| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00280/И |
| Дугаар | 280 |
| Огноо | 2016-08-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 280
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, шүүгчЖ.Отгонхишиг, Т.Балжинням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан, нэхэмжлэгч Ш.Гантөмөр, хариуцагч Ү.Сэргэлэн нарыг Говь-Алтай аймгийн шүүхээс онлайнаар, иргэдийн төлөөлөгч С.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж Ш.Гантөмөрийн нэхэмжлэлтэй Ү.Сэргэлэнд холбогдох гэм хорын хохирол 160000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 07 сарын 20-нд Верна аксент маркийн 52-26 ГАА дугаартай автомашинтай Тамхи со-гийн үүдэнд зогсож байтал 88-04 ГАА дугаартай автомашин жолоодсон Сэргэлэн ухарч ирээд араас мөргөсөн. Машины буфер хагарч гэмтсэн тул сольж засуулсан, мөн шүүхэд тэмдэгтийн хураамж зэрэг 160000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ү.Сэргэлэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2014 оны 07 сарын 20-нд монгол тамхи со-гийн үүдэнд ГАА 88-04 машинтайгаа зогсож байсан. Монгол тамхи со нь гаднаа авто машины зогсоолгүй задгай талбайтай гэтэл Гантөмөр нь миний машины ард үзэгдэх орчин хязгаарлагдмал зогссон байсан. Би машинаасаа буугаагүй машиндаа сууж байгаад ухрахад толинд юу ч харагдахгүй жаахан хөдлөөд зогссон буугаад иртэл Гантөмөр машины буфер хагалсан гээд мөнгө нэхсэн. Хагархай буферийг хартал хагархайныхаа завсараар шороо ороод харлаж бохирдсон байсан. Би энэ хуучин хагархай байна шинэ хагархай бол ийм байхгүй шүү дээ гэхэд хуучин хагархай байснаа хүлээн зөвшөөрч байснаа чи мөргөсөн мөнгө өг би насаараа шүүхэд ажилласан хүссэн хүсээгүй чи өгөх л болно, мөнгө өгөхгүй бол шүүхэд өгнө гэж сүрдүүлсэн. Тэгээд цагдаа дуудаж хуучин хагархайг харуулсан.Гантөмөр өөрөө хагархай буфер байсан гэдгээ хүлээн зөвшөөрөхөд дуудлагаар ирсэн 2 цагдаа хоорондоо тохиролц гээд явсан.
... Гантөмөр нь шунахайн сэтгэлээр олон дахин мөнгө нэхэж хуучин хагархай байсан буферээ зах зээлийн өртөг үнээс дээгүүр хэлж тухайн үеийн буферийн гэмтлийн зэрэг тогтоогдоогүй дүгнэлт гараагүй, төлөх акт баримт байхгүй байхад шүүхэд ажилладаг нэр хүндээ ашиглаж бүтэн болгож төлүүлэх гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Гантөмөр нь эд хөрөнгөд учирсан хохирол 160000 төгрөгийг хариуцагч Ү.Сэргэлэнгээс гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлий 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг байх бөгөөд энэ зүйлд зааснаар шаардахад гэм хорыг нөхөн төлөгч нь гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учирсан байхыг шаарддаг. Гэтэл Ү.Сэргэлэнгийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Ш.Гантөмөрийн эд хөрөнгөд гэмтэл учирсан эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Мөн түүнчлэн хэрэгт авагдсан фото зураг нь хэдийд авагдсан фото зураг болох нь тогтоогдоогүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 160000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдохгүй, 120000 төгрөгийн баримтанд сиnеr гэж бичсэн нь ойлгомжгүй хэзээ хэн засвар хийсэн нь тодорхойгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Ш.Гантөмөрийн нэхэмжлэлтэй Ү.Сэргэлэнд холбогдох гэм хорын хохирол 160000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 5450 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ
ШҮҮГЧИД Ж.ОТГОНХИШИГ
Т.БАЛЖИННЯМ