдаагүй сүүлд гандангаас шинжээч томилуулж дүгнэлт гарсны дараа нүдний шүтээн гэж цухас дурдсан байдаг. Түүнээс гадна С.Оийн шүүх хуралдаанд өгсөн яриа, хариу тайлбар мэдүүлгүүд хоорондоо зөрдөг. Анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр болсон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа манай ээжид шүтээн 2005 оноос хойш байсан гэдгийг би мэднэ гэдэг нь хавтаст хэргийн 159 дүгээр хуудсан авагдсан. Гэтэл шүүхэд өгсөн хариу тайлбарт мэдээ орсон цагаас ээжийн хүзүүнд зүүлттэй байдлыг ахан дүүс бид нар бүгд мэддэг гэдэг. С.Оийн ах дүүс нь гэрчийн мэдүүлэгт мэдээ орсон цагаас биш 1986 оноос уг шүтээнийг мэддэг болсон мөн С.Оийн ах С.Б С.Ш нар шүтээнийг 1987, 1988 оноос мэднэ гэдэг. Энэ хүмүүс 1987,1988 онд өөр өөр настай байсан. С.Б нь 1987 онд 17 настай байсан нь хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд баримтаар авагдсан байдаг. 1973 онд төрсөн С.Б 1989 онд 8 дугаар анги төгссөнөөс хойш мэднэ гэсэн. С.Быг дөнгөж төрсөн буюу 1973 оны 02 сард төрхөд түүний өлгийнд хийж явуулсан гэж С.Ц мэдүүлдэг. Гэтэл С.Д гуай 1973 онд нас барсан, нас барахдаа С.Бын ээжтэй уулзаагүй. Хөдөө төрсөн үед шүтээнийг яаж өгсөн талаар нотлох баримт байдаггүй. С.Оийн хүсэлтээр асуулгасан гэрчүүд болох Д.Ж нь С.Д гуай охин, Ч.Э нар сахиус хэнийх болох талаар мэдүүлэг өгөхөөс татгалздаг. Төрөл төрөгсдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэх үүднээс нуугаад байна гэх эргэлзээг төрүүлдэг.
Гэрчийн мэдүүлгүүд болон С.Оийн хариу тайлбарууд хоорондоо зөрдөг. Хариуцагч фото зураг байдаг гэх агуулгаар тайлбарладаг, уг зургийг хэзээ хаана авхуулсан ямар зураг болох нь эргэлзээтэй ямар нэгэн огноо байхгүй хүүхэд тэвэрсэн эмэгтэйн зураг байдаг. Тэмдэглэлийн дэвтэрт С.О өөрөө гуутай бурхны талаар бичсэн байдаг ч энэ нь нүдний шүтээн юм уу тэднийд байдаг өөр бурхан гэдэг нь тодорхойгүй. Ж.П нь хавтаст хэргийн 249 дүгээр хуудсанд Д.Пынд өөр бурхан байдаг талаар мэдүүлсэн. Мөн Д.Пын бэр Ж.П нь 2023 оны намар очиход Д.Ө маань нүдний сахиусаа авч ирж өглөө гээд баярлачихсан ярьсан талаар хэлсэн. Мөн Д.Ө гуайн зээ охин шүтээнийг эмээтэйгээ хамт Д.Пынд аваачиж өгсөн гэдэг. Хүргэн нь Д.Пынд хүргэн орсноосоо хойш энэ бурхны талаар мэддэг байсан гэх тодорхой орон цаг хугацаанд мэдүүлэг өгсөн байдаг. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Д.П нь маш муу хараатай нүдний хагалгаанд ороход хүрсэн учраас амьд ахуйдаа мөрөө хараад хүүхдийнхээ гарт орчихгүйхэн шиг замаа хараад 00 орох юмсын гэхээр сахиусаа түр хэрэглүүлэхээр өгсөн учраас амьд ахуйд нь нэхэж шаардаагүй гэдэг тайлбар өгдөг. Харин Д.П гуайг нас барсны дараа ааваас нь ирсэн шүтээн учраас шүтээнийг авъя гээд очиход нь хүүхдүүд нь доромжилж хөөн Д.Ө гуайг маш их гомдоосон байдаг. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч С.От холбогдуулан Талим, Хум, Бүрэм гэсэн 3 тарнийн үсэгтэй, мөнгөн гуутэй зурмал шүтээн гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар С.Д, У.Я нарын дундаас Д.Д, Д.П, Д.Ө, Д.Ж нар төрсөн бөгөөд тэдгээрээс Д.Ө, Д.Ж нар амьд сэрүүн байна.
Зохигчид эцэг С.Дийг Талим, Хум, Бүрэм гэсэн 3 тарнийн үсэгтэй, мөнгөн гуутэй зурмал шүтээнийг хадгалж байсан талаар маргаагүй боловч түүнийг нас барсны дараагаар тухайн шүтээнийг охин Д.П, Д.Ө нарын хэн нь эзэмшиж байсан, улмаар Д.Пын охин хариуцагч С.О эзэмших эрхтэй эсэх талаар маргасан.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Тодруулбал, дээрх хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтад хамаарах ба энэ хэргийн хувьд олон жилийн өмнө болсон үйл явдлыг зохигчид бичгийн болон түүнтэй адилтгах бусад баримтаар нотлох болон үгүйсгэж мэтгэлцээгүй байх тул шүүх гэрч нарын мэдүүлгийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж шийдвэрлэнэ.
4. Нэхэмжлэгч Д.Өгийн хүсэлтээр Х.Ш, С.Б, Д.Ц, П.М, Ж.А, П.Х, Ж.У, С.Б, Х.Т, С.Д, Ч.Э, Ж.П нарыг, хариуцагч С.Оийн хүсэлтээр С.Ш, С.Б, С.Б, С.Ц, Т.Н нарыг гэрчээр асуухад дараах мэдүүлгийг өгчээ. Үүнд:
4.1. Гэрч С.Бийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бичгээр гаргасан тайлбар /хариуцагч С.Оийн төрсөн ах/ ... миний бие 8 дугаар ангиа төгсөөд аймгийн төвд 9 дүгээр ангид элсэн орсон цагаас буурал аав Сийн Д, буурал ээж Урдын Я хоёрын хамт Баянхонгор хотод 9 дүгээр байрны 3 тоотод хүргэн ахынд амьдардаг байсан. Буурал аавыг 1973 оны 03 дугаар сарын 09-нд нас барахад би Б.Ж ахынд байсан бөгөөд Б.Жийн нөхөр хүргэн ах С.Чулуунбат банкны машиныг гаргаж, намайг хөдөө явуулснаар би Д.Д ахыг хөдөөнөөс авч ирж байсан ба манай аав, ээж хоёр ирээгүй, ... Д.Ө эгчийн ээжид маань хэрэглүүлсэн шүтээн Б.Ж ахынд байхыг, харин буурал ааваас манайд үлдсэн хүүхдийн гэгддэг судар байсныг, тэр судраар ээж маань биднийг домнодог байсныг мэдэх юм /1.хх-ийн 23/,
4.2. Мөн гэрч С.Бийн мэдүүлэг ... 2003 оны зун гэр бүлийн хамт нутагт байгаа ээж дээрээ очиход ээж баяртай угтсан. 2003 оны зун нүдний хагалгаанд ороод гарсны дараа Д.Ө минь түр хэрэглэж бай гээд надад бурхнаа үлдээсэн гэж хэлж байсан, ... Миний мэдэхээр 1973 онд Д.Ө эгчид байсан. 2003 оны зун Д.Ө эгч ээж Д.Пд авч ирж өгснийг мэднэ /1.хх-ийн 124-125/,
4.3. Гэрч Х.Шгийн мэдүүлэг /Д.Өгийн зээ охин/ ... Бурхан шүтээний зүйлээр багадаа их тоглодог байсан болохоор сайн мэднэ. Тэр шүтээний доор маанийн үрэлтэй хайрцаг байдаг байсан. Тэр үрэлнээс авч иддэг байсан. Хайрцаг дээр байсан шүтээнийг сайн мэднэ. Д.П эмээ нүдний хагалгаанд орсон учраас өвөөгийн нүдний шүтээнийг эмээ бид хоёр хамт аваачиж өгсөн, ... 2005 онд өвөл, би 7 дугаар ангид байсан. Сарыг нь санахгүй байна. Хүйтэн байсан санагдаж байна. 1993 оноос 2005 он хүртэл бурхан шүтээн Д.Ө эмээгийнд байсан. Бурханыг аваачиж өгөх үед Д.П эмээ нүдний хагалгаанд орсон байсан ... /1.хх-ийн 134-135/,
4.4. Гэрч Д.Ц /Д.П, Д.Ө нарын төрсөн ах Д.Дгийн охин/ ...Тус шүтээн нь чүдэнзний хайрцаг шиг жижиг дөрвөлжин хэлбэртэй зүйл байдаг, ...Тухайн шүтээн нь Д.Ө эгчийн гэрийн бурхан шүтээнд дотор байдаг байсан. Д.Өгийн аав С.Дээс өвлөгдөж ирсэн гэж байсан. Талийгаач Д.П эгч нүдний хагалгаанд орохдоо хэрэглэж байсан, түүнийг нас барсны дараа авах гэхээр хүүхдүүд нь өгөхгүй байгаа юм ... /1.хх-ийн 207-208/,
4.5. Гэрч Ж.У /Д.Өгийн төрсөн охин/ ... Би, буурал аав, ээж дээрээ өсөж торнисон. Мэдээ орох цагаасаа энэ сахиусыг мэднэ. Энэ сахиус нь шүдэнзний хайрцагийн хэлбэртэй, 4 төмөр хүрээтэй, дээрээсээ оосортой. Би, айлын хамгийн том хүүхэд, өөрийн ээж, аав, буурал ээж, аавтай хамт амьдардаг байсан. Буурал аав, ээж маань 1974, 1976 онд нас барахад тэдгээрийн эд зүйлс ээжид үлдсэн. Оныг нь сайн санахгүй байна. Д.П эгчийн нүд муудсан учир нүдэнд сайн гээд сахиусыг аваад явсан. Түүнээс хойш эгч Д.Пс сахиус ирээгүй. Буурал ааваас ээжид өвлөж ирсэн. Д.П эгчийн нүдийг эмчлүүлэхээр сахиусаа өгсөн ... /1.хх-ийн 232/,
4.6. Гэрч С.Бгийн мэдүүлэг /Д.Өгийн зээ охин/ ... Д.Ө нь манай эмээ. Би, 1985 онд төрсөн. 1994 он хүртэл Баянхонгор аймагт манайх 3 давхарт, эмээгийнх 2 давхарт байдаг байсан, би, байнга орж гардаг байсан. Эмээгийн гэрт ороход бурхан шүтээний тавиур дээр тухай шүтээн байдаг байсан, ... Мөнгөн хүрээтэй иргэний үнэмлэхээс томгүй шүдэнзний хайрцагтай ойролцоо хэмжээтэй, дотроо цаасан байдалтай, төвд бичигтэй, оосортой байсан ... /1.хх-ийн 233/,
4.7. Гэрч С.Дий мэдүүлэг /Д.Өгийн зээ охин/ ... 1996-2000 онд зуны амралтаараа эмээгийндээ очиход тус зурмал шүтээнийг харж байсан. Эмээ маань судартаа салхи оруулна гэж гарган тайлбарлаж өгч байх үед нь харж байсан ... /1.хх-ийн 234/,
4.8. Гэрч Ж.Агийн мэдүүлэг /Д.Өгийн охин/ ... Манай ээж Д.Ө, аав Б.Ж, эгч Ж.У, ээжийн аав С.Д, ээжийн ээж У.Я бид ам бүл зургуулаа амьдарч байсан. Өвөө, эмээ маань 1974, 1977 оны үед нас барсан. Буурал ээжийн авдар, буурал аавын бурхан тахилын эд зүйлс нь ээжид маань үлдсэн. 2005 оны 01 дүгээр сард Д.П эгчийг хагалгаанд орох хүртэл шүтээн манайд байсан. Хагалгаанд ороод гэртээ гарахад нь сахиусаа манай охин Х.Штай аваачиж өгсөн. С.Ш, С.Б хоёр сахиусыг ээж Д.П эгчид өгснийг мэдэж байгаа, бид нар гэрчилж мэдүүлэг өгөөч гэхэд мэдүүлэг өгөхөөс татгалзсан байна лээ ... /1.хх-ийн 235/,
4.9. Гэрч Ч.Эийн мэдүүлэг /Д.П, Д.Ө нарын төрсөн дүү Д.Жийн хүүхэд/ ... 1985 онд 10 дугаар ангид орох жилээ Б.Ж, Д.Ө нарын гэрт байдаг байсан. Тэр үед гэрт нь бурхны тавиур дээр хүрд, цагаан дунгийн хамт тус сахиус байдаг байсан ... /1.хх-ийн 248/,
4.10. Гэрч Ж.Пгийн мэдүүлэг /Д.Пын бэр/ ... 2005 онд хадам ээж Д.П хагалгаанд орсон. Тухайн үед хадам ээж Д.Ө надад аавынхаа нүдний сахиусыг авч ирж өгсөн гээд баяртай ярьж байсан. Түр хэрэглэж бай гэсэн гээд баярлаад ярьж байсан. Д.Өгийнд цагаан сараар жил бүр очиж золгож байхад шүтээн том өрөөнд модон сервант дээр байдаг байсан. Би, 1983 онд Б.Пагмынд бэр болж очсон ... /1.хх-ийн 249/,
4.11. Х.Тгийн мэдүүлэг /Д.Өгийн зээ хүү/ ... Би, 1988 онд төрсөн. Намайг мэдээ орсон цагаас буюу 4, 5 настайгаас эхлэн бурхны тахил дотор байдаг байсныг мэднэ. Манай эмээ ач, зээ нь шалгалт өгөх болохоор хар ширэн савтай зүйл болон сахиус хоёроор адисалдаг байсан, ...Уг сахиус 2002, 2003, 2004 онуудад очиход байдаг байсан, 2008 онд амралтаараа очиход тус сахиус байхгүй байсан. Тэгээд нөгөө сахиус нь хаачсан эсэхийг нь асуухад эгчдээ аваачаад өгсөн гэж байсан ... /1.хх-ийн 250/,
4.12. П.Хын мэдүүлэг /Д.Өгийн хүргэн/ ... 1988 онд Д.Өгийн хүргэн болж очиход уг сахиус байдаг байсан. Гадуур мөнгөн гуутай, цэцгэн хүрээтэй, соёмбо дээр дотроо зурагтай байсан. Манай хүүхдүүд айх, зүүдлэх, уралдаан тэмцээнд явахад эмээ нь адисалж өгдөг байсан. 2005 оны 1 дүгээр сард нэг өглөө хадам ээж, манай охин хоёр тус сахиусыг аваад Д.П эгч нүдний хагалгаанд орох гэж байгаа тул аваачиж өгнө гээд явах гэж байхад нь би охиноо эмээтэй нь хамт Д.П эгчийн гадаа хүргэж өгсөн. Би, гэр бүл болсны дараа Эрхүү хотоос 4 ширхэг шилэн тавиур авч ирсэн. Түүнд хадам ээж маань бурхан шүтээнээ хийсэн. Шавар бурхнууд, сахиус болон бурхан шашинтай холбоотой эд зүйлээ хийдэг байсан ... /2.хх-ийн 1/,
4.13. Гэрч С.Бы мэдүүлэг /хариуцагч С.Оийн төрсөн ах/ ... Чүдэнзний хайрцагны хэмжээтэй мөнгөн гуутэй хүзүүнээс зүүх утсан оосортэй бурхныг мэднэ. Тус бурхныг 1987, 1988 оноос хойш мэднэ. Анх миний ээж Д.Пын аав болох манай өвөө С.Дийн өмчлөлийнх байсан. Тэгээд өвөө нас бараад манай ээж болох Д.Пд ирсэн гэсэн. Түр үеийг сайн санахгүй байна. Ээж нас бараад манай хамгийн бага дүү С.От өвлөгдөж ирсэн, ... 2005 оноос өмнө миний ээж Д.Пын мэдэлд байсан, ...Д.Ө эгчийн мэдэлд байсныг би огт мэдэхгүй, ер нь бол Д.Ө эгчийн мэдэлд байгаагүй ... /1.хх-ийн 75-76/,
4.14. Гэрч С.Бын мэдүүлэг /хариуцагч С.Оийн төрсөн ах/ ... Би, 1989 онд 8 дугаар ангиа төгссөн. Тэр цагаас эхлэн сайн мэддэг болсон. Мөнгөн гуу буюу жаазтай дотроо бурхны зурагтай, хүзүүнээс зүүдэг оосортой жижигхэн бурхан байгаа. Анх манай ээж П.Пагмын аав болох С.Д гэх хүнд байсан гэсэн. Тэгээд манай ээж Д.Пд өгсөн байх тэгээд ээжид байдаг байх. 2005 оноос өмнө Д.Пын эзэмшилд байсан. Миний мэдэхийн Д.Ө гэдэг хүнд байгаагүй ... /1.хх-ийн 79-80/,
4.15. Гэрч С.Шийн мэдүүлэг /хариуцагч С.Оийн төрсөн эгч/ ... Би, 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд оюутан болсон. Тэр цагаас хойш мэднэ. Дүрсэлж хэлбэл чүдэнзний хайрцагийн хэмжээнээс үл ялиг том. Талиман нэртэй нүдний бурхан. Тус бурхан нь голдоо гурван төвд бичигтэй. Би, ээж Д.Пын эзэмшилд байхыг мэднэ. Тэрнээс өмнө ээж ярихдаа манай аав надад өгсөн гэж ярьдаг байсан. Бас хамгийн олон хүүхэдтэй бага отгон охин С.От өгнө гэж ярьдаг байсан. Тэгээд одоо дүү С.Оийн эзэмшилд байга, ... Миний мэдэхийн Д.Өгийн эзэмшилд байгаагүй, ... ээж 2003 оны намар болорын хагалгаа хийлгэж байсан ... /1.хх-ийн 83-84/,
4.16. Гэрч С.Цийн мэдүүлэг /хариуцагч С.Оийн төрсөн ах/ ... 1973 оноос хойш уг шүтээн ээж Д.Пд байдаг байсан. 1990 оны 02 дугаар сард би Баянхонгор аймагт охиноо төрүүлээд манай ээж над дээр ирж байж байгаад цагаан сараас өмнө гэр лүүгээ явахаах болсон. Гэр лүүгээ цуг явах үед замд машин нь унтраад ээж шүтээнээ гаргаж ирээд аман дээрээ гаргаж ирж шивнээд хүүхдийнхээ өлгий рүү буцаагаад хийсэн. Ээж Д.П 2003 онд нүдний хагалгаанд орсон. Бурхан шүтээн Д.Өгийн өмчлөлд байсныг мэдэхгүй ... /1.хх-ийн 131-132/,
4.17. Гэрч Т.Нын мэдүүлэг /Д.Пын зээ охин/ ... Намайг 6 настай байхад миний хараа маш муу байсан. 2000 оны 01 сард бид нар Д.П эмээгийнд очиход эмээгийн бие муу байсан. Эмээ бурханаа надад өгөөд энэ тарнийг ингэж уншиж бурханаа яаж барихыг зааж өгсөн, ... Тэр шүтээнийг 6 наснаасаа хойш хамгийн их ашиглаж байгаа хүн нь би байна, ... хамгийн олон хүүхэдтэй учраас С.От үлдээж гэж өөрөө хэлсэн байдаг ... /1.хх-ийн 136-137/
4.18. Гэрч Мын мэдүүлэг /Д.П, Д.Ө нарын төрсөн ах Д.Дгийн хүргэн/ ... Д.П гэх хөгшнийд цагаан сараар золгоход уг бурхан байдаг байсан. Бусад зүйлийн талаар би сайн мэдэхгүй байна ... /1.хх-ийн 205/ гэж тус тус мэдүүлэг өгсөн байна.
Гэрчүүд нэхэмжлэгч Д.Ө, хариуцагч С.О нараас гадна С.Д, У.Я нартай төрөл садангийн холбоотой, зарим /С.Б, Ж.У, Ж.А/ гэрчүүд ойр дотно буюу хамт амьдарч байсан байх тул зохигчийн маргаж байгаа зүйлийн талаар мэдэж байгаа гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тэдгээрийн мэдүүлгээр Талим, Хум, Бүрэм гэсэн 3 тарнийн үсэгтэй, мөнгөн гуутэй зурмал шүтээнийг С.Дийг нас барсны дараа Д.Ө эзэмшиж байсан болох нь тогтоогдож байна.
Тухайлбал, гэрч С.Б, Х.Ш, П.Х, Ж.П, С.Б, Х.Т, С.Д, Ж.У, Ж.А, Ч.Э, Д.Ц нар нь болж өнгөрсөн үйл баримт буюу тухайн шүтээний хэмжээ, өнгө төрх, хэлбэр, хийцээс гадна хэн, хэзээ эзэмшиж, хаана хадгалж байсан тухай цаг хугацаа, он сар, орон байр буюу газрын талаар тус тус тодорхой мэдүүлсэн, мөн гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нэхэмжлэгч болон бусад гэрч нарын мэдүүлгийг бататгасан буюу дэмжсэн агуулгатай байх тул үнэн зөв эргэлзээгүй гэж үзэх боломжтой байна.
Харин гэрч С.Б, С.Б, С.Ш, С.Ц, Т.Н нарын мэдүүлгийн хувьд тус зурмал шүтээнийг Д.Пс өмнө хэн, хэзээ, хаана эзэмшиж, хадгалж байсан талаар тодорхой мэдүүлээгүй байх тул эргэлзээтэй байна.
Тухайлбал, хэрэгт цугларсан баримтаар мэс ажилбарын бүртгэлд Д.Пыг 2005 онд нүдний мэс ажилбарт орсон гэж тэмдэглэсэн байхад үүнийг дээрх гэрчүүд 2003 онд гэж зөрүүтэй мэдүүлсэн бол, гэрч Х.Ш, П.Х, Ж.П, С.Б нар Д.Пыг 2005 онд нүдний мэс ажилбарт орсон гэж тодорхой мэдүүлжээ.
Үүнээс гадна гэрч Х.Ш, П.Х, С.Б, Ж.У, Ж.А, Д.Ц, Ж.П нар Д.Өг тухайн зурмал шүтээнийг Д.Пыг нүдний мэс ажилбарт ороход нь түүнд түр хэрэглүүлэхээр өгч байсан талаар цаг хугацаа, он сар, хүргэж өгсөн газрын талаар нэгэн адил мэдүүлсэн байх тул эдгээр гэрч нарын мэдүүлгийг нотолгооны ач холбогдолтой гэж үзнэ.
5. Мөн гэрч нарын мэдүүлэг, зохигчийн тайлбараар Д.Ө нь эцэг С.Д, эх У.Я нарыг нас барах хүртэл хамт амьдарч байсныг С.О баримтаар няцаагаагүй байна.
Тодруулбал, тухайн үед үйлчилж байсан Иргэний хууль /1963 он/-ийн 380 дугаар зүйлийн 380.2-т Гэрийн эдлэл хэрэглэлийн зүйл нь ээлж дараалал, эд хөрөнгийн өвлөгдөх хэсгийн байдлыг харгалзахгүйгээр өвлүүлэгчтэй хамт амьдран байсан хууль ёсны өвлөгчид шилжинэ гэж заасан бөгөөд гэрч С.Бийн ... миний бие 8 дугаар ангиа төгсөөд аймгийн төвд 9 дүгээр ангид элсэн орсон цагаас буурал аав Сийн Д, буурал ээж Урдын Я хоёрын хамт Баянхонгор хотод 9 дүгээр байрны 3 тоотод хүргэн ахынд амьдардаг байсан. Буурал аавыг 1973 оны 03 дугаар сарын 09-нд нас барахад би Б.Ж ахынд байсан бөгөөд намайг хөдөө явуулснаар би Д.Д ахыг хөдөөнөөс авч ирж байсан ба манай аав, ээж хоёр ирээгүй ... гэсэн тайлбар, мөн гэрч Ж.Уийн ...Би, айлын хамгийн том хүүхэд, өөрийн ээж, аав, буурал ээж, аавтай хамт амьдардаг байсан. Буурал аав, ээж маань 1974, 1976 онд нас барахад тэдгээрийн эд зүйлс ээжид үлдсэн... гэх мэдүүлэг, Ж.Агийн ...Буурал ээжийн авдар, буурал аавын бурхан тахилын эд зүйлс нь ээжид маань үлдсэн ... гэх мэдүүлгээс тус тус үзэхэд Д.Ө нь энэхүү зурмал шүтээнийг эцэг С.Д, эх У.Я нараас өвлөж авсан байна.
Иймд, зохигчийн маргаж буй зурмал шүтээнийг Д.П өвлөн авсан, түүнийг нас барсны дараа түүний охин буюу хариуцагч С.О өвлөн авсан гэсэн тайлбар үндэслэлгүй тул хариуцагчийн эзэмшил хууль бус, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагаар буцаан өгөх үүрэг хүлээнэ.
Өөрөөр хэлбэл, Д.П нь Д.Өгийн өмчлөлийн зурмал шүтээнийг Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 340 дүгээр зүйлийн 340.1.4-т тус тус зааснаар үнэ төлбөргүй ашиглаж байсан гэх үндэслэлтэй бөгөөд тэрээр гэрээний хугацаа дуусахад эд хөрөнгийг бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй боловч С.О нь ийнхүү миний ээж Д.Пын өмч, би түүнээс өвлөн авсан гэсэн тайлбар гарган татгалзаж байгаа нь үндэслэлгүй учир хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэж дүгнэх боломжгүй юм.
6. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж, мөн 75 дугаар зүйлийн 75.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна байна гэж, 76 дугаар зүйлийн 76.1-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж тус тус заажээ.
Зохигчийн маргаж байгаа зурмал бурхан шүтээнийг С.О нь эх Д.Пыг нас барсны дараа 2019 оноос өөрийн эзэмшилд авсан учир энэ үеэс эхлэн Д.Өд үүнийг буцаан шаардах эрх үүссэн гэж үзэж, улмаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Иймд, анхан шатын шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хуулийг зөв тайлбарлаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2024/03689 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Б.МАНДАЛБАЯР