| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0379/Э |
| Дугаар | 392 |
| Огноо | 2019-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 392
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Г.Анармөнх,
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож /№2148/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Марь овогт Энхбаатарын Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911009260328 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай эрэгтэй, дээд боловсролтой, бизнессийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг Буянт ухаа наадамчдын зам гудамжны 710 дугаар байрны 05 тоотод оршин суух хаягтай, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан ялыг нэг жилийн хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Марь овогт Энхбаатарын Э.Б /РД: ЧЙ86052079/,
Холбогпсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/ яллагдагч Э.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн ажилдаг "Уухай" үйлчилгээний төв дотор хохирогч А.Дөлгөөний зүй бус харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг духаар нь ширээний тавцан мөргүүлж, түүний биед тархи доргилт, баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгчийн Э.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манайх 12 цагт нээдэг. 2 цагийн үед нэг залуу орж ирээд 50 граммын виски, ундаа захиалсан. Үйлчлүүлж байх үед нь би бараандаа гарсан. Намайг бараандаа гарсан хойгуур манай бармен над руу залгаад нөгөө залуу чинь тооцоо хийхгүй байна гэж хэлэхээр нь аргалаад тооцоогоо авчих гэж хэлсэн. Тооцоо нь 10.000 төгрөг байсан. Намайг бараагаа аваад буцаад ажил руу орох үед нөгөө залуу тооцоогоо хийгээгүй байсан. Тэгээд би захиалсан зүйлсээ хэрэглэсэн юм чинь тооцоогоо хийчих гэж хэлсэн. Гэтэл өөдөөс нөгөө залуу ёс бус үг хэллэг хэлээд байсан. Дуудлагаар ирсэн цагдаа хүртэл тухайн үедээ хэлж байсан үгсийг нь сонсоод ямар айхтар үг хэлтэй залуу вэ гэж хэлж байсан. Манай ажил компьютерт бараагаа шивж оруулдаг болохоор оруулж ирсэн бараагаа шивээд сууж байхад хохирогч над руу чичилж дайраад, доромжлоод гар утас цэнэглэж өг мөнгийг чинь төлнө гэх зэргээр дайраад байсан. Намайг бараандаа гарсан хойгуур хохирогч интернет банкаар тооцоо хийнэ гэхэд нь манай бармен интернет банкаар тооцоогоо хийж болно гээд компьютер аваачиж өгч байсан ч тооцоо хийгээгүй байсан. Намайг компьютер дээр юм шивээд сууж байхад хохирогч намайг чичлээд байснаа цохих гэж байгаа юм шиг гараа далайсан. Тэгэхээр нь би цочсондоо хохирогчийг гараараа дараад, тэврээд авсан. Би санаатай цохих, зодох үйлдэл хийгээгүй. Намайг цохих гэхээр нь би гарыг нь барихад гадуур хувцасны цахилгаан нь таарсан. Дарсан байх үед өөрөө 2 удаа мөргөх үйлдэл хийсэн. Тэгээд доош нь дараад байж байх үед цус гараад байна гэхээр нь дээшээ босгоод харахад цус гарсан байсан. Би эхлээд их хүлээцтэй хандсан. Айхтар хэл амтай залуу байсан. 10.000 төгрөгөөс болж ийм хэрэг гарсанд гомдолтой байгаа. Тэр залуу манайд орж ирснээсээ хойш 5 цагийн турш байсан. Яагаад тэгж удсан санааг нь ойлгоогүй. Манай бармен охин таалагдсан юм шиг байсан. Манай бармен охиныг дагаж очоод төлбөрөө авчих хамт гаръя гэж хэлсэн байсан. Тэгээд бэлэн мөнгөний машин руу дагаж очоод мөнгөө авъя гэхэд өөрөө явахгүй байсан гэв.
мөрдөн шалгах ажиллагааны үед Э.Бы яллагдагчаар өгсөн: “тэр залуу намайг хэл амаар доромжлоод хуруу, гараараа чичлээд байсан. Тэгээд намайг хуруугаараа чичлэх үед би намайг цохих гэж байна гэж бодоод би гарыг нь барьж аваад толгойгоор нь уургалаад доошоо текэн дээрээ дарсан. Тэгээд тэр залуу толгойгоо даруулаад доошоо харсан байх үедээ хэд хэдэн удаа намайг мөргөх гэж оролдсон. Тэгээд би хэсэг уг залууг доош нь дараад байлгаж байгаад тайвшрахаар нь тавьсан. Тэгээд дээшээ өндийхөд баруун хөмсөгний дээд хэсгээс нь цус гарсан байсан ба тэр залуу өөрөө гарч яваад цагдаа дуудаад буцаад хүрээд ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х/,
хохирогч А.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...уг пабын ажилтан залуу намайг толгой хүзүү орчмоос доошоо дараад тек мөргүүлсэн ба би мөргөснөөс болоод ухаан санаа жаахан балартсан ба бас дээрээс нь согтуу байсан учраас ухаан балартсан. Тэгээд тек мөргөхдөө хөмсөгөө сэтэлсэн байсан. Би тухайн нүүрний аль хэсгээс цус гараад байгаагаа мэдээгүй ба цагдаа дээр ирсэн хойноо толинд хараад мэдсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг орж 3 оёдол тавиулсан...баруун хөмсөг сэтэрч 3 оёдол тавиулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12х/,
гэрч Д.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...удалгүй менежер гаднаас хүрээд ирсэн ба нөгөө залууд хандаж, ууж идсэн юмныхаа мөнгийг өгөөч гээд хэлсэн чинь тэр залуу эрэгтэй хүн тэгж хэлэхээр нь хэрүүл хийгээд хэл амаар доромжлоод байсан ба гараараа чичлээд бас гараа хальт далайх шиг болсон. Тэгсэн чинь менежер гэнэт куртикнээс нь татаад толгойгоор нь текэн дээр дараад авсан...Тэр залуу доошоо даруулж байхдаа уруул гээд орилоод байсан. Тэгээд дээшээ болоход нь харахад хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 3522 дугаартай "...А.Дөлгөөний биед тархи доргилт, баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 17х/ бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Э.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай анийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч А.Дөлгөөн нь шүүгдэгч Э.Баас нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэг /хх-ийн 11х/ өгөхдөө мэдүүлсэн, хавтас хэрэгт хохиролтой холбоотой бичгийн баримт авагдаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Э.Бд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, учруулсан хохиролын хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан үзэж, хохирогч А.Дөлгөөний зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан доод хэмжээгээр торгох ялыг оногдуулж шүүх шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Марь овогт Энхбаатарын Э.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ