| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00278/И |
| Дугаар | 278 |
| Огноо | 2016-08-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 278
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,Н.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие сургуульд сураагүй бөгөөд эцэг, эхийн хамт мал маллаж байсан. Улмаар 1978 онд 16 нас хүрээд Завхан аймгийн ******* сумын 2-р Таван жил нэгдэлд адуу маллаж байгаад цэрэгт явсан. 1983 онд цэргээс халагдаж ирээд мөн нэгдэлдээ 1993 он хүртэл адуу малласан юм.
Иймд намайг 1978 оноос 1993 он хүртэл Завхан аймгийн ******* сумын 2-р Таван жил нэгдэлд адуу маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь 1978 оноос 1993 он хүртэл Завхан аймгийн ******* сумын 2-р Таван жил нэгдэлд адуу маллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлжээ.
Н.******* нь 1978 оны 03-р сарын 10-наас 1980 оны 06-р сарын 30-н хүртэл, 1983 оны 06-р сарын 20-ноос 1993 оны 12-р сарын 30-н хүртэл Завхан аймгийн ******* сумын 2-р Таван жил нэгдэлд мал маллаж байсан болох нь Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Н.*******ын ...******* багаасаа эцэг, эхийн гар дээр мал малласан. 1985 онд айл болоод түүнээс хойш өдий хүртэл мал малласан. Мал маллахаас өөр ажил төрөл хийгээгүй. 4-р ангид суусан болов уу түүнээс хойш шувт л Завхан аймгийн ******* сумын 2-р таван жил нэгдэлд адуучин байсан. Аавыг нь *******, ээжийг нь ******* гэдэг юм. Аав нь адуучин хүн байсан. Тэр адууг нь ******* өвөлж авч малласан. Тэгээд нэгдлийн адууг өгөөд түүнээс хойш бог мал малласан. 1992 он хүртэл малаа малласан. Учир нь манай нэгдэл 1992 онд хувьчлагдаж байсан. Би тэр үед мөн малчин байсан. Н.******* малаа сайн малладаг байсан. Төлийн аварга болж байх үед ******* унаганы аварга болж байсан хүн дээ. Тасралтгүй малаа маллаж байна... гэсэн мэдүүлэг,
гэрч Б.*******ы ... Би 1983 оны 6-р сарын 14-ний өдөр Завхан аймгийн ******* сумын 2-р таван жил нэгдэлд агрономчоор очиж ажиллахад ******* аав *******тэйгээ адуу хариулдаг, жижигхэн бор залуу байсан. Тэгээд намайг 1990 оны 8-р сард Улиастайд шилжиж ирэх хүртэл ******* адуугаа маллаж байсан. Тэр үед нэгдлийн дарга нь хөдөлмөрийн баатар , нягтлан бодогч нь гэдэг хүмүүс байсан. Н.******* 1985 онд л гэр бүл болсон санагдаж байна. Хуримаа хийснийх нь дараа ******* гуай манай хүүхэд айл болсон ороорой гэж хэлж байсан. Тэр үед л тэй сууж байсныг мэдсэн. Би мөн МХЗЭХорооны даргаар ажиллаж байсан учраас залуучуудыг бүртгэж явуулдаг байсан. Тэр үед гадагш нь бэр, хүргэн явуулахдаа дургүй, яагаад гэхээр залуу малчидаа алдана гээд, харин гаднаас бол бэр, хүргэн авах дуртай шинээр залуу малчид нэмэгдэнэ гэж, энэ үйл явдал санаанд тодорхой байгаа учраас л энэ хүмүүсийг ажиллаж байсныг сайн мэднэ... гэсэн мэдүүлэг,
гэрч А.гийн ...******* эцэг, эхийгээ дагаж мал малласан хүн. Манайхан айл саахалт их явдаг байлаа. Би энэ хүнийг багаас нь мэднэ. ******* сургуульд суугаагүй хүн дээ. Аав ******* нь Завхан аймгийн ******* сумын 2-р таван жил нэгдэлд адуучин хүн байсан. Тэгээд ******* аавынхаа адууг өвөлж авч мөн нэгдэлд адуу малладаг байсан. Сайн адуучин байсан. Унаганы аварга хоёр ч удаа болж байсан. Тэгээд энэ хүн адуугаа хувьчлаад түүнээс хойш хонь хариулсан. ******* одоо хүртэл малаа маллаж байгаа. Нэгдлийн малыг 1993 он хүртэл малласан. Манай нэгдэл 1993 онд хувьчлагдсан юм. Түүнээс хойш хувийн малаа малласан. Нэгдлийн хүмүүст чинь хөдөлмөрийн дэвтэр гэж байсан юм шүү дээ. Түүнийгээ хэрэгсэхгүй байгаад баримтгүй болсон байна. Н.******* 1980-аад оны үед цэрэгт явах гэж байгаа гээд аавтайгаа манайд ирээд явж байсан. Цэргээс халагдаж ирээд манайд ирээгүй юмдаг. Тухайн үед нэгдлийн даргаар 1980-1985 оны үед байсан санагдаж байна. Боловсон хүчин нь гэж байсан. Олон дарга нар солигдоод л байдаг байсан. Би тухайн үед ******* сумдаа багшаар ажиллаж байсан. Тэгээд манай аав, ээжийнх, *******ын аав, ээжийнх олон жил айл саахалт явж байсан учраас би *******ыг илүү сайн мэднэ... гэсэн мэдүүлгүүдээр Н.*******ыг ажиллаж байсан байдал нь давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ийн *******ыг 1978 оны 03-р сарын 10-наас 1980 оны 06-р сарын 30-н хүртэл, 1983 оны 06-р сарын 20-ноос 1993 оны 12-р сарын 30-н хүртэл Завхан аймгийн ******* сумын 2-р Таван жил нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ