Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 397

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Цахар овогт Нямсүрэнгийн Н.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811030200499 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хороо, Хайрханы 10 дугаар гудамжны 46 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Цахар овогт Нямсүрэнгийн Н.С /РД: УМ00300621/,

 

Шүүгдэгч Н.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.С нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутагт хохирогч Э.Сүнжидмаа нь Микро автобусаар үйлчлүүлэх замдаа буух газар зогсож, буулгасангүй гэх шалтгаанаар маргалдах явцад нь үснээс нь зулгааж, хэвлий рүү нь өшиглөн эрүүл мэндэд нь "баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий" хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч Э.Сүнжидмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн орчим 100-н айлаас 25-50 УБА улсын дугаартай Микро автобусанд суусан. Тэгээд миний буух буудал дөхөөд ирэхээр нь би цэнхэр дэлгүүр дээр бууна гэж хэлтэл буудлын хооронд олон зогсохгүй гээд цэнхэр дэлгүүр өнгөрөөд, сургалт 2-н голд зогсоод буулгасан. Намайг буухаас өмнө кондуктор нь жаахан юм байж ямар олон үгтэй юм гэхээр нь би ч гэсэн адилхан микронд явдаг гэж хэлсэн. Би буух гээд кондукторын хажуугаар зөрөх гэтэл кондуктор нь миний мөр лүү түлхээд би арай унаагүй юм. Би яагаад байгаа юм бэ гэж хэлтэл кондуктор намайг жийгээд, үстээд доош дарсан. Микронд сууж байсан хүмүүс болиоч гэж хэлэхэд үстэж дарж байгаад миний хэвлий рүү жийсэн. Микроны урд суусан нэг эмэгтэй хүн нэрийг нь хэлээд болиоч гэж хэлсэн. Гэтэл кондуктор энийг яасан ч яадаг юм гэж хэлсэн. Миний үсийг гартаа ороогоод доош нь дараад байсан. Хүмүүс салгаад Микрондоо суугаад яваад өгсөн. Миний буух буудал дээр зогсож өгөөгүйгээс болоод маргалдсан. Миний толгой хавдсан, үс унасан. Миний хэвлийн рүү 3 удаа өшиглөсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/,

Гэрч Ц.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 100-н айлаас хөдлөөд сургалт, цэнхэр дэлгүүр хоёрын голд зогсоод нэг охин буух гэж байхдаа манай охиныг мөрлөөд буусан. Нөгөө охиныг манай охин үстээд авсан. Тэгээд би хаалга онгойлгоод больцгоо гэж хэлэхэд болиод явцгаасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 39-40х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12942 дугаартай дүгнэлт: "... Э.Сүнжидмаагийн биед баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 48х/

Шинжээч эмч Г.Чимэд-Очирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  "...Дээрхи гэмтэл нь үдэлцсэнээс үүсэх боломжтой. Үснээс татах, чангаах, зулгаах үед үүснэ..." гэх мэдүүлэг /хх-ийн 51х/

Яллагдагч Н.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  "...Би 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 100-н айлаас аав Нямсүрэн, ээж Эрдэнэчимэг болон дүү Эрхэмбаяр нарын хамтаар аав Нямсүрэнгийн жолоодож явсан 25-50 УБА улсын дугаартай микро автобусанд түлш хийх хэрэгтэй болсон учир 100-н айлаас Хайлаас хүртэл хүн авбал түлш авахад хэрэгтэй болно гээд 100-н айлаас 10 гаран хүн суулгаж авч явсан. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Хайлааст өгсдөг рүү 17-н уулзвараас салаад өгсөж явах үед голын сандал дээр сууж байсан эмэгтэй Цэнхэр дэлгүүрийн буудал дээр бууна гэж хэлсэн ба автобусны нугасанд сууж байсан эгч болохоор Сургалтын төв дээр бууна голд нь зогсчихгүй юу гэхээр нь би аавдаа голд нь зогсчихоорхой гэхэд нөгөө голын суудал дээр сууж байсан эмэгтэй зогсох ёстой газраа зогсож болдоггүй юм уу, бид нар мөнгөө төлөөд явж байгаа биз дээ гэж уурласан тул би 2-хон алхмын наана, цаана буучхаж болдоггүй юм уу гэхэд нөгөө охин энд зогсож болоод байдаг юм. Дахиж шугаманд явахыг чинь харна гэж хэлэхээр нь би Цэнхэр дэлгүүр дээр аавд зогсчих гэж хэлээд нөгөө охиныг буулгахад нөгөө охин буух үедээ намайг мөрлөхөөр нь би зөрүүлээд мөрөөрөө түлхээд чи одоо яагаад байгаа юм бэ?, бууя гэсэн газар чинь буулгаад өгч байгаа юм биш үү гэхэд уг охин буух үедээ уруу газарт жаахан тэнцвэр алдаад буусан ... намайг алгадах гэж гараа далайхаар нь зүүн гарыг нь барьтал миний баруун гарыг хөших гэсэн учир би эсэргүүцэж уг охиныг үстэж дараад, намайг өшиглөхөөр нь би зөрүүлж 1 удаа өшиглөсөн. Миний хувьд Сүнжидмаагийн эмчилгээний зардалд 150.000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 65-66х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Н.Сг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Цахар овогт Нямсүрэнгийн Н.Сг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Сг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Сд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ