Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 329

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,                           

Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ, 

Шүүгдэгч Х.Ж, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мээрэн овогт Х-н Жд холбогдох эрүүгийн 180903391155 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон арматорчин мэргэжилтэй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхон 109 дүгээр байрны 89 тоотод оршин суух,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 949 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 , 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 16 дугаар шүүгчийн захирамжаар  01 жил 01 сар 11 хоногийн ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 5 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 5 жил 5 сар 1 хоногийн хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хорих ял болгон хасаж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 204 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 09 сар 19 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ИМ 96010611 / Мээрэн овогт Х-н Ж нь: 

 

- 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 64 дүгээр байрны 2 давхарт насанд хүрээгүй хохирогч Ц.Мөнхнаранг  “Гар утсаа өг. Араас дагах юм бол ална шүү” хэмээн түүний шанаан тус газар нь цохиж, 840.000 төгрөгний үнэ бүхий Айфонь 7 маркийн гар утсыг авсан,

-Б.Мандалбаганатай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны 12 дугаар орцонд хохирогч Д.Зулсар, С.Бэлгүтэй нарын Айфонь 5, Эл жи 6 маркийн нийт 784.000 төгрөгний үнэ бүхий гар утаснуудыг толгой руу цохиж, хууль бусаар авч нийт 3 хохирогчид 1.624.000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 6-7 /

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / 1 дүгээр хавтас 18-19 /

 

Насанд хүрээгүй хохирогч Ц.Мөнхнаран мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Өргөө 2” кино театрт найзуудтайгаа кино үзээд харих гээд явж байтал нэг ах “Юм хүргээд өг” гээд  / гартаа ууттай юм барьсан байсан / дагуулж яваад нэг байрны орцонд оруулаад “ Утсаа гаргаад ир “ гэхээр нь би утсаа гаргаад өгсөн чинь кодыг нь гарга гэж сүрдүүлээд утас аваад зугтаасан. Найз Төгс-Эрдэнэтэй хамт байсан. Цагаан пүүз, хар өмд, хар өнгийн малгайтай цамцтай, 160-170 см орчим өндөртэй, нэг нүднийхээ дор жижигхэн мэнгэтэй 18-25 орчим насны бордуу царайтай эрэгтэй хүн байсан. Тэр хүн ганцаараа байсан. Миний баруун талын шанаа руу үл таних залуу нь зүүн гараараа 2 удаа цохиод баруун талын хармаанаасаа үзүүртэй бариултай юм гаргаж, “ Араас дагах юм бол хохино шүү” гэж хэлээд миний утсыг аваад зугтаасан гэжээ. / 1 дүгээр хавтас 11-12 /

 

Насанд хүрээгүй гэрч Б.Төгс-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ....”Өргөө 2” кино театрын ар талд нэг ах таараад “ Ахдаа нэг туслаач. Та хоёр 120 мянгатын билүү “ гэхээр нь үгүй гэсэн чинь гар утаснаасаа нэг эрэгтэй хүний зураг харуулаад “ Энэ хүнийг таних уу “ гэхээр нь танихгүй гэсэн. “Эндээс нэг хүн дуудаад өгөөч “ гээд дагуулж яваад 64 дүгээр байрны гадаа очоод бид хоёр “ Хэдэн тоот вэ “  гэсэн чинь “ Ах нь мэдэхгүй байна. Тэр цонх “ гээд 4 давхрын онгорхой цонх зааж өгсөн. Тэгээд бид хоёр хүнийг нь дуудаж өгөх гээд явсан чинь тэр ах араас яваад бид хоёр 4 давхарт гарсан. Тэр ах гэнэт зогссоноо “ Та хоёр намайг таних уу “ гэхээр нь танихгүй гэсэн чинь буцаад буу гэсэн. Буцсан чинь шатан дээр суу гэсэн. Тэгээд суусан чинь Мөнхнаранг утсаа өгч бай гэхээр нь Мөнхнаран гаргаад өгсөн чинь алпел айди-г салгуулаад жаахан байж байснаа утасныхаа кодыг гаргаад өг гэхээр нь Мөнхнаран “ Та утас авах гээд байна ш дээ “гэсэн чинь та хоёроос юу ч авахгүй гэсэн. Мөнхнаран “ Та ядаж нэг юм бариулчих “ гэсэн чинь өөрийнхөө утсыг бариулсан. Мөнхнаранг нэг цохьчихоод “ Наанаасаа хөдөлж болохгүй шүү. Би 5 минутын дараа хүрээд ирье “ гэж хэлээд зугтаад яваад өгсөн. Тэр ах “ Үүнийг гаргах уу.  Яах уу “ гэж хэлсэн. Би юу байсныг хараагүй. Мөнхөө болохоор үзүүртэй юм байсан гэж байна лээ. 170 см орчим өндөртэй, 20-30 орчим настай эрэгтэй хүн байсан. Надаас юу ч аваагүй гэжээ. / 1 дүгээр хавтас 13 / 

 

Таньж олуулах ажиллагаа: / 1 дүгээр хавтас 22-26 /

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 45-46 /

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / 1 дүгээр хавтас 54-56 /

 

Таньж олуулах ажиллагаа: / 1 дүгээр хавтас 66-69 /

 

Хохирогч Д.Зулсар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр  би найз С.Бэлгүтэйгийн хамт Цамбагаравын автобусны буудал дээр буугаад хойшоо гэрийн зүг явж байтал хойноос нэг залуу дуудаад “ Ахын дүү юм асууя. Цаг хэд болж байна “ гээд  “Ах нь нэг юм гуйя. Нүүлгэлтийн компани дуудах гэсэн чинь арай үнэтэй байна. Гэрээс 1 ширхэг буйдан өргөлцөөд буулгаад өгөөч “ гэхээр нь зөвшөөрөөд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны 12 дугаар орцны үүдэнд дагуулж очоод хаалганы кодоо хийж чадахгүй байсан. Удалгүй орцноос хүн гарч ирээд бид гурав зөрж ороод бид хоёрыг тухайн ах 7 давхарт гараад “ Байж бай. Би машинаа үүдэнд тавиадхъя. Манай эхнэр 7 давхарт хүлээж байгаа “ гэхээр нь бид хоёр гараад очиход хүн байгаагүй тул буух гэтэл өөдөөс нөгөө ах дахиад нэг ахыг дагуулчихсан гарч ирсэн. Нөгөө дагуулж гарч ирсэн залуу нь бид хоёрыг “ Нааш ир “ гэж дуудаад орцны пункер хэсэгт оруулаад “Ахыгаа таньж байна уу “ гэж асуугаад бид хоёрыг нэг буланд суулгаад “Утаснуудаа гаргаад ир” гэхээр нь “ Яах гэж байгаа юм бэ “ гэж асуухад “ Ална шүү “ гэж хэлээд эхлээд С.Бэлгүтэйгийн утсыг аваад кодыг нь гаргуулж,  дараа нь намайг утсаа гаргаж ирэхийг шаардаад гаргаад иртэл бас кодыг нь тайлуулж авсан. Бид хоёрын утсыг аваад хэд хэдэн удаа толгой руу цохиод “ Араас дагах юм бол ална шүү “ гэж анхааруулчихаад сүүлд орж ирдэг нь нөгөөх рүүгээ заагаад “ Би энийг цагдаагийн газарт аваачиж өгчихөөд буцаж ирнэ. Хүлээж байгаарай “ гэж хэлээд лифтээр буугаад явсан. Би гар утсаа 2018 оны 03 сард Теди төвөөс 560.000 төгрөгөөр авсан юм гэжээ. / 1 дүгээр хавтас  183 /

 

Хохирогч С.Бэлгүтэй мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...Орцноос хүн гарч ирээд бид гурав зөрж ороод бид хоёрыг тэр ах “ 7 давхарт хүлээж байгаа “ гэхээр нь бид хоёр гараад очиход хүн байгаагүй. Тэгээд баруун тийш эргэсэн 2 хаалгыг хоёуланг нь тогшиж үзтэл хоёуланд нь хүн байгаагүй буух гэтэл нөгөө ах өөдөөс дахиад нэг ахыг дагуулчихсан ирсэн. Нөгөө дагуулж ирсэн залуу нь бид хоёрыг “ Нааш ир “ гэж дуудаад орцны пункер хэсэгт оруулаад “ Ахыгаа таньж байна уу “ гэж асуугаад бид хоёрыг нэг буланд суулгаад “ Утаснуудаа гаргаад ир “ гэхээр нь “ Яах гэж байгаа юм бэ “ гэж асуухад “ Ална шүү “ гэж хэлээд эхлээд миний утсыг аваад кодыг нь гаргуулаад дараа нь Зулсарыг утсаа гаргаж ирэхийг шаардаад гаргаад иртэл бас кодыг нь тайлуулж авсан. Гар утсаа 2014 онд Теди төвөөс 400.000 төгрөгөөр авсан гэжээ. / 1 дүгээр хавтас 189 /

 

Гэрч Ж.Анар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: Би Мэжик нэртэй барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг. 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр би ажил дээрээ ажилтан Оюун-Эрдэнийн хамт байж байхад 18 цагийн үед үл таних 1 дэх нь буюу эрээн цамцтай, цагаан юүдэнтэй цамцтай 175 см орчим нуруутай, цагаан цариатай 20 гаран насны, 2 дахь нь хар саравчтай малгайтай, хар савхин куртик өмссөн, 168 см орчим нуруутай, 20 гаран насны 2 эрэгтэй хүн орж ирсэн. Тэд Эл жи 6 маркийн гар утас гаргаж ирээд барьцаанд тавих гэсэн юм гэхээр нь би хар өнгийн шинэвтэр утас байсныг хэдэд тавих юм гэж асуутал тулгаад тавья гэхэд нь тохиролцоод 400.000 барьцаалахаар болж бичиг баримтыг асуухад “ Регистрийн дугаараа хэлчихье. Авахдаа үнэмлэхээ үзүүлээд авья “ гэсэн тул тохиролцоод авсан. 10 хоногийн хугацаатай авсан. Хүлээлгийн 5 хоногт буюу 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр барьцаанд тавихдаа бүртгүүлсэн 99553998 дугаарын утас руу залгахад тийм хүн байхгүй гэж хэлсэн. Үнэгүй.мн сайтад зар тавьж 05 дугаар сарын 01-ний өдөр 430.000 төгрөгөор зарсан. Тухайн хүүхдүүд утасны кодыг мэдэж байсан мөн хулгай хийгээд явахаар хүүхдүүд шиг харагдаагүй тул итгээд бичиг баримтыг нь шалгалгүй авсан гэжээ. / 1 дүгээр хавтас 203 /

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / 1 дүгээр хавтас 208-209д /

 

Иргэний нэхэмжлэгч Ж.Цэнгэл мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Мажик нэртэй ломбарднаас зарын дагуу очиж зарах утаснуудыг сонирхож байгаад Эл жи 6 маркийн 430.000 төгрөгөөр худалдаж аваад хэрэглэж байтал цагдаагийн байгууллагаас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 12 цагт хулгайн зарагдсан утсыг авсан байна гэж дуудахаар нь Мажик нэртэй ломбарднаас авсан Эл жи маркийн гар утсаа авч ирж хураалгасан. Би ломбарднаас 430.000 төгрөгөар гаргуулж авмаар байна гэжээ. / 1 дүгээр хавтас 177 /

 

Сэжигтэн Х.Ж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: Би 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр найз Мандалбаганы хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Цамбагаравын хажуу талын 9 давхар байрны орцонд 18 орчим насны 2 эрэгтэй хүүхдийг хуурч мэхлэн орцонд оруулж айлган сүрдүүлэн Эл жи 6 маркийн гар утас дээрэмдэн авсан. Уг утсаа тэр өдрөө Модны 2-ын ломбарданд худал регистр хэлж 400.000 төгрөгөөр тавиад хаясан гэжээ. / 1 дүгээр хавтас 234 /

 

Яллагдагч Х.Ж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  Цамбагаравын автобусны буудал дээр өдөр 15 цагийн үед явж байхад 2 танихгүй залуу явж байхаар нь Мандалбагана тэр хоёрыг дагуулаад явсан. Тэгээд над руу утсаар яриад 9 давхар бор өнгийн байрны 8 дугаар давхарт нь гараад ир гэсэн. Би явж ороход Мандалбагана урдаас гарч ирээд Энэ хоёр хүүхдийг жаахан айлгачих. Тэгээд утсаа өгнө. Би кодыг нь гаргачихна “ гэсэн. Тэгээд надад хар өнгийн амны хаалт зүүлгэсэн. Мандалбагана өөрөө маск зүүгээгүй. Би ороод нөгөө 2 залууг хогны пункерийн тийш дагуулж очоод “Утаснуудаа гаргаад ир “ гэхэд нөгөө 2 утаснуудаа гаргаад ирсэн. Тэгээд Мандалбагана утасных нь коднуудыг асууж байсан. Би тэдний  нэг нь Эл жи маркийн гар утсаа өгөхөөр нь аваад гарсан. Бид хоёр гар утсаа модны 2-ын автобусны буудлын ломбарданд 400.000 төгрөгөөр барьцаанд тавиад мөнгөө хувааж аваад салцгаасан гэжээ. / 1 дүгээр хавтас 244  /

 

Шүүгдэгч Х.Жг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 2 дугаар хавтас 59-61 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 93 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Х.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн нь үнэн. Хохирогч Мөнхнарангийн шанаанд алгадсан. Ир үзүүртэй зүйл байгаагүй. Айлгасан. Бусад хохирогч нарын ярьсан бүгд үнэн зөв байна. Залуу насны гэнэн томоогүй зангаасаа мөн найз нөхдөө буруу сонгосноос удаа дараа гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хоригдож байх хугацаандаа ходоодны амсар дээрээ хавдартай болсон. Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирлын өөрт оногдох хэсэг болох хохирогч Ц.Мөнхнаранд 840.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Цэнгэлд 215.000 төгрөг, Т.Одончимэгт 108.000 төгрөг тус тус төлсөн гэв.

 

Шүүгдэгч Х.Ж  2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 64 дүгээр байрны 2 давхарт насанд хүрээгүй хохирогч Ц.Мөнхнаранд “Гар утсаа өг. Араас дагах юм бол ална шүү” хэмээн түүний шанаан тус газар нь цохиж, 840.000 төгрөгний үнэ бүхий Айфонь 7 маркийн гар утсыг хууль бусаар авч ,

Б.Мандалбаганатай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны 12 дугаар орцонд хохирогч Д.Зулсар, С.Бэлгүтэй нарын Айфонь 5, Эл жи 6 маркийн нийт 784.000 төгрөгний үнэ бүхий гар утаснуудыг толгой руу цохиж, хууль бусаар авч, нийт 3 хохирогчид 1.624.000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:  ... Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 6-7 /,  ... “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / 1 дүгээр хавтас 18-19 /,  ... Нэг ах “Юм хүргээд өг” гээд  дагуулж яваад нэг байрны орцонд оруулаад баруун талын шанаа руу зүүн гараараа 2 удаа цохиод “ Араас дагах юм бол хохино шүү” гэж хэлээд миний утсыг аваад зугтаасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Ц.Мөнхнарангийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 11-12 /,  ... Нэг ах “Эндээс нэг хүн дуудаад өгөөч “ гээд дагуулж яваад 4 давхарт гарсан. Тэр ах гар утаснуудаа гаргаж өг гээд Мөнхнаранг нэг цохьчихоод “ Наанаасаа хөдөлж болохгүй шүү. Би 5 минутын дараа хүрээд ирье “ гэж хэлээд зугтаад яваад өгсөн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Б.Төгс-Эрдэнэ  / 1 дүгээр хавтас 13 /,   ...Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл / 1 дүгээр хавтас 22-26 /,   ...Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 45-46 /,  ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / 1 дүгээр хавтас 54-56 /,  ...Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл / 1 дүгээр хавтас 66-69 /,  ... Нэг залуу дуудаад  “Ах нь нэг юм гуйя. Гэрээс 1 ширхэг буйдан өргөлцөөд буулгаад өгөөч “ гээд дагуулж яваад орцонд оруулаад нэг ахыг дагуулж ирсэн. Бид хоёрыг нэг буланд суулгаад гар утаснуудаа гаргаад ир гээд Бид хоёрын утсыг аваад хэд хэдэн удаа толгой руу цохиод “ Араас дагах юм бол ална шүү “ гэж анхааруулчихаад сүүлд орж ирдэг нь нөгөөх рүүгээ заагаад “ Би энийг цагдаагийн газарт аваачиж өгчихөөд буцаж ирнэ. Хүлээж байгаарай “ гэж хэлээд лифтээр буугаад явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Зулсарын мэдүүлэг / 1 дүгээр хавтас  183 /,   ... нөгөө ах өөдөөс дахиад нэг ахыг дагуулчихсан ирсэн. Нөгөө дагуулж ирсэн залуу нь бид хоёрыг “ Нааш ир “ гэж дуудаад орцны пункер хэсэгт оруулаад “ Ахыгаа таньж байна уу “ гэж асуугаад буланд суулгаад “ Утаснуудаа гаргаад ир “ гэхээр нь “ Яах гэж байгаа юм бэ “ гэж асуухад “ Ална шүү “ гэж хэлээд утаснуудын кодыг гаргуулан авсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч С.Бэлгүтэйгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 189 /,   ...манай ломбарданд 20 гаран насны 2 эрэгтэй хүн орж ирээд Эл жи 6 маркийн гар утсыг 400.000 төгрөгний барьцаанд тавьсан. Утсаа авахдаа үнэмлэхээ авчиръя гээд утсаа өгсөн нь худлаа байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ж.Анарын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 203 /, ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / 1 дүгээр хавтас 208-209 /,  ... Ломбарднаас зарын дагуу Эл жи 6 маркийн утсыг 430.000 төгрөгөөр худалдаж аваад хэрэглэж байтал цагдаагийн байгууллагаас хураан авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Ж.Цэнгэлийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 177 /,  ... орцонд 18 орчим насны 2 эрэгтэй хүүхдийг хуурч, орцонд оруулж айлган сүрдүүлэн Эл жи 6 маркийн гар утас дээрэмдэн авсан. Уг утсаа Модны 2-ын ломбарданд худал регистр хэлж 400.000 төгрөгөөр тавиад хаясан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн сэжигтэн Х.Жгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 234 /,  ... Мандалбагана тэр хоёрыг дагуулаад явсан. Би ороход Мандалбагана урдаас гарч ирээд Энэ хоёр хүүхдийг жаахан айлгачих гэхээр нь би нөгөө 2 залууг хогны пункерийн тийш дагуулж очоод “Утаснуудаа гаргаад ир” гээд утсыг аваад ломбарданд 400.000 төгрөгөөр барьцаанд тавиад мөнгөө хувааж аваад салцгаасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Х.Жгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 244  / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Жг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчид учирсан хохирлыг  нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Ж нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулж, Х.Ж нь тэнсэнгийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тул түүнд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаар шүүгчийн захирамжаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хорих ял болгон хасаж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 204 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 09 сар 19 хоногийн хорих ялыг нэмж,  оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Х.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох хохирогч Ц.Мөнхнаранд 840.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Цэнгэлд 215.000 төгрөг, Т.Одончимэгт 108.000 төгрөг тус тус төлсөн тул шүүгдэгч Х.Ж нь төлөх төлбөргүйг дурьдаж, Б.Мандалбаганатай бүлэглэн үйлдсэн хэргийн хохирол болох иргэний нэхэмжлэгч Ж.Цэнгэлд 215.000 төгрөг, Т.Одончимэгт 108.000 төгрөгийг хувь тэнцүү хуваан төлүүлсэнг тэмдэглэж, Х.Жгийн цагдан хоригдсон 135 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

 

Шүүгдэгч Х.Ж нь дээрх дээрмийн гэмт хэргийг  Б.Мандалбаганатай бүлэглэн үйлдсэн бөгөөд Б.Мандалбагана нь мөрдөн шалгалтын явцад Гашуун сухайтын боомтоор Монгол улсын хилээр гарсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2-5А/12227 дугаартай албан бичгээр нотлогдсон,  хаана байгаа нь тогтоогдохгүй байх тул Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолоор түүнд холбогдох хэргийг тусгаарласан / 2 дугаар хавтас 51-52 / байгааг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мээрэн овогт Х-н Жг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х-н Жг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн  2-д зааснаар 2 / хоёр /  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Х.Жд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 сар 19 хоногийн хорих ялыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж, биечлэн эдлэх ялыг 2 жил 09 сар 19 хоногийн хугацаагаар тогтоосугай.        

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Х.Жгийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Х.Ж нь төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Х.Жгийн цагдан хоригдсон 135 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

7. Х.Жд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах,  яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Жд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ

 

           

 

           

                                                         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мээрэн овогт Х-н Жг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х-н Жг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн  2-д зааснаар 2 / хоёр /  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Х.Жд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 сар 19 хоногийн хорих ялыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж, биечлэн эдлэх ялыг 2 жил 09 сар 19 хоногийн хугацаагаар тогтоосугай.        

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Х.Жгийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Х.Ж нь төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Х.Жгийн цагдан хоригдсон 135 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

7. Х.Жд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах,  яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Жд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ