| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 183/2023/05226/И |
| Дугаар | 210/МА2024/01744 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2024/01744
2024 09 11 210/МА2024/01744
Н ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/01922 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж ХХК-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 156,609,943 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Талууд 2018 оны 4 дүгээр сард Н ХХК-ийн өмчлөлийн цогцолбор барилгын 11 дүгээр давхрын 832 м.кв оффисыг түрээслэхээр тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн эхний 3 сард нэг удаа төлбөр төлөхөөр харилцсан тохиролцсон боловч 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 25,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Мөн 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг 31,336,524 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрээнд дахин нэмэлт өөрчлөлт орж сарын төлбөрийг 37,464,300 төгрөг болгохоор тохиролцсон. Н ХХК-ийн зүгээс санхүүгийн тооцооллоор илүү төлөгдсөн төлөлтөөс өмнөх саруудын алдангийн төлбөрийг хасаж тооцдог байсан. 2018 оны 9 дүгээр сарын 25, 2018 оны 10 дугаар сарын 25, 2020 оны 5 дугаар сарын 25, 2021 оны 02 дугаар сарын 25, 2021 оны 4 дүгээр сарын 25, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрүүдийн Ж ХХК-ийн төлсөн нийт илүү төлөлт болох 39,389,000 төгрөгийг алдангид тооцож суутгаж байсан. Түрээсийн гэрээнд хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор алданги тооцохоор тохиролцсон учраас түрээсийн үндсэн төлбөрт 67,616,469 төгрөг, алдангийн төлбөрт 33,808,234 төгрөг, нийт 101,424,703 төгрөгийг Ж ХХК төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр NUB201801 дүгээр авто зогсоолын түрээсийн гэрээ байгуулагдсан ба хариуцагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Ж ХХК-иас илүү төлсөн төлбөрөөс 341,911 төгрөгийг алдангид тооцож байсан. Авто зогсоолын үндсэн төлбөрт нийт 55,000,000 төгрөг төлөх ёстойгоос хариуцагч 46,286,622 төгрөг төлж, 9,056,288 төгрөг дутуу байна. Хуульд заасны дагуу хугацаандаа төлөөгүй тохиолдолд алдангийг үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 13,581,432 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын хувьд Ж ХХК-иас оффисыг хүлээлгэж өгөхөд талууд хоёр удаа хүлээлцэх актыг үйлдсэн байдаг. Түрээсэлж байсан оффист Ж ХХК 8 нэр төрлийн хохирол учруулсныг засварлана гэж хэлсэн боловч засварлаагүй. Оффис хүлээлцэх хоёр удаагийн акт болон учирсан гэмтлийг баримтаар хэргийн материалд хавсарган өгсөн тул 8,538,440 төгрөг, нийт 123,544,575 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:
Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулсан талаар маргаангүй, хүлээн зөвшөөрч байна. Ж ХХК 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Н ХХК-тай түрээсийн гэрээ, 2018 оны 5 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл авто зогсоолын гэрээ байгуулсан. 2018 оноос 2021 оны 03 дугаар сар хүртэл 25,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Үүний дараа 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг 31,336,524 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрээнд дахин нэмэлт өөрчлөлт орон түрээсийн сарын төлбөрийг 37,464,300 төгрөг болгосныг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөөд нэхэмжилсэн үнийн дүнг цаг тухай бүрд нь төлж чадаагүй ч гэсэн төлөх үүргээ биелүүлж байсан. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээ дуусгавар болж төлбөрийн үлдэгдэлгүй болсон. Авто зогсоолын гэрээнд өөрчлөлт ороогүй бөгөөд сард 1,250,000 төгрөгийг төлж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд төлбөрөө бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өөрсдөө гаргасан гэж төлбөрийн дэлгэрэнгүй гэх баримтыг гаргаж, дахин түрээсийн төлбөр, алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тооцоо нийлэх актын хүрээнд төлсөн үнийн дүнгээр үндсэн төлбөрөө төлсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл төлсөн үнийн дүнгээс алдангийн төлбөрийг тооцож авсан тул үндсэн төлбөр гарч байна гэх талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлаж үндсэн төлбөрт 67,616,469 төгрөг, алдангид 33,808,234 төгрөг автозогсоолын алдангид 13,581,432 төгрөгийг нэхэмжилж байна. Тэгэхээр төлбөр төлсөн үнийн дүнгээс алдангийн төлбөрийг тооцож суутгаж авсан хирнээ дахин алданги тооцож байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин тооцоо нийлсэн актаас харахад оффис болон автозогсоолын төлбөрт 36,940,809 төгрөг төлөхөөс манай компани барьцаанд 31,636,520 төгрөг төлсөн байх тул талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т түрээсийн гэрээ дуусгавар болж үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн өдрөөс хойш барьцаа төлбөрөөс түрээсийн төлбөр ашиглалтын зардлыг суутгаж, үлдэгдэл барьцаа төлбөрийг буцаан олгоно гэж заасан дагуу суутгаж тооцоход 5,304,289 төгрөг үлдсэнийг төлөхөд татгалзах зүйлгүй. Хохирол учруулсан гэх төлбөрийн хувьд мөн адил хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч оффисыг 2021 оны 12 дугаар сард хүлээлгэж өгөөд гарсан. Гэтэл 2022 оны 02 дугаар сард хүлээлцсэн акт дээр Ж ХХК-ийн хуульч гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгаа боловч Ж ХХК-ийг төлөөлөх эрхтэй субъект биш байна гэж үзэж байна. Компанийн тухай хуульд компанийг төлөөлөх эрхтэй субъектийг тодорхойлсон байдаг. Түрээсийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд хариуцагч талаас алданги нэхэмжилсэн байгаа. Н ХХК-тай гэрээ байгуулаад үүргээ биелүүлсэн байхад алданги нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-т түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан байдаг. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-т хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах эрхтэй гэж заасан байдаг. Үүнд дэлхий нийтийг хамарсан Ковид 19 халдварт өвчин цар тахлын үе болох 2019 оноос 2021 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд нийт 9 удаагийн хөл хорио тогтоосон ч гэрээнд заасан үүргээ биелүүлж цаг бүрд нь төлбөрөө төлж байсан. Гэтэл гэрээний хугацаанд үүргээ биелүүлсэн байхад алданги болох нэмэлт төлбөр нэхэмжилж байгаа нь шударга байх зарчимд нийцэхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж ХХК-иас 5.304.289 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 118.240.286 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 941.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-иас 99.819 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн:
...Зохигчид 04 дүгээр сарын 19-ны өдөр санхүүгийн тооцоо нийлсэн бөгөөд 04 сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан 13:30 минутад шүүхийн 02 тоот зааланд болсон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс талуудын тооцоо нийлсэн акт, мөн тооцоо нийлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхой болгох, шүүхэд хэргийг хянан шийдвэрлэхэд ойлгомжтой болгох зорилгоор 6 хуудас санхүүгийн тооцоолол нийт 7 хуудас баримтыг хэрэгт хавсаргуулахаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргад хүлээлгэн өгсөн. Шүүгчээс тухайн нэмэлт баримтуудыг хүлээн авч байгааг дурдаад, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул тус шүүх хуралдааныг хойшлуулан 2024 оны 05 сарын 01-ний өдөр товлосон.
Гэвч 2024 оны 05 сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүхийн зүгээс "нэхэмжлэгч нь хэрхэн тооцоо гаргасан тодорхойгүй, хэдэн төгрөгөөс алданги тооцож, хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй..., өмнөх саруудын алдангийг хариуцагчийн илүү төлсөн мөнгөнөөс тооцож суутгадаг байсан гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд алдангийг хэзээнээс хэрхэн тооцсон нь тодорхойгүй" гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох 2024 оны 04 сарын 22- ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан өгсөн санхүүгийн тооцоолол зэрэг баримт хавтас хэргийн материалд байхгүй байсан бөгөөд шүүх тус нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэргийн анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн, бодитой тал бүрээс нь үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарч нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тооцсон тодорхойлсон санхүүгийн тооцооллыг хэрэгт өгсөн боловч энэхүү тооцоолол нь хэрэгт байхгүй байгаад ихэд гомдолтой байна.
Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх "... харин нэхэмжлэгч тал хариуцагчийг үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэж алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож, оффис түрээсийн гэрээний алдангид 33,808,234 төгрөг, авто зогсоолын түрээсийн гэрээний алдангид 13,581,432 төгрөг нэхэмжилж байгаа боловч үндсэн түрээс болох 67,606,468 төгрөг, авто зогсоолын түрээс болох 27,162,864 төгрөгийг биелүүлээгүйг хэрхэн тооцож, одоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар яаж тооцож дээрх үнийн дүн гарч байгаа нь тодорхойгүй, Ж ХХК-ийн төлсөн илүү төлөлт болох 39,389,000 төгрөгийг алдангид тооцож суутгаж авсан гэж тайлбарлаж байгаа ч алдангид суутгасан төлбөрөөс дахин алданги тооцсон нь үндэслэлгүй, үндсэн түрээсийн төлбөр, алдангийг хуульд нийцүүлэн хэрхэн тооцож гаргаснаа нотолж чадахгүй байна... гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир хариуцагч нь 2018 оны 12 сараас эхлэн удаа дараа гэрээнд заасан үүргээ зөрчиж зарим үед 4 сар гаруй хугацаанд дараалан түрээсийн төлбөрөө төлөхгүй байх тохиолдол гарч байсан энэхүү хугацааны алдангийг нэхэмжлэгчийн зүгээс тооцон хариуцагчийн тухайн сарын илүү төлсөн төлбөрөөс буюу алдангид төлсөн төлбөрөөс хасаж тооцож байсан. Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд төлөгдөөгүй байгаа алдангийн хэмжээнд нэхэмжлэл гаргасан бөгөөд талууд 2024 оны 04 сарын 19-ний өдрийн тооцоогоор зөвхөн хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн төлбөрийн дүнгээр тооцоо нийлсэн байдаг. Гэвч шүүхийн зүгээс хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ зөрчиж байсныг үл харгалзан гэрээнд заасан үүргээ биелүүлсэн мэтээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
2. Хохирол болох 8,538,440 төгрөгийг хангалгүй орхисон үндэслэлгүй тухайд:
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ үндэслэх 15 хэсэгт "2022 оны 01 сарын 07-ний өдрийн оффис хүлээлцсэн актад "Ж ХХК-ийг төлөөлж А.Э гарын үсэг зурсан, тус актад 1-9 ширхэг засвар үйлчилгээг жагсааж, дээр дурдсан дутуу болон засварын ажлуудыг бүрэн гүйцэтгэсний дараа түрээсийн талбайг хүлээлцэнэ гэж, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн оффис хүлээлцсэн актад 1-3 ширхэг засварын ажлыг жагсааж, Ж ХХК-ийг төлөөлж өмгөөлөгч П.Э, Г.Б нар гарын үсэг зурсан байх боловч хариуцагч компаниас хуулийн зөвлөхөд оффис хүлээлцэх эрх үүргийг олгоогүй, улмаар уг баримтад өмгөөлөгч П.Э, Г.Б нар гарын үсэг зурсан нь компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш гэсэн нь үндэслэлтэй" гэж дүгнэсэн байх бөгөөд шүүхээс 2022 оны 01 сарын 07-ний өдрийн оффис хүлээлцсэн актад "Ж ХХК-ийг төлөөлж акт хүлээлцсэн А.Эг акт хүлээлцэх актад гарын үсэг зурах эрхтэй этгээд гэж шүүх үзсэн атал 2022 оны 01 сарын 13-ний өдрийн Ж ХХК-ийг төлөөлж өмгөөлөгч П.Э, Г.Б нар гарын үсэг зурах этгээд гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт оффист учирсан гэмтэл, хохирол түүний фото зураг болон тус хохирлыг зах зээлийн үнээр засварлах материалын жишиг үнийг худалдааны байгууллагаас гаргуулах нотлох баримтаар өгсөн боловч учирсан хохирлыг нотлоогүй хэмээн үзэж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 01-ний өдрийн 183/12024/01922 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Хавтас хэргийн 174-175 дугаар хуудсанд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагч шүүгчээс нэхэмжлэгч талд нотлох баримт шинжлэн судлахад өгсөн баримтууд бүрэн шинжлэн судлагдсан уу, дутуу орхигдсон, хаягдсан баримт байна уу гэхэд хариуцагчийн 2 төлөөлөгч хоёулаа үгүй гэж хариулсан. Гэтэл одоо нотлох баримтыг дутуу дүгнэсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд бүх тооцоо, засвар дууссаны дараа байраа хүлээж авахаар тохиролцсон бөгөөд нийт 2 удаа акт үйлдсэн. Эхний актыг компанийг төлөөлөх эрх бүхий этгээд үйлдсэн, дараагийн актыг компани төлөөлөх эрх бүхий этгээд биш буюу өмгөөлөгч, хуульч нар хийсэн. Ковид 19 цар тахлын үед манай компани санхүүгийн байдал тогтворгүй байсан учир боломжоороо түрээсийн төлбөрийг хийдэг байсан. Гэтэл нэхэмжлэгч нь алдангидаа суутгасан гэсэн ойлголттой өдийг хүрсэн. Манай компанийн зүгээс алданги төлөх үндэслэл байхгүй. 2 удаа гэрээг сунгах үед ямар нэг алданги, үлдэгдэл төлбөрийн тооцоо байхгүй байсан. Гэтэл бүх тооцоо дууссаны дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 156,609,943 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. Н ХХК нь Ж ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, ...... дүүрэг, 1 дүгээр хороо, ....... цогцолбор барилгын 11 дүгээр давхарт 832.54 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг сарын 300,000,000 /НӨАТ орсон/ төгрөгөөр 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл түрээслэхээр харилцан тохиролцсон ба хожим талууд 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр түрээсийн зүйлийг ...... дүүрэг, 1 дүгээр хороо, ..... гудамж, ..... тоот барилгын 11 дүгээр давхарт нийт 7,574 м.кв талбайгаас 832.54 м.кв талбайг түрээслэхээр өөрчилсөн,
3.2. Түүнчлэн зохигчид 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр автозогсоол түрээслэх гэрээ байгуулж, нийт 7 /долоо/-н автозогсоолыг 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал түрээслэх ба үүнээс 5 /тав/-н автозогсоолын түрээсийн төлбөрт сарын 1,250,000 төгрөгийг төлөх, үлдэх 2 /хоёр/ автозогсоолын түрээсийн төлбөрийг талбайн түрээсийн төлбөрт оруулж тооцох,
3.3. Улмаар талууд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр түрээсийн гэрээний хугацааг 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, түрээсийн 1 м.кв талбайн төлбөрийг 38,000 төгрөг болгон өөрчилсөн бол, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр түрээсийн гэрээний хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, мөн түрээсийн 1 м.кв талбайн төлбөрийг 45,000 төгрөг болгон өөрчилсөн байна /х.х-ийн 7-16, 18-25, 108, 109/.
Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг зөв тогтоож, зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Тодруулбал, зохигчид үл хөдлөх хөрөнгийн тодорхой хэсгийг түрээсэлсэн хэдий ч гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан шаардлагыг хангасан гэж үзнэ /х.х-ийн 112/.
4. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, түрээслүүлэгч нь түрээсийн гэрээний хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг түрээслэгчид шилжүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ.
Зохигчид түрээсийн зүйлийг хүлээн авсан болон гэрээг цуцалж, түрээсийн зүйлийг буцаан хүлээлгэн өгсөн эсэх талаар маргаагүй боловч түрээсийн төлбөр, алданги, түрээсийн зүйлийг эвдэж, гэмтээсэн болон үүнтэй холбоотой хохирлын талаар тус тус маргажээ.
5. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Хэрэгт цугларсан баримтаар Н ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Ж ХХК-д сар бүрийн түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөх, тийнхүү төлөөгүй хугацааны түрээсийн төлбөрийг бодогдсон алдангийн хамт төлөхийг удаа дараа шаардаж байжээ.
Гэвч нэхэмжлэгчийн эдгээр албан шаардлагад дурдсан алданги нь ямар хугацааны төлбөрийг төлөөгүйтэй холбоотой хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй, хариуцагчийн төлсөн төлбөрөөс өнгөрсөн хугацаанд хэдэн төгрөгийг түрээсийн төлбөрт, хэдэн төгрөгийг алдангид, хүчин төгөлдөр аль түрээсийн төлбөрийн үнийн дүнгээс тооцож тус тус суутган төлүүлсэн нь тодорхой бус байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн талбайн түрээсийн үлдэгдэл 72,616,469 төгрөг, алданги 36,308,234 төгрөг, автозогсоолын түрээсийн төлбөр 29,650,000 төгрөг болон алданги 9,496,800 төгрөгийг тус тус хэрхэн тооцсон буюу ямар хугацааны түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй учир ийнхүү хэзээнээс эхлэн тооцож байгаа нь тодорхойгүй байна.
6. Зохигчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тооцоо нийлсэн баримтаар Н ХХК нь 2018 оны 04 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд талбайн түрээсийн төлбөрт 1,194,695,360 төгрөг, автозогсоолын түрээсийн төлбөрт 55,000,000 төгрөг, нийт 1,249,695,360 төгрөгийн авлагатай байснаас Ж ХХК нь талбайн түрээсийн төлбөрт 1,166,467,929 төгрөг, автозогсоолын түрээсийн төлбөрт 46,286,622 төгрөг, нийт 1,212,754,551 төгрөгийг төлжээ /х.х-ийн 171/.
Мөн Ж ХХК нь түрээсийн гэрээний дагуу Н ХХК-д барьцаа гэж 31,636,520 төгрөгийг өгсөн үйл баримтын талаар зохигч хэн аль нь тайлбарласан.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.1-т тус тус зааснаар тооцоо нийлсэн акт нь ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг анхан шатны баримт болохын сацуу нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болдог ба үүнийг мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар хариуцна.
Иймээс талууд 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааныг хоорондын авлага, өглөгийн талаар тооцоо нийлэх зорилгоор хойшлуулж, улмаар зохигч талуудын ерөнхий нябо нар 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тооцоо нийлсэн байх тул анхан шатны шүүх Ж ХХК-аас төлөөгүй үлдсэн 36,940,809 төгрөгөөс барьцаа 31,636,520 төгрөгийг хасаж 5,304,289 төгрөгийг гаргуулж Н ХХК-д олгосон нь үндэслэл бүхий болжээ.
7. Мөн Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.4-т Өрийг хүлээн авсан тухай баримт бичигт хүүгийн тухай заагаагүй бол хүүг төлсөн гэж үзэж мөнгөн төлбөрийн үүрэг бүхэлдээ дуусгавар болно гэж, 236.5-д Өрийг тодорхой хэсгээр, үе шаттайгаар төлж байсан бол хамгийн сүүлийн хэсгийг хүлээн авсан тухай баримт бичигт өөрөөр заагаагүй бол өмнөх хэсгүүдийг бүрэн төлсөн гэж үзнэ гэж тус тус заасан.
Талуудын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн тооцоо нийлсэн актанд талбайн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 72,616,469 төгрөг, алданги 36,308,234 төгрөг, автозогсоолын түрээсийн үлдэгдэл төлбөр 29,650,000 төгрөг, алданги 9,496,800 төгрөг гэж тус тус тусгагдаагүй байх тул түрээслэгчийг өмнөх хэсгүүдийг бүрэн төлсөн гэж дүгнэж, энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4, 295 дугаар зүйлийн 295.1-д тус тус зааснаар хөлслөгч буюу түрээслэгч этгээд хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх үүрэг хүлээхээс гадна гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө.
Хэдийгээр Н ХХК нь түрээсийн зүйлийг хүлээн авахдаа засварлах болон солих шаардлагатай эд зүйлийн нэр төрөл, үнийн талаарх баримтыг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үйлдсэн байх боловч үүнийг Ж ХХК-ийн эрх бүхий этгээдүүдэд танилцуулаагүй, мөн төлөөлөх эрхгүй этгээд тухайн баримтад гарын үсэг зурсныг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
Үүнээс гадна хуульд зааснаар түрээсийн гэрээний ашиглалтын явцад түрээсийн зүйл ердийн хэмжээгээр элэгдэж хорогддог учир талууд үүнийг тооцоолж түрээсийн төлбөрт оруулж тооцох бөгөөд нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг ердийн элэгдэл хорогдлоос илүү элэгдэж хорогдсон гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй байна.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй бөгөөд үнэлэгдээгүй талаарх давж заалдах гомдлын хувьд тус өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тооцоо нийлсэнтэй холбоотой нотлох баримтууд өгч байна гэсэн боловч хэдэн хуудас, ямар баримт өгч байгаа талаараа тодорой илэрхийлээгүй байна.
Өөрөөр хэлбэл, давж заалдах гомдолд хавсаргасан баримтуудыг мөн өдрийн шүүх хуралдаанд нотлох баримтаар өгсөн гэдэг нь бичлэгээс тодорхой харагдахгүй байна.
Харин давж заалдах гомдолд хавсаргасан талбайн түрээсийн төлбөрийн задаргааны талаарх баримт нь хэрэгт байгаа, нийт төлбөр болон автозогсоолын түрээсийн төлбөрийн задаргаа нь зохигчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн тооцоо нийлсэн актад тусгагдсан хоорондын өглөг, авлагын хэмжээ, хариуцагчийн төлсөн дүн, барьцаа зэргийн талаар зөрүүгүй бөгөөд үүн дээр нэхэмжлэгчийн нэхэмжилж буй талбайн болон автозогсоолын түрээсийн үлдэгдэл төлбөр, алданги, түрээсийн зүйлд учирсан хохирлын талаарх тооцоолол бүхий нэг талын баримт байна /х.х-ийн 169-171, 198-203/.
Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/01922 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 749,155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Б.МАНДАЛБАЯР