Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хишгээ Байгалмаа |
Хэргийн индекс | 135/2024/00267/и |
Дугаар | 209/МА2024/00069 |
Огноо | 2024-09-03 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 209/МА2024/00069
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 135/ШШ2024/00801 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: "Гэм хорын хохирол нийт 81,619,900 төгрөг гаргуулах" тухай нэхэмжлэлтэй,
Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:
...Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт Цайдмын хөндий гэх газарт ...нөхөр Г.Дашдоржийг ******* улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслээр дайрч амь насыг нь хөнөөсөн.
Би бичиг үсэг мэдэхгүй мал маллахаас өөр ажил хийж байгаагүй. Одоо ам бүл гурвуулаа амьдардаг. Хүү ******* 20 настай, ажилгүй, ******* 10 настай. Миний бичиг үсэг мэдэхгүй, мунхаг байдлыг ашиглаж тухайн үед ******* намайг шоронд явахаас хамгаалаад гаргаад өг, би танд 2 өрөө байраа зараад хохирол төлбөрийг чинь өгнө. Ямар ч хэл ам хийхгүй хохирол төлбөрийг бүрэн барагдуулна гэхээр нь гарын үсэг зурж өгсөн.
Гэтэл уг шүүх хурал хэзээ болсныг нь би мэдээгүй. Хурал болж ******* 1 жилийн тэнсэн авсан. Би уулзаж хохирлоо авах гэхээр уулзахгүй, надад олдохгүй худал яриад алга болсон. ...Тухайн үед өмгөөлөгч аваагүй алдсан байна. Талийгаачийн оршуулгын зардал 2,604,371 төгрөгийн баримтыг эрүүгийн шүүхэд өгч амжаагүй байхад хурал дууссан.
Иймд хариуцагчаас оршуулгын зардал 2,604,371 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөр 82,500,000 төгрөг, нийт 85,104,371 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх 1-р тал/
Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: ...Оршуулгын зардал 3,669,900 төгрөг, гэм хорын хохиролд 82,500,000 төгрөг, нийт 86,169,900 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ /хх 84-р тал/
2.Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...миний бие талийгаачийн оршуулгын зардлыг хариуцаж, талийгаачийн ар гэрээс “Хохирол төлбөрт газар дээр маань хашаа бариад өгчих, сэтгэл санааны хохиролд 3,000,000 төгрөг нэмээд өгчих, өөр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсний дагуу ойролцоогоор оршуулгын зардалд 3,500,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 4,000,000 төгрөг өгч, Хонгор суманд байрлах газарт 4,000,000 гаруй төгрөгийн зардлаар шинээр хашаа барьж /Банз, хадаас, 3 хүний ажлын хөлс, буудал, хоол, унаа зэрэг зардлууд орсон/ өгсөн.
Улмаар дээрх эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд хохирогчийн ар гэрээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлж, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд мөн гомдол, саналгүй гэдэг байр сууриа илэрхийлж хуралдаа оролцоогүй.
Шүүхээс “...Шүүгдэгч ******* нь хохирол төлбөр төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй” гэж шийдвэрлэсэн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол санал гаргаагүй, тухайн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон.
Миний бие эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ам бүл 4. Эхнэр суралцдаг, одоогоор миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй, ажил хайж байгаа. Бага хүү Н.Энгүн маань зүүн нүд нь түлэгдэлтэй, 10 хувьтай хардаг, Энэтхэг улс руу эмчилгээнд явах заалттай. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тухайн үед тохирсон ёсоороо барагдуулсан гэж үзэж байна.
Иймд *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх 43-р тал/
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******эс нийт 81,619,900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******эс 566,050 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
а. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй, мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.
Гэтэл ******* нь эрүүгийн журмаар шийдвэрлэсэн хохирол, иргэний нэхэмжлэлийн асуудлаар дахин нэхэмжлэл гаргасныг иргэний хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
б. ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь оршуулгын зардал, хашаа бариулахаар тохирсон, мөн дансаар болон бэлнээр мөнгө хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ нь хохирогчийн ар гэрт сэтгэл санааны хохиролд зориулж өгсөн. Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлж, хохиролд төлсөн төлбөрийг буруу тооцсон.
в. Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т заасныг үндэслэн сэтгэцэд учирсан хохирол гэм хорыг арилгах нөхөн төлбөрт 77,950,000 төгрөг нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д "2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж нэмсэн бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан."
Харин Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд энэ нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс /2024.07.01-ээс хойш/ үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд шинээр батлагдсан хууль тогтоомжид буцаан хэрэглэх нөхцөлийг тусгасан, эсхүл гэрээний үүргийн талаар илүү ашигтай журмыг тогтоосноос бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэсэн ерөнхий зарчим үйлчилнэ. Анхан шатны шүүх Иргэний хуулийг буцаан хэрэглэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.
Учир нь гэмт хэргийн улмаас хохирогч 2024.05.14-ний өдөр нас барсан бөгөөд тухайн цаг үеэс хохирол, хор уршиг, түүнийг шаардах эрх үүссэн буюу Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-т зааснаар гэм хор учруулснаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийг анхан шатны журмаар 2024.09.11-ний өдөр хянан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг буцаан хэрэглэх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх 197-199-р тал/
5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан оршуулгын зардал 2,604,371 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөр 82,500,000 төгрөг, нийт 85,104,371 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан байх ба нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оршуулгын зардал 3,669,900 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөр 77,950,000 төгрөг, нийт 81,619,900 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагыг багасгажээ.
3.Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.
4.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
5.Талууд 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан оршуулгын зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөр нийт 81,619,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 71,619,900 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 10,000,000 төгрөг болгон багасгасан,
хариуцагч ******* багасгасан шаардлагыг зөвшөөрч 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний дотор 5,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байх ба хариуцагч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөгийг төлж, дансны хуулгыг хавсаргасан байна.
6.Талууд дахин дээрх асуудлаар маргахгүй, эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж өөрсдийн хүсэл, зоригоо илэрхийлж, “эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж тохиролцсон нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Талуудын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан хэлцлийг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
7.Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т “давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, ... бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасан.
8.Түүнчлэн зохигч эвлэрэн хэлэлцсэнээр хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, мөн энэхүү зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учиртай болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 75 дугаар зүйлийн 75.5, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт тус тус хуульчлан зохицуулсныг талуудад тайлбарлаж, энэ талаар шийдвэрт тусгах нь зүйтэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д “зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасан.
Хариуцагч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 566,050 төгрөг төлсөн байх бөгөөд үүнийг хуульд зааснаар буцаан олгохгүй тул Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, энэ талаар шийдвэрт тусгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 135/ШШ2024/00801 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар эвлэрэн хэлэлцэж,
нэхэмжлэгч ******* нь оршуулгын зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт нийт 10,000,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч ******* зөвшөөрч, 5,000,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр, үлдэх 5,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний дотор тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 566,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Хариуцагч ******* нь эвлэрлийн гэрээнд заасны дагуу 5,000,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлсөн байх ба энэ талаар талууд маргаангүй гэснийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалын дагуу хариуцагч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний дотор 5,000,000 /таван сая / төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Х.БАЙГАЛМАА