Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1395

 

Ш.Ч гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/03679 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Ч гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.С , Т.З , Ч.З нар болон МНТ-д тус тус холбогдох,

 

Б.Б-г С.Б-ын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, С.Б-ын эд хөрөнгийг 100 хувь өвлөгчөөр тогтоолгох, “И” ХХК-ийн хувьцааны С.Б-т ногдох хэсгийг 100 хувь өвлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах үндсэн нэхэмжлэлтэй,

 

С.Б-ын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, “И” ХХК-ийн хувьцаа, ........ дүүргийн ....... дугаар хороо ...... дугаар хороолол ....... дүгээр байрны ......, ...... тоот орон сууцнууд, 83-38 УБЧ улсын дугаартай Ланд крузер маркийн автомашин, 90-90 УБД улсын дугаартай Порше маркийн автомашин, 10-30 УНБ улсын дугаартай Хьюндай маркийн автомашинуудаас ногдох хэсгээ тогтоолгох, мобикомын ........, ..........., ..........., ............, ..........., ........... дугааруудыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн “И” ХХК-ийн хувьцааны 50 хувийн эзэмшигчээр тогтоолгох, ........ дүүргийн ......... дугаар хороо ........ дугаар хороолол ........... тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 83-38 УБЧ улсын дугаартай ланд крузер маркийн автомашин, 90-90 УБД улсын дугаартай порше маркийн автомашин, 10-30 УНБ улсын дугаартай хьюндай маркийн автомашины 50 хувийн эзэмшигчээр тогтоолгох, Т.Д-тэй хамтран эзэмшдэг газрын С.Б-т ногдох хэсгийн 50 хувийн эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг,

Хариуцагч Т.З гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаасан гуравдагч этгээд Ш.Ч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М ,

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З ,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ж ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Д ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Ц ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Б-тай 2005 онд анх танилцаад улмаар 2006 оноос хамтдаа амьдарч байсан. Бидний дундаас 2007 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүү Б.Б төрсөн. Хүү Б.Б ийн эцэг С.Б 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүнд өвчний учир нас барсан. Үүнээс хойш нэг жилийн дараа нотариатч дээр очоод өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүү Б.Б ийн нэрийн өмнөөс Ш.Ч би өв хүлээн авах тухай өргөдөл гаргахад Баянгол тойргийн нотариатч Н.Т нь “нас барагч С.Б-ын хууль ёсны өвлөгч болох хүү Б.Б , эх Т.З , аав П.С нар нь өвлөгдөх эд хөрөнгийн талаар маргаантай байгаа болох нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээр батлагдаж байна. Иймд хууль болон нотариатын үйлдэл хийх зааврын дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй байна. Өвлөгдөх эд хөрөнгийг хуваах талаар ямар нэг маргаангүй харилцан тохирсон тохиолдолд нотариатч өвлөх эрхийн гэрчилгээг олгож болно. Бусад тохиолдолд шүүхээр маргааныг шийдэх журамтай” гэсэн хариуг бичгээр өгсөн. С.Б ыг Б.Б ийн төрсөн эцэг биш гэж 2-3 жил явсан. Би маш их гомдолтой байна. С.Б бид хоёрыг хамтарч ажиллаж байсныг Т.З гийн авч ирсэн бүх гэрчүүд гэрчилдэг. Иймд миний хүү Б.Б-г С.Б-ын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, С.Б-ын өмчлөлийн хөрөнгө болох нэг гишүүнтэй 154 500 000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй “И” ХХК-ийн хувьцааны С.Б-т ногдох 50 хувь, ....... дүүргийн ....... дугаар хороо, ....... дугаар хороолол, ........... дүгээр байрны 2 дугаар давхарт байршилтай ......,..........тоот үл хөдлөх хөрөнгүүд, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 257 дугаартай захирамжтай .......... дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв Т.Д , С.Б нарын хамтран эзэмшдэг газрын С.Б-т ногдох хэсэг, ланд круйзер маркийн 83-38 УБЧ, порше маркийн 90-90 УБД, хүнд даацын 10-30 УНБ улсын дугаартай автомашинууд, “И” ХХК болон С.Б-ын нэр дээрх ......., ........., ........., ......., .........., ........... дугаарууд, Худалдаа хөгжлийн банкны 3 дугаар зэрэгт өвлөгдөх эд хөрөнгүүдийн 100 хувийн өвлөгчөөр тогтоож өгнө үү. С.Б-ын эцэг, эх нь П.С , Т.З нар мөн боловч тэднийг өв залгамжлах эрхээ алдсан гэж үзэж байгаа. 2006 оноос С.Б ыг нас барах хүртэл бид хоёр хамт амьдарч байсан. Эцэг, эхтэйгээ хамт амьдарч байгаагүй. Нас барах хүртлээ надтай хамт амьдарч байсан. Биднийг хамтын амьдралтай байсныг шүүхээс удаа дараа тогтоож өгсөн боловч Т.З тэрийг хүчингүй болгодог. Сүүлд дахин хамтын амьдралтай байсныг тогтоож өгсөн. Өв хүлээн авах хүсэлтээ Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар 1 жилийн дотор гаргах байтал 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тойргийн нотариатч н.А-д хүсэлтээ гаргасан гэдэг бөгөөд үүнийг 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр МНТ-ын бүртгэлд утсаар бүртгүүлсэн гэдэг. Гэтэл С.Б 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нас барсан учраас хугацаа хэтэрсэн гэж үзэж байгаа гэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б нь бидний төрсөн хүү бөгөөд өвчний учир нас барсан. Хүү маань албан ёсоор гэрлэлтээ батлуулж байгаагүй ба Ш.Ч гийн хүү Б.Б нь миний хүүгээр овоглогдсон байдаг боловч миний хүү үр тогтоох боломжгүй байсныг бид нас барсных нь дараа мэдсэн. Энэ хоёр 2006 оноос хамтарч ажиллах гэрээ гэж байгуулсан боловч 1 жил болоод хамтарч ажиллаж чадахгүй болсон. 2006-2008 он хүртэл маргалдаж шүүхээр явсан. Ш.Ч 6 удаа шунахай сэтгэл гаргаж хуурамч бүртгэл хийж миний хүүгийн компанийг өөрийн болгох гэж явсан нь нотлогдсон. Ш.Ч гийн хүү Б.Б нь С.Б-ын хүүхэд биш гэдэг нь шүүхийн шинжилгээгээр батлагдсан. Энэ хүний хүүхдийг би өөрөө хүүгээрээ овоглосноор буруу болсон. Ш.Ч тэй хамт амьдарч байсан зүйл байхгүй. Ш.Ч г гэртээ оруулснаар миний алдаа болсон. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч МНТ-ын танхим шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатын үйлчилгээг иргэд, хуулийн этгээдэд үзүүлдэг субьект нь нотариатч байдаг. МНТ нь нотариатчдыг эгнээндээ нэгтгэсэн, тэдний мэргэжлийн үйл ажиллагааг хуульд заасны дагуу уялдуулан зохицуулдаг, нотариатчдын эрх ашгийг хамгаалдаг, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гагцхүү нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотариатын үйлчилгээг эрхлэн гүйцэтгэдэг. Тухайн үйл ажиллагааг эрхлүүлэн гүйцэтгүүлэхээр хуульчлагдсан тодорхой субьектын эрх үүргийг МНТ шууд болон шууд бус хэлбэрээр эдэлдэг байгууллага биш бөгөөд Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т... нотариатчийн чиг үүргийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж, нотариатын үйлчилгээний хөлс орлогоор санхүүжин ажиллаж байгаа иргэнийг нотариатч гэнэ. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д нотариатч ажиллаагүй суманд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан сумын Засаг даргын тамгын газрын дарга нотариатчийн үүргийг хавсаргаж гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан Хууль дээдлэх, Хараат бус бие даасан байх, Тэгш эрхийг хангах, Шударга ёсыг хангах зэрэг үндсэн 6 зарчмыг өөрийн үйл ажиллагаандаа баримтлан ажилладаг. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно” гэж заасан ба өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох субьектыг тодорхойлж өгсөн. Хууль ёсны өвлөгчдийн хоорондын өв залгамжлалтай холбогдсон маргааныг гагцхүү шүүхийн журмаар шийдвэрлэх бөгөөд тухайн асуудлаар шүүх өөрийн шийдвэрээ гаргаж байсан. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д “өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нэгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариатад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээж авсан гэж үзнэ”, 527 дугаар зүйлийн 527.3-д “Өвлөгчийн хүлээн авсан эд хөрөнгийг өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзнэ”, 518 дугаар зүйлийн 518.1-д “ ...өвлүүлэгч нас барсан өдрөөс ... өв нээгдэнэ”, 532 дугаар зүйлийн 532.1-д “...өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ” гэж заасан. Иймд Ш.Ч гийн МНТ-д хамааруулан хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.З шүүхэд гаргасан тайлбартаа: “М” ХЗХ-д зээлийн төлбөрийг төлсөн тохиолдолд 90-90 УБД дугаартай Порше, 83-38 УБИ дугаартай Ланд крузер, 10-30 УНБ улсын дугаартай Хюндай авто сонсмол авто машинуудын, эзэмших эрхийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй. Намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.З шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Т.З , П.С нарыг хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, С.Б-ын 100 хувийн өмчлөлийн хөрөнгө болох “И” ХХК-ийн хувьцааны оногдох хэсгийг тогтоолгох, С.Б-ын нэр дээр байгаа ....... дүүрэг ........ дугаар хороо ........ хороолол ........ дүгээр байрны ...., ....... үйлчилгээний зориулалттай 2 үл хөдлөх эд хөрөнгө, 3 автомашин, С.Б-ын нэр дээрх мобикомын утасны дугаарын эзэмших эрхээс ногдох хэсгээ тогтоолгох шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаагаар ямар хаягт хамт амьдарч байсан бэ гэдэг асуудал үүсээд байх шиг байна. Баянгол дүүргийн хорооны Засаг даргын Баянгол дүүргийн 5 хороонд эцэг, эхийн хамт амьдарч байсан гэдэг тодорхойлолт байгаа. 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргаагүй бол харин эсрэгээрээ өвийг хүлээн авсан гэж үзнэ. Т.З , П.С нар өв хүлээн авахаас татгалзаагүй учраас өвийг хүлээн авсан гэж үзнэ. Үүнээс гадна Нотариатчдын танхимаас ирүүлсэн албан тоотод талийгаач С.Б-ын өмчлөлд байгаа тодорхой нэр бүхий хөрөнгүүдийг өвлөх хүсэлтээ Баянгол дүүргийн тойргийн нотариатч О.А-д 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргаж, нотариатчдын танхимын өв залгамжлагчдын нэгдсэн бүртгэлд энэ огноогоороо бүртгэгдсэн талаар дурдсан байгаа. Сүүлд шүүхээс давхар лавлагаа авсан байгаа. Цаг хугацаа нь тодорхой байгаа. Иймд Т.З , П.С нарыг С.Б-ын хөрөнгийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ш.Ч болон С.Б-ын цорын ганц өв залгамжлагч нь тэдний хүү Б.Б юм. Т.З , П.С нар нь С.Б-ын эцэг, эх мөн боловч нас барах үед хамт амьдарч байгаагүй учраас Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т заасны дагуу хүү Б.Б өвийг хүлээж авсан. Талийгаач С.Б нас барах үедээ Ш.Ч тэй хамт амьдарч байсан. Үүнийг үндэслэж хамтын амьдралтай байсныг тогтоосон шийдвэр гарсан. Энэ шийдвэрээр 2006 оны 01 дүгээр сарын 01-нээс 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл С.Б-тай хамт амьдарч байсан болохыг тогтоосон. Хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрч н.А , н.А , н.Ө нарын мэдүүлэг болон Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг зэрэг баримтуудаар нотлогдоод хамтын амьдралтайг тогтоосон. Хамтран амьдрах явцад хүү Б.Б 2007 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн гэдгийг мөн тогтоосон. Энэ шийдвэрээр Т.З , П.С нартай хамт амьдарч байсныг тогтоогоогүй. Ийм учраас С.Б-ын эцэг, эх өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Ш.Ч шүүхэд гаргасан гаргасан бие даасан шаардлагадаа: Би 2005 онд С.Б-тай танилцахад С.Б нь замын цагдаа хийдэг, 100 000 төгрөгийн цалинтай ийм л хүн байсан. Ямар ч хөрөнгөгүй байсан. Би харин 1998 оноос мотоциклийн сэлбэг ОХУ-ын Ижевск хотоос зөөж, маш их хөдөлмөрлөж байсан. Ижевск хотоос 15 жил мотоцикль, сэлбэг, төмөр зөөж хэцүү бүхнийг туулж энэ амьдралыг босгосон. Надад хөрөнгийн эх үүсвэр байсан. Би хөрөнгөө гаргасан учраас “хамтран ажиллах гэрээ”-нд зааснаар удирдах чиглэлээр, С.Б гүйцэтгэх чиглэлээр ажиллана гэж тусгасан. Тэр үед С.Б-т ямар ч хөрөнгө мөнгө байгаагүй. Харин ээж, аавынх нь 3 өрөө байрыг Анод банкны барьцаанаас чөлөөлж өгч байсан. Ингээд 2007 оны 9 дүгээр сарын 04-нд бидний хүү Б.Б төрж би хүүхдээ харах шаардлагатай болсны улмаас “И” ХХК-ийн 50 хувийг С.Б-т “бэлэглэлийн гэрээ”-гээр шилжүүлсэн юм. Талийгаач С.Б-ын нэр дээр байгаа эд хөрөнгө нь талийгаач бид хоёрын хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгө юм. Бид жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж оруулж ирэхээр болоод би 3 өрөө байраа, унаж байсан машин, хороололд байсан саунаа зараад дансанд шууд 39 000 000 төгрөг орж ирсэн. Энэ бүх хөрөнгө бий болох хөрөнгийн эх үүсвэр надаас гарсан. Би энэ амьдралыг босгох гэж залуу нас, эрүүл мэнд, хөлс хүч бүх зүйлээ золиосолсон. Тийм учраас би энэ хөрөнгүүдийн 50 хувийг авах эрхтэй. 2 000 000 төгрөгийн дүрмийн сантай компанийг 50, 50 хувийн хөрөнгө гаргаад байгуулж байсан. Гэтэл энэ компанийг Т.З манай компани гэж ярьж байна үүнийг өөрийнх гэдгийг нотлох зүйл байхгүй. Компанийг байгуулахдаа 2 000 000 төгрөгийн үнэтэй нэг ширхэг бутлагчтай байгуулж байсан юм. Маргаан байсан уу гэвэл байсан манай дүү, С.Б нарын хооронд маргаан байсан. Ш.Ч энийгээ ав юу ч хийхгүй байна гээд манай дүү уурладаг байсан эцсийн эцэст би хүүгийнхээ эцгийн талд орохоос аргагүй болж шүүх хуралдаан дээр С.Б-ын нэхэмжлэлийг зөвшөөрч “Ч” ХХК-ийн бүртгэлийг хүчингүй болгож байсан. Шүүгч нар асуудаг хэн илүү хөдөлмөрлөсөн, хэн илүү хөрөнгө оруулсан гэдгийг асууж байсан. Би өөрөө буруу хүмүүстэй нийлж амьдралаа сүйрүүлсэн. Бидний хамтран ажиллах гэрээний дагуу оруулж ирсэн хөнгөн бетон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг С.Б сүүлд 2011 онд дахин үнэлүүлээд “И” ХХК-ийн дүрмийн санг 154 500 000 төгрөг болгож бүртгүүлсэн. Иймд би “И” ХХК-ийн хувьцааны 50 хувийг эзэмших эрхтэй гэж үзэж байна. Иймд би Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 119-6, 7 тоот байрны 50 хувийн өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй бөгөөд энэ 2 байрны талбайн хэмжээ, үнэлгээ адилхан учраас 6 тоот байрны 100 хувийн өмчлөгчөөр тогтоож, 3 автомашин, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Нийслэлийн Засаг даргын 2011 оны 257 тоот захирамжтай Т.Д , С.Б нарын хамтран эзэмшдэг газрын С.Б-т ногдох хэсгийн 50 хувийн эзэмшигчээр Ш.Ч намайг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “И” ХХК-д 50 хувийн хөрөнгө оруулж байсан 50 хувийн хувьцааны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гээд яриад байна. Энэ бол боломжгүй. Компанийн хувьцаа эзэмшигч гэдэг ойлголтыг Компанийн тухай хуулинд тодорхой заагаад өгсөн байгаа. Онцлог зохицуулалтай хууль юм. Компани өөрийн эзэмших хөрөнгийн хэмжээнд хариуцлага хүлээдэг. Хувьцаа эзэмших шаардлагыг гаргах эрхгүй гэж үзэж байна. Баянгол дүүргийн шүүхэд компанийн 50 хувийн хувьцааны эзэмшигчээр тогтоолгож, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг Ш.Ч гаргаж байсан. 50 хувийн хувьцааг бэлэглэлээр шилжүүлсэн учраас өөрөөр шийдэх боломж байхгүй. ....... дүүргийн ....... дугаар хороо, ....... дугаар хороолол, ....... байрны ......, ........тоот үл хөдлөх эд хөрөнгөд миний хөрөнгө нийлсэн, холилдсон гээд яриад байдаг боловч үүнийгээ нотолсон зүйл байхгүй. Гэтэл “И” ХХК энэ барилгыг барьж ашиглалтад оруулсан. Иймд компанийн бий болгосон хөрөнгүүдийн 50 хувийн өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй. С.Б дангаараа энэ барилгыг бариагүй. Ланд круйзер маркий 83-33 УНЧ, порш маркийн 90-90, 10-30 дугаартай авто машинуудын 50 хувийн эзэмшигчээр тогтоож өгнө үү гэсэн байдаг. Эдгээр машин талийгаачийн нэр дээр байсан. Эдгээр автомашиныг худалдаж авахад Ш.Ч гийн хөрөнгийн 50 хувийг орсон гэдгийг юугаар нотлох вэ. Т.Д-тэй хамтарч эзэмшиж байгаа газрыг Газрын тухай хуулинд заасан үндэслэл журмын дагуу бүртгэдэг. Ш.Ч ямар үндэслэлээр энэ газрын эзэмших эрхийг шаардаад байгааг ойлгохгүй байна. Иймд бие даасан шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Д , түүний өмгөөлөгч П.Ц нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Д гийн эзэмшдэг 0,07 га газрын 50 хувийн эзэмшигчээр Ш.Ч г тогтоох боломжгүй. С.Б нь “И” ХХК-ийн 100 хувийн эзэмшигч байхдаа Т.Д-тэй хамтарч бий болгосон хөрөнгө юм. Ш.Ч гийн хөрөнгө ороогүй. Иймд нэхэмжлэх эрх байхгүй. 0,07 га газрыг 2008 онд бэлэглэлийн журмаар шууд шилжиж ирсэн. Анх С.Б , Т.Д нар хамтарч газар эзэмшихээр хамт очиж хүсэлт гаргасан зүйл байхгүй. Анх Т.Д гараж барих зорилгоор авсан бөгөөд дараа нь С.Б-ын нэрийг хамтран эзэмшигчээр оруулсан юм. Бие даасан шаардлагыг хангах үндэсгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт зааснаар С.Б-ын өмчлөлийн...........дүүргийн ......дугаар хороо, ...... дугаар хороолол, ........ дүгээр байрны .......тоот үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, ....... дүүргийн ....... дугаар хороо, ........ дугаар хороолол, ......дүгээр байрны 6 тоот үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, 83-38 УБЧ улсын дугаартай ланд крузер маркийн автомашин, 90-90 УБД улсын дугаартай порше маркийн автомашин, 10-30 УНБ улсын дугаартай хьюндай маркийн хүнд даацын автомашинуудын 50 хувийн өмчлөгчөөр, “И” ХХК-ийн дүрмийн сангийн 76 250 000 төгрөг буюу 49,35 хувийн хувьцаа эзэмшигчээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Ч г тогтоож, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Нийслэлийн Засаг даргын 2011 оны 257 дугаар захирамжтай С.Б , Т.Д нарын хамтран эзэмшдэг газрын эзэмших эрхийн С.Б-т ногдох хэсгийн 50 хувийн эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Б, Т.З, П.С нарыг талийгаач С.Б-ын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, ......... дүүргийн ............ дугаар хороо, ...... дугаар хороолол, .......дүгээр байрны ....... тоот үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн .........дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч Т.З , П.С нарыг тогтоож, хариуцагч Т.З, П.С нараас тус үл хөдлөх эд хөрөнгөөс Б.Б д ногдох хэсэг 54 666 666.6 төгрөг, бие даасан шаардлага гаргасан Ш.Ч д ногдох хэсэг 164 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ч-д олгож, ...... дүүргийн ...... дугаар хороо, ...... дугаар хороолол, ......дүгээр байрны ....... тоот үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ........ дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ш.Ч г тогтоож, нэхэмжлэгч Ш.Ч-ээс тус үл хөдлөх эд хөрөнгөөс хариуцагч Т.З , П.С нарт ногдох хэсэг 109 333 333.3 төгрөгийг гаргуулан Т.З, П.С нарт олгож, 83-38 УБЧ улсын дугаартай ланд крузер маркийн автомашин, 90-90 УБД улсын дугаартай порше маркийн автомашин, 10-30 УНБ улсын дугаартай хьюндай маркийн хүнд даацын автомашинуудын өмчлөгчөөр хариуцагч Т.З , П.С ыг тогтоож, хариуцагч Т.З, П.С нараас тус хөдлөх эд хөрөнгөөс Б.Б д ногдох хэсэг 10 сая төгрөг, бие даасан шаардлага гаргасан Ш.Ч д ногдох хэсэг 30 сая төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ч-д олгож, мобикомын ........., ............. дугааруудын эзэмшигчээр хариуцагч Т.З , П.С ыг тогтоож, хариуцагч Т.З, П.Сүхбаатар нараас 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ч-д олгож, Худалдаа хөгжлийн банкны 452541338 тоот дансны эзэмшигчээр Б.Б ийн хууль ёсны асран хамгаалагч Ш.Ч г, 452541339 тоот дансны эзэмшигчээр хариуцагч Т.З-г, 456058112 тоот дансны эзэмшигчээр хариуцагч П.С-ыг тогтоож, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Нийслэлийн Засаг даргын 2011 оны 257 дугаар захирамжтай С.Б , Т.Д нарын хамтран эзэмшдэг газрын эзэмших эрхээс С.Б-т ногдох хэсгийн 50 хувийг Б.Б , Т.З , П.С нар адил тэнцүү хэмжээгээр эзэмших эрхтэй болохыг тогтоож, “И” ХХК-ийн хувьцааны 16,88 хувийн эзэмшигчээр Б.Б ийн хууль ёсны асран хамгаалагч Шаравын Чимгээг, 16,88 хувийн эзэмшигчээр хариуцагч Т.З, 16,88 хувийн эзэмшигчээр хариуцагч П.С нарыг тогтоож, өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай МНТ-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт зааснаар ......дүүргийн ........ дугаар хороо ........ дугаар хороолол ........ байрны ...........тоот үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн .......... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч Т.З, П.С нарыг, ........ дүүргийн ...... дугаар хороо, ....... дугаар хороолол, ....... дүгээр байрны ..........тоот үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ........... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ш.Ч-г бүртгэж, гэрчилгээ олгохыг, “И” ХХК-ийн хувьцааны 66,23 хувийн эзэмшигчээр нэхэмжлэгч Ш.Ч-г, 16,88 хувийн эзэмшигчээр хариуцагч Т.З , 16,88 хувийн эзэмшигчээр хариуцагч П.С нарыг бүртгэхийг Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газарт, 83-38 УБЧ улсын дугаартай ланд крузер маркийн автомашин, 90-90 УБД улсын дугаартай порше маркийн автомашин, 10-30 УНБ улсын дугаартай хьюндай маркийн хүнд даацын автомашинуудын эзэмшигчээр хариуцагч Т.З г бүртгэж, гэрчилгээ олгохыг Авто тээврийн Үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст,452541338 тоот дансны эзэмшигчийг Б.Б ийн хууль ёсны асран хамгаалагч Ш.Ч-д, 452541339 тоот дансны эзэмшигчийг хариуцагч Т.З д, 456058112 тоот дансны эзэмшигчийг хариуцагч П.Ст шилжүүлэхийг Худалдаа хөгжлийн банкинд, .........., ......... дугааруудын эзэмшигчийг хариуцагч Т.З , П.С нарт шилжүүлэхийг “М” ХХК-д, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Нийслэлийн Засаг даргын 2011 оны 257 дугаар захирамжтай С.Б , Т.Д нарын хамтран эзэмшдэг газрын эзэмших эрхээс С.Б-т ногдох хэсгийн 50 хувийн эзэмшигчээр Ш.Ч, Т.З , П.С нарыг бүртгэж, гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан Ш.Ч гээс улсын тэмдэгтийн хураамжид 2 329 200 төгрөг гаргуулж улсын орлогод, 440 000 төгрөг гаргуулж “Х” ХХК-д, хариуцагч Т.З , П.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 359 200 төгрөг гаргуулан Ш.Ч д, 440 000 төгрөг гаргуулан “Х” ХХК-д, хариуцагч Т.З , П.С , Ч.З нараас улсын тэмдэгтийн хураамжид 307 950 төгрөг гаргуулан Ш.Ч д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Т.З давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Т.З , П.С бид эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Хэрэг маргааны тухайд материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн шүүхээс оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд л шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана. Гэвч дээрх шүүхийн шийдвэр нь холбогдох хуулийн заалт, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж гарсан гэж үзэж байна.

Шүүх энэхүү хэрэгт бие даасан шаардлага гаргасан этгээдээр Ш.Ч г оролцуулах хууль зүйн үндэслэл байгаагүй. Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.3-д заасанчлан өөрийн гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүний хооронд үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлэхэд уг хүнийг төлөөлөхийг хориглосон бөгөөд гаргасан бие даасан шаардлага нь хүү Б-ийн өвлөгдөх эд хөрөнгийг хувиарлахад шууд нөлөөлөхөөр байгаа юм. Энэ нь Б-ийн хууль ёсны төлөөлөгчийн хувиар гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн шаардлагаас тодорхой харагддаг.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тухайд: Анхан шатны шүүх гуравдагч этгээдээр оролцож буй Ш.Ч г “И” ХХК-ийн 49, 35 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод байгаа хамтран ажиллах гэрээг иргэн Б, Ч нар байгуулаагүй болно. Мөн гэрээнд компанийн нэр дээр шилжүүлэх талаар ямар ч тохиролцоо, хүсэл зориг С.Б-т байгаагүй болохыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Компанийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1-д заасанчлан компани нь Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй байхаар хуульчлагдсан. Эндээс компани тусдаа хөрөнгөтэй байх нь тодорхой харагдаж байхад шүүх Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д заасанчлан эд хөрөнгө нийлсэн, холилдсон гэж үзэж тэр тусмаа Ш.Ч г дээрх үндэслэлээр “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоож байгаад туйлын гомдолтой байна. Компанийн хөрөнгө нь хувьцаанаас ялгаатай ойлголт бөгөөд хэрэв хөрөнгө нийлсэн холилдсон гэж үзвэл тэр нь компанийн хувьцаа эзэмшигчээр тогтоох хууль зүйн үндэслэл биш болохыг анхан шатны шүүх анзаарч харсангүйд гомдож байна.

С.Б-ын нэр дээр байгаа шүүхийн шийдвэрт дурдсан өвлөгдөх үл хөдлөх эд хөрөнгүүдийг мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд 50 хувийг олгож шийдсэнийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрт яг ямар нотлох баримтуудыг үндэслэн эд хөрөнгө нийлсэн, холилдсон талаар дүгнээгүй зөвхөн хамтын амьдралтай байсныг тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэсэн байдаг. Хамтын амьдралтай байсныг тогтоосон нь эд хөрөнгө нийлсэн холилдсон гэж шууд үзэх үндэслэл болохгүй өөрөөр хэлбэл энэ нь холбогдох бусад баримтуудаар тогтоогдох учиртай байсан боловуу. /Үүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй болно/. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Ч нь хариуцагч Т.З , П.С , Ч.З нарт холбогдуулан хүү Б.Б-г талийгаач С.Б-ын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, хариуцагч Т.З , П.С нар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй тул С.Б-ын өвийг өвлөхөөс татгалзсан үндэслэлээр өвлөгдөх эд хөрөнгө болох ........дүүргийн  ........ дугаар хороо, ........... дугаар хороолол, ......... дүгээр байрны ....., ....... тоот үйлчилгээний зориулалттай тус бүр 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 83-38 УБЧ улсын дугаартай тоёота Ланд крузер-100 маркийн автомашин, 90-90 УБД улсын дугаартай Порше маркийн автомашин, 10-30 УНБ улсын дугаартай Хьюндай маркийн хүнд даацын автомашин, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Нийслэлийн Засаг даргын 2011 оны 257 дугаар захирамжтай эзэмшил газар, “И” ХХК-ийн хувьцаа зэргээс талийгаач С.Б-т ногдох хэсгийн өвлөгчөөр тогтоолгох, ........, ......., ........, ........, .........., ........утасны дугаар, Худалдаа хөгжлийн банкны 452541338 452541339, 456058112 тоот данснуудыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, МНТ-д холбогдуулан өвлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Т.З , П.С нар эс зөвшөөрч Б.Б-г С.Б-ын төрсөн хүү биш, маргаан бүхий хөрөнгүүдийг бий болгоход Ш.Ч гийн оролцоо байхгүй, С.Б ыг нас барах хүртэл хугацаанд хамт амьдарч байгаагүй гэж марган С.Б-ын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, “И” ХХК-ийн хувьцаа, ............ дүүргийн ........... дугаар хороо ......... дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө .......дугаар байрны ....., ....... тоот орон сууцнууд, 83-38 УБЧ улсын дугаартай Ланд крузер маркийн автомашин, 90-90 УБД улсын дугаартай Порше маркийн автомашин, 10-30 УНБ улсын дугаартай Хьюндай маркийн автомашинуудаас ногдох хэсгээ тогтоолгох, мобикомын ........., ......., ........., .........., ......., ...........дугааруудыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Ч хариуцагч Т.З , П.С нарт холбогдуулан С.Б-ын нэр дээрх эд хөрөнгө болон “И” ХХК-ийн дүрмийн санг нэмэгдүүлэхэд өөрийн оролцоо, хөрөнгө оруулалт орсон үндэслэлээр ........ дүүргийн ....... дугаар хороо, ......... дугаар хороолол, ..........дүгээр байрны............, ....... тоот үйлчилгээний зориулалттай тус бүр 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Нийслэлийн Засаг даргын 2011 оны 257 дугаар захирамжтай газар эзэмших эрхийн С.Б-т ногдох хэсгийн, 83-38 УБЧ улсын дугаартай тоёота Ланд крузер-100 маркийн автомашин, 90-90 УБД улсын дугаартай Порше маркийн автомашин, 10-30 УНБ улсын дугаартай Хьюндай маркийн хүнд даацын автомашинууд, “И” ХХК-ийн хувьцаа зэрэг хөрөнгүүдийн 50 хувийн өмчлөгч, эзэмшигчээр тогтоолгох шаардлага гаргасан байна.

 

Хэрэгт цугларсан баримт зохигчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч Ш.Ч , С.Б нарыг 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 3973 дугаар шийдвэрээр тогтоосон ба Ш.Ч , С.Б нарыг хамтын амьдралтай байсан хугацаанд буюу 2007 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүү Б.Б төрсөн болох нь түүний төрсний гэрчилгээгээр тогтоогджээ.

/хэргийн 1 дэх хавтас 6, 2 дугаар хавтас 313 дугаар тал/

 

Хариуцагч Т.З нь Б.Б-г С.Б-ын хүү биш гэж маргасан ба түүний Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан эцэг тогтоох өргөдлийг үндэслэн хийгдсэн захиргааны акт, бүртгэлийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 152 дугаар шийдвэрээр, мөн хүүхдийн биологийн эцэг биш болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2986Б дугаар шийдвэрээр тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба Б.Б-г С.Б-ын хүү биш гэж үзэх үндэслэлгүй байна.

/хэргийн 1 дэх хавтас 55-58, 59-60 дугаар тал/

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн хүүхэд, эцэг, эх хууль ёсны өвлөгч байх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байхаар зохицуулжээ.

 

“И” ХХК-ийн дүрмийн сангийн 50 хувь буюу 1 000 000 төгрөгийг 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр, мөн өдрийн эрх шилжүүлэх гэрээгээр тус компанийн эрх, үүрэг хариуцлага эд хөрөнгийг Ш.Ч нь нас барагч С.Б-т шилжүүлэхээр тохиролцсоны дагуу, тэрээр тус компанийг 100 хувь эзэмших болжээ. /хэргийн 1 дэх хавтас 148-149 дүгээр тал/

Нэхэмжлэгч Ш.Ч нь С.Б-тай 2006 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр бий болсон эд хөрөнгийг түүнд мэдэгдэлгүйгээр хууль бусаар “Ч” ХХК-ийн нэр дээр бүртгүүлсэн бүртгэл болон энэ бүртгэлтэй холбоотой хийгдсэн бусад бүртгэлүүдийг С.Б-ын өмчлөх эрх, эрх ашгийг нь хөндсөн гэж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 214 дүгээр шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд маргаан бүхий “И” ХХК-ийн нэр дээр уг эд хөрөнгийг бүртгэсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хэргийн 1 дэх хавтас 66-82 дугаар тал/

 

Маргааны зүйл болсон нас барагч С.Б-ын өмчлөлийн 83-38 УБЧ улсын дугаартай тоёота Ланд крузер-100 маркийн автомашин, 90-90 УБД улсын дугаартай Порше маркийн автомашин, 10-30 УНБ улсын дугаартай Хьюндай маркийн хүнд даацын автомашинууд нь одоо хариуцагч Ч.З ын нэр дээр бүртгэлтэй гэж талууд тайлбарлаж байх боловч тухайн эд хөрөнгүүдийн өмчлөх, эзэмших эрхтэй холбоотой бичиг баримтуудын хуулбар нь нотариатчаар гэрчлүүлсэн байх Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 /хэргийн 2 дахь хавтас 407-416 дугаар тал/  

 

Түүнчлэн нас барагч Б.Б-ын эзэмшлийн гэх маргаан бүхий мобикомын ........, ......., ........., .........., ........., .............. дугааруудыг эзэмших эрхтэй холбоотой “Мобиком корпораци” ХХК-ийн 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ХХ18/1476 дугаар албан бичгийн хавсралт нь мөн бичгийн нотлох баримттай холбоотой дээрх хуулийн заалтын шаардлагыг хангаагүй байна.

/хэргийн 1 дэх хавтас 45 дугаар тал/

 

Дээрх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй болон маргаан бүхий өвийн зүйл болох эд хөрөнгүүд нь одоо хаана, хэний өмчлөл, эзэмшилд байгаа эсэх үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй, энэ талаарх хэргийн нөхцөл байдал тодорхой бус байна.

 

Нэхэмжлэгч Ш.Ч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй байх тул түүний бие даасан шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангасан эсэхэд шүүх анхаарах байжээ.

/хэргийн 694-695, 711-712 дугаар тал/

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны төлөөлөгчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцож байгаа Ш.Ч нь өөрт хамаатай шаардлагыг гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тохиолдолд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар уг хэрэгт гуравдагч этгээд байх эсэх, мөн хуулийн 68 дугаар зүйлд заасан журмын дагуу хамтран нэхэмжлэгчээр оролцож, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эсэхэд шүүх дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Ч.З ыг хамтран хариуцагчаар татсан байх боловч хэрэгт түүнд холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж гаргасан нэхэмжлэл авагдаагүй бөгөөд шүүх үүнийг тодруулж, шийдвэрлээгүй орхигдуулсан зөрчил гаргажээ.

 

Өөрөөр хэлбэл, хамтран хариуцагч Ч.З аас үндсэн нэхэмжлэлд дурдсан өвийн зүйл болох эд хөрөнгүүдтэй холбоотой ямар үндэслэлээр, юу шаардаж байгаа нь ойлгомжгүй байна.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх арилган, нөхөн гүйцэтгэж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/03679 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хариуцагч Т.З нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШЗ2016/19869 дугаар захирамжаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                               С.ЭНХТӨР