| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хишгээ Байгалмаа |
| Хэргийн индекс | 135/2023/00505/и |
| Дугаар | 209/МА2024/00070 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Ажил гүйцэтгэх, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 209/МА2024/00070
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн
танхимын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 135/ШШ2024/00747 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч "*******" НҮТББ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч "*******" ХХК-д холбогдох,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн "*******" ХХК-тай байгуулсан 20/113 дугаартай худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 100,001,000 төгрөг, алданги 50,000,500 төгрөг, нийт 150,001,500 төгрөг гаргуулах" тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн "*******" ХХК-тай байгуулсан 20/113 дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 220,000,000 төгрөг гаргуулах" тухай,
Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр "*******" ХХК-тай 20/113 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Талууд малын арьсны нэгж үнийг ямааны арьс-15,000 төгрөг, хонины арьс- 3000 төгрөг байхаар тус тус тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу 5542 ширхэг хонины арьс, 20225 ширхэг ямааны арьс нийтдээ 25767 малын арьсыг хариуцагч компанид шилжүүлэн өгсөн бөгөөд талууд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажил хүлээлцсэн актаар баталсан. Хариуцагч нь 220,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл нь 100,001,000 төгрөгийг хариуцагч компаниас нэхэмжилж байна.
Талуудын хооронд ...худалдан авагч гэрээгээр тохирсон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.2 хувийн алдангийг худалдагч талд төлнө гэж заасан.
Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажил хүлээлцсэн актаар 320,001,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг худалдан авагч талд шилжүүлсэн бөгөөд гэрээнд заасны дагуу 180 хоногийг тооцож үзвэл 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дуусаж байна. 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл тооцвол нийтдээ 596 өдөр байна. Алдангийг гэрээний үлдэгдэл төлбөр болох 100,001,000 төгрөгөөс 0.2 хувиар тооцвол 200,002 төгрөг болж байна. Үүнийг үүргээ гүйцэтгээгүй нийт 596 хоногт тооцож үзвэл (596*200,002=381,441,192) 119,201,192 төгрөг болж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх тул 100,001,000/2=50,000,500 төгрөг байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу нийт 150,001,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. /1 хх 1-2-р тал/
2.Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
..."Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим" НҮТББ-тай нэгдүгээрт арьсны нядалгааны гэмтлийг арилгах арга шийдлийг олох, хоёрдугаарт цаг хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх эрсдэлийн загвар арга хэмжээг бий болгох шийдлийг олох зохистой менежментийн хувилбарыг туршиж болох юм байна гэж үзсэний хүрээнд энэхүү нэхэмжлэлд дурдаад буй ажилд дэмжин ажилласан. Гэтэл уг ажлын явцад нэлээдгүй санхүүжилт гарах хэрэгтэй болсон тул нэхэмжлэлд дурдсан гэрээг хийх саналыг "Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим" НҮТББ-ийн гүйцэтгэх захирал ******* манай оффист ирж тавьсан байдаг
Тухайн цаг үед нэгэнт ажил явагдаж, эхэлсэн, цаг хугацаатай уралдаж байж, нэгэнт онд орж чадахгүй бог малыг хэрхэн малчдад ашигтайгаар эдийн засгийн эргэлтэд оруулах уу, нэгэнт бэлтгэсэн арьснуудыг хэрхэн муутгалгүй боломжит үнэд хүргэх үү зэрэг асуудлуудыг шийдэхээс өөр аргагүйд хүрсэн байсан тул ДАШЦ төслийн санаачлагчийн хувьд бид хийх нь зүйтэй гэж үзэн уг гэрээг хэлснийх нь дагуу гадаадад борлуулж буй арьсны мөнгө нь орж ирэхээр бид төлбөрийг нь төлнө, энэ нь цаг хугацаа шаардсан ажил гэдгийг аль аль нь мэдэж байсан тул уг арьсны төлбөр орж ирэхээр төлнө гэдгийг хэн хэн нь тохирсны дагуу уг гэрээг хийхийг цаг хугацаа, шийдвэрлэх гарцаагүй нөхцөл байдлын хүрээнд шийдсэн. Гэтэл уг гэрээг манай компанийн ТУЗ-өөр батлуулж байж, хүчин төгөлдөр гэрээ болох ёстой байсныг хожим нь бид мэдсэн.
... Дээр дурдсан нөхцөл байдал бий болсон хэдий ч бид энэхүү асуудлаа ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хуралдаа оруулан холбогдох шийдвэрийг нь гарган ажиллана. Мөн "*******" НҮТББ-тай үлдэгдэл 100,000,000 төгрөгийг тохиролцсон ёсоор Испани улсаас арьс борлуулсан гэрээний төлбөр орж ирэх үед тохирсон хуваарийн дагуу төлж барагдуулах тохиролцоог хийхээр ойлголцсон тул энэхүү нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. / 1 хх 21-22-р тал/
3.Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
..."*******" НҮТББ нь Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 3, 4, 11, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 1, 4, 10, 19 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчиж, хуулиар тогтоосон үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж, ашиг олох худалдах, худалдан авах гэрээг манай компанитай байгуулсан байна. Энэ нь Иргэний хуулийн 56.1.1 хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл; 56.1.9 хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл; гэж заасан үндэслэлээр 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20/113 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна.
Мөн манай зүгээс "*******" НҮТББ-тай гэрээ байгуулахдаа тус танхимын үйл ажиллагааг зохицуулдаг хууль, тогтоомжийг мэдэхгүйгээс ноцтой төөрөгдөлд орж дээрх гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан нөхцөл, үндэслэлээр дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй.
..."*******" НҮТББ нь Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6.6-д заасан давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх онцгой бүрэн эрхтэй байгаа. Өөрөөр хэлбэл 20/113 дугаартай гэрээний гүйцэтгэлийн явцад давагдашгүй хүчин зүйл үүссэн нөхцөл байдлыг гэрээний худалдагч тал өөрөө гэрчлэх онцгой эрхтэй байхдаа давагдашгүй хүчин зүйлийн асуудлыг гэрээнд оруулснаар манай талд тэгш бус байдлыг бий болгосон гэж үзэж байна. Энэхүү нөхцөл байдал нь Иргэний хуулийн 189.4-т заасныг зөрчихөд хүргэж улмаар энэ нь Иргэний хуулийн 56.1.1-т заасны дагуу 20/113 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох бас нэг хууль зүйн үндэслэл болж байна.
Иймд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20/113 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тооцож, "*******" НҮТББ-аас 220,000,000 төгрөгийг гаргуулж, "*******" ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /1 хх 224-225-р тал/
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Золбаяр нь шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
... "*******" НҮТББ нь иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцох эрхтэй хуулийн этгээд юм.
Талуудын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан 20/113 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр "*******" ТББ нь ашиг олсон зүйл байхгүй. Харин энэхүү малын арьсыг худалдсан малчдад эгүүлэн төлбөрийг төлсөн.
"*******" НҮТББ нь хариуцагч байгууллагатай гэрээ байгуулахдаа ямар нэгэн дарамт шахалт үзүүлж гэрээ байгуулаагүй бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд тулгуурлан энэхүү гэрээг байгуулсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалж өгнө үү гэжээ. / 2 хх 23-24-р тал/
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч ******* ХХК-иас 100,001,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 50,000,500 төгрөг, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 220,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,958 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,257,950 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "*******" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 457,255 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
а...Анхан шатны шүүхээс өмгөөлөгч авах эрхийг ноцтойгоор зөрчиж, шүүх хуралдааныг хийсэн.
б. Анхан шатны шүүх нэг талыг барьсан нотлох баримтыг дутуу үнэлж , хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Учир нь ... нэхэмжлэгчийг өөртөө давуу байдал бий болгосон болохыг тогтоосон хэр нь энэхүү тэгш бус нөхцөл, өөртөө олгосон давуу байдал нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасан үндэслэл бий болгож буйг огт үнэлж дүгнээгүй.
В....сүүлийн арван жилийн хугацаанд хурганы арьс 3000, ишигний арьс 15000 төгрөгийн үнээр зах зээл дээр борлогдож байгаагүй, хонины нэхий, ямааны арьс ч ийм үнэд хүрч байгаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл ямар арьс нийлүүлсэн болох нь тодорхой бөгөөд 2020 оны 1 дүгээр сард бичигдсэн акт дээр 320,000,000 төгрөг буюу манай компаниас сайн санааны аяны хүрээнд "*******" НҮТББ өгөх хандивын хэмжээнд тулгаж бариулж бичсэн зүйл юм.
Иймд хэргийг бүхэлд хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. /2 хх 134-135-р тал/
7.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч "*******" ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй иргэний хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдал, эрх зүйн харилцааг зөв тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Хэргийн материалаас судлан үзвэл:
3.Нэхэмжлэгч “Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим” НҮТББ-н төлөөлөгч О.Амартүвшин нэхэмжлэлдээ ... 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр "*******" ХХК-тай 20/113 дугаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, малын арьсны нэгж үнийг ямааны арьс 15000 төгрөг, хонины арьс 3000 төгрөг байхаар тохиролцсон ба уг гэрээний дагуу хонины 5542 ширхэг, ямааны 20225 ширхэг, нийт 25767 ширхэг арьсыг хариуцагчид шилжүүлэн өгч, 2021 оны 01 сарын 25-ны өдөр “Ажил хүлээлцсэн акт”-аар баталсан.
Уг актаар 320,001,000 төгрөгийн хонь, ямааны арьсыг худалдан авагч талд шилжүүлсэн бөгөөд хариуцагч нь 220,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 100,001,000 төгрөг нэхэмжилнэ.
Мөн гэрээний 3.2, 5.2 дахь хэсгүүдэд ... төлбөрийг төлөөгүй тохиолдолд алданги төлнө гэж тохирсон тул алдангид 50,000,500 төгрөг нэхэмжилнэ.
Иймд гэрээний төлбөрийн үүрэгт 100,001,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 50,000,500 төгрөг,нийт 150,001,500 төгрөгийг гаргуулах гэж.,
4.Хариуцагч ““ ХХК-н төлөөлөгч ... “ Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим" НҮТББ-тай үлдэгдэл 100 сая төгрөгийг тохиролцсон ёсоор Испани улсаас арьс борлуулсан гэрээний төлбөр орж ирэх тохирсон хуваарийн дагуу төлж барагдуулах тохиролцоог хийхээр ойлголцсон тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн тайлбарыг /1-р хх-21-22/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд ... талуудын хооронд байгуулсан гэх гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй. ... манай компаниас сайн санааны аянд нэгдэж өгсөн хандивын мөнгө. Нэхэмжлэгч байгууллага үүнээс хойш огт чимээгүй байж байгаад удирдлагууд солигдохоор ийм асуудал гаргаж ирээд худалдах, худалдан авах гэрээний төлбөр гэдэг байдлаар нэхээд байгаа.
Энэ гэрээ өөрөө хууль зөрчсөн гэрээ, учир нь "*******” НҮТББ тусгай хуулиар зохицуулагдаж, үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ гэрээг байгуулахдаа давагдашгүй хүчин зүйл эсэх асуудлыг өөрөө тодорхойлохоор тусгаж өгсөн байгаа. Үндсэндээ энэ гэрээгээр шал өөр санаа зорилго агуулж, манайхаас өгсөн хандивын мөнгийг буцаагаад худалдах, худалдан авах гэрээ болгож нэхэж байгаа асуудал байна. Энэ арьс, ширний тоо бол манай өгсөн 220,000,000 төгрөгт тааруулж тавьсан тоо байгаа. Арьсны зарим нь ишигний арьс, зарим нь жижигхэн арьснууд байсан. Энэ дотор хонины арьс, ямааны арьс гэж дурдсан байгаа боловч авсан зураг хөрөг нь бүгд байгаа. Манайхаас тусламж гуйсан, бид мөнгө олгохыг зөвшөөрсөн, ийм л асуудал болсон.
Тиймээс нэхэмжлэлийн шаардлага огт үндэслэлгүй, зохих хууль тогтоомжийг зөрчсөн гэрээ гэж үзэж байна” гэсэн тайлбарыг/2-р хх-124/,
5.Хариуцагч "" ХХК-н төлөөлөгч нь ... "" ХХК, "*******”-н хооронд байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20/113 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тооцуулах, тус танхимд шилжүүлсэн 220 сая төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг /1-р хх-249/ ,
6.Нэхэмжлэгч "*******” НҮТББ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Золбаяр ... Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу "*******” НҮТББ нь иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцох эрхтэй хуулийн этгээд. Талуудын хооронд байгуулсан 20/113 дугаартай Худалдах, худалдан авах гэрээгээр ашиг олсон зүйл байхгүй, харин арьс шир худалдсан малчдад эгүүлэн төлбөрийг төлсөн, сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэсэн тайлбарыг/2-р хх-23-24/ тус тус гаргаж маргажээ.
7.Анхан шатны шүүх талуудын хооронд Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг зүйлчилж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болох алданги болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна./2-р хх-122-131/
8.Хариуцагч "“ ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдол гаргасан ба гомдолд 8.1. ... анхан шатны шүүх хуульд заасан өмгөөлөгч авах эрхийг зөрчиж, шүүх хуралдааныг хийсэн. Шүүхээс өмгөөлөгч авах эрхийг хязгаарлахдаа урьд өмнө нь уг хэрэг дээр хариуцагч талыг төлөөлөн оролцож байсан хүмүүст өмгөөлөгч авах боломж олгож байсан, одоо өмгөөлөгч авах боломжгүй гэж тайлбарладаг нь хууль бус, бусдын өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
8.2.Анхан шатны шүүх нэг талыг барьж, нотлох баримтыг дутуу үнэлж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Тухайлбал, сайн санааны аяны хүрээнд хариуцагч талаас хандив өгсөн болохыг огт үнэлж дүгнээгүй, хууль бусаар байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Манай талаас аяны хүрээнд өгсөн хандив болохыг нотлох баримтуудыг өөр бусад байгууллагаас шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч нэг ч хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй, хариуцагч нотлох баримтаа бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж илт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талыг 20/113 дугаартай гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4-т заасан тэгш бус нөхцөл буюу өөртөө давуу байдал бий болгосон болохыг тогтоосон хэр нээ энэхүү тэгш бус нөхцөл, өөртөө олгосон давуу байдал нь Иргэний хуулийн 65.1.1-т заасан үндэслэл бий болгож буйг огт үнэлж дүгнээгүй орхигдуулсанд гомдолтой.
Нэмж дурдахад сүүлийн 10 жилийн хугацаанд хурганы арьс 3000, ишигний арьс 15000 төгрөгийн үнээр зах зээлд борлогдож байгаагүй, хонины нэхий, ямааны арьс ч ийм үнэд хүрч байгаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл ямар арьс нийлүүлсэн болох нь тодорхой бөгөөд 2020 оны 1 дүгээр сард бичигдсэн акт дээр 320 сая төгрөг буюу манай компаниас Сайн санааны аяны хүрээнд Монгол Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд өгөх хандивын хэмжээнд тулгаж бариулж бичсэн зүйл юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. /2-р хх-134-136/
9.Хэрэгт авагдсан худалдах, худалдан авах 20/113 дугаартай гэрээ /1-р хх-5-6/, Ажил хүлээлцсэн акт /1-р хх-7/, Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан/1-р хх-9/, Голомт банк мемориалын баримт/1-р хх-66/, талуудын тайлбар зэргээс үзвэл:
Талуудын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Худалдах, худалдан авах 20/113 дугаартай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй бог малын арьс бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь барааг хүлээн авч гэрээнд заасны дагуу төлбөрийг төлөх,
Мөн гэрээний үнийг хоёр тал тохиролцож, барааны нийлүүлэлт бүрт хонины нэг ширхэг арьс 3000 төгрөг, ямааны нэг ширхэг арьс 15000 төгрөг гэж нэг бүрийн үнээр тооцож олгохоор тус тус тохирсон.
Дээрх гэрээний дагуу худалдагч тал буюу "*******” НҮТББ нь нийт 38871 бог малын арьс хүлээн авснаас 25767 малын арьс/ хонины арьс 5542 ширхэг, ямааны арьс 20225 ширхэг/ бэлтгэн нийлүүлснийг хоёр талаас зөвшөөрч тооцоо нийлсэн акт үйлдсэн байх ба энэхүү актаар нийт дүн 320,001,000 төгрөгийг худалдан авагч тал буюу "“ ХХК нь төлөх үүрэг хүлээж баталгаажуулсан байна.
Энэ үүднээс 2021 оны 05 дугаар сарын 27-ний өдөр ******* ХХК-с гэрээний хэсэгчилсэн төлбөр утгаар 220,000,000 төгрөгийг "*******” НҮТББ-д шилжүүлж, дансны авлага эцсийн үлдэгдэл нь 100,001,000 төгрөг гэж харилцахад нь тусгагджээ.
Барааг бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагаа нь нь худалдах, худалдан авах гэрээний нэг төрөл тул тус гэрээний журам үйлчилнэ.
10.Талуудын хэн аль нь 320,001,000 төгрөгөөс хэсэгчилж 220,000,000 төгрөг төлөгдсөн талаар маргаагүй, харин хариуцагч тал нь сайн санааны аяны хүрээнд хандивлагдсан, гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр гэх 100,001,000 төгрөгийг гэрээний үүрэгт төлөх үндэслэлгүй гэж, улмаар талуудын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ нь нөхөж, хэлбэрийн төдий хууль зөрчиж, хууль бусаар байгуулагдсан хэлцэл тул хүчин төгөлдөр бус-д тооцуулах, өмнө нь шилжүүлсэн 220,000,000 төгрөгийг буцаан гаргуулах гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж, маргадаг.
11.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан.
Энэ хэсэгт гэрээний талуудын чөлөөт байдлын тухай зарчмыг хэм хэмжээ болгож хуульчилсан. Гэрээний эрх чөлөө нь юуны өмнө гэрээ байгуулах эрх чөлөөг өөртөө агуулдаг. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулах эсэх, хэнтэй байгуулж, гэрээгээр үүсэх үүргийн эрх зүйн харилцааг бий болгох эсэхээ талууд өөрсдөө чөлөөтэй шийдвэрлэнэ гэсэн ойлголт юм. Үүний зэрэгцээ гэрээнийхээ агуулгыг нөгөө талтайгаа тохирсны үндсэн дээр чөлөөтэй тодорхойлох боломж.
12.Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно” гэж хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар хэзээ үүсч, дуусгавар болохыг зохицуулсан.
Дээр дурдсан гэрээний талууд нь хуулийн этгээдүүд байх бөгөөд аль аль нь улсын бүртгэлд бүртгэгдэж, ...хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ-тэй байх тул иргэний эрх зүйн чадвартай хуулийн этгээдүүд байна.
Гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээний агуулгыг өөрсдөө чөлөөтэй тодорхойлж, гэрээгээр үүсэх үүргийн эрх зүйн харилцааг бий болгох эсэхийг өөрсдөө шийдвэрлэх чадвар бүхий хуулийн этгээдүүд байх бөгөөд талууд бог малын арьс бэлтгэн нийлүүлэх буюу худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон, мөн хэн аль нь гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.
Иймд талууд өөрсдийн гэрээ байгуулах эрх чөлөөг хязгаарлаагүй, улмаар уг гэрээ нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
13.Анхан шатны шүүх хэргийн 7,9, 66, 74-84 дүгээр талуудад авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбар, мэтгэлцээн, хэргийн үйл баримт зэргийг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж, нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу 25767 ширхэг хонь, ямааны арьс хүлээлгэн өгсөн, хариуцагч нь гэрээний төлбөрт 220,000,000 төгрөгийг төлсөн, талуудын үйлдсэн ажил хүлээлцэх актын дагуу үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж,
мөн талууд тайлбартаа “Малчдад ээлтэй төр” төслийг хэрэгжүүлэх үүднээс тус гэрээг байгуулсан гэж тайлбарладаг, энэ нь Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2, Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
14.Иймд дээр дурдсаныг үндэслэн хариуцагч "" ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 100,001,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "*******” НҮТББ-д олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж дүгнэв.
Харин талуудын тайлбар, хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан гэрээ /1-р хх-5/-ний 5.2, 6.2, 6.4 дэх хэсгүүдэд заасныг болон хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж алданги 50,000,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
15.Мөн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж, энэ талаарх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож, талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж тус тус дүгнэж, гэрээг хүчин төгөлдөр бус-д тооцуулж, гэрээний үүрэгт шилжүүлж өгсөн 220,000,000 төгрөгийг буцаан гаргуулах гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
16.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах хүсэлтийг хангаагүй гэх гомдлын хувьд хэргээс судлахад:
Нэхэмжлэгч "*******” НҮТББ -н хариуцагч "“ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Иргэний хэрэг үүсгэсэн /1-р хх-11/, шүүх хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр товлон зарласан шүүгчийн захирамж гаргасан/1-р хх-24/ байх ба уг захирамжид шүүх хуралдааныг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 10:00 цагт хийхээр товлосон байна.
Гэвч хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан /1-р хх-28-31/, байх ба үүнээс хойш шүүх хуралдааныг 9 удаа товлож, 2 удаа товд өөрчлөлт оруулах байдлаар нийт 11 удаа хойшлуулж, 1 удаа хэргийн хугацаа сунгасан байдаг /тогтоол хэрэгт авагдаагүй боловч Иргэн-2014 программаар харагддаг/, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулснаас болж хэргийн хугацаа алдагдаж тус хэрэг нь 01 жил 02 сарын дараа шийдвэрлэгдсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ******* оролцож байсан байх бөгөөд тэрээр “өмгөөлөгч” авах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулж байсан боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоос татгалзжээ./1-р хх-63/.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож мөн “өмгөөлөгч” авах хүсэлт гаргасны улмаас хуралдааныг хойшлуулсан байх ба “өмгөөлөгч”-өөр ******* оролцсон боловч тэрээр 2023 оны 11 сараас эхлэн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх болсон гэх үндэслэлээр өмгөөлөгчөөр оролцохоос өөрөө татгалзсан байна. /1-р хх-185/, дахин хариуцагчийн төлөөлөгч нь “өмгөөлөгч” авах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан байна /1-р хх-237/, үүний дараа нь *******ад “итгэмжлэл” олгож/2-р хх-27/, тэрээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцжээ.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл анхан шатны шүүх нь хариуцагч талын эрх зүйн туслалцаа авч өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж байсан байна.
Харин хариуцагч тал нь “өмгөөлөгч” авах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулж байсан боловч “өмгөөлөгч” авч, эрх зүйн туслалцаа авах, бусдаар өмгөөлүүлэх эрхээ хангах талаар идэвх санаачлаг гаргаагүй болох нь удаа дараагийн хүсэлт, шүүх хуралдааныг хойшлуулсан нөхцөл байдлаар тогтоогдож байна.
Мөн хариуцагч тал нь давж заалдах гомдол гаргахдаа болон гаргасны дараа давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэхээс өмнө “өмгөөлөгч” авч эрхээ хамгаалуулах боломжтой байтал энэ талаар хүсэлт гаргаагүй, өмгөөлөгч-тэй шүүх хуралдаанд оролцоогүй болно.
17.Иймд хариуцагч талын дээр дурдсан болон давж заалдах гомдолд дурдсан анхан шатны шүүх нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “өмгөөлөгч” авах хүсэлтийг хангаагүй, шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн, нэг талд илт давуу байдал бий болгосон гэх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай Хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 135/ШШ2024/00747 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,757,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1,172.2-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Х.БАЙГАЛМАА