| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2017/0276/Э |
| Дугаар | 310 |
| Огноо | 2019-04-02 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | П.Г |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч П.Ганбаатар,
Шүүгдэгч А.О, түүний өмгөөөлөгч Т.Урангэрэл,
Хохирогч С.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ,
Шинжээч Ж. Бадамсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт А-н Од холбогдох эрүүгийн 201625021441 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1966 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Ази Фарма” ХХК-ний “Фармммаркет” эмийн сангийн менежерээр ажиллаж байсан, одоо Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид их эмч ажилтай, ам бүл 2, охины хамт Баянгол дүүрэг 6 дугаар хороо, 26 дугаар байрны 17 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: Х366050400 / Боржигон овогт А-н О нь:
- Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ази Фарма” ХХК-ний “Фарммаркет” эмийн сангийн менежерээр ажиллаж байх хугацаандаа буюу 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд байгууллагын өмч хөрөнгийг итгэмжлэн хариуцаж ажиллахдаа нийт 24.623.570 төгрөг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Наранцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би “Ази Фарм ХХК-нийг төлөөлөн хохирогчоор оролцох юм. А. Оыг “Ази Фарм ХХК-ний “Фарммаркет” салбарын эмийн сангийн эрхлэгчийн албан тушаалд туршилтын хугацаанд томилон ажиллуулсан тушаал гарсан. Уг тушаалын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Ази Фарм” ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Баяржаргал гаргасан юм. Салбарын менежер гэдэг бол эмийн сангийн салбар доторх эм бараа болон эд хөрөнгийг бүрэн хариуцлагын гэрээ байгуулаад эд хөрөнгө хариуцдаг. А. Оы хувьд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ер нь эмийн санд ажиллаж байгаа бүх хүн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулдаг. Яагаад гэвэл эм бараа хариуцдаг. Байгууллагад учирсан 24.623.570 төгрөгийн хохирол нь А. Оы шууд буруутай үйл ажиллагаатай холбоотой эмийн сангийн бараа материал, жортой тасгийг хариуцаж байхдаа барааг буруу тоолж, байхгүй барааг байгаагаар тоолж явсан. А. Отай хамт ажиллаж байсан Б.Халиун, Батпүрэв, Ц.Амарбаясгалан, Б.Эрдэнэсамбуу, Г.Болорцэцэг, Ц.Нямдаваа нарын буруутай үйл ажиллагаа байхгүй, тэдгээрт хамааралгүй. А. О нь эдгээр хүмүүсийн дарга буюу салбар дээр эдгээрийг шууд нь удирдах удирдлагын хүн атлаа тооллого буруу хийж, байхгүй эмийг байгаагаар тоолж байсан юм. Ц.Батпүрэв, Ц.Амарбаясгалан нар нь А. Од ажлаа хүлээлгэж өгсөн бөгөөд хамт ажиллаж байгаагүй юм. Манайхаас дутсан тариа нь Кунданг гээд өндөр үнэтэй хурдан борлогддог тариа байсан. Өөр хэдэн төрлийн эм тариа байсан нь тооллогын бүртгэл дээр байгаа. Хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ. / 2 дугаар хавтас 159-160 /
Гэрч Б.Номинчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр А. О эрхлэгчийн эмийн сан дээр гэнэтийн тооллого явуулахад 28.800.000 гаруй эм, бараа дутагдсан. Тооллого хийхэд А. О гуай өөрөө байгаагүй. Ир гэж утсаар удаа дараа дуудаад байхад ирээгүй гэжээ. / хх 109 /
Гэрч Д.Одбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би ажилд ороход А. О нь салбарын менежер гэх албан тушаалд ажиллаж байсан. 2016 оны 01 дүгээр сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирээд бичиг баримтууд үзэхэд А. Оы ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ зэрэгт албан тушаалууд нь эмийн сангийн эрхлэгчээр бичигдсэн байсныг залруулж салбарын менежер гэж бичиж өөрөөр нь гарын үзэг зуруулж байсан. А. О гуай эмийн сангийн салбарын менежер гэдэг албан тушаал дээр ажиллаж байгаад зөрчил гаргаж ажлаас халагдсан. Салбарын эрхлэгч нь жоргүй тасаг дээр эм борлуулах эрхтэй, салбарын менежер нь заавал эм зүйч байх албагүй, эмч байж болно. Харин жортой тасагт эм худалдаалах ёсгүй. Ажилчдын ажил үүргийн биелэлтийг хангуулах, тооллого тооцоог хийлгүүлэх, өр дутагдал гарч байгаа эсэхэд нь хяналт тавих, урьдчилан сэргийлэх зэргийг салбарын менежер хариуцна.
2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш А. Отай хөдөлмөрийн гэрээ хийж, үндсэн ажилтнаар томилсон тушаал гарч байсан. А. О нь жортой тасаг дээр ажиллахгүй байх шаардлагыг биелүүлэхгүй, шинэ жор баригч нарыг тодорхойгүй шалтаг тоочин ажиллуулахгүй гэдэг шаардлага тавьж, мөн салбарынхаа ажилтнуудыг битгий сольж өөр салбар руу шилжүүлээрэй гэдэг шаардлагыг тулгаж байсан нь сэжиг төрүүлсэн. Учир нь ажлын туршлагагүй, хэнэггүй, хайнга, хүлцэнгүй ажилтнуудыг салбартаа удаан хугацаагаар ажиллуулах сонирхолтой байгаа нь ажиглагдсан гэжээ. / 1 дүгээр хавтас 112-113 /
Гэрч Ц. Нямдаваа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн үед би “Ази Фарм” ХХК-д жор баригчийн албан тушаалд ороод удаагүй байсан. Жортой эмийг хүн авна гээд компьютерээр шүүж үзэхээр байгаад байдаг. Эмийг нь хайгаад олдохгүй байсан. Тэгээд би тухайн үедээ жоргүй тасгийнхаа жижиг Оюунаа /бүтэн нэрийг нь санахгүй байна/ -тай хайгаад байсан юм. Тэр нь Кунданг-2 гээд тариа бөгөөд бүртгэлээр 600 хайрцаг байгаад байсан. Тэгээд хайхаар олдохгүй болохоор нь би А. Оаас асуухаар “Би барааг нь урьдчилаад хүлээгээд авсан байгаа. Бараа нь удахгүй 2-3 хоногоос ирнэ” гэж тайлбарласан. ...Хэсэг хугацааны дараа Баяраа захирал над руу Кундам-2 тарианы үлдэгдэл нь хэд байна гэж асуухад нь компьютерээр шүүж үлдэгдлийг нь хэлсэн. Тэгтэл эргэж залгаад “ Яг наана чинь хэд байна. Үлдэгдлийг нь хараад хэл “ гэхээр нь би тухайн үедээ А. О эгч рүү залгаад “ Баяраа захирал залгаж байна. Яг байгаа бодит үлдэгдэл нь хэд байна “ гэж байна гэхэд А. О нь “Байгаа гээд хэлчих. Одоо угаасаа удахгүй ирнэ “ гэсэн. Би үүнийг нь Баяраа захиралд “Манай дээр байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд Баяраа захирал “За очиж тоолно “ гэхээр нь би А. О эрхлэгч рүү залгаад “ Баяраа захирал ирж тоолно” гэж байна гэж хэлтэл А. О сандарсан байдалтай “Байгаа гэж хэлээд байгаарай” гээд утасны цаанаас давтаж хэлээд байсан. Тэгээд гар утсаа тасдаад тэрнээс хойш над руу нэг ч удаа яриагүй. Намайг залгахаар миний гар утсыг авахгүй ажлын утаснаас ч залгасан авахгүй байсан. Тэгээд Баяраа захирлыг ирэхээр нь би “ Тарианы үлдэгдэл тооцоон дээр байгаа боловч эм бараа нь байхгүй байна. А. О эрхлэгч рүү залгаад хэлэхээр удахгүй ирнэ. Байгаа гэж хэлээрэй “ гээд байсан гэж хэлсэн.
Тэгээд тооллого хийгээд А. Оыг ир гэхэд А. О ирж тооллого хийлцээгүй. Тэрнээс хойш ажил дээр ирээгүй, ямар нэгэн холбоогүй алга болсон. А. Оы нөхөр гэх хүн ирж тооллогын мэдээлэлтэй танилцаад тооллогод оролцоод дутаж байсан өөр нэг тариаг авч ирж тооллогод оруулсан. А. О эгч амрахдаа надад бараа материал тоолж өгөөгүй юм. Намайг ажилд ороход нэг тооллого болсон. Тэгэхэд А. О эгч тэрийг тэрийг тоол гээд би тэрийг нь тоолж өгөхөд өөрөө тэмдэглээд байсан. Би зарим нэг барааг тоолоогүй тэрийг тоолоогүй гээд хэлэхээр А. О нь “ Би наадахыг чинь тоолсон. Чи зүгээр миний хэлснийг л тоол “ гээд байсан гэжээ. / 2 дугаар хавтас161 /
Гэрч Г.Баяржаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2016 оны яг сарыг нь сайн санахгүй байна. Кундам гэж тариа нь салбаруудад багасаад ирсэн. Тэгээд салбаруудад үлдэгдлийн тэгшитгэл буюу их байгаа газраас нь бага руу нь дотоод шилжүүлэг хийх гээд шалгаж байхад манай “Ази-Фармм” маркетын жортой тасаг дээр байх хэмжээнээс хамаагүй их хэмжээтэй үлдэгдэл гарсан байсан. Тэгээд энэ салбарт яагаад ингэж их үлдэгдэл хуримтлагдчихав аа гээд тухайн салбарыг шалгаадах гэсэн. Тэгтэл нь үлдэгдэл нь цөөхөн байсан ба өгч байгаа мэдээнээс нь хамаагүй бага байсан. Тэгээд тухайн үед ажилчдаас нь “ Та нар дундын тооцооноос яаж хянаж бүртгэж байдаг байсан юм “ гэхэд энэ хэсэг буюу Кундам хадгалагдаж байгаа хэсгийг эрхлэгч А. О нь “ Би өөрөө тоолно “ гээд бусад ажилчдаараа тоолуулдаггүй байсан “ гэж надад мэдэгдсэн. Тэгээд уг асуудал үүссэн юм. А. О нь би дутаасан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан юм. Тооллогыг үечилсэн байдлаар санхүүгийн нэг ажилтан тухайн нэгжийн ажилтан нар хамтраад тоолох хэсгүүдээ хуваагаад хийчихдэг байсан. А. О нь эм, тариа зарчихаад мөнгийг нь авчихдаг байсан байна гэжээ. / 2 дугаар хавтас 163 /
Гэрч М.Сайнбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...А. О нь “Би өөрөө олон удаагийн үйлдлээр авчихсан. Өөр холбогдох хүн байхгүй. Яг хэдэн төгрөгний дутагдал гаргаснаа хэлж мэдэхгүй байна. Ганцхан кумдан эмийг олон удаагийн үйлдлээр авсан. Энэ нь 2015 оны 07 сараас эхэлсэн үйлдэл. Би ганцаараа хийсэн. Өөрөө хариуцна. Одоо бэлэн өгөх мөнгө байхгүй. 1 сарын хугацаа өгөөч “ гэхээр нь би “ Болсон явдлын талаар тайлбар бичиж өг “ гэж хэлсэн. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа А. Оы нөхөр Ганбат ганцаараа над руу ирээд Оюуны гараар бичсэн 3 хуудас ар өвөргүй тайлбарыг надад өгснийг би хэрэгт хавсаргасан гэжээ. / 2 дугаар хавтас 19 /
Гэрч Г.Болорцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Жортой тасагт Эрдэнэсамбуу, Халиун, А. О бид нар ажиллаж байсан. Уг нь А. О гуай жортой тасагт ажиллах ёсгүй, ажил үүргийн хувиарийн дагуу бидний ажлыг чиглүүлэн ажиллах ёстой. Гэвч А. О гуай өөрийн хариуцсан ажлаа хийхгүй, жортой тасагт эмийн борлуулалт хийгээд байсан. Байгууллагын хүний нөөцөөс болон миний зүгээс “ Та өөрийн хариуцсан ажпаа хий. Бид нарын эм борлуулах ажилд битгий хутгалдаад оролцоод бай “ гэдэг шаардлагыг байнга хэлж байсан боловч хүлээж авдаггүй байсан. Намайг ажлаас гарахад над дээр өр дутагдал гарч байгаагүй. А. О гуай дээр салбарын эрхлэгч гэдэг тушаал гарч байгаагүй. Эрхлэгч гэдэг нь эм зүйч мэргэжилтэй, эм барих зөвшөөрөлтэй хүн байх ёстой. Тийм ч учраас А. О гуайг жортой тасагт битгий ажилла гэдэг байсан гэжээ. / 1 дүгээр хавтас 114-115 /
Гэрч Ц.Тунгалаг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...А. О бол ажил үүрэгтээ хариуцлагагүй, хамт ажиллаж байгаа ажилчдыгаа удирдаж чаддаггүй, харьцаа муутай, ажил үүргээ сайн гүйцэтгэдэггүй байсан. Д.Одбаяр нь А. Оыг өөр салбар руу шилжүүлье гэдэг санал тавьж байсан гэжээ. / 2 дугаар хавтас 205 /
Гэрч Г.Отгонцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...А. О эгчийн ажиллаж байсан жортой тасгаас хэдэн төгрөг дутсан болохыг мэдэхгүй. Манай жоргүй тасгаас 800.000 гаруй мянган төгрөг дутагдал гарснаас 515.900 төгрөгний эм бараа бүтээгдэхүүнийг А. О нь зээлээр авсан байсан. Уг мөнгийг А. Оаас авах талаар өргөдөл бичиж өгсөн гэжээ. / 1 дүгээр хавтас 116 /
Гэрч С.Ганбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 5033044217 дугаарын данс руу худалдан авалт хийж 26.000 төгрөг шилжүүлсэн байх гэжээ. / 2 дугаар хавтас 238 /
Гэрч Б.Батбазар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би тухайн үед мобайл хэрэглэдэг байсан. Эмийн санч нь уг дансыг өгөөд мобайл шилжүүлчих гэсэн санагдаж байна. Тухайн үед 36.970 төгрөгөөр хүүхэддээ эм авсан гэжээ. / 2 дугаар хавтас 239 /
Гэрч Ч.Одгэрэл мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би тухайн үед Центр пойнт” дээр байрладаг ажилд ажиллаж байсан. Би тэр үед хагалгааны дараа дархлаагаа сэргээх журмаар Кундам гэдэг нэг ширхэг нь 35.000-40.000 төгрөгийн үнэтэй байдаг тариаг хэсэг хугацаанд хийлгэсэн. Тэгэхдээ би ажлын урд байдаг “Ази Фармм” эмийн сангаас эм худалдан авдаг байсан. Миний санаж байгаагаар эм худалдан авахдаа бэлэн мөнгө авч явдаггүй байсан учраас мобайлаар худалдагчийнх нь данс руу мөнгө шилжүүлсэн байх гэжээ. / 2 дугаар хавтас 240 /
Гэрч Ж.Даваабаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2 жилийн өмнө байх Улаанбаатар их дэлгүүрийн цаад талын эмийн сангаас ээжийн бие муудаад орой яг хаах гэж байхад нь гуйж байгаад эм авсан. Тэгээд эмнийхээ мөнгийг мобайлаар шилжүүлсэн гэжээ. / 2 дугаар хавтас 242 /
Гэрч Д.Баяртогтох мөрдөн шалгалтын явцад мэдүүдэхдээ: “...Ази фармм” эмийн сангаас эм худалдан авч байснаа санаж байна. Тухайн үед тэр эмийн санд настайдуу эгч худалдагчаар ажиллаж байсан ба карт уншихгүй гэхээр нь өөрийнх нь данс руу мобайлдаж байсан гэжээ. / 2 дугаар хавтас 244 /
Гэрч Ц.Ганбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Кундам нэртэй тариаг Улаанбаатар их дэлгүүрээс зүүн тийш явахад байдаг “Ази Фармм” эмийн сангаас авч байсан санагдаж байна. Тэгээд мөнгөө мобайлаар шилжүүлсэн юм шиг байна гэжээ. / 2 дугаар хавтас 245 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Энхмаагийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 127 дугаартай дүгнэлтэнд : “...Ази Фарм” ХХК-ний “Фарммаркет” эмийн сангийн жортой салбарын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 10-ны хоорондох хугацааны бараа материалын тооцоог холбогдох анхан шатны баримттай тулган шалгасан. Шинжилгээгээр уг эмийн санд нийт 28.823.570 төгрөгийн дутагдал гарснаас 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 4.200.000 төгрөг дансаар орсон байна. Иймд нийт 24.623.570 төгрөгний бараа материалын дутагдлын тооцоотой байна гэжээ. / 1 дүгээр хавтас 124-128 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтэнд: “...24.623.570 төгрөгийн дутагдал нь жортой тасагт гарсан байна гэжээ. / 2 дугаар хавтас 170 /
2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн эм бараа тооллогын баримт, эм барааны тооллогын акт / хх 22-30 /
А. Оыг ажилд авсан тухай 2015 оны 04 дүгээр сарын 27-ны едрийн 15/189 дугаартай тушаал / 1 дүгээр хавтас 43 /
А. Оы ажлын байрны тодорхойлолт / 1 дүгээр хавтас 44-48 /
А. Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээ / 1 дүгээр хавтас 52-55 /
А. Отай байгуулсан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ / 1 дүгээр хавтас 56-57 /
Шүүгдэгч А. Оыг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 2 дугаар хавтас 22, 46, /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 1 дүгээр хавтас 137 / зэрэг болно.
Шүүгдэгч А. О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хүний их эмч мэргэжилтэй бөгөөд намайг эрхлэгчийн орон тоон дээр авч, жортой тасгийн эм баригчийн ажлыг надад өгсөн. Эрхлэгч Амарбаясгалангийн ажлыг авч 10-аад хүнтэй тооллого хийсэн. Жортой тасгийн ажлыг түр хийж бай гэсэн. Маш их нэр төрөлтэй, тоо ширхэгтэй эм тариа байсан бөгөөд тооллого хийх явцад эм тарианы хугацаа дууссан, хоосон хайрцаг гардаг байсан. Мэргэжлийн бус хүн эм баригчаар ажиллаж байна гэсэн гомдол гарсан учраас тухайн үед жоргүй тасгийн худагдагчаар ажиллаж байсан Эрдэнэсамбууг эрхлэгчээр тавьж, намайг менежер болгосон. Мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирсэн. Миний дутагдал гаргахад:
1. Мэргэжлийн хүн биш учир мөнгөө илүү дутуу авах асуудал гарч байсан.
2. 45хоногийн хугацаанд тооллого хийх ёстой боловч хугацаандаа хийдэггүй байсан.
3. Жортой тасагт ажиллах хүнээр хангаж өгөөгүй.
4. Миний зарим тооцоо буюу өөрийн хувийн тэмдэглэлийг эд нар тооллого хийхдээ миний хувцасны шкафнаас аваад одоо болтол өгөхгүй байгаагаас шалтгаалсан.
Тооллого хийх гэж байгаа талаар надад мэдэгдсэн боловч би айсан бөгөөд даралт ихэссэн учир очоогүй. Хамтран амьдарч байсан Ганбатын хэлснээр хүсэлт бичиж өгсөн. Ажил дуусахад ажилчид харилцан бие биенээ шалгаж гаргадаг байсан. Байхгүй эм тариаг байгаагаар 1-2 удаа тоолуулж байсан. Мөн тог тасарсан, ажил тарсан зэргээс болоод өөрийн дансаар мөнгийг авч байсан үе бий. Хохирлын тооцоон дээр маргаантай байсан учир хохирлыг төлөөгүй. Нэгэнт өмнөх хүнээс тоолж авсан учраас хохирлоо төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Наранцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай байгууллага нь их эмч мэргэжилтэй А. Оыг менежерээр авч ажиллуулсан. “Фарммаркет” салбар нь борлуулалт ихтэй учир жортой тасагт 2, жоргүй тасагт 3 хүн ажиллуулдаг байсан. Эм зүйч хүнийг эрхлэгчээр ажиллуулдаг бөгөөд их эмч хүнийг менежерээр ажиллуулдаг. А. О нь их эмч учир жортой тасаг дээр ажиллах ёсгүй. Хүн ажиллуулах байтал өөрөө ажилласан. А. Оыг 2015 оны 04 сард туршилтаар менежерээр аваад 2015 оны 05 дугаар сарын 25-наас менежерээр жинхэлсэн. А. Оы ажиллаж байсан салбарт кумданг тарианы үлдэгдэл байх ёстой хэмжээнээс их гарсан учир тооллого хийсэн. Тооллого хийхэд өөрөө ирээгүй. Дараа нь хохирлоо төлнө гэсэн 3 хуудас тайлбарыг нөхрөөрөө өгч явуулсан. Өөрөө надтай уулзаад хохирлоо төлнө гэдгээ хэлж байсан. Шинжээч нарын дүгнэлтээр тус салбарын жортой тасгаас 24.633.570 төгрөгний дутагдал гарсан. Үүнийг А. Оаас нэхэмжилж байна.
А. О нь хүн хүч дутагдалтай байна. Хоосон хайрцаг тоолсон байна гэж гомдол огт гаргаж байгаагүй гэв.
Шинжээч Ж.Бадамсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шинжээчээр томилсны дагуу тус салбарын санхүүгийн 19ш баримтын хүрээнд дүгнэлт гаргахад жортой эмийн тасгаас 24.623.570 төгрөгний дутагдал гарсан. Энэ дутагдалд жоргүй тасгийн дутагдал ороогүй. Эдийн засгийн шинжээч нь үйлдлийг тогтоодоггүй, зөвхөн дутагдлыг тогтоодог. Гэнэтийн тооллогоор дутагдлыг илрүүлсэн байж болно гэв.
Шүүгдэгч А. О нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ази Фарма” ХХК-ний “Фармммаркет” эмийн сангийн эрхлэгч, менежерээр ажиллаж байх хугацаандаа буюу 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд байгууллагын өмч хөрөнгийг итгэмжлэн хариуцаж ажиллахдаа завшиж, нийт 24.623.570 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Салбарын менежер нь эмийн сангийн салбарын эм барааг хариуцдаг ба эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй. Байгууллагад учирсан 24.623.570 төгрөгийн хохирол нь А. Оы шууд буруутай үйл ажиллагаатай холбоотой ба жортой тасагт өөрөө ажиллаж, байхгүй барааг байгаагаар тоолж, дансаар мөнгө авч байсан нь А. Оы буруу гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С.Наранцэцэгийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 159-160 /, ...А. О эрхлэгчийн эмийн сан дээр гэнэтийн тооллого явуулахад 28.800.000 гаруй эм бараа дутагдсан. Тооллого хийхэд А. О гуай байгаагүй, дуудаад байхад ирээгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Номинчимэгийн мэдүүлэг / хх 109 /, ... А. О нь салбарын менежер гэх албан тушаалд ажиллаж байсан. 2016 оны 01 дүгээр сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирээд бичиг баримтуудаа үзэхэд А. Оы ажпын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ зэрэгт албан тушаалууд нь эмийн сангийн эрхлэгчээр бичигдсэн байсныг залруулж салбарын менежер гэж бичиж өөрөөр нь гарын үзэг зуруулж байсан. Салбарын менежер нь заавал эм зүйч байх албагүй, эмч байж болно. Харин жортой тасагт эм худалдаалах ёсгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Одбаярын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 112-113 /, ... Тухайн үед би “Ази Фарм” ХХК-д жор баригчийн албан тушаалд ороод удаагүй байхдаа Кунданг-2 гээд тариа бүртгэлээр 600 хайрцаг байгааг хайгаад олоогүй, А. Оаас асуухаар “ Би барааг нь урьдчилаад хүлээгээд авсан байгаа. 2-3 хоногоос ирнэ гэж тайлбарласан. Хэсэг хугацааны дараа Баяраа захирал над руу Кундам-2 тарианы үлдэгдэл нь хэд байна гэж асуухад нь компьютерээр шүүж үлдэгдлийг нь хэлсэн. Яг байгаа бодит үлдэгдэл нь хэд байна “ гэхэд А. О нь “Байгаа гээд хэлчих. Одоо угаасаа удахгүй ирнэ “ гэсэн. Би үүнийг нь Баяраа захиралд дамжуулаад хэлсэн. Тэгээд тооллого хийгээд А. Оыг ир гэхэд А. О ирж тооллого хийлцээгүй. Тэрнээс хойш ажил дээр ирээгүй, ямар нэгэн холбоогүй алга болсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц. Нямдаваагийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 161 /, ... Кундам гэж тариа нь салбаруудад багасаад ирсэн. “Ази-Фармм” маркетын жортой тасаг дээр байх хэмжээнээс хамаагүй их хэмжээтэй үлдэгдэл гарсан байсан. Тэгээд энэ салбарт яагаад ингэж их үлдэгдэл хуримтлагдчихав аа гээд тухайн салбарыг шалгахад үлдэгдэл нь цөөхөн байсан ба өгч байгаа мэдээнээс нь хамаагүй бага байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Баяржаргалын мэдүүлэг / 2 дугаар хавтас 163 /, ...А. О нь “Би өөрөө ганцхан кумдан эмийг олон удаагийн үйлдлээр 2015 оны 07 сараас эхэлж авсан. Өөрөө хариуцна. Одоо бэлэн өгөх мөнгө байхгүй. 1 сарын хугацаа өгөө ч “ гэхээр нь тайлбар бичиж өг гэхэд 3 хуудас тайлбар бичиж явуулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.Сайнбаярын мэдүүлэг / 2 дугаар хавтас 19 /, …А. О гуай жортой тасагт эмийн борлуулалт хийгээд байсан тул хүний нөөцийн хувьд шаардлагыг тавьсан боловч хүлээж авдаггүй байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Болорцэцэгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 114-115 /, ...Манай жоргүй тасгаас 800.000 гаруй мянган төгрөг дутагдал гарснаас 515.900 төгрөгний эм бараа бүтээгдэхүүнийг А. О нь зээлээр авсан байсныг А. Оаас авах талаар өргөдөл бичиж өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Отгонцэцэгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 116 /, ...” Фарммаркет “-аас 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 5033044217 дугаарын данс руу худалдан авалт хийж 26.000 төгрөг шилжүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Ганбаярын мэдүүлэг / 2 дугаар хавтас 238 /, ... Эмийн санч нь уг дансыг өгөөд мобайл шилжүүлчих гэсэн санагдаж байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Батбазарыг мэдүүлэг / 2 дугаар хавтас 239 /, ... Кундам гэдэг эмийг бэлэн мөнгөгүй байсан учраас мобайлаар худалдагчийнх нь данс руу мөнгийг шилжүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ч.Одгэрэлийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 240 /, ... Улаанбаатар их дэлгүүрийн цаад талын эмийн сангаас эм аваад мөнгийг мобайлаар шилжүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ж.Даваабаярын мэдүүлэг / 2 дугаар хавтас 242 /, …Эмийн санд настайдуу эгч худалдагчаар ажиллаж байсан ба карт уншихгүй гэхээр нь өөрийнх нь данс руу мобайлдаж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Баяртогтохын мэдүүлэг / 2 дугаар хавтас 244 / …Кундам нэртэй тариаг “Ази Фармм” эмийн сангаас авч мөнгөө мобайлаар шилжүүлсэн юм шиг байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Ганбаярын мэдүүлэг / 2 дугаар хавтас 245 /, “...Ази Фарм” ХХК-ний “Фарммаркет” эмийн сангийн жортой салбарын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 10-ны хоорондох хугацааны бараа материалын тооцоог холбогдох анхан шатны баримттай тулган шалгахад нийт 24.623.570 төгрөгний бараа материалын дутагдлын тооцоотой байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Энхмаагийн дүгнэлт / 1 дүгээр хавтас 124-128 /, “...24.623.570 төгрөгийн дутагдал нь жортой тасагт гарсан байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт / 2 дугаар хавтас 170 /, ...2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн эм бараа тооллогын баримт, эм барааны тооллогын акт / хх 22-30 /, ... А. Оыг ажилд авсан тухай 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15/189 дугаартай тушаал / 1 дүгээр хавтас 43 /, ...А. Оы ажлын байрны тодорхойлолт / 1 дүгээр хавтас 44-48 /, ...А. Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээ / 1 дүгээр хавтас 52-55 /, ...А. Отай байгуулсан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ / 1 дүгээр хавтас 56-57 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч А. Оыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, хохирогчийн санал зэргийг харгалзан хуульд заасан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 24.623.570 төгрөгийг шүүгдэгч А. Оаас гаргуулан “ Ази Фарм “ ХХК-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, А. О нь цагдан хоригдоогүй болохыг дурдав.
Прокуророос шүүгдэгч А. Оыг менежерээр ажиллаж байхдаа гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтууд гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч А. Оы мэдүүлэг зэргээр А. О нь тус салбарт эрхлэгч, мэнежерээр ажиллаж байсан нь нотлогдсон. Тухайн салбарыг хариуцан ажиллаж, эд хөрөнгийг хүлээн авсан, жортой тасагт ажиллаж бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, байхгүй барааг байгаагаар тоолуулж, бэлэн машиныг өөрөө авах, дангаараа авч байснаас өр дутагдал гарсан. Дээрх дутагдлыг байгууллагатай байгуулсан гэрээний дагуу хариуцах бүрэн үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт А-н Оыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А-н Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, А. О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар А. Оаас 24.623.570 төгрөгийг гаргуулан хохирогч “ Ази Фарм “ ХХК-д олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А. О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. А. Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А. Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ