Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 326

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: иргэн Ж.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хаяг: Хан-Уул дүүргийн  дугаар хороо, Хурд хороолол,  дугаар байр тоот. 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох,

Хаяг: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр.

  Нэхэмжлэлийн шаардлага: “...Э” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр барьсан 2 давхар барилгыг буулгаж, уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.У нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ц болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын  дугаар байрны  давхарын  тоотод оршин суудаг. 2015 оны 6 дугаар сараас эхлэн манай байрны ард гаражны хаалгатай зэрэгцээ барилгын суурийн ажил гүйцэтгэж эхэлсэн. Оршин суугчид бидний зүгээс ямар учиртай барилга болох талаар тодруулахад Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Б.Д-ын бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар “Э” ХХК нь “Ахмадын төв, цагдаагийн кабон”-ы барилгын ажил гүйцэтгэж байгааг мэдсэн. Манай байрны оршин суугчид энэ талаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хандахад тус газраас 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 07/3044 тоот албан бичгээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг зөрчиж барилгын ажил гүйцэтгэсэн байна” гэж дүгнээд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дээрх зөрчлийг арилгах арга хэмжээ авч хариу мэдэгд гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн байдаг.

        Үүний дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 02-02/2812 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Г-т “Газар чөлөөлөх тухай" мэдэгдэл хүргүүлж тус газарт зөвшөөрөлгүй барьсан барилгын суурийг Газрын тухай хуулийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасны дагуу чөлөөлж 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн дотор хариу мэдэгдэх"-ийг даалгасан. “...Гэвч тус Хан-Уул дүүргийн Засаг дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дээрх удаа дараагийн албан даалгаврыг биелүүлээгүй. Мөн бидний зүгээс “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д өргөдөл гаргасны дагуу “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн “Баруун түгээх төв”-өөс “Та бүхний хүсэлтийн дагуу тодруулга хийхэд 22 дугаар байрны баруун хойд талд цутгагдсан байгаа барилгын суурь талбайд ХТП-3056, ХТП-2213 дэд өртөөг холбосон 6 кв-ын кабель 2 хос, тус 22 дугаар байрны 0.4 кв-ын кабель 2 хос орсон байна. Тус барилгыг барьж буй “Э” ХХК нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас кабелийн талаар тодруулга шийдвэр гаргуулаагүй болно.” гэсэн хариу өгсөн.

       “...Дээрх Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн акт, Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн актаар холбогдох зөрчил бүхий “Ахмадын төв, цагдаагийн кабон”-ы барилгыг буулгах, чөлөөлөхөөр удаа дараа шийдвэрлэсэн боловч барилгын ажлыг үргэлжлүүлсээр өнөөдрийн байдлаар 2 давхар сендвичэн барилга баригдаад байна. Манай байрны баруун тал руу харсан бүх цонхыг “Монголын хөл бөмбөгийн талбай”-н барилга нар салхи бүх зүйлийг хаадаг. Ганц агаар солилцдог байсан арын ганц цонхыг дээрх 2 давхар барилга бүрэн хаагаад байна. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дахин хандсаны үндсэн дээр тус газрын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 02-07-388/95 тоот акт гарч барилгын ажлыг түр зогсоогоод байна. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Г нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Э.Болорчулууны 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 07/3044 тоот албан бичиг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн тоот албан бичгээр 02-01/2938 өөрт нь даалгасан Газрын тухай хуулийн 57.3, 57.4-т заасан үүргийг биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан. Мөн Эрчим хүчний яам, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК Улсын байцаагчийн 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 55-07-002/001 тоот албан шаардлага гарсан зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг даалгасан шийдвэрийг биелүүлээгүй байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын дээрх хууль бус эс үйлдэхүйн улмаас миний болон манай байранд оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, эрчим хүчний аюулгүй, найдвартай эх үүсвэрээр хангагдах ашиг сонирхол зөрчигдсөөр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2013 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр арга хэмжээг тухайн хорооны иргэдээс саналыг нь авч хамгийн олон санал авсан дарааллаар эрэмбэлж хэрэгжүүлэх ажлыг тус дүүрэг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж хэрэгжүүлсэн. Тус дүүргийн 15 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн саналд ахмадын чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай болон нөхөн сэргээх төв, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камержуулалт болон гэрэлтүүлэг зэрэг асуудлууд хамгийн их саналыг авсан бөгөөд Хурд хорооллын “Ц” СӨХ-оос ахмадуудад зориулсан чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай болон нөхөн сэргээх төв, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камержуулалт болон гэрэлтүүлэг зэрэг асуудлууд хамгийн их саналыг авсан бөгөөд Хурд хорооллын “Ц” СӨХ-оос ахмадуудад зориулсан чөлөөт цагаа өнгөрөөх, нөхөн сэргээлт, чийрэгжүүлэх төвийг тус хотхонд байгуулахыг 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 41 тоот албан бичгээр хүссэн мөн дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 11, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр орон сууцны хорооллууд баригдаж хүн амын төвлөрөл бий болсонтой холбогдуулан гэмт хэрэг, зөрчил ихсэх болсон тул дээрх газруудад цагдаагийн тасгийн байр байгуулах саналыг дүүргийн Засаг даргад тавьж байсан. Иймд иргэдийн болон СӨХ, Цагдаагийн байгууллагаас гаргасан саналыг тусган 1 дүгээр давхарт цагдаагийн кабон, СӨХ-ны контор, 2 дугаар давхарт ахмадын төв байхаар төлөвлөж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс санхүүжүүлэн 22 дугаар байрны хойно 15 метр зайд түр байр барьсан бөгөөд тус хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн ахмадын төв болон Цагдаагийн тасгийн байрны газар шийдвэрлэгдэж барилга баригдах хүртэл хугацаанд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн. Дээрх байр иргэн Ж.Ц-ын цонхыг бүрэн хаасан зүйл байхгүй бөгөөд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 418 дугаар тушаалаар батлагдсан “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” дүрмийн 2.5-д заасны дагуу 22 дугаар байрны сууринаас 15 метр зайтай байх тул иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Харин уг нийгмийн чиглэлийн барилга ашиглалтад орсноор 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ийн 9300 иргэн болон орчмын хорооллуудын иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, ахмад настан чөлөөт цагаа өнгөрөөх байртай болж, Иргэдийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдахаар байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Дээрх хороолол дотор байгаа ХТП-3056, ХТП-2213 цахилгаан хуваарилах байгууламж нь байгууллагын гүйцэтгэх захирлын 2012 оны А/133, 2013 оны А/95 дугаар тушаалаар тус компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн байдаг. Захиалагч болох Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамын газар нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх”, “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 3-т “Дамжуулах, түгээх шугам сүлжээнд шинээр холболт хийх, хэрэглэгчийн холбогдсон чадлыг нэмэгдүүлэх шаардлага гарсан тухай бүрт хэрэглэгч техникийн нөхцөл авна” гэж заасныг зөрчин манай байгууллагаас зөвшөөрөл, тодруулга хийлгэлгүй барилгын ажил гүйцэтгэсэн байна. 

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2.3-т “Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас нь 1-20 кв хүртэл хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам нь хүн оршин суудаг газраар дайран өнгөрөх нөхцөлд тухайн шугамын захын утаснаас хоёр тийш 4 метр, трансформаторын дэд өртөөний тал бүр тийш 10 метр байна” 3.10-т “Хамгаалалтын зурваст эрчим хүчний шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн горим ажиллагааг алдагдуулах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсний дагуу тус тус зөрчиж байна...” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ж.Цэ “Хан-Уул дүүргийн  дугаар хороо, Хурд хороолол, дугаар байрны ард зөвшөөрөлгүй баригдсан “Ахмадын төв, Цагдаагийн кабон”-ын барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн газар болон эрчим хүчний хамгаалалтын зурвас бүхий газрыг чөлөөлөх хуулиар хүлээлгэсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа “Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу зөвшөөрөлгүйгээр “Э” ХХК-ийн барьсан 2 давхар барилгыг буулгаж, уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах” гэж тодруулсан тул тус шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцлээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Төсвийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн хэмжээнд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дарааллыг эрэмбэлэн, сонгохтой  холбоотойгоор 15 дугаар хорооны иргэдийн дунд явуулсан нээлттэй санал асуулгаар  тус хорооны “...26, 27 дугаар байрны дунд “Ахмадын төв, Цагдаагийн кабон” барих хүсэлт” хамгийн ихээр дэмжигдсэнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-г, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-г батлахдаа “Ахмадын төв, Цагдаагийн кабон” барих газрыг тусгасан байна.  

Тодруулбал, 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.2.3.19-д “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын байрнуудын дунд Цагдаагийн байрны зориулалтаар 0.01 га газар” гэж, 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.3.2-т “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, орон сууцны “Хурд” хороололд Цагдаагийн хэсэг, ахмадын төвийн цогцолбор барилгын зориулалтаар 0.023 га газар”-ыг төлөвлөжээ. 

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга “Ахмадын төв, Цагдаагийн кабон”-ын барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Э” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” №02/60 байгуулсан байх бөгөөд ингэхдээ анх төлөвлөсөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Ц” СӨХ-ны Хурд хорооллын 26, 27 дугаар байрны голд бус, харин 22 дугаар байрны ард буюу “А” СӨХ гэх өөр этгээдийн ашиглах эрх бүхий газарт, эрчим хүчний хамгаалалтын зурвас дээр, газар эзэмшүүлэх, ашиглуулах ямар нэгэн шийдвэр, гэрчилгээ олголгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн болох нь хэрэгт авагдсан: 

- Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Зөрчил арилгах тухай” 07/3044 дүгээр мэдэгдэл, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Э” ХХК-нд хүргүүлсэн шаардах хуудас, 

- Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” 02-02/2812 дугаар мэдэгдэл, 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Захирамж цуцлуулах тухай” 02-01/2938 дугаар мэдэгдэл, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Барилга угсралтын ажлыг түр зогсоох тухай” 02-07-388/95 дугаар улсын байцаагчийн акт, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Эрчим хүчийг түр түдгэлзүүлэх тухай” 02-07-133/209 дугаар улсын байцаагчийн акт,  

- “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Эрчим хүчний хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлэх тухай” 55-07-002/001 дугаар албан шаардлага зэрэг баримтаар нотлогдож байна. 

Мөн  тус 22 дугаар байрны баруун хойд талд баригдсан барилгын суурь талбайд Хурд хорооллыг эрчим хүчээр хангах ХТП-3056, ХТП-2213 дэд өртөөг холбосон 6 кв-ын кабель 2 хос, 22 дугаар байрны 0.4 кв-ын кабель 2 хос шугам байрладаг болох нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас шүүхэд ирүүлсэн тодруулга, лавлагаа, маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр тогтоогдсон.  

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” бүрэн эрхийг дүүргийн Засаг дарга зохих ёсоор хэрэгжүүлэлгүй, төлөвлөгдсөн байршлыг өөрчилсөн, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор ... барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж  эрчим хүчний хамгаалалтын зурвас газарт “Э” ХХК-иар “Ахмадын төв, Цагдаагийн кабон”-ын барилгын ажлыг гүйцэтгүүлэн, хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй буюу зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна. 

Нөгөөтэйгүүр, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57 дугаар зүйлийн 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна”, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...дүүргийн Засаг дарга Эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, ...хэрэгжүүлнэ”, 7.3-т “Тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, мод, бут, сөөгийг зайлуулах, дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авах” чиг үүрэг бүхий дүүргийн Засаг дарга өөрөө хууль бус үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/ явуулж, үүний улмаас нэхэмжлэгчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрчим хүчний аюулгүй, найдвартай эх үүсвэрээр хангагдах эрх, ашиг сонирхол зөрчигджээ. 

Иймд, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хороолол, 22 дугаар байрны ард зөвшөөрөлгүй баригдсан “Ахмадын төв, Цагдаагийн кабон”-ын барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн газар болон эрчим хүчний хамгаалалтын зурвас бүхий газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж, Ж.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.  

Ж.Ц төрийн захиргааны байгууллагын албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн асуудлаа шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шүүх харьяалан шийдвэрлэх маргаан мөн гэж үзсэн болно.  

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, 33 дугаар зүйлийн 33.1-т заасныг тус тус үндэслэн иргэн Ж.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хурд хорооллын 22 дугаар байрны баруун хойд талд, “Э” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр барьсан 2 давхар барилгыг буулгаж, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг  Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгасугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.МӨНХТУЛГА