| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хишгээ Байгалмаа |
| Хэргийн индекс | 135/2024/00477/и |
| Дугаар | 209/МА2024/00068 |
| Огноо | 2024-08-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 209/МА2024/00068
"*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2024/00785 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч "*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: нэмж хийсэн ажлын хөлс “202,806,847 төгрөг гаргуулах” тухай,
Иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
...Дархан-Уул аймгийн аврах гал унтраах ангийн өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад манай компани гэрээ болон ажлын даалгавар, ажлын тоо хэмжээнд дурдагдаагүй нэмэлт ажлуудыг захиалагч, зохиогчийн хяналтын доор хийж гүйцэтгэсэн бөгөөд нэмж хийсэн ажлынхаа хөлс болох 202,806,847 төгрөгийг авахаар захиалагчид удаа дараа хандсан боловч шийдвэрлэж өгсөнгүй.
Захиалагчийн энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө,
2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан ОБЕГ/202201001/02 тоот гэрээний ерөнхий нөхцөлийн 2 дугаар зүйлийн 2.3 захиалагч нь ажил гүйцэтгүүлэхтэй холбоотой гаргаж өгсөн ажлын даалгавар, техникийн нөхцөл зэрэг баримт бичгийн алдаатай холбоотой үр дагаврыг хариуцна. Тус гэрээний 8 дугаар зүйлийн 8.10-т зураг төслийг захиалагч боловсруулсан бол зураг төсөлтэй холбоотой аливаа асуудлыг захиалагч хариуцна гэсэн заалтуудыг тус тус зөрчиж манай компанийг хохироосоор байгаа тул Дархан-Уул аймгийн Аврах гал унтраах ангийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад нэмж хийсэн ажлын хөлс болох 202,806,847 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /1-р хх 1-3-р тал/
2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:
...Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 359 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Монгол Улсын 2022 оны төсвийн хөрөнгөөр аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтын 17.3.1.2-т "Аврах гал унтраах ангийн барилга"-ын төсөвт өртөг 2,998,600,000.0 төгрөг Монгол Улсын шадар сайдын багцад сууж, тендер сонгон шалгаруулалтад "*******" ХХК нь шалгарч гэрээ болон барилгын зураг төсөвт заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэсэн болно.
Дархан-Уул аймгийн Дархан суманд Аврах гал унтраах ангийн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх явцдаа "*******" ХХК нь гэрээ болон ажлын даалгавар, тоо хэмжээнд тусгагдаагүй нэмж хийсэн ажлын хөлс болох 202,806,847 төгрөгийг зарцуулсан нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 сарын 19-ний өдрийн 278 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам-ын 4.3.3-т Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний санхүүжилт нь гэрээ, төслийн үе шатны хуваарь, санхүүжилтийн төлөвлөгөөтэй уялдаж, нийцсэн байна гэсэн заалтыг зөрчсөн байна.
Иймд гэрээ болон ажлын даалгавар, тоо хэмжээнд тусгагдаагүй нэмж хийсэн ажлын хөлс болох 202,806,847 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1-р хх 82-87-р тал/
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 350 дугаар зүйлийн 350.1.3б-д тус тус зааснаар нэхэмжлэгч "*******" ХХК-ийн Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан 202,806,847 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,171,984 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2024/00785 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 3, 6, 8, 10, 11 дүгээртэй дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани технологийн шаардлагаар нэмж хийсэн пандусны байрлалыг өөрчлөх, 1-5 давхрын аваарын гарц хийх, халаалтын бойлерын хүчин чадлыг буруу тооцоолсон зэрэг ажлууд нь барилгын зургийн алдаа юм.
Дархан-Уул аймгийн Засаг Даргын тамгын газар гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах үедээ 1-5 давхрын ариун цэврийн өрөөнүүд металл таазтай, 2, 4 давхрын хурлын заалыг дүүжин таазтай байхаар зурагт тусгасан боловч эмульс будгаар будахаар тоо хэмжээнд тусгасан, гадна цонх хаалганы амлагааг металлаар хийх ажлыг ажлын тоо хэмжээнд тусгаагүй орхигдуулсан, гадна металл фасадны тоо хэмжээг дутуу тооцож алдаа гаргасан байсныг шүүх харгалзан үзээгүй. Иймд Монгол улсын Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13.-т барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс гарах эрсдэл, хохирлыг хариуцах гэж заасны дагуу захиалагч хохирлыг барагдуулах үүрэгтэй.
...ажил гүйцэтгэж эхлэхээс өмнө заавал мэдэгдэнэ, захиалагч зөвшөөрөл өгсний дараа гүйцэтгэнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Манай компани нэмэлт ажил гарсан тохиолдолд захиалагч болон захиалагчийн хяналт гүйцэтгэгч байгууллагад тухай бүр нь мэдэгдэж байсан нь албан бичгүүдээр нотлогдоно. Мөн захиалагч нь нэмэлт ажлыг хийхгүй байх, ажлаа зогсоох талаар ямар нэгэн мэдэгдэл манай байгууллагад ирүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэмж хийсэн ажлын хөлс болох 202,806,847 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,342,970 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. /1-р хх 234-238-р тал/
ХЯНАВАЛ :
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "******* " ХХК-н төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.
2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “шийдвэрийн үндэслэх хэсгийн 3,6,8,10,11-н дүгнэлтийг зөвшөөрөхгүй, хариуцагч нь нэмэлт ажлын үр дүнг хүлээж аваагүй, захиалагчид мэдэгдээгүй гэж маргаагүй,
энэ нь хариуцагчийн шүүхэд өгсөн тайлбар, 2023 оны А/398 тоот, 2023 оны А/182 тоот албан бичгүүд, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2023 оны 21/2023-Д дүгнэлт, 2023 оны №УТХО-22 тоот гэрээ дүгнэсэн акт, аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын магадлашгүй ажлын тухай 2023 оны 12 сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл, мөн газрын 5-10/1694,5-10/1695 албан бичгүүдээр нотлогдож байгаа, гэрээ байгуулах үед ажлын тоо, хэмжээнд огт тусгаагүй зураг төслийн алдаатай холбоотой нэмэлт ажлуудыг нэмж хийж гүйцэтгэсэн.
Эдгээр ажлуудыг Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газар ОНӨААТҮГ-тай 2022 онд байгуулсан №БТХ-15/2022 тоот гэрээний 2.7-д заасны дагуу зохиогч ******* ХХК болон Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газар ОНӨААТҮГ-н мэргэжлийн инженерийн багтай зөвшилцөж хийсэн.
Шүүх, захиалагчийн өгсөн барилгын зураг алдаатай байсан эсэх, Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасныг тогтоох талаар анхаарал хандуулаагүй, энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагчтай мэтгэлцэх боломжийг хангаж өгөөгүй,
... иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэмж хийсэн ажлын хөлс болох 202,806,847 төгрөгийг, анхан болон давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,342,970 төгрөгийн хамт гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. /хх-234-240/
Хэргээс судлан үзвэл:
3.Нэхэмжлэгч "*******" ХХК нь хариуцагч “*******”-т холбогдуулан гэрээ байгуулах үед ажлын тоо, хэмжээнд огт тусгаагүй зураг төслийн алдаатай холбоотой нэмэлт ажлуудыг нэмж хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 202,806,847 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж,
үндэслэлээ “тус компани нь тендерт шалгарч Дархан-Уул аймгийн Дархан суманд Аврах гал унтраах ангийн өргөтгөлийн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэхээр аймгийн Засаг Даргын Тамгын Газартай 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ОБЕГ/02201001/02 тоот гэрээ байгуулсан. ... барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад манай компани гэрээ, ажлын зураг, даалгаварт зөрүүтэй буруу тусгагдсан буюу гэрээ байгуулах үед ажлын тоо хэмжээнд огт тусгагдаагүй зоорийн давхрын пандусны байрлалыг өөрчлөх, 1-5 дугаар давхрын ариун цэврийн өрөөнүүдэд металл тааз, 2 болон 4 давхрын хурлын заалтанд 60х60 хэмжээтэй дүүжин тааз угсрах, цонх хаалганы гадна амлагааг металл хавтангаар өнгөлөх, 1-5 давхарт аваарын гарц хийх, халаалтын ялтсан бойлерын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг зохигчийн зөвшөөрөл, захиалгын шийдвэрээр хийж гүйцэтгэсэн.
Эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэхэд 202,806,847 төгрөгийг зарцуулсан, уг зардлыг аймгийн Засаг даргын Тамгын газартай 2022 онд байгуулсан ОБЕГ/202201001/02тоот гэрээний ерөнхий нөхцөлийн хоёрдугаар зүйлийн 2.3, наймдугаар зүйлийн 8.10, Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь заалтуудыг үндэслэн захиалагчаас гаргуулах нэхэмжлэл гаргасан” гэж.,
5.Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ******* ХХК нь тендерт шалгарч, тус аймгийн Дархан суманд Аврах гал унтраах ангийн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэхээр аймгийн Засаг Даргын тамгын газартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, тус гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгэх явцдаа тус компани нь гэрээ болон ажлын даалгавар, тоо, хэмжээнд тусгагдаагүй нэмэлт ажлыг хийсэн гэх ба энэ талаар захиалагчид огт мэдэгдээгүй. Тухайн нэмэлт ажлыг манайх хүлээж аваагүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж маргажээ. /хх-82-87/.
Улмаар тайлбарт дараах нотлох баримтуудыг хавсаргалаа гээд 1-14 хүртэл дугаарласан нийт 30 хуудас бүхий бичгийн баримтуудыг хавсаргасан байна. /хх-88-117/
6.Анхан шатны шүүх : Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 350 дугаар зүйлийн 350.1.3 б-д тус тус зааснаар нэхэмжлэгч “******* " ХХК- ийн Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар”-т холбогдуулан гаргасан “202,806.847 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
7.Анхан шатны шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтууд зэргийг харьцуулан үнэлэх ажиллагааг бүрэн хийгээгүй, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т зааснаар талуудаас ялангуяа хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа хавсаргаж ирүүлсэн бичгийн баримтууд нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй байгааг анхаараагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байна.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Зохигч, гуравдагч этгээд, түүнчлэн энэ хуулийн 12.1.2-12.1.4-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээдийг хэргийн оролцогч гэнэ.
хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил, эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна”,
хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. ...,
44.4-т Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж тус тус заасан.
Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолын 1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй., гэж тайлбарласан. Энэхүү зохицуулалтыг 2009 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлан хэрэгжүүлж байгаа.
9.Нэхэмжлэгч "*******" ХХК нь “*******”-т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж, улмаар нэхэмжлэлдээ тус байгууллагыг заасан байх тул энэ хэргийн хариуцагч нь ******* байх бөгөөд тэрээр хэргийн оролцогч болно.
10.Гэтэл хэргийн оролцогч болох хариуцагч ******* нь татгалзлын үндэслэл болгож тайлбартаа хавсаргасан 30 хуудас бүхий бичгийн баримтуудад “хуулбар үнэн” Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газар гэсэн тэмдэг дарж шүүхэд ирүүлсэн байгаа нь Хууль болон Улсын Дээд Шүүхийн тайлбарт нийцээгүй, зөрчсөн байна.
Учир нь бичмэл нотлох баримтыг эхээр нь, эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх нь тухайн бичгийн баримт нь хуульд заасан шаардлагыг хангасан, хуульд заасан арга хэрэгслээр авагдсан гэж үнэлэгдэх учиртай.
Улмаар шүүх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, тухайн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ажиллагаанд ч ач холбогдолтой юм.
11.Иймд нэхэмжлэгчийн “...нэмж хийсэн ажлын хөлс болох 202,806,847 төгрөгийг, анхан болон давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,342,970 төгрөгийн хамт гаргуулахыг ” хүссэн агуулга бүхий давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,171,984 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцааж олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн 135/ШШ2024/00785 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,171,984 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Х.БАЙГАЛМАА