Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/01782

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 16 210/МА2024/01782

 

 

 

Т.Угийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/01638 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т.Угийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.Ат холбогдох,

 

Гэрээний үүрэгт 271.273.896 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Зоригт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Т.У миний бие өөрийн хүү Н.Гын хамт 2014 оны 4 дүгээр сард З.Атай харилцан тохиролцож ..... дүүрэг, 15 дугаар хороонд баригдаж буй .......... хотхонд 78.11 мкв бүхий тус бүр 2 ширхэг орон сууцыг 1мкв-ийг 725 доллараар бариулахаар болж нийт 113.260 ам долларыг З.Ат өгсөн. Гэтэл гэрээгээр тохирсон хугацаанд бидэнд байрыг хүлээлгэж өгөөгүй бөгөөд оронд нь ..... дүүргийн 15 дугаар хороо, ......... дугаар байрнаас 7-н давхарт 107 мкв, мөн 74 мкв, 2 талбай бүхий 2 ширхэг байрыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Гэвч мөн адил орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй болсон тул 2014 оны 4 дүгээр сард байгуулсан Орон сууц захиалах гэрээг цуцалж, 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр анх төлсөн 113.260 долларыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр буцаан төлөхөөр З.А нь надтай харилцан тохиролцсон.

Ийнхүү З.А төлөх ёстой 113.260 ам долларыг төлөлгүй явж байгаад 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 35.038 ам доллар буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар 100.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 78.222 ам долларыг удахгүй төлнө гэсэн. Иймд З.Ааас үлдэгдэл 78.222 ам долларыг одоогийн Монгол банкны ханшаар бодож 271.273.896 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

  

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Мөнгийг З.А аваагүй, харин түүний эхнэр байсан Б.Бд 113,000 ам.долларыг зээлсэн байдаг. Нэхэмжлэгч Т.У мөнгө хэнд өгснийг өөрийгөө нэхэмжлэгч эсэхээ нотлох баримтаар батлах ёстой. Энэ асуудлыг шүүх тодорхой болоогүй цагт шүүх хурлыг хийх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ асуудал 2014 онд болсон. Гэтэл шүүхэд нэхэмжлэлийг 2023 онд 9 жилийн дараа хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүхээр уг асуудал орох нь хууль зөрчиж байгаа асуудал гэж үзэж байна. Гэрээ хийж тооцоо нийлсэн гэрээ дүгнэсэн протокол төлбөр барагдуулах хэлцэл дээр З.А дээрх мөнгийг төлнө гэсэн гарын үсэг зурсан нь дээрхи 113,000 ам.долларыг хүлээн авсан гэсэн үг биш юм.

Дээрх зээлээ төлөөрэй гээд Б.Бд З.Аын ээж н.Цгийн байрыг өгсөн. Байрыг 350,000,000 төгрөгөөр зарж дээрх 350,000,000 төгрөгийг Б.Бд бэлэг гэсэн нэрээр өгсөн байгаа. Б.Б дээрх мөнгийг хүлээн аваад 2021 оны 9 дүгээр сарын 20-нд өөрийнхөө гараар Т.Уд 100,000,000 төгрөг өглөө одоо 78,222 доллар үлдлээ гэж гарын үсэг зурж өгсөн нь Б.Б 113,000 ам доллар зээлж аваад 100,000,000 төгрөг буюу 3,503 ам.доллар өгсөн одоо 78,222 доллар үлдлээ гэдгийг өөрийнхөө гараар бичиж гарын үсэг зурж өгснөөрөө батлаад байгаа юм.

Мөн энэ мөнгийг авсан Б.Б мөнгөө төлж 100,000,000 төгрөг өгсөн, мөн үлдэгдэл 78,222 доллар үлдлээ гэсэн гарын үсэг өгсөн Б.Бгаас нэхэхгүй З.Ааас нэхэж байна...

З.А бол ямар ч байсан н.Гын захиалсан байрыг хэлсэн ёсоороо өгч, Б.Бд байрны зарсан мөнгөө 350,000,000 төгрөгийг тоо ёсоор нь өгсөн. Одоо З.А дээрх мөнгийг төлөх ямар ч хууль зүйн үндэс байхгүй. 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр орон сууц захиалах гэрээ нь албан ёсны гэрээ биш гэж үзэж байна. Тус өдрийн гэрээн дээр н.Гыг төлөөлж Т.У гарын үсэг зурсан болохоор энэ гэрээ бол албан ёсны гэрээ биш юм гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 123 дугаар зүйлийн 123.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг баримтлан З.Ааас 270.563.000 /хоёр зуун далан сая таван зуун жаран гурван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Уд олгож, нэхэмжлэлээс үлдэх 710.896 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.514.320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгийн хураамжид 1,510,765 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Т.Угийн нэхэмжлэлтэй хэрэг дээр хариуцагч З.А би анхан шатны шүүхийн нэхэмжлэгчид төлөх төлбөрөөс 110,000,000 төгрөгийг үл хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байгаа болно. Иймд уг гомдлыг хууль зүйн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч тал нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж давж заалдах гомдол гаргадаг боловч түүндээ тохирсон улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьсан үндэслэл нь давж заалдах гомдол гаргах шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байх тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Т.У нь хариуцагч З.Ат холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 271,273,896 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс улбаалан хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй буюу эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

3.1. Т.У нь 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр З.Атай худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж ..... дүүрэг, 15 дугаар хороонд баригдаж буй ......... хотхоноос 2 ширхэг 78.11 м.кв талбайтай орон сууцыг нийт 113,260 ам.доллараар худалдан авахаар харилцан тохирч төлбөрийг бүрэн төлсөн,

 

3.2. Улмаар талууд 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төлбөр барагдуулах хэлцэл байгуулж З.А нь дээр дурдсан 2 ширхэг орон сууцыг Т.Уд хүлээлгэн өгөх боломжгүй болсон учир тус хотхоны 55 дугаар байрны 7 дугаар давхарт байрлах 107 м.кв талбайтай болон 74 м.кв талбайтай орон сууцыг тус тус хүлээлгэн өгөх, тийнхүү өгөхгүй бол 113,260 ам.долларыг өнгөрсөн хугацаанд ашигласны хариу төлбөр болгож 56,498 ам.долларын хамт 169,758 ам.долларыг өгөх, мөн үүрэг гүйцэтгэх хугацааг 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэж тохирч,

 

3.3. Үүний дараа зохигчид 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчилсөн боловч 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, 113,260 ам.долларыг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр буцаан төлөхөөр тохирчээ.

 

4. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж зааснаар зохигчид 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 2 ширхэг орон сууц худалдах, худалдан авахаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд гарын үсэг зурсан байх тул мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар тухайн хэлцлийг хүчинтэй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээнд гол нөхцөлийг тусгаагүй учир тухайн гэрээг байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ гэж заасантай нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, зохигчид хаана баригдаж байгаа ямар нэртэй хотхоноос ямар хэмжээтэй хэдэн орон сууцыг хэдэн төгрөгөөр худалдах, худалдан авах талаар харилцан тохиролцсон байхад гэрээнд гол нөхцөлийг тусгаагүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй байна.

 

5. Мөн анхан шатны шүүх тус худалдах, худалдан авах гэрээнд Н.Г гарын үсэг зураагүй буюу гэрээний нэг тал болоогүй, түүнчлэн түүнийг Б.Бд 113,260 ам.долларыг зээлдүүлж, тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн нь баримтаар нотлогдоогүй байхад зөвхөн нэг талын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Т.Уг зээлийн гэрээний шаардах эрхийг, хариуцагч З.Аыг өрийг шилжүүлэн авсан гэж хэргийн үйл баримтыг буруу тогтоож, улмаар Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д тус тус заасныг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д тус тус зааснаар шаардах эрх шилжихэд тухайн шаардах эрх бодитоор үүссэн байх, өр шилжих буюу үүрэг гүйцэтгэгч солигдоход үүрэг гүйцэтгүүлэгч үүнийг зөвшөөрсөн байх ёстой бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээдүүдийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь талуудын зарчимд нийцэхгүй.

 

Үүнээс гадна З.А нь Т.Утай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, зохигчид энэ талаар хэд, хэдэн удаа хэлцэл хийсэн байх тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино гэж зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэнэ.

 

6. Хэрэгт цугларсан баримтаар З.А нь 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Т.Утай төлбөр барагдуулах хэлцэл байгуулж, түүнээс урьд өмнө авсан 113,260 ам.доллараас 35,038 ам.долларыг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн талаар баталгаажуулж, үлдэх 78,222 ам.долларыг Монголбанкны албан ёсны ханшаар хөрвүүлж 270,563,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ.

 

Өөрөөр хэлбэл, талуудын тайлбараар З.Аын эхнэр Б.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Т.Уд 35,038 ам.долларыг хүлээлгэн өгснийг зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн гэж дүгнэхгүй ба, харин Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээний дагуу буцаан төлөх төлбөрөөс тодорхой хэсгийг төлсөн гэж үзнэ.

 

Дээр дурдсанчлан талууд худалдах, худалдан авах гэрээг цуцалсантай холбоотойгоор З.А нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар үлдэх 78,222 ам.долларыг Т.Уд төлөх үүрэг хэвээр үлдэнэ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас талуудын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хэлцлээр баталгаажуулсан 270,563,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 710,896 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцжээ.

 

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зохигчийн хооронд гэрээ, хэлэлцээр байгуулагдаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй байх тул энэ талаар түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

7. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээг цуцалсантай холбоотой үүргийг шаардахад 3 жил байх бөгөөд талуудын 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг тухайлан тохироогүй байх тул дээрх хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 208.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлно.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээлгэн өгөх талаар шаардаж байсан үйл баримт тогтоогдоогүй байхаас гадна талууд 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төлбөр барагдуулах хэлцэл хийсэн. Иймд, хөөн хэлэлцэх хугацааг дээрх хэлцлээр тохирсон үүрэг гүйцэтгэх хугацаанаас тоолох нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76.1, 76.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцнэ.

 

Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 208.3-т тус тус зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь хэдийд ч үүргийг шаардах эрхтэй, тийнхүү шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч тал үүргийг биелүүлэх ба зохигчид хожим гэрээний зүйлийг өөрчилснөөс гадна гэрээг цуцлаж, төлбөрийг буцаан төлөхөөр тохирсон байсан.

 

8.      Түүнчлэн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан. Талууд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр, мөн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдр тус тус харилцан тохиролцож, төлбөрийг хэзээ, хэрхэн барагдуулах талаар хэлцэл хийсэн байх тул тухай бүр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан учир хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.

 

Иймд, зохигчийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой шүүхийн журмаар нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

9.      Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/01638 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч З.Ааас 270,563,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 710,896 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 722,594 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

 

 

Б.МАНДАЛБАЯР