Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 270

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Б.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* баг, ******* тоотод оршин суух иргэн ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Миний бие 1965 онд Цагаанхайрхан сумд төрсөн. 1981 оны 06-р сарын 05-наас 1985 оны 7-р сарын 15-ны хооронд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдэлд эцэг эхийн хамт мал маллаж байсан. Энэ үеийн хөдөлмөрийн хөлс нь суурийн ахлагч миний эцэг *******ийн *******гийн нэрээр бодогдож байсан юм.

1985 оны 8-р сарын 1-нээс 1988 оны 10-р сарын 30-ны хооронд Дөрвөлжин сумын Хомын тал Эрдэм шинжилгээний туршлага станцад малчин, 1988 оны 11-р сараас 1989 оны 12-р сарыг дуустал Завхан аймгийн Идэр сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан. Миний энэ хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу зарим байгууллагын архив шатсан байна.

Б.******* миний өөрийн нотлох бичиг баримтууд ******* аймгийн Баянцагаан багийн ПТУ-д өөрийн төрсөн ах *******гийн Тогтохынд хамт амьдарч байхад 2000 оны 12-р сарын 18-ны өдөр гэр шатсаны улмаас бичиг баримтууд хамт шатсан юм. Ийм учраас дээрх хугацааны ажилласан байдлыг тогтоож өгнө үү

Миний бие одоо ******* аймгийн Баян-өндөр сумд амьдарч байгаа. Өөрийн ажилласан жилийг тогтоолгох хүсэлтийг гаргасан. Би өөрөө энд байхгүй байх болохоор намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

Хүсэлт гаргагч Б.******* нь 1981.06.05-ны өдрөөс 1985 оны 07-р сарын 15-ны өдрүүдэд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдэлд эцэг эхийн хамт мал маллаж байснаа, 1985 оны 8-р сарын 01-нээс 1988 оны 10-р сарын 30-ны өдрүүдэд Дөрвөлжин сумын Хомын талын Эрдэм шинжилгээний туршлага станцад мал маллаж байснаа, 1988 оны 11-р сараас 1989 оны 12-р сарыг дуустал Завхан аймгийн Идэр сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд мал маллаж байснаа тус тустогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Б.******* нь ******* аймагт амьдардаг бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 05-р сарын 10-ний өдрийн А/328 тоот лавлагаанд Б.******* нь 1981-1985 онд Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдлийн Онц бригадад мал маллаж байсан гэх тухайгаа тодруулахыг хүссэний дагуу дээрх нэгдлийн гишүүний цалин хөлс тооцсон 70-р дансыг шүүн үзэхэд: өөрийн нэрээр тооцсон хөлс үгүй харин суурийн ахлагч гэх Ц.*******гийн нэрээр тооцсон хөлсийг 70-р дансанд тусгагдсанаар он тус бүрийг жагсаавал: 1981 онд 3-12-р сар, 1982 онд 1-12-р сар, 1983 онд 1-12-р сар, 1984 онд 1-12-р сар, 1985 онд 1-12-р сар гэжээ.

Б.******* нь Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдэлд 1981-1985 онуудад эцэг эхийн хамт мал маллаж байсан нь гэрч Т.ийн ******* нь 1981 онд сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд илгээлтээр мал дээр гарч аав ээжтэйгээ нэгдлийн мал маллаж байгаад Хомын тал руу аав ээжийн хамт шилжсэн юм. 1985 оны үед шилжээд явсан айл байгаа юм. *******ын аавыг нь *******, ээжийг нь гэдэг байсан юм. ******* аав ээжтэйгээ нэгдлийн мал маллаж байсан нь үнэн, би Цагаанхайрхан сумын Онц бригадад насаараа мал малласан хүн учраас *******ыг сайн мэддэг юм гэсэн,

Гэрч С.ын Би Цагаанхайрхан сумын Онц бригадын агентаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүн байгаа юм. ******* нь 1981 онд сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд илгээлтээр мал дээр гарч аав ээжтэйгээ нэгдлийн мал маллаж байгаад Хомын тал руу аав ээжийн хамт шилжсэн юм. 1985 оны үед шилжээд явсан айл байгаа юм. *******ын аавыг нь *******, ээжийг нь гэдэг байсан гэсэн,

Гэрч Д.ын Би Цагаанхайрхан сумын Онц багт хүний бага эмчээр насаараа ажилласан хүн байгаа юм. ******* нь сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд илгээлтээр мал дээр гарч аав ээжтэйгээ нэгдлийн мал маллаж байгаад Хомын тал руу аав ээжийн хамт шилжсэн юм. 1985 оны үед шилжээд явсан айл байгаа юм. *******ын аавыг нь *******, ээжийг нь гэдэг байсан юм гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Иймд түүнийг 1981оны 06-р сарын 05-ны өдрөөс 1985 оны 07-р сарын 15-ны өдрүүдэд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдэлд эцэг эхийн хамт мал маллаж байснаар тогтоох үндэстэй байна.

Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 05-р сарын 11-ний өдрийн А/335 тоот лавлагаанд Б.******* нь 1986 онд Дөрвөлжин сумын Эрдэм шинжилгээний туршлага станцад малчнаар ажилд орсон тухайгаа тодруулахыг хүссэн боловч дээрх байгууллагын 1986 оы баримт манай архивт шилжигдэн ирээгүй, 1988 онд ажлаас чөлөөлсөн гэх боловч холбогдох баримт олдохгүй байна.

Жич: 1988-1990 онд Идэр сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн Загастай бригадад мал маллаж байсан гэх тухайгаа тодруулахыг хүссэн боловч дээрх нэгдлийн баримт манай архивт шилжигдэн ирээгүй 1978, 1986 онуудад галын аюулд өртөж байсан гэжээ.

Түүний ажиллаж байсан байдлууд архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүний талаар мэпдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгүүд болон гэр орноо шатаасан талаарх нотломжийг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж шүүх үзэв.

Түүний ажиллаж байсан байдлын талаар гэрч Б.Мягмар ******* Дөрвөлжин сумын Хомын станцад 1985 оноос 1988 онуудад эцэг эхийн хамт мал маллаж байсан юм. Эцэг нь ******* гэж хүн байсан юм. ******* тэгж мал маллаж байгаад 1988 оны сүүлээр Идэр сум руу хүнтэй суугаад явчихсан юм. Би мөн тус станцад үхэр маллаж байсан юм. Би 1982 оноос 1993 он хүртэл мал малласан. 1993 онд өмч хувьчлал болоод Хомын станц бүрэн татан буугдсан юм гэж мэдүүлсэн,

Гэрч С. 1985 онд Дөрвөлжин сумын Хомын станцад 1985 оны 07-р сард Шилүүстэй сумаас 10-аад айл шилжиж ирж байсны нэг нь ******* гуайнх байсан юм. ******* аав ******* болон ээжийн хамт Хомын талын эрдэм шинжилгээний туршлага станцад мал малладаг байсан юм. ******* тэгж мал маллаж байгаад 1988 оны сүүлээр Идэр сум руу хүнтэй суугаад явчихсан юм. Би тус станцад 1980 оноос 1992 он хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан юм. Хомын станц 1988 онд татан буугдсан тэгээд тэндээ савангийн үйлдвэр энэ тэрд 4,5 жил ажилласан юм. Тэгээд нэгмөсөн тарсан даа гэж мэдүүлсэн,

Гэрч О. 1985 онд Дөрвөлжин сумын Хомын талд цэцэрлэг ясли байгуулагдахад би цэцэрлэгийн эрхлэгчээр нь очиж ажиллаж байсан юм. 1985 оны 07-р сард Шилүүстэй сумаас Хомын талд 10-аад айл шилжиж ирж байсны нэг нь ******* гуайнх байсан юм. ******* гуайнх хэдэн охин хүүхэдтэй байсны нэг нь энэ ******* юм. ******* аав ээжийн хамт Хомын талын эрдэм шинжилгээний туршлага станцад мал малладаг байсан юм. Оюунгэрэл гээд *******ын дүү нь манай цэцэрлэгт угаагч хийдэг, манайд надтай цуг амьдарч байсан юм. Тэгээд 1989 онд Хомын талын эрдэм шинжилгээний туршлага станц тарсан юм. ******* 1988 оны сүүлээр Хомын станц тарахаас арай өмнөхөн Идэр сум руу хүнтэй суугаад явчихсан юм. Тэгэхээр ******* 1985 оны 07-р сараас 1988 оны сүүл хүртэл мал маллаж байсан гэсэн үг юм гэж мэдүүлсэн,

Гэрч Б. ******* нь Цагаанхайрханд амьдарч байгаад манай сумын Эрдэнэцогттой гэр бүл болоо манай сумд ирж байсан юм. Манай сумд ирээд ******* нөхөртэйгөө Шинэ цэцэрлэг нэгдлийн Загастай бригадад нэгдлийн хонь маллаж байсан юм. ******* гуай мөн манай нутагт шилжиж ирж байсан юм. Би тэр үед мөн Загастай бригадад мал маллаж байгаад 1989 онд сумын ахуйн үйлчилгээний төвд орж байсан юм. ******* 1990 он хүртэл мал маллаж байгаад нөхрөөсөө салаад Эрдэнэт явсан гэсэн. Эрдэнэцогт одоо Тэлмэнд амьдардаг сурагтай байдаг юм гэж мэдүүлсэн,

Гэрч Б. Би *******тай нэг нутагт зусаж намаржиж байсан. ******* нь 1988 онд Хомын талаас манай бригадад шилжиж ирж байсан юм. Нөхөр нь манай нутгийн Эрдэнэцогт гэж залуу байсан юм. Тэгээд ******* нөхөр болон аав ээжийн хамт Завхан аймгийн Идэр сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн Загастай бригадад нэгдлийн бог мал маллаж байгаад 1990 онд Эрдэнэт рүү шилжчихсэн юм. Би бас аав ээжийн хамт Загастай бригадад нэгдлийн мал маллаж байсан юм гэж мэдүүлсэн,

Гэрч Ц. : Манай нөхөр 1980 оны үед Цагаанхайрханд хэсгийн төлөөлөгч байдаг байхад ******* аав *******гийн хамт Онц бригадад мал малладаг байсан юм. Тэгээд дараа нь манай хүн Идэрт хэсгийн төлөөлөгчөөр 1988 оны 10 сард томилогдон очиж байхад ******* гуайнх Идэр сумын Загастай бригадад түрүүлээд оччихсон тэнд нэгдлийн мал маллаж байсан юм. ******* Идэрт очоод Эрдэнэцогттой сууж бид хуриманд нь сууж л байсан юм. Тэднийх шинэ газар оччихсон таних айл байхгүй, бид бас нэг газраас ирсэн гээд наашаа цаашаа орж гарцгаадаг байсан юм. Манайх 1994 онд аймгийн төв рүү шилжиж орж ирж байхад ******* Идэртээ байж л байсан юм. Тэгэхээр 1994 он хүртэл лав мал малласан байх. Тэрнээс хойш яасныг нь сайн мэдэхгүй байна гэж мэдүүлсэн байна.

2000 оны 12-р сарын 18-ны өдөр ******* аймгийн Баянцагаан баг ПДУ-ийн иргэн Тогтохын гэр, амбаар шатсан болох нь ******* аймгийн Гал унтраах 56-р ангийн гал командын харуул ээлжийн дарга дэслэгч Н.Баясгалангийн 2000 оны 12-р сарын 18-ны өдөргаргасан гал түймэр гарсан тухай нотломжоор нотлогдож байна.

Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.*******ыг 1985 оны 8-р сарын 01-нээс 1988 оны 10-р сарын 30-ныөдрүүдэд Дөрвөлжин сумын Хомын талын Эрдэм шинжилгээний туршлага станцад мал маллаж байснаар, 1988 оны 11-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Идэр сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд мал маллаж байснаар тогтоох үндэстэй байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******гийн *******ыг 1981оны 06-р сарын 05-ны өдрөөс 1985 оны 07-р сарын 15-ны өдрүүдэд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдэлд эцэг эхийн хамт мал маллаж байснаар, 1985 оны 8-р сарын 01-нээс 1988 оны 10-р сарын 30-ны өдрүүдэд Дөрвөлжин сумын Хомын талын Эрдэм шинжилгээний туршлага станцад мал маллаж байснаар, 1988 оны 11-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Идэр сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд мал маллаж байснаар тус тус тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ