| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0452/э |
| Дугаар | 453 |
| Огноо | 2019-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 453
2019 05 09 453
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: П.Эрдэнэбаатар;
шүүгдэгч: М.Баяраа (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Мянгаадайгийн Баяраад холбогдох эрүүгийн 1909010780435 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, Монгол харцага хамтлагт жүжигчин ажилтай, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын 4-611в тоотод оршин суух бүртгэлтэй /одоо Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10-615 тоотод түр оршин суух/, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, УК88090916 регистерийн дугаартай, Боржигон овогт Мянгаадайгийн Баяраа.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч М.Баяраа нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10 дугаар гудамжны 615 тоот хашаанд хохирогч Э.Сайнзаяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хэвлийн тус газар нь хутгалж хэвлийд шарх бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Баяраа мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Сайнзаяа /хх-ийн 17-18/, яллагдагч М.Баяраа /хх-ийн 3-6/ нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 23-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3479 дугаартай дүгнэлт /хх-ийн 22/, шүүгдэгч М.Баяраагийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 34-38/, М.Баяраагийн хүсэлт /хх-ийн 48/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Баяраа нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10 дугаар гудамжны 615 тоот хашаанд Э.Сайнзаяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлийд хутгалж бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Э.Сайнзаяагийн /хх-ийн 17-18/: “... би Даваадоржийн найзтай 9 дүгээр дэлгүүрийн хойно гэрт нь очсон. Тэр залуу нэг шил архи гаргаж ирээд бид 2 уугаад сууж байсан. Би согтоод тэр залуутай муудалцаад байснаа санаж байна. Тэгж байгаад би “явлаа” гээд гараад шууд урагшаа гэртээ ирсэн чинь манай ээж “чи хутгалуулсан юм биш үү” гээд 103 дуудсан. Би болсон явдлыг сайн санахгүй байгаа...” гэх мэдүүлгээр,
М.Баяраагийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 3-6/: “...Сайнзаяа над руу “чи муу юу юм бэ” гээд манай шургуулгыг онгойлгоод хутга гаргаж ирээд “чамайг шаачихна шүү” гээд хутга бариад суугаад байхаар нь би “чамд зүгээр шаалгаад сууж байх гулууз мах гэж бодоо юу” гээд үгээр егөөдөөд хутгаа тавихгүй болохоор нь би хажуугаар нь дөхөж очиж байгаа юм шиг болонгуутаа Сайнзаяаг цохиж унагаагаад хутгыг нь булааж авсан. Тэгтэл Сайнзаяа гарч гүйсэн. Тэгэхээр нь би араас нь гүйж очоод “чи ингээд хүн хутгалаарай мэдэв үү” гээд Сайнзаяагийн бөөр хэсэгт нь хутгаараа нэг удаа хатгасан юм. ...Манай гэрт Сайнзаяа бид хоёр л байсан. Тухайн үед Сайнзаяа согтоод зарим явдлыг сайн санахгүй байж магадгүй. Манай найзуудаас манай шинэ гэрийг хэн ч мэдэхгүй. Би шинэ гэртээ нүүж очоод удаагүй байгаа...” гэх мэдүүлгээр,
Э.Сайнзаяагийн биед “хэвлийд шарх гэмтэл” бүхий ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх шинэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3479 дугаартай дүгнэлт /хх-ийн 22/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан М.Баяраагийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч М.Баяраагийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Э.Сайнзаяа “...гомдол, санал байхгүй...” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд М.Баярааг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баяраа нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт урт нь 31 см, бариулын урт 13 см, бариулын өргөн 2,5 см, ажлын хэсэг нь 19 см урт улаан өнгөтэй, 4 см өргөн цагаан өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Мянгаадайгийн Баярааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баярааг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баяраа торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт урт нь 31 см, бариулын урт 13 см, бариулын өргөн 2,5 см, ажлын хэсэг нь 19 см урт улаан өнгөтэй, 4 см өргөн цагаан өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Баяраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ