| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00279/И |
| Дугаар | 279 |
| Огноо | 2016-08-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 279
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Ш.Одончимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,Ш.Одончимэгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Долоон овогт Шагжжавын Одончимэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1965 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн. 1985 онд Н.Даваажавтай гэр бүл болсон. Би 1981 оны 01 сараас 1985 оны 06-р сар хүртэл Завхан аймгийн Ургамал сумын Коммунизмын Туяа нэгдлийн Баян-Улаан бригадад малчин, 1985 оны 07-р сараас 1993 он хүртэл тус Дөрвөлжин сумын 2-р Таван жил нэгдлийн Таван толгой бригадад тус тус мал маллаж байсан юм. Одоо тус сумын Таван толгой багтаа мал маллаж байна.
Иймд Ш.Одончимэг намайг 1981 оны 01 сараас 1985 оны 06-р сар хүртэл Завхан аймгийн Ургамал сумын Коммунизмын Туяа нэгдлийн Баян-Улаан бригадад малчин, 1985 оны 07-р сараас 1993 он хүртэл Дөрвөлжин сумын 2-р Таван жил нэгдлийн Таван толгой бригадад тус тус мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Одончимэг нь 1981 оны 01-р сараас 1985 оны 06-р сар хүртэл Завхан аймгийн Ургамал сумын Коммунизмын Туяа нэгдлийн Баян-Улаан бригадад малчин, 1985 оны 07-р сараас 1993 он хүртэл Дөрвөлжин сумын 2-р Таван жил нэгдлийн Таван толгой бригадад тус тус мал маллаж болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлжээ.
Ш.Одончимэг 1981 оны 01-р сарын 01-нээс 1985 оны 06-р сарын 30-н хүртэл Завхан аймгийн Ургамал сумын Коммунизмын Туяа нэгдэлд малчин, 1985 оны 07-р сарын 01-нээс 1993 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2-р Таван жил нэгдэлд мал маллаж болох нь Завхан аймгийн архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/585 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Н.Ролжинжавын ...Одончимэг 1985 онд Даваажавтай сууж манай нутгийн бэр болсноос хойш Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2-р таван жил нэгдэлд мал маллаж байна. Мал маллахаас өөр ажил төрөл хийгээгүй. Хөдөө л байсан хүн. Нэгдлийг тартал буюу 1992 он хүртэл мал малласан. Ш.Одончимэг 1985 оны 10-р сард манай нутгийн бэр болон ирсэн шиг санагдаж байна. Намар их орой л хуримаа хийж байсан санагдаад байна. Ургамал сумын Шагж гэдэг айлын хүүхэд байгаа юм. Хүнтэй суухаасаа өмнө гэртээ аав, ээжийнхээ хамт мал маллаж байсан гэж ярьдаг юм... гэсэн мэдүүлэг,
гэрч Б.Жаргалсайханы ...Одончимэг Ургамал сумын хүн байгаа юм. 1985 онд Дөрвөлжин сумын бэр болж ирсэн. Тэр үед би Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2-р таван жил нэгдэлд агорномич, МХЗЭХорооны дарга зэрэг ажлуудыг хийж байсан. Даваажав гэж нөхөр нь юм. Адуучин хүн. Тэгээд би 1990 оны 8-р сард Улиастайд ирэхэд тэр хүртэл ажиллаж байсан. Тус нэгдэл нь 1993 онд хувьчлагдаж бүрэн тараагүй байсан. Түүнээс хойш хоршоо болж байгаад тарсан даа. Одончимэг мал маллахаас өөр ажил хийж байгаагүй. Завхан аймгийн Дөрвөлжин сумын бэр болж ирээд Даваажавтай хамт насаараа мал малласан... гэсэн мэдүүлэг,
гэрч А.Баатархүүгийн ...Одончимэг Ургамал сумын хүн байгаа юм. Энэ хүүхдийг Даваажавтай сууж айл болсон хугацаанаас нь хөдөө мал маллаж байсныг мэднэ. Гэхдээ эхнэр бид хоёрыг 1975-1978 он хүртэл Ургамал суманд багшлаж байхад Одончимэг сургуульд байсан гэж ярьсан. Би зүсийг нь оноож сайн санахгүй байгаа юм. Одончимэг 8-р анги бол төгссөн байх гэж бодогдож байна. Тэгээд Даваажавтай сууснаас хойш бол Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2-р таван жил нэгдэлд мал маллаж байсан. Би Одончимэгийг 1985, 1986 оноос хойш 1993 он хүртэл мал малласныг мэднэ. Тэгээд 1993 онд нэгдэл хувьчлагдсан. Одончимэг тасралтгүй мал малласан. Өөр ажил төрөл хийгээгүй... гэсэн мэдүүлэг,
гэрч Б.Энхтөрийн ...Одончимэг аав Шагж, ээж Чимэдийн хамт Завхан аймгийн Ургамал сумын Коммунизмын туяа нэгдэлд мал маллаж байсан. Намайг 1981 оны 6-р сард цэрэгт явах үед Одончимэг сургуулиа төгссөн мал дээр гарсан гээд гүйж байсан. Тэгээд би 1984 онд цэргээс халагдаж ирэхэд мөн л аав, ээжийнхээ хамт мал маллаж байгаад 1985 онд Дөрвөлжин сумын Даваажавтай гэр бүл болоод явсан юм. Түүнээс хойш Дөрвөлжин сумд мал маллаж байгаа. Манай нутаг Дөрвөлжин сумын Тавантолгой хоёр нутаг залгаа учраас бид биенийгээ хаана юу хийж байгааг мэднэ. Одончимэг одоо хүртэл малаа маллаж байгаа. ... Нэгдлийн хонь малладаг байсан... гэсэн мэдүүлэг,
гэрч Б.Оюуны ...Би 1979 онд сургуулиа төгсч ирээд Завхан аймгийн Ургамал сумын Коммунизмын туяа нэгдэлд малын эмчээр ирж ажилласан юм. Тэгэхэд Одончимэг 1981 оноос эхлэн 1985 он хүртэл тус нэгдэлд аав, ээжийнхээ хамт мал маллаж байгаад 1985 онд Дөрвөлжин сум руу хүнтэй суугаад явсан. ... Аавыг нь Шагж л гэж дууддаг байсан. Ээжийг нь Чимэд гэдэг юм. Одончимэг хүнтэй суух хүртлээ тасралтгүй хөдөө мал маллаж байгаад явсан. Бог мал малладаг байсан... гэсэн мэдүүлгүүдээр Ш.Одончимэгийн ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Долоо овогт Шагжжавын Одончимэгийг 1981 оны 01-р сарын 01-нээс 1985 оны 06-р сарын 30-н хүртэл Завхан аймгийн Ургамал сумын Коммунизмын Туяа нэгдэлд малчин, 1985 оны 07-р сарын 01-нээс 1993 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2-р Таван жил нэгдэлд тус тус мал маллаж болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ