Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 276

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Б.Цэрмааг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, П.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй Б.Сэрсэнжавын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Рааш овогт Пилжээгийн Мягмарсүрэн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

П.Мягмарсүрэн миний ээж Буянбуугийн Сэрсэнжав нь Завхан аймгийн Цагаанчулуут сумд 1925 онд төрсөн бөгөөд намайг 5 настай байхад буюу 1962 онд Завхан аймгийн Цагаанчулуут сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгч буюу цэвэрлэгчээр ажилд орсон байдаг. Би Цагаанчулуут сумын бага сургуульд 1966 онд орж суралцаад 4-р ани төгсөж 1970 онд аймгийн 8-н жилийн дунд сургуульд суралцах болсноор ээж маань ХБАнгийн цэвэрлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөн намайг дагаж аймгийн төв орсон бөгөөд аав маань Завхан аймгийн ХБТрестийн бой түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд ээж маань 1971 оноос 1977 оныг дуустал аймгийн ХБТрестэд бой нядалгааны газарт цэвэрлэгчээр ажиллаж байгаад 1977 онд өвчний улмаас ажлаас чөлөөлөгдөж байсан билээ. Түүнээс хойш ажил хийх боломжгүй эмчилгээ хийлгэж байгаад намайг дагаж явсаар өдийг хүрсэн бөгөөд 2016.07.21-ний өдөр 92 насандаа таалал төгссөн юмаа. Ээжийн оршуулгын тэтгэмжид ажилласан жилийг заавал тодорхойлуулах шаардлагатай байгаа үндэслэн Завхан аймгийн архивын газраас лавлагаа авсан боловч уг лавлагаанд Завхан аймгийн ХБТрестэд цэвэрлэгчээр ажилласан тодорхойлолтоос өөр юмгүй. Цагаанчулуут сумд болон архивын газарт Завхан аймгийн Цагаанчулуут сумд ажилласан материалууд нь ирээгүй байгаа боловч Цагаанчулуут сумын ЗДТГ-аас ажиллаж байсныг тодорхойлсон зэргийг харгалзан улсад ажилласан жилийг тогтоож өгөхийг хүсч нэхэмжлэл гаргав гэжээ.

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өөрийн биеэр шүүх хуралдаанд ирэх боломжгүй Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа тул шүүх хуралдааныг байхгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч П.Мягмарсүрэн нь Б.Сэрсэнжавыг 1962 оны 01-р сарын 01-нээс 1970 оны 09-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр, 1971 оны 11-р сарын 01-нээс 1977 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлсэн бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Б.Сэрсэнжав нь 1962 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Цагаанчулуут сумын Худалдааа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр ажилд орж 1970 оны 09-р сарын 01-ний өдөр тус ажлаас чөлөөлөгдсөн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бичсэн боловч энэ талаарх нотлох баримт байхгүй байна.

Гэвч энэ талаар мэдүүлсэн гэрч Ё.Дамдинсүрэнгийн ...Би 1960 онд Завхан аймгийн Цагаанчулуут сумын Худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогчоор ажиллаж байсан юм. Тэгэхэд 1962 оны 1-р сарын 01-нд Сэрсэнжав Цагаанчулуут сумын худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр орж ирж байсан юм. Тэгээд би 1970 оны 06-р сарын 01-нд аймаг шилжиж аймгийн худалдаа бэлтгэлийн ангид байцаагч, нягтлан бодогчоор ирж ажилласан юм. Тэгэхэд Сэрсэнжав тэнд ажлаа хийгээд хоцорсон. Дараа нь Худалдаа бэлтгэлийн трестийн бойны даргаар нь Пэлжээ гэж Сэрсэнжавын хань нь ажилладаг байсан учраас эхнэр Сэрсэнжаваа бас аймагт татаж аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд цэвэрлэгчээр ажиллуулсан. Миний дараа буюу 1970 оны намар орж ирж байсан юм. ... Сэрсэнжав 1977 он хүртэл ажиллаад ар гэрийн шалтгааны улсаас ажлаас гарч байсан. ... тухайн үеийн Худалдаа бэлтгэлийн трестийн даргаар 1977 онд Гармаажав байсан. Түүнээс өмнө Чүлтэм байсан. ... Рэнцэн гэж Худалдаа бэлтгэлийн трестийн удирдах газрын орлогч дарга байсан. Худалдаа бэлтгэлийн трестийн удирдах газрын дарга Туваан гэж хүн байсан. Трестийн түүхий эдийн эрхлэгч нь Лүнрэв гэдэг хүн байсан... гэсэн,

гэрч Л.Долгорын ...Би 1960 онд Завхан аймгийн Цагаанчулуут суманд худалдаа бэлтгэлийн ангид худалдагч хийсэн. Тэгэхэд Сэрсэнжав гуай 1961 онд Худалдаа бэлтгэлийн ангиад цэвэрлэгчээр орж байсан. Мягмарсүрэн гэж ганц хүүтэй. Хүүгээ дугуйн дээрээ суулгаад араас нь түрээд их явдаг байсан даа. Худалдаа бэлтгэлийн ангийн контор, манай дэлгүүр хоёрыг цэвэрлээд явдаг байсан. Тухай үед дэлгүүрээ өөрсдөө галладаг байсан. Тэгээд нэг удаа дэлгүүрээ модны үртэсээр галлачихаад байж байтал Сэрсэнжав гуай орж ирчихээд намайг зэмлэж яасан заваан галладаг хүн бэ гэж хэлж байж билээ. Би одоо гэрээ галлах болгондоо санадаг юм. Цэвэрхэн галаа түлсэнгүй гээд үртэс, нүүрс их унагаах юм гээд зэмлүүлдэг байлаа. Их цэвэрч хүн байсан. ... Би 1969 онд наашаа аймаг орж ирсэн. Тэгэхэ; миний ээж ганцаараа үлдсэн учраас ээжийгээ эргэж очиход Сэрсэнжав гуай ажиллаж байсан. Дараа нь би ахуй үйлчилгээнд ажиллаж байхдаа Сэрсэнжав гуайтэй нэг таарсан юм. Тэр үе 1970 онд юм. Тэгээд би Сэрсэнжав гуайтай золгочихоод та хаана юу хийж байгаа вэ гэхэд би аймагт ирсэн. Энд Худалдаа бэлтгэлийн трестэд ажилд орсон гэж хэлсэн. Юу хийж байгаа юм бэ гэхэд нөгөө хийдэг ажлаа хийж байгаа гэж байсан. Хэдэн он хүртэл ажилласныг сайн мэдэхгүй. Хожим хүү Мягмарсүрэнтэй нь таарахад Цагдаагийн газарт ажиллаж байгаа гэж байсан. Ээжийг нь асуусан чинь тэтгэвэрт гарсан гэж байсан. Он сарыг мартаад байна... гэсэн мэдүүлгүүдээр ажиллаж байсан байдал нь нотлогдож байна гэж үзлээ.

Мөн Б.Сэрсэнжав 1971 оны 11-р сарын 01-нээс эхлэн Завхан аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн Бойны мал маллагааны газарт цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь Завхан Улиастай хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1971 оны 11-р сарын 03-ны өдрийн 268 дугаар ...ажилд томилох тухай... тушаалд ...Бойны газар нядлах малын тоо, нэмэгдэж ашиглаж байсан худаг нь усгүй болж, нядалгааны мах, гэдэсний сүүл, өөхийг авах цэвэрлэгээ хийх зэрэгт нэг хүн хүрэлцэхгүй байгааг харгалзан 4-р хорооны харъяат н.Сэрсэнжавыг бойны газрын цэвэрлэгч бөгөөд өөх авагчаар 1971 оны 11-р сарын 01-нээс эхлэн түр хугацаагаар томилсугай. ...Сэрсэнжавт 200 төгрөгийн цалин олгохыг санхүүд мэдэгдсүгэй. Худалдаа бэлтгэлийн трестийн дарга Рэнцэн... гэж бичсэн байдлаарнотлогдож байна.

Харин 1977 оны 12-р сарын 31-н хүртэл тус газарт ажилласан гэх боловч ажлаас гарсан тушаал байхгүй бөгөөд Завхан Улиастай хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1977 оны 06-р сарын 01-ний өдрийн 88 дугаар улирлын ажилчид томилох тухай тушаалд ...Бойны газарт мал нядлагчаар Балжинням, Түдэв, Цэрэнлхам, Чунагсүрэн, Мөнхөө, Өвгөнхүү, гэдэс арилгагчаар Сэрсэнжав, Бадам, Цэвэгсүрэн, Өлзийхүү, Ичинхорлоо, Цэрэнпил, өлөн хөвөгчөөр Нямсүрэн, Цагаанхүү, Содномбалжир нарыг 6-р сарын 1-нээс эхлэн тус тус томилон ажиллуулсугай. ...хоёрт: шинээр ажилд орсон хүмүүст ажил төрлийн семинар зөвлөлгөө өгч Содномбалжирыг төсвөөр, бусдыг хийснээр цалинжуулахыг бойн эрхлэгч Базаррагчаа, ня-бо Сүнжээлхагва нарт мэдэгдсүгэй. Дарга П.Гармаажав... гэж бичигдсэн байдлаас харахад Б.Сэрсэнжавыг 1977 оныг дуустал ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Ё.Дамдинсүрэн, Л.Долгор нар давхар нотолж байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116,118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б.Сэрсэнжавыг 1962 оны 01-р сарын 01-нээс 1970 оны 09-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр, 1971 оны 11-р сарын 01-нээс 1977 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан Улиастай хотын Худалдаа бэлтгэлийн трестэд цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ