Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/01714

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 06 210/МА2024/01714

 

 

 

Г.Өгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/01144 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Өгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Бд холбогдох,

 

Худалдан, худалдан авах гэрээний үүрэгт 70,000,000 төгрөг гаргуулах тухай,

19,151,890 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ө, өмгөөлөгч Ч.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Зоригт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Г.Ө миний бие иргэн Ч.Бтай, харилцан тохиролцсоны үндсэн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр, үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан, орон сууцыг 338,514,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаанд 70,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 268,514,000 төгрөгийг 2023 оны 8 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар тохирсон. Гэтэл Г.Ө миний бие А ХХК-д оруулсан үлдэгдэл төлбөрийн мөнгө орж ирэхгүй болсон гэсэн шалтгааны улмаас, дээрх нөхцөл байдлаа Ч.Бд тайлбарлан, гэрээгээ 7 сарын хугацаагаар сунгая гэсэн хүсэлт тавихад хүлээн зөвшөөрөхгүй болно. Одоогийн байдлаар гэрээг сунгаагүй худалдагчийн хүсэлтээр 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байрыг нь суллаж өгөөд урьдчилгаа мөнгөө буцааж авъя гэтэл, үндэслэлгүй зардлуудыг надаас нэхэж, үүнийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд урьдчилгаанд төлсөн 70,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 508,000 төгрөг, нийт 70,508,000 төгрөг гаргуулна гэжээ. 

  

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Г.Өгийн цаад болсон асуудлыг нь ойлгосон. Гэрээгээ үргэлжлүүлэн гэсэн санал тавиагүй. Мөнгөө хувааж төлөх буюу сар болгон 2,000,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэй байсан. Бид нар өөрсдөө байрнаасаа гараад дахиад өөр байранд орохоор төлөвлөсөн байсан учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй болсон. ...Байгуулсан гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон байж болно. Гэрээнд заасан 2 дахь үүрэг болох бид нарт гарсан хохирол зардлыг барагдуулна хасаж тооцож үлдэгдэл төлбөрийг өгнө гэсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй. Хүний байрыг худалдаж авна гээд байрнаас нь гаргаад эдийн засгийн болон цаг хугацааны өндөр зардал гаргаж байна. Өөрийнх нь манай эхнэртэй бичсэн мессежүүд байдаг. Хороололд байдаг байрыг эсвэл машинаа ав гэсэн янз бүрийн санал тавьж байсан. Тэгээд бид нар татгалзсан учраас болохгүй бол буцааж болно. Гэхдээ бид нар гэрээнээс үүдэлтэй зардлууд гарсан учраас хасуулах л санал тавьсан хүлээн зөвшөөрөөгүй. Ийм учраас л шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Ц.Б миний бие иргэн Г.Өтэй 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өөрийн өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий ....... дүүргийн .... хороо, .... хотхонд байрлах 147 м2 4 өрөө орон сууцыг зарахаар зар тавьж, иргэн Г.Өгийн олон сарын өмнөөс худалдаж авна гэсэн хүсэлтийг зөвшөөрч харилцан тохиролцсоны дагуу зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулан орон сууц болон 1 машины зогсоолыг суллан өгсөн болно. Гэвч гэрээ байгуулсанаас 2 сарын дараа буюу үлдэгдэл төлбөрөө төлөх хугацаа болсоны дараа иргэн Г.Ө нь байгуулсан гэрээгээ биелүүлэхээс татгалзан, хүлээн зөвшөөрөх боломжгүй өөр нөхцөлийг тулгаж, бидний гэр бүлд сэтгэл санаа, эд хөрөнгө, цаг хугацааны хүндрэл хохирол учруулан, орон сууцыг минь зохих ёсоор хүлээлгэн өгөлгүйгээр нүүн гарсан. Иймээс байраа хүлээлгэн өгч өөр газарт байр түрээслэсний зардал болох 8,000,000 төгрөг, байр, орон сууцны дотор заслыг өөрчилсөнийг анхны байдалд оруулах зардал 2,000,000 төгрөг, Байрны болон гэрэл, цахилгаан, Сөх, ус дулааны 2 сарын төлбөр 290,000 төгрөг, өмгөөлөгчдийн зардал 150,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 253,709.45 төгрөг нийт 19,405,599.45 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Орон сууц хөлслөх гэрээний хөлслөгч тал нь хариуцагч Ц.Б биш өөр этгээд байх тул 8,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, ямар үнэтэй, ямар материалаар яаж засвар хийсэн нь ойлгомжгүй байх тул 8,711,890 төгрөгийг зөвшөөрөхгүй, нүүж орж гарах зардлыг хэн нэг нь хариуцна гэсэн зүйл гэрээнд тусгагдаагүй би ч мөн нүүж орох, гарах зардлаа өөрөө хариуцаж байсан тул 2,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй.

Миний бие уг байранд 7, 8 дугаар сард амьдарч байхдаа 7 дугаар сарын байр, цахилгаан, СӨХ-ны мөнгийг төлсөн, намайг нүүж гарахад 8 дугаар сарын байрны мөнгө бичигдээгүй байсан тул 8 сарын төлбөр 145,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн 145,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэнийн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 238 дугаар зүйлийн 238.4-т зааснаар хариуцагч Ц.Бгаас 61,143,110 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Өд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508,000 улсын орлогод хэвээр, хариуцагч Ц.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,000 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бгаас 463,666 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Өд олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...Түрээсийн зардал болон нүүлгэлтийн хөлсийг нотлогдохгүй байна гэх үндэслэлийг нягтлан үзэхэд миний ээж болох хариуцагч Ц.Бгийн шүүхэд анх өгсөн нотлох баримтуудад түрээсийн гэрээтэй холбоотой гол нотлох баримт болох түрээслүүлэгчийн дансны дугаартай нэг нүүр хуудас дутуу өгсөн ба мөн уг маргаанд огт хамааралгүй бичгийг хавсаргасан байсныг олж тогтоосон.

Миний ээж Ц.Б нь тэтгэвэрт суугаад олон жил болсон, анх удаа шүүхийн маргаанд дуудагдаж байгаа тул холбогдох баримт бичиг, нотлох баримтыг бүрдүүлж өгөх тал дээр алдаа гаргасан байгааг харгалзан үзэж түрээсийн зардал болон нүүлгэлтийн зардалтай холбоотой нотлох баримтыг дахин хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч Г.Ө, өмгөөлөгч Ч.Энхбаяр нараас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч тал түрээсийн гэрээг гаргаж өгсөн болов ч уг гэрээ нь хариуцагч Ц.Бтай холбоогүй гэрээ байдаг. Мөн нүүлгэх зардлыг нэхэмжилдэг үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, хариуцагчийн нэхэмжилсэн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Анх талууд гэрээ байгуулахад нүүлгэх зардал, нэмэлт зардлын талаар тохиролцоогүй. Манай талаас засварын зардал нүүлгэх зардал нэхэмжлэгч талтай ижилхэн гарсан ч энэ талаар нэхэмжлэлдээ дурдаагүй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Г.Ө нь хариуцагч Ц.Бд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, 19,151,890 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Тодруулбал, орон сууц хөлслөхөд төлсөн 8,000,000 төгрөг, орон сууцны дотор заслыг өөрчилсөнийг анхны байдалд оруулах зардал 8,711,890 төгрөг, нүүлгэлтийн зардал 2,000,000 төгрөг, ашиглалтын зардал 290,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн зардал 150,000 төгрөг, нийт 19,151,890 төгрөгийн нэхэмжилсэн байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн боловч хууль хэрэглээний алдаа гаргасныгдавж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулна.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар Г.Ө нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Ц.Бтай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ... дүүрэг, .... дүгээр хороо, ...... хотхон, Ар ...... гудамж, 95 дугаар байр, ...... тоот хаягт байрлах 147.18 м.кв талбайтай орон сууцыг 338,514,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, үүнээс мөн өдөр 70,000,000 төгрөгийг худалдагчийн Хаан банк ХК дахь ...... тоот дансанд шилжүүлэх, үлдэх 268,514,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр тохирчээ /х.х-ийн 3/.

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

Тодруулбал, талууд энэхүү гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэж, гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийн төлбөрийг нэн даруй бус тодорхой хугацааны дараа төлөхөөр тохиролцсон боловч гэрээний зүйлийг худалдах үеийн үнийг хожим төлөхөөр тохирсон байгаагаас гадна зээлээр худалдан авч буйн төлөө нэмж төлөх хүүгийн талаар тусгайлан тохироогүй, гэрээний зүйлийн үнэ эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ-ээс нэмэгдсэн шинжийг агуулаагүй байна.

 

4. Тухайн орон сууц худалдагч Ц.Бгийн өмч, худалдан авагч Г.Өгийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн болон тэрээр 70,000,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаангүй./х.х-ийн 4, 5/.

 

Хэдийгээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан боловч энэ нь үүргийн хэлцэлд хамаарахгүй, харин худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг худалдан авагч талд шилжүүлэхэд хамааралтай юм.

 

Иймд, зохигчид худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

 

5. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар худалдан авагч Г.Ө нь 268,514,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлөх боломжгүй талаар худалдагч Ц.Бд мэдэгдэж, улмаар тус төлбөрийг төлөх хугацааг 7 сараар сунгах хүсэлт гаргасныг хариуцагч нь зөвшөөрөөгүй, талууд үүнтэй холбоотойгоор худалдах, худалдан авах гэрээг цуцалсан, энэ талаар маргаангүй.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

Өөрөөр хэлбэл, зохигчдын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсанаар талууд гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үүрэг хүлээх учир хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч Г.Өд 70,000,000 төгрөгийг буцааж өгөх үүрэг хүлээнэ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээг цуцалсантай холбоотойгоор хариуцагчаас гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг шаардаж байхад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой зохицуулалтыг баримталсан нь үндэслэл бүхий болоогүй байна.

 

6. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус зааснаар худалдагч Ц.Б нь худалдан авагч Г.Өг худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээг цуцалсантай холбоотой хохирлоо нэхэмжлэх эрхтэй.

 

Анхан шатны шүүх ... дүүрэг, .... дүгээр хороо, ...... хотхон, ар ...... гудамж, 95 дугаар байр, ...... тоот хаягт байрлах 147.18 м.кв талбайтай орон сууцыг засварлахад 8,711,890 төгрөгийн зардал гарах төсвийг үндэслэн, мөн худалдан авагч Г.Өгийн хүлээн зөвшөөрсөн ашиглалтын зардал 145,000 төгрөг, нийт 8,856,890 төгрөгийг хохиролд тооцож худалдагч Ц.Бд олгож шийдвэрлэсэнд зохигчид гомдол гаргаагүй тул давж заалдах шүүхээс талуудын зарчмыг үндэслэн энэ талаар нэмж дүгнэлт өгөхгүй.

 

7. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хууль зүйн туслалцаа авахад төлсөн зардал 150,000 төгрөг, ашиглалтын зардлаас үлдэх 145,000 төгрөг, орон сууц хөлслөхөд төлсөн 8,000,000 төгрөг, нүүлгэлтийн зардал 2,000,000 төгрөгийг тус тус хангахгүй шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

7.1. Хэрэгт цугларсан баримтаар Ц.Бгийн Хаан банк ХК дахь 5063171625 тоот дансны хуулгыг үзвэл тэрээр 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 8,000,000 төгрөгийг 456110457 тоот дансанд ...3 сарын түрээсийн байрны төлбөр гэсэн утгаар шилжүүлсэн боловч хаана байрладаг, ямар орон сууцыг хэнтэй гэрээ, хэлэлцээр байгуулж хэнд шилжүүлж байгаа нь тодорхойгүй байна /х.х-ийн 55/.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчид худалдах, худалдан авах гэрээний зүйлийг хүлээлгэн өгч, улмаар буцааж авах хүртэлх хугацаанд бусдаас орон сууц хөлслөн суусан гэх боловч хөлсөлсөн орон сууц болон хөлслүүлэгчийн талаарх баримтгүй, хэрэгт өгсөн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ж.Даваа, Н.Наранбуян нарын байгуулсан орон сууц хөлслөх гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй байх тул үнэлэх боломжгүй юм /х.х-ийн 22-25/.

 

7.2. Мөн хэрэгт 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Н.Наранбуянгийн байгуулсан түрээсийн гэрээг үзвэл түрээслэгч болон түрээслүүлэгч этгээд хэн болох нь тодорхойгүй буюу зөрүүтэй, тухайн 8,000,000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээний төлбөрт төлсөн гэж тайлбарласан боловч 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өөр орон сууц хөлслөхөөр гэрээ байгуулсан нь чухам аль гэрээний төлбөр болох нь эргэлзээтэй байна /х.х-ийн 20, 21/.

 

7.3. Нүүлгэлтийн зардлын хувьд Ц.Б нь худалдсан орон сууцыг Г.Өд чөлөөлж хүлээлгэн өгөх учир үүнтэй холбоотой зардал гарахын сацуу 2,000,000 төгрөгийн нүүлгэлтийн зардал гарсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна /х.х-ийн 19/.

 

Тодруулбал, дээр дурдсан Ц.Бгийн Хаан банк ХК дахь 5063171625 тоот данснаас 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр түүний хүү Х.Зоригтын 5111052356 тоот дансанд 1,000,000 төгрөгийг нүүлгэлт гэсэн утгаар шилжүүлсэн боловч тухайн мөнгийг чухам юунд зарцуулсан нь тодорхойгүй, хэрэгт өгсөн энэхүү дансны хуулга нь мөн адил дээрх хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

 

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Н.Оюунгэрэл, Г.Байгальмаа нарын хамт оролцож байсан байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг хуульд заасан шаардлагыг хангуулж өгөх боломжтой байсан гэж үзнэ /х.х-ийн 41, 49/.

 

Иймд, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц хөлслөхөд 8,000,000 төгрөг, нүүлгэлтийн зардал 2,000,000 төгрөг төлсөн болох нь баримтаар нотлогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдлийг өөрчлөхгүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Анхан шатны шүүх, хариуцагчаас 70,000,000 төгрөг, нэхэмжлэгчээс 8,856,890 төгрөгийг тус тус гаргуулж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар үүргийг харилцан тооцсон нь зөв. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,295,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрийн тогтоох хэсэгт тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсгийн заасантай нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо ... миний ээж Ц.Б нь тэтгэвэрт суугаад олон жил болсон, анх удаа шүүхийн маргаанд дуудагдаж байгаа тул холбогдох баримт бичиг, нотлох баримтыг бүрдүүлж өгөх тал дээр алдаа гаргасан байгааг харгалзан үзэж түрээсийн зардал болон нүүлгэлтийн зардалтай холбоотой нотлох баримтыг дахин хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-д зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хянадаг ба мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж заасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Шүүх хариуцагчид энэ үүргийг танилцуулжээ. Иймд, давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг үндэслэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/01144 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг үндэслэн хариуцагч Ц.Бгаас 61,143,110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Өд олгож, хариуцагч Ц.Бгийн гаргасан нэхэмжлэгч Г.Өд холбогдох 19,151,890 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 10,295,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР