Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01824

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01824

 

 

,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2024/03952 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Хариуцагчид 4,000,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дансаар шилжүүлж зээлсэн.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд хариуцагчийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс ажлаас гарсныг мэдсэн. Ингээд мөнгөө нэхэж эхэлсэн. Тэгэхээр энэ үеэс шаардах эрх тоологдоно. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Иймд 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Зээлсэн хугацааг эхлээд 7 хоног, дараа нь 1 жил 14 хоног зээлсэн гэх зэргээр өөр өөрөөр нэхэмжлэлд заадаг. Мөн нэхэмжлэлд бичсэнээр 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 5 хувийн хүүтэйгээр 4,000,000 төгрөг зээлсэн гэж үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ,,,,,,,,,ын өөрийн данснаас ,,,,,,,,,,гийн данс руу 4,000,000 төгрөг шилжүүлж, гүйлгээний утгыг Учралаас гэж бичсэн байдаг. Үүнийг зээл гэж бичээгүй учир зээл гэж үзэхгүй. ,,,,,,,,,,гийн хувьд авах ёстой байсан мөнгөө авсан. Нэхэмжлэгч нь тайлбарлаж байгаа үйл баримтаа баримтаар нотлоогүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,гаас 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хэргийн нөхцөл байдлын талаар өөр өөр нэхэмжлэл гаргаж байсан. Зээлсэн хугацааг эхлээд 7 хоног, дараа нь 1 жил, 14 хоног зээлсэн гэх зэргээр өөр өөрөөр заасан байдаг. ,,,,,,,,,, нь ,,,,,,,,,аас 4,000,000 төгрөг авсан нь үнэн, мөн 7 хоногийн хугацаатай авсан гэж хүлээн зөвшөөрдөг. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,, 7 хоногийн хугацаатай зээлдүүлсэн гэж тайлбарладаг.

,,,,,,,,,ын 3 удаагийн нэхэмжлэлдээ хугацаа зааж нэхэмжлэл гаргаж байгаа нь хугацаа тогтоож байсныг нотолж байгаа тул шүүхээс хугацаа зааж тохиролцоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1 зааснаар итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх ёстой боловч энэ шаардлага хангагдаагүй тул энэ итгэмжлэлээр шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

,,,,,,,,,аас 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлсэн гэж үзвэл 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрээний үүрэг дуусахаар байгаа ба шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Иймд хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Гомдлыг зөвшөөрөхгүй. Зээлсэн мөнгөө хуулийн дагуу авах ёстой. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,д холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. ,,,,,,,,, нь ,,,,,,,,,,д 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөгийг буцааж төлөх хугацаа тогтоолгүйгээр шилжүүлэн өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоожээ.

Зохигч нь зээлийг эргэн төлөх хугацааны талаар харилцан адилгүй мэтгэлцээний байр суурийг илэрхийлсэн боловч энэхүү байр сууриа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, хэрэгт энэ талаарх бичгийн нотлох баримт авагдаагүй.

 

3.1. Анхан шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр, гэрээнд буцааж төлөх хугацаа заагаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

3.2. Нэгэнт зээлийн гэрээгээр буцаан төлөх хугацааг талууд харилцан тохиролцоогүй учир нэхэмжлэгчийн шүүхэд анх нэхэмжлэл гаргасан 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан хугацаанд хамааруулан дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээл буцаан төлөхийг шаардаж шүүхэд хандсанаар хариуцагч зээлийг буцаан төлөх үүрэг үүссэн. Энэ хугацаанаас хөөн хэлэлцэх хугацаа тоологдох тул уг маргаанд хамаарах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.

 

3.3. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн, холбогдох үйл баримтыг зөв тогтоож, хуулийг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Хэргийн 3 дахь талд авагдсан ,,,,,,,,,аас ,,,,,,,,,д 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр олгосон итгэмжлэл нь нотариатаар гэрчлэгдсэн, төлөөлүүлэгч итгэмжлэлд гарын үсэг зурсан буюу Иргэний хуулийн 62-64 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2024/03952 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ