Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 448

 

 

 

 

 

 

 

 

 

      2019       05          09                                    2019/ШЦТ/448

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: Э.Оюунтунгалаг;

хохирогч: Ч.Гэндэнпил;

шүүгдэгч: Ц.Буян (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Рааш овогт Цолмонгийн Буянд холбогдох эрүүгийн 1909003800290 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэл судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны 10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, УШ95022386 регистерийн дугаартай, Рааш овогт Цолмонгийн Буян.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ц.Буян нь 2019 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Гэндэнпилийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Буян мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн. Нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Гэндэнпил мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Хүүхдийн зуугийн Голомт банкны урд гурван найзтайгаа шөнийн 4 цагт явж байгаад нэг залуутай муудалцаад хоорондоо заамдалцаад зогсож байхад тэр залуугийн найзууд хүрч ирээд юу болсныг нь ойлгоогүй байж шууд намайг цохьсон. Би газар унасан. Хэрэг болсны дараа гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Цохьсон хүмүүс нь миний бодлоор 3 хүн камерын бичлэгт харагдсан. Ачтан эмнэлэгт нүдний доод талын хагалгаанд орсон. Хэн цохьсон нь камерын бичлэг дээр харагдаж байдаг. Уг нь бол 2-3 хүн цохиж байдаг. Би хөнгөн гэмтэл гэж үзээгүй учраас дахин шинжээч томилуулсан. Би цаашид ажиллаагүй хоногийг цалин 1.250.000 төгрөг, сэтгүүлийн гэрээний төлбөр 1.000.000 төгрөгийг нэхэмжлэнэ. Мөн цаашид эмчилгээ хийлгэхэд санаа зовж байна. Би нийт эмчилгээтэй холбоотой 2.215.000 төгрөг авсан.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Гэндэнпил /хх-ийн 7-8/, гэрч Б.Амарсайхан /хх-ийн 9/, Ц.Оргил /хх-ийн 10/, Б.Ууганбаяр /хх-ийн 11/, Г.Ганбагана /хх-ийн 13/, Г.Мөнхжаргал /хх-ийн 14/, А.Мөнх-Эрдэнэ /хх-ийн 15/, А.Амартүвшин /хх-ийн 18/ нарын мэдүүлэг, Ц.Буянгийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 12, 19, 105-106/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2515 тоот дүгнэлт /хх-ийн 16/, Ц.Доржийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 54-60/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч Ц.Буян нь 2019 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Гэндэнпилийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Ч.Гэндэнпилийн мэдүүлсэн /хх-ийн 8/: “... баарнаас шөнө 04 цагийн орчим гараад юм идэх гээд алхаж байтал үл таних залуу хажуугаар гарахдаа санаатай мөрлөхөөр нь би тэр залуутай жаахан муудалцаад зогсож байсан чинь надтай муудалцаж байсан залуугийн найз нь бололтой нэг залуу шууд дундуур орж ирээд намайг 1 удаа нүүрэн тус газар цохисон. ... би “хэн намайг цохичхов оо” гэтэл нэг залуу “би цохисон” гээд ахиад хамар руу цохисон. Цохиулсны дараа найзууд намайг аваад шууд гэмтлийн эмнэлэг явсан. ... миний баруун зовхи сэтэрч 1,5 см, мөн хажуу талд нь 1 см оёдол тавиулсан. Хамар хавдсан, зүүн нүдний доод талд шалбарсан байсан ...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Амарсайханы мэдүүлсэн /хх-ийн 9/: “... эргээд харсан чинь Гэндэнпил нэг залуутай нүүр нүүрээрээ тулсан зогсож байхаар нь бид 3 эргээд очсон. … “энд юу ч болоогүй, боль” гэж хэлээд зогсож байтал нэг залуу юугаа ч ойлгоогүй Гэндэнпилийн нүүр рүү нь гараараа цохиход Гэндэнпил газар унасан. ... тухайн үед Гэндэнпилийн зүүн хөмсөг язарсан, нүүр нь битүү цус болсон байсан. Хөмсөг нь сэтэрсэн талын хамрын хэсэг хавдсан байсан…” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Мөнхжаргалын мэдүүлсэн /хх-ийн 14/: “... Мөнх-Эрдэнийг нэг залуу заамдаад зогсож байхаар нь бид 3 эргэж очоод болиулаад бөөгнөрсөн байж байтал гэнэт улаан куртиктэй залуу газар унасан. Яагаад унасан гэдгийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч А.Мөнх-Эрдэнийн мэдүүлсэн /хх-ийн 15/: “... явж байтал нэг залуутай зөрөхдөө мөрлөлцөөд “уучлаарай” гээд гар барьтал миний гарыг тавихгүй байхаар нь цаашаа гээд түлхсэн. Тэгтэл намайг заамдаад авсан...” гэх мэдүүлгээр,

Ч.Гэндэнпилийн биед “... баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун алимны салстад цус хуралт, баруун нүдний доод зовхины дотор хэсэгт цус хуралт, баруун хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны баруун хэсэг, дээд уруулын дотор салстын дунд хэсгүүдэд цус хуралт, хамрын нурууны зүүн хэсэг, зүүн хацрын дээд хэсгүүдэд зулгаралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1527 тоот дүгнэлт /хх-ийн 21/,

 

Дээрх шинжээчийн 1527 тоот дүгнэлтийг үндэстэй болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 290 тоот дүгнэлтээр /хх-ийн 36-37/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Ц.Буянгийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Ц.Буянгийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Ч.Гэндэнпилийн гэм хорын хохиролд нийт 2.250.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээний нийт 428.502 төгрөгийн баримтад заасан төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй.

 

Харин хохирогч Ч.Гэндэнпилийн ажилгүй байсан хугацааны цалин, олох байсан орлого гэх 1.821.498 төгрөгийн нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж энэ талаархи шаардлага хангасан, нотлох баримтаа (ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадлагаа, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар гэх баримтууд) бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ц.Буянд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Буян нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Рааш овогт Цолмонгийн Буянг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Буянг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Буян торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Буянгаас нийт 428.502 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Гэндэнпилд олгож, хохирогч Ч.Гэндэнпилийн ажилгүй байсан хугацааны цалин, олох байсан орлого гэх 1.821.498 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй. 

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Буянд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ