| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00275/И |
| Дугаар | 275 |
| Огноо | 2016-08-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 275
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, А.Ишдоржийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сумъяа овогт Аюурзанын Ишдорж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1958 оны 08-р сарын 20-ны өдөр Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн. 58 настай. Би 1974 оны 09-р сарын 01-нээс 1976 оны 06-р сарын 30-ны өдрийн хооронд Завхан аймаг дахь Барилгын техник мэргэжлийн сургуульд суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд Завхан аймгийн барилга угсралтын конторт 1976 оны 06-р сарын 26-ны өдөр нормчноор ажилд ороод цэрэгт явах болсон тул 1977 оны 06-р сарын 25-ны өдрөөс 1980 оны 07-р сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хааж дуусаад 1980 оны 07-р сарын 17-ны өдөр Завхан аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор ажилд орсон. Тээврийг удирдах газарт ажиллаж байгаад тухайн газар нь 1991 оны 12-р сарын 23-ны өдөр Жинст ХХК болсон тул Жинст ХХК-ны тээврийн жолоочоор 1992 оны 01-р сарын 13-ны өдөр томилогдон ажиллаж байгаад 1995 оны 01-р сарын 01-ний өдөр тус компаниас ажлаас чөлөөлөгдсөн. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэхэд Нийгмийн даатгалын хэлтсээс намайг Тээврийн удирдах газраас ажлаас чөлөөлж Жинст ХХК-нд ажилд томилсон тушаал байхгүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн юм.
Иймд намайг 1980 оны 07-р сарын 17-ны өдрөөс 1992 оны 01-р сарын 13-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тээврийн удирдах газарт жолоочоор, 1992 оны 01-р сарын 13-ны өдрөөс 1995 оны 01-р сарын 01-ний өдрийг хүртэл Жинст ХХК-ны тээврийн жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Ишдорж нь 1980 оны 07-р сарын 17-ны өдрөөс 1992 оны 01-р сарын 13-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тээврийн удирдах газарт жолоочоор, 1992 оны 01-р сарын 13-ны өдрөөс 1995 оны 01-р сарын 01-ний өдрийг хүртэл Жинст ХХК-нд жолоочоор тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэл ирүүлжээ.
А.Ишдорж 1980 оны 07-р сарын 17-ны өдөр Завхан тээврийг удирдах газарт жолоочоор ажилд орсон болох нь Завхан тээврийг удирдах газрын 1980 оны 07-р сарын 18-ны өдрийн 109 дугаартай ажилд томилох тухай тушаалаар нотлогдож байна. Харин 1992 оны 01-р сарын 13-ны өдөр тус ажлаас чөлөөлөгдөж мөн өдрөөс 1995 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Жинст ХК-нд жолоочоор ажилласан гэх боловч энэ талаарх баримт байхгүй байна.
Гэвч нэхэмжлэгчийг дээрх газарт ажиллаж байсан талаар 1976 оны 06-р сарын 15-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 1975 оны 03-р сарын 03-ны өдрийн Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, Завхан аймгийн Тээврийг удирдах газрын 1989 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шагнал олгох тухай 87 дугаар тушаал, хавсралт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Завхан аймгийн Улиастай сумын Жинст ХК нь 1991 оны 12-р сарын 23-ны өдөр бүртгэгдэж, 1996 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн архивын 2016.06.27 өдрийн 098 тоот лавлагаагаар тогтоогджээ.
Мөн нэхэмжлэгч А.Ишдоржийн ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Н.Доржнямбуугийн ... А.Ишдорж 1980 оны үеэс л Завхан аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор ажилласан. Би өөрөө тус газарт жолоочоор ажиллаж байсан юм. Тус газар нь Жинст компани болон Өргөө компани болж тарах хүртэл ажилласан. Сүүлдээ цэргийн ангид орж ажилласан байх гэсэн мэдүүлэг,
гэрч Ж.Дандгайн ... Би 1976 оноос эхлэн Завхан аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор ажлласан. А.Ишдорж 1980 оноос эхлэн Завхан аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор ажилласан. Тасралтгүй л жолооч хийсэн. Сүүлдээ тус газар татан буугдаж Жинст компани, Өргөө компани болсон. Тэгэхэд Ишдорж Жинст компани руу, би Өргөө компанид жолоочоор орж байсан. Манай компани 1992 он хүргэл ажилласан. Ер нь сүүлийн хугацаа л 1995 он хүртэл ажилласан. А.Ишдорж цэргээс халагдаж ирээд тус газарт ажилд орж байсан. Өмнө нь юу хийж байсныг мэдэхгүй. Манайд орсноос хойш бол жолооч хийсэн... гэсэн мэдүүлэг,
гэрч Т.Пүрэвсүрэнгийн ... Би 1980 оны 02-р сард Завхан аймгийн Тээврийг удирдах газарт ачаа тээврийн болон автобусны жолоочоор ажилласан. Тэгэхэд Ишдорж надаас өмнө орчихсон мөн жолоочоор ажиллаж байсан. 1992 онд Жинст компани, Өргөө компани болоод 1995 он хүртэл хамт ажиллаж байгаад тарсан даа. А.Ишдорж Жинст компанид байсан. Даргаар нь Бэгз гэдэг хүн ажиллаж байсан. Ишдорж 66-20 гэсэн дугаартай, цэнхэр ЗИЛ-130 машинтай байсан. Манайхан чинь дотороо их олон салбартай том байгууллага байлаа. 900-гаад ажилчидтай байлаа. Тээврийг удирдах газрын даргаар Сумъяа, Баасан, Нацагмаа, Ишдорж дарга нар байсан... гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116,118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Сумъяа овогт Аюурзанын Ишдоржийг 1980 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 13-н хүртэл Завхан аймгийн Тээврийн удирдах газарт жолоочоор, 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-н хүртэл Завхан аймгийн Улиастай сумын Жинст ХК-нд жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ