| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0319/э |
| Дугаар | 452 |
| Огноо | 2019-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 452
2019 05 09 2019/ШЦТ/452
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: Г.Ганбагана;
хохирогч: Б.Өлзий-Орших,
шүүгдэгч: Ц.Отгончимэг түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөл аваач овогт Цэрэнбалжирын Отгончимэгт холбогдох эрүүгийн 1909002520173 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бэлтгэл технологич мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамжны 20 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ИЗ67041408 регистерийн дугаартай, Хөл аваач овогт Цэрэнбалжирын Отгончимэг.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ц.Отгончимэг нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Өлзий-Оршихтой урьдын өр авлагын улмаас маргалдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Отгончимэг мэдүүлэхдээ: Би 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өлзий-Оршихын “Амар” гэх дэлгүүрт нь очсон. Өлзий-Өрших намайг араас дуудсан. Би “нөхөр чинь мөнгө өгье гэсэн авъя” гэтэл салаавч гаргасан. Тэгээд хэрэлдээд намайг түлхэхээр нь би нүүрээ хамгаалсан. Цамбадондов бид хоёрыг салгасан. Тэгээд би дэлгүүрээс гарсан. Үүнээс хойш 20-оод хоногийн дараа намайг цагдаагаас дуудсан. 2 гэрч нь хэрэгт худлаа мэдүүлсэн байна. Дэлгүүрийн камерын бичлэгийг аваагүйд гомдолтой байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч Б.Өлзий-Орших мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Отгончимэг надаас хашааны түрээсийн мөнгө нэхсэн. Отгончимэг манай зардаг модноос авдаг байсан. Би өөрийн эд зүйлээ авах гэж цоожийг нь эвдсэн. Ц.Отгончимэг миний толгой руу цүнхээрээ жохиж, нүүр рүү цохисон. Надад дарамттай байна. Би Отгончимэгээс 128.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Өлзий-Орших /хх-ийн 12/, гэрч Ж.Цамбадондов /хх-ийн 16/, гэрч М.Буянхишиг /хх-ийн 17/ нарын мэдүүлэг, Ц.Отгончимэгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-4/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1224 тоот дүгнэлт /хх-ийн 19/, Ц.Отгончимэгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 27-34/, хохирогч Б.Өлзий-Оршихын хүсэлт /хх-ийн 8/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Отгончимэг нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутагт Б.Өлзий-Оршихтой урьдын өр авлагын улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Б.Өлзий-Оршихын /хх-ийн 12/: “...Би Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо “Анар” зочид буудлын үүдний хэсэгт нүүрсний жижиг цэг ажиллуулдаг юм. Тэгээд тэр орчим амьдардаг Отгоо гэх эмэгтэйтэй танилцаж байсан юм. Тэр эмэгтэй зуны улиралд манай жижиг нүүрсний цэгийг ажиллуулахаар болоод оронд нь өөрийнхөө хашаанд манай хамаатнуудыг гэр бариулж буулгахаар болсон юм. Ингэхдээ хавар хүртэлх хугацаанд үнэ төлбөр өгөхгүйгээр байхаар болсон. Гэтэл тэр эмэгтэй надаас түрээсийн мөнгө байнга нэхэх болсон. Гэтэл өнөөдөр би тэдний хашаанаас нүүрсээ аваад гарах гэхэд хашааныхаа хаалгыг түгжээд яваад өгсөн. Тэгээд би хашааных нь хаалгыг онгойлгоод нүүрсээ гаргаж ирээд зарж байхад тэр Отгоо хүрч ирээд намайг шууд зодсон. Зүүн нүдний зовхи урагдсан учир нүд өвдөөд байна. Мөн толгой эргэж өвдөөд байна” гэх мэдүүлгээр,
гэрч Ж.Цамбадондовын /хх-ийн 16/: “...Би Өлзий-Оршихын цэг дээр ажилладаг юм. Энэ хэрэг гардаг өдөр ажил дээрээ байж байтал Өлзий-Орших Буянхишигтэй цуг бөөний цэг рүү яваад нүүрс ачаад ирсэн. Яг иртэл Отгончимэг хүрч ирээд Өлзий-Орших, Отгончимэг хоёр нэг нэгтэйгээ маргалдаад байсан. Тэгээд Отгончимэг Өлзий-Оршихыг гар цүнхнээсээ нэг удаа цохиод дахиад гараараа нүүр хэсэгт нэг удаа цохисон тэгээд Буянхишиг дундуур нь ороод салгасан...” гэх мэдүүлгээр,
гэрч М.Буянхишигийн /хх-ийн 17/: “...Өлзий-Орших бид хоёр энэ хэрэг гардаг өдөр цуг бөөний цэгээс нүүрс ачаад нүүрс зардаг цэг дээр хүрээд ирсэн. Яг иртэл Отгончимэг хүрч ирээд Өлзий-Орших тэр хоёр нэг нэгэнтэйгээ маргалдаад байсан, юуны талаар маргалдаад байсан би сонсож чадаагүй, хоёулаа чанга чанга дуугараад хэрэлдээд байсан. Тэгээд Отгончимэг, Өлзий-Оршихыг гар цүнхээрээ толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгээд Өлзий-Орших очоод Отгончимэгийг бариад авсан чинь Отгончимэг гараараа Өлзий-Оршихын нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд дундуур нь би ороод салгасан. Өлзий-Орших Отгончимэгт гар хүрч чадаагүй” гэх мэдүүлгээр,
Ц.Отгончимэгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 3-4/: “... Амараа руу залгаад эгчид нь мөнгөний хэрэг болоод байна чи нөгөө мөнгөө өг гэсэн чинь за эгчээ би танд 200 000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгээд яг хэрэг гардаг өдөр би Өлзий-Оршихын дэлгүүр болох Амар дэлгүүрийн тэнд явж таараад би тэдний дэлгүүр рүү яваад ортол уг дэлгүүрт Амараа, Өлзий-Орших хоёр байсан. Тэгээд би Амараатай уулзаад нөгөө мөнгөө авъя гэхэд дуртай дургүй амандаа юм хэлсэн, юу гэж хэлснийг сонсоогүй, аваачаад өгье гэх шиг болсон. Тэгээд би гараад явж байтал араас Өлзий-Орших дуудсан. Би яваад дэлгүүрт ортол Өлзий-Орших чи авгай минь мөнгө авна гэж бодож байна уу, юу яриад яваад байгаа юм гээд салаавч гаргасан. Тэгээд Өлзий-Орших лангууны цаанаас гарч ирээд надтай хэрүүл хийгээд намайг түлхсэн. Дараа нь би зөрүүлээд хэд хэдэн удаа түлхсэн юм. Өлзий-Орших бид хоёр хоорондоо маргалдаж байхдаа би Өлзий-Оршихын биед гэмтэл учруулсан байж магадгүй...” гэх мэдүүлгээр,
Б.Өлзий-Оршихын биед “зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд зовхины зулгаралт, дотор булангийн шарх” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1224 дугаартай дүгнэлт /хх-ийн 19/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг гэрч, хохирогч нар гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Ц.Отгончимэгийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Ц.Отгончимэгийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Б.Өлзий-Оршихоос шүүх хуралдааны явцад шүүгдэгчээс 128.000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхэд нотлох баримтаа ирүүлээгүй тул шүүгдэгчээс гаргуулах зардалгүй гэж дүгнэв.
Харин хохирогч Б.Өлзий-Орших нь цаашид эмчилгээ хийлгэхэд гарсан зардлын талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ц.Отгончимэгийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Отгончимэг нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөл аваач овогт Цэрэнбалжирын Отгончимэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Отгончимэгийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Отгончимэг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Б.Өлзий-Орших нь цаашид эмчилгээ хийлгэхэд гарсан зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Отгончимэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ