Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 140/ШШ2016/00274

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Д.*******ы нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь 1973 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад тасралтгүй малчнаар ажиллаж байгаад 1992 оны 11-р сард ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед миний хөдөлмөрийн дэвтрийн бичилт, цалингийн бичилтийг гүйцэт хийгээгүйн улмаас аймгийн Төрийн архивын тасгаас лавлагаа авахад ажиллаж байсан талаар баримт олдохгүй байгаа юм. Иймд дээрх онуудад ажиллаж байсан болохоо шүүхээр тогтоолгох шаардлагатай байгаа учраас Д.******* намайг Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад 1973 оны 01-р сарын 01-нээс 1991 оны 12-р сарын 30-н хүртэл мал маллаж байсныг тогтоож өгнө үү. Би өөрийн биеийн байдлаас болж цэрэгт явж байгаагүй болно гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Д.******* нь 1973 оны 01-р сарын 01-нээс 1991 оны 12-р сарын 30-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлжээ.

Д.******* нь 1973 оны 01 дүгээр сарын 01-нийн өдөр Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1991 оны 12-р сарын 31-н хүртэл мал маллаж байсан болох нь 1973 оны 01-р сарын 01-ний өдөр нээлгэсэн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, мөн он, сар дугааргүй 1983 оноос 1987 он хүртэл бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны 01-р сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмрөийн дэвтэр, аймгийн архивын тасгийн 2016 оны 06-р сарын 27-ны өдрийн ******* дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна.

Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэл нь 1991 оны 12-р сарын 26-ны өдөр ******* сумын ******* ХК нэртэйгээр 1994 оны 05-р сарын 05-ны өдөр хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн архивын 2016.07.27 өдрийн ******* тоот лавлагаагаар тогтоогджээ.

Нэхэмжлэгчийг дээрх хугацаанд ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч З., Р., Р. нарын мэдүүлгүүдээр ажиллаж байсан байдал нь давхар нотлогдож байна гэж үзлээ.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН *******-Р ЗҮЙЛИЙН *******.2.1, 116,118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ийн *******ыг 1973 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12-р сарын 30-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ