| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0454/э |
| Дугаар | 455 |
| Огноо | 2019-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 455
2019 05 10 2019/ШЦТ/455
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Бумчимэг;
улсын яллагч: О.Доржмаа /томилолтоор/;
шүүгдэгч: Ц.Дорж (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тогооч овогт Цолмонгийн Доржид холбогдох эрүүгийн 1909007940353 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Гурван булаг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгч мэргэжилтэй, “Смайл-100 Виски” нэртэй бааранд зөөгч ажилтай, ам бүл 3, зхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны 1096-К тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ВЛ97062216 регистерийн дугаартай, Тогооч овогт Цолмонгийн Дорж.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ц.Дорж нь 2019 оны 02 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “МИКС” нэртэй баарны гадна иргэн Б.Жавхлантөгстэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгон хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Дорж мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн. Нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Жавхлантөгс /хх-ийн 10-15/, гэрч О.Ууганбат /хх-ийн 29/, А.Отгонбаатар /хх-ийн 34/, Ц.Доржийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 53/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2515 тоот дүгнэлт /хх-ийн 16/, Ц.Доржийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 54-60/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Дорж нь 2019 оны 02 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах “МИКС” нэртэй баарны гадна Б.Жавхлантөгстэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Б.Жавхлантөгсийн /хх-ийн 10-15/ “... Надтай ярьж байсан хүн намайг түлхэхэд нь би өөрийгөө хамгаалж тэр хүнийг нэг удаа цохисон. Би тэр хүний биеийн аль хэсэгт цохисноо санахгүй байна. Надад цохиулсан залуу өндөр залуу байсан. Тухайн үед тэр залуу согтуу байсан. Би бага зэрэг пиво уусан байсан. ... Миний өөдөөс нэг залуу ганцаараа ирсэн. Би тэр залууд хандаж “би Отгоноогоос уучлалт гуйна” гэж хэлэхэд тэр залуу миний ам руу нэг удаа цохисон. Цохиулаад миний уруул язарч, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд учирсан...” гэх мэдүүлгээр,
гэрч О.Ууганбатын /хх-ийн 29/: “... Дорж надад хандаж хэлэхдээ “мань чинь Жавхааг цохичихсон юм аа” гэж хэлж байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч А.Отгонбаатарын /хх-ийн 34/: “... Жавхаа Доржтой хэрэлдэж, маргалдаж байгаад Доржийн зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохиод зугтаасан. ... Доржоо Жавхааг нэг удаа нүүр рүү нь шүд хэсэг рүү нь цохисон. Жавхаа Доржид цохиулаад нүүрээ хоёр гараараа дараад доошоо хараад суугаад байсан. ... Цагдаа нарыг ирэхэд Жавхаа Доржийг заагаад “намайг цохисон хүн энэ байна” гэж заасан...” гэх мэдүүлгээр,
Ц.Доржийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 53/: “... Би хохирогч Б.Жавхлантөгсийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,
Б.Жавхлантөгсийн биед “дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын язарсан шарх, зүүн доод үүдэн 2 дугаар шүдний булгарал, баруун дээд 1, зүүн дээд 1, 2, 3, доод үүдэн 1-р шүдний сулрал бүхий шинэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2515 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Ц.Доржийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Ц.Доржийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Б.Жавхлантөгс нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтаа хэрэгт хавсаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Харин хохирогч Б.Жавхлантөгс нь цаашид гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг, эмчилгээтэй холбоотой гарах зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дорж нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Тогооч овогт Цолмонгийн Доржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Доржийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дорж торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Хохирогч Б.Жавхлантөгс нь цаашид гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг, эмчилгээтэй холбоотой гарах зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Доржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ