Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 209/МА2024/00072

 

 *******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  06 дугаар сарын 27-ны өдрийн 135/ШШ2024/00887 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

   Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: "46,945,000 төгрөг" гаргуулах,

  Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: "хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг цуцалсантай холбогдуулан 29,000,000 төгрөг гаргуулах" тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

   ...******* "Тэнгэрийн хишиг" дэлгүүрийг түрээсэлж байхдаа борлуулж байсан бараа, бүтээгдэхүүний үнэ 13,000,000 төгрөгийг хоорондын тооцоогоор бодож дэлгүүр худалдан авах 70,000,000 төгрөгийн дүнгээс хасуулж үлдэгдэл 57,000,000 төгрөгийг төлнө гэсэн боловч бэлэн мөнгөгүй байсан учраас надад танай Ёотонгийн 8 дугаар байрны 2 өрөө орон сууцыг чинь ******* нь өөрийнхөө нэр дээр шилжүүлэн 55,000,000 төгрөгийн зээл аваад үлдэгдэл 57,000,000 төгрөгөө төлье гэж гуйсан.

Тэгээд миний байрыг барьцаалаад Төрийн банкнаас 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 55,000,000 төгрөгийн зээлээ авсан боловч өгөх мөнгөө өгөлгүй *******- ын дансанд орсон мөнгөнийхөө 30 хувь 16,500,000 төгрөгийг хүнээс зээлсэн юмаа буцаагаад өгч байгаач хүнээс мөнгө авахаар өгье гэснийх нь дагуу шилжүүлсэн. Үүнээс хойш / ******* / 2023 оны 03 сард - 4,500,000 төгрөг, 2023 оны 04 сард-10,0000,000  төгрөг шилжүүлсэн, намар 9 сард Зээлээ чөлөөлж манай байрыг суллаж өгөх ёстой байсан боловч зээлээ чөлөөлж өгөхгүй байхаар нь өөрийн нэр дээрээ итгэмжлэх хийлгэн авч Б.Уянгын Сэлэнгэ аймгаас авсан зээлийг 2023 оны 12 сарын 14-ний өдөр нөхөр ын хамт очиж 37,526213.68 төгрөгийг өөрийн Төрийн банкны данс болох данснаас төлж Татварын мөнгийг бас өөрөө төлөн байраа дээр шилжүүлж авсан.

Өөрөөр хэлбэл миний байрыг барьцаанд тавьж авсан 55,000,000 төгрөгөөрөө ******* нэр дээрээ байдаг дээрх зээлүүдээ хаасан. Харин надад худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 41,130,000 төгрөгийг төлөөгүй 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаа хожиж намайг хохироож байна. ******* анх надад өөр хүн буюу дүүгээ авна гэсэн ойлголт огт хэлээгүй, өөрөө л авч байгаа юм шиг ойлгуулсан.

...бид худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийгээгүй зөвхөн амаар бүх зүйлийн талаар ярьж тохиролцсон. *******ас мөнгөө авъя гэтэл та манай ээжтэй холбогдоод үлдэгдэл мөнгөө аваарай гэсэн /ын / ээж нь дэлгүүрийг хүү *******д авч өгч байгаа хүү дээрээ зээл судлуулна гээд 18-н Хаан банкин дээр хамт очиж уулзаад 41,000,000 төгрөгийн зээл гарахаар болоод Хашаа байшин, дэлгүүр, газрын гэрчилгээг тэдний нэр дээр, 2024 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр Б.Уянгын дүү *******тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Банкны зээл нь, зээлийн нөхцөл шаардлагыг хангасан учраас зээл гарах болтол дахиад ямар нэг шалтаг шалтгаан ярьж өнөөдрийг хүртэл хойшлуулсаар байгаад гомдолтой байна.

Иймд *******эс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл 41,000,000 төгрөг, 2024 оны 02 сарын 01-ээс 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 29 хоногийн алданги 5,945,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн 389,600 төгрөг, нийт 47,334,600 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. /хх 1-5-р тал/

2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие ээж Ц.гийн хамт нэхэмжлэлд дурдсан газрыг дэлгүүртэй нь худалдан авахаар эгч *******ар дамжуулан 70,000,000 төгрөгөөр *******тай тохирч 29,000,000 төгрөгийг бэлнээр болон бараа, материал өгөх байдлаар төлсөн. Үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар зээл авахаар гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулж, зээлийн материалаа банканд өгөх үед тухайн газрын гэрчилгээ дээрх хэмжээ нь бодит байдлаас хамаагүй бага хэмжээтэй болохыг мэдсэн.

Анх үйл ажиллагаа явуулахаар төлөвлөснөөс бага хэмжээтэй газар байгаа, гэрээгээр шилжүүлэн өгсөн хөрөнгө нь биет байдлын доголдолтой байсан тул гэрээг цуцалж өгсөн, авсан зүйлээ буцаах тухай *******д мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэрээг цуцалсантай холбоотой гаргах өөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн гаргах болно гэжээ. /хх 21-р тал/

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлдээ:

...Тухайн газар бодит байдлаас хамаагүй бага хэмжээтэй байсан тул дахин хэмжилт хийлгэн үнэхээр бага байвал гэрээгээ цуцлах тухай *******д мэдэгдэж, зээл гарсан байсан боловч төлбөрийг өгөхөөс татгалзсан юм. Тухайн газрыг хэмжилтийн үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий ХХК-аар хэмжүүлэхэд хашаалсан газрын хэмжээ 927.6 мкв буюу гэрчилгээ дээрх хэмжээнээс 132.6 мкв-аар илүү газар хашаалсан байсан. Мөн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-аас албан мэдэгдэл ирүүлсэн ба уг мэдэгдэлд дээрх хашаа нь эрчим хүчний байгууламжийн хамгаалалтын зурвасыг зөрчсөн байна гэсэн.

Энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д хүсэлт гаргаж тодруулахад тус хашаа нь хамгаалалтын зурвасыг зөрчсөн тул 3,8 метр буцааж татахыг мэдэгдсэн хариу ирсэн. Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм"-ийн 2.2 дугаар зүйлд заасан хүснэгтэд 1-20 кв хүртэлх дэд станц нь тал бүр тийш 10 метрийн хамгаалах зурвастай байх ёстой ба манайх хашаагаа газрын кадастрын зурагт зааснаар буцааж татсан ч гэсэн энэхүү хамгаалалтын зурвасыг зөрчсөн хэвээр байхаар байна. ...10 метрийн зайтай хашаагаа татсан байдлаар зургийг гаргуулж үзэхэд 755,3 мкв дүгнэлт гарсан. 

Иймд энэхүү газар нь бодит байдлаас хамаагүй бага хэмжээтэй байсан, мөн эрчим хүчний дэд станцын хамгаалалтын зурвасыг зөрчсөн байдалтай байгаа, газрыг цаашид зориулалтын дагуу ашиглах ямар ч боломжгүй доголдолтой байх тул худалдан авагчийн зүгээс гэрээг цуцалж урьдчилж төлсөн 29,000,000 төгрөгийг Л.Оюунсаруулаас гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ. /хх 59-60-р тал/

4.Нэхэмжлэгч ******* нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

...Гэрээнүүдийг хэдийгээр 2024 оны 01 дүгээр сарын 31-нд Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн хэдий ч бидний хооронд Дархан сумын 1-р баг Пионерын 4-34 тоотын хашаа, дэлгүүрийн зориулалттай байшин, амьдрах зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ нь 2022 оны 8 сард амаар хийгдэж, гэрээний зүйлийг *******д 2023 оны 01 дүгээр сарын 10-нд хүлээлгэн өгснөөр *******, ******* нарын эзэмшил, ашиглалтад бүрэн шилжсэн учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Худалдах, худалдан авах гэрээний зүйл нь газар, хашаа, байшин байна. Харин цахилгааны шит нь гэрээний зүйл буюу газар, хашаа, байшингийн биет байдалд хамааралгүй.

*******, ******* нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийг хүлээн авснаас хойш 1 жил гаруй хугацаа өнгөрсөн \Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр огноотой мэдэгдэл \

*******, *******-д Дархан Сэлэнгийн цахилгааны түгээх сүлжээ ХК-ийн Дархан сумын 1 дүгээр багийн Пионерын гудамжинд байрлах 6\0,4 кв-ын АТП-101 дэд станцыг шилжүүлэх ажил хийгдэх гэж байгаа гэх албан бичгийн тухай мэдэгдсэн, Гэрээний зүйл болох газрыг 2004 онд Аймгийн Засаг даргын 159 дүгээр захирамжаар иргэн д өмчлүүлж байсан, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийг Монгол улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан байна.

Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02\1448 дугаар албан бичигт хашааг татах тухай дурдсанаас өөрөөр *******д ямар нэгэн шаардлага мэдэгдэл ирүүлж байгаагүй.Худалдах, худалдан авах гэрээний зүйлээс одоо 28 мкв хэмжээтэй амьдрах зориулалттай үл хөдлөх хөрөнгийг *******, ******* нурааж устгасан гэжээ. /хх 79-р тал/

5.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д тус тус зааснаар хариуцагч *******эс 41,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, гэрээний алданги 5,945,000 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг цуцалсантай холбогдуулан гэрээний төлбөрт өгсөн 29,000,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392,675 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 362,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, ******* нар давж заалдах гомдолдоо:

            6.а. ...Хариуцагчийн хувьд газрын өмчлөх эрхийн гэрчилгээ болон кадастрын зургийг харахаас өмнө тухайн газар нь бодит байдлаасаа бага хэмжээтэй болохыг мэдэх боломжгүй, тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэсний үндсэн дээр мэдсэн. Иймд анхан шатны шүүхээс доголдлыг мэдэх боломжтой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. ...******* нь эд хөрөнгийн доголдлыг анхнаасаа мэдэж байсан ба газрын эзэмшлийг шилжүүлэх үедээ мэдсээр байж нуун дарагдуулсан байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь шаардлага гаргах эрхээ алдах нөхцөл байдалд мөн хамаарахгүй.

            6.б. ...Худалдагч *******ын хувьд тус газар нь эрчим хүчний хамгаалалтын зурвасыг зөрчсөн байдалтай байсныг мөн адил худалдах үедээ мэдэж байсан болох нь “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр *******д өгсөн 02/1448 дугаартай албан бичгээр тогтоогдож байх ба эрчим хүчний хамгаалалтын зурвас зөрчиж хашаа барьсан доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулж худалдан авагчид шилжүүлэн өгсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байх тул гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхгүй.

            Газрын эрхэд үндэслэн тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх баталгааждаг бөгөөд гэрээний гол зүйл болох газар нь дээр дурдсан хоёр төрлийн эд хөрөнгийн биет байдлын доголдолтой байсан, доголдлыг арилгах боломжгүй, эд хөрөнгийг хүлээж авах үедээ доголдлыг мэдэх боломжгүй байсан. Мөн доголдлуудыг гомдлын шаардлага гаргах хугацаандаа багтаж илрүүлсэн даруйдаа гэрээг цуцалсан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх 162-164-р тал/

            7.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар  хариуцагчийн өмгөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, дүгнэлт хийсэн, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг  үнэлсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байна.

Хэргээс судлан үзвэл:

3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан  “гэрээний үүргийн үлдэгдэл 41,000,000 төгрөг, алданги 5,945,000 төгрөг, нийт 46,945,000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасныг хариуцагч  Б.Еөсөн-Эрдэнэ нь эс зөвшөөрсөн тайлбар гаргаж, улмаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг цуцалсантай холбогдуулан 29,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэгч ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар гаргаж тус тус  маргажээ.   
            4.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,255 дугаар зүйлийн 255.1.1-т тус тус заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 41,000,000 төгрөгийг хангаж, үлдэх алданги 5,945,000 төгрөг гаргуулах, сөрөг нэхэмжлэлийн  ...худалдах,худалдан авах гэрээнүүдийг цуцалсантай холбогдуулан гэрээний төлбөрт өгсөн 29,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэхдээ:  “...талууд тохиролцож 2024 оны 01 сарын 31-ний өдөр бүртгэлийн 0488 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах  гэрээг *******, ******* нар байгуулж,  795 м.кв газрын үнэ 10,000,000 төгрөгөөс урьдчилгаа төлбөр 4,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 5,500,000 төрөгийг банкны зээлээр төлөхөөр, мөн 0489 дугаар бүхий гэрээ байгуулж 65 м.кв хүнсний дэлгүүрийн зориулалттай байшинг 60,000,000 төгрөгөөр тохирч урьдчилгаа 11,000,000 төгрөгийг бэлнээр, 13,500,000 төгрөгийг бараагаар тооцон төлж, үлдэгдэл 35,500,000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр  тохирсон,

тухайн үед худалдан авагч тал буюу хариуцагч ******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн эзэмшилдээ нэг жил гаруй хугацаанд байлгаж байхдаа уг хашаан дотор байрлалтай 28 м.кв талбайтай хувийн орон сууцыг буулгаж, газар дээр нь хундаам цутгасан, уг үл хөдлөх эд хөрөнгийг гэрээгээр шилжүүлэх боломжгүй болсон үндэслэлээр улсын бүртгэлийг хүчингүй болгосон нь *******ын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдсон үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй,

дээрх гэрээний дагуу ... 795 м.кв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, гэрчилгээтэй, нэгж талбарын дугаартай газар, ... 65 м.кв хэмжээтэй хүнсний дэлгүүрийн зориулалттай, өмчлөх эрхийн гэрчилгээтэй байшинг хариуцагч Б.Есөн-Эрдэнийн өмчлөлд шилжүүлсэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйл, 189 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл, хариуцагч ******* нь  үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөрт бэлнээр болон бараа материал оролцуулж нийт 29,000,000 төгрөг төлсөн, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах,худалдан авах гэрээний харилцаа үүссэн, талуудын хооронд байгуулсан гэрээний 3.5-д ... алданги төлнө гэж тохиролцсон боловч гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээгээр тохироогүй, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 41,000,000 төгрөгийг ямар хугацаанд төлж барагдуулах, уг хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гэрээний хариуцлага тооцох талаар гэрээндээ тусгаагүй, иймд хариуцагч *******эс гэрээний үлдэгдэл төлбөр 41,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, алданги 5,945,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй “гэж,

 Хариуцагч нь доголдлын талаар эд хөрөнгө хүлээн авах үедээ мэдэх боломжтой байхад хүлээн авч  шаардах эрхээ алдсан байх тул  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй ”  гэж тус тус дүгнэсэн байна. 

5.Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч *******, ******* нар давж заалдах гомдол гаргасан байх ба гомдолд:

5.1. ...******* нь гэрээ байгуулахаас өмнө тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон газрын кадастрын зургийг худалдан авагч талд үзүүлж байгаагүй гэх хариуцагч талын тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй, харин гэрээ байгуулж өмчлөх эрхийг шилжүүлэх үед газрын өмчлөх эрхийн гэрчилгээ болон кадастрын зургийг анх харсан, бодит байдал дээр хашаа нь доголтой байхад зураг дээр тэгшхэн байсан, мөн газрын хэмжээ нь гэрчилгэн дээр 795 м.кв буюу бодит байдлаас бага байж магадгүй талаар анх мэдсэн байдаг. Тусгай зөвшөөрөл бүхий Гео-Од ХХК-д хүсэлт гаргаж хэмжилт хийлгэхэд тухайн газрын хэмжээ нь бодит байдлаас бага болох нь тогтоогдсон.

Хариуцагчийн хувьд газрын өмчлөх эрхийн гэрчилгээ болон кадастрын зургийг харахаас өмнө тухайн газар нь бодит байдлаасаа бага хэмжээтэй болохыг мэдэх ямар ч боломжгүй ба мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэсний үндсэн дээр мэдсэн байдаг. Иймд анхан шатны шүүхээс доголдлыг мэдэх боломжтой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Мөн Дархан-Уул аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газраас гаргаж өгсөн нотлох баримтаас үзэхэд тухайн газрын өмнөх өмчлөгч болох Б.Янжинлхам нь  кадастрын зурагт заасан хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлийг  арилгана гэсэн хүсэлтийг  бичгээр гаргасны дагуу ******* нь өмчлөх эрхийг шилжүүлж авсан байдаг. ******* нь доголдлыг анхнаасаа мэдэж байсан, тэрээр газрын эзэмшлийг шилжүүлэх үедээ мэдсээр байж нуун дарагдуулсан байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2-т зааснаар хариуцагч нь  шаардлага гаргах эрхээ алдах нөхцөл байдалд хамаарахгүй.

5.2.Гэрээний зүйл болох хашаалсан газар нь Засгийн газрын 2020 оны 07 дугаар тогтоолоор баталсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийг зөрчсөн, эрчим хүчний хамгаалалтын зурваст байрласан тухай мэдэгдлийг “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК 2024 оны 02 сарын 07-ны өдөр өгсөн байдаг. Хариуцагчийн зүгээс тухайн асуудлыг тодруулахаар тус газарт хүсэлт гаргахад “тухайн хашаа нь хамгаалалтын зурвас зөрчсөн, хашаагаа 3.8 метр буцаан татаж зөрчлийг арилга” гэсэн хариуг ирүүлсэн.

Энэхүү зөрчил нь Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох газрын хэмжээг 755 м.кв хүртэл багасгаж зөрчлийг арилгахаас өөр аргагүй, эд хөрөнгийн биед байдлын доголдолтой байсан. “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-с мэдэгдэл ирээгүй тохиолдолд худалдан авагчийн хувьд мэдэх ямар ч боломжгүй, эд хөрөнгийн эзэмшлийг хүлээж авах үедээ доголдлыг мэдэх боломжтой байсан гэсэн  шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм.

*******ын хувьд тус газар нь эрчим хүчний хамгаалалтын зурвасыг зөрчсөн байдалтай байсныг худалдаж авах үедээ мэдэж байсан болох нь “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр *******д өгсөн 02/1448 дугаартай албан бичгээр тогтоогдож байх ба хамгаалалтын зурвас зөрчиж хашаа барьсан доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулж худалдан авагчид шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй тул гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхгүй.

Гэрээний гол зүйл болох газар нь дээр дурдсан хоёр төрлийн эд хөрөнгийн биет байдлын доголдолтой байсан,  доголдлыг арилгах боломжгүй, эд хөрөнгийг хүлээж авах үедээ доголдлыг мэдэх боломжгүй байсан. Мөн доголдлуудыг гомдлын шаардлага гаргах хугацаандаа багтаж илрүүлсэн даруйдаа гэрээг цуцалсан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ./хх-162-164/ 

6.Нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн ,4 тоот, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 795 м.кв газар, тус хаягт байрлалтай 65 м.кв хэмжээтэй хүнсний дэлгүүрийн зориулалттай  байшин, тус газар байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй 28 м.кв талбайтай хувийн орон сууц  зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг  анх 2020 онд Б.Янжинлхамаас  худалдан авсан,  тодорхой хугацааны дараа худалдан борлуулах зар тавьсан,

******* гэгч нь холбогдож  худалдаж авъя, зээл судлуулъя гэсэн санал тавьсан, Б.Уянгын ээж *******гийн эзэмшилд 2023 оны 01 сард шилжүүлсэн, 2024 оны 01 сарын 31-ний өдөр *******/Б.Уянгын дүү гэх/- тэй Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 795 м.кв газрын үнэ 10,000,000 төгрөгөөс урьдчилгаа төлбөр 4,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 5,500,000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр, 65 м.кв хүнсний дэлгүүрийн зориулалттай байшинг 60,000,000 төгрөгөөр тохирч  худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 11,000,000 төгрөгийг бэлнээр, 13,500,000 төгрөгийг бараагаар тооцож төлсөн, үлдэгдэл 35,500,000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тус тус тохирсон, дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг Б.Есөн-Эрдэнийн өмчлөлд шилжүүлсэн талаарх хэргийн үйл баримтууд бүрэн тогтоогдсон, анхан шатны шүүх  шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ”  хэсэгт  энэ талаар тодорхой дурдаж тусгасан, талуудын хэн аль нь энэ талаар маргаагүй байна. 

            7.Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө  “ Худалдах, худалдан авах “ хоёр гэрээний  үнийн нийлбэр 70,000 000 төгрөг болсон байх ба үүнээс ******* нь бэлнээр болон бараагаар тооцож нийт 29,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 41,000,000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохиролцсон, ******* шүүхэд нэхэмжлэл гаргах үед  гэрээний үүрэгт төлөх  үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй  байсан байна.

            8.Хариуцагч ******* ... эгч *******ар дамжуулан нэхэмжлэлд дурдсан газрыг дэлгүүрийн хамт 70,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 29,000,000 төгрөг бэлнээр болон бараа материал өгөх байдлаар төлсөн. Үлдэгдэл төлбөрийг зээл авч төлөхөөр зээлийн материалаа банкинд өгөх үед газрын гэрчилгээн дээрх хэмжээ нь бодит байдлаас бага болохыг мэдсэн. Гэрээгээр шилжүүлж өгсөн хөрөнгө нь биет байдлын доголдолтой байсан тул гэрээг цуцалж, өгсөн, авсан зүйлээ буцаах тухай *******д мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй  гэсэн тайлбарыг гаргаж маргасан байна./хх-21/       

            9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба уг нэхэмжлэлд : ... анх худалдаж авахаар очиж үзэхэд бараг 1000 орчим м.кв хэмжээтэй том газартай, нэмж байшин бариад амьдрах, дэлгүүрээ өргөтгөх зэргээр ашиглах боломжтой гэж үзэж худалдан авахаар шийдвэрлэсэн боловч 2024 оны 01 сарын 31-ний өдөр гэрээ хийж, өмчлөх эрх шилжүүлэх үед газрын гэрчилгээ, кадастрын зургийг харахад 795 м.кв хэмжээтэй болохыг мэдсэн. Тухайн газрыг тусгай зөвшөөрөл бүхий Гео-Од ХХК-д хүсэлт гарган хэмжилт хийлгэхэд хашаалсан газрын хэмжээ 927.6 м.кв буюу гэрчилгэн дээрх хэмжээнээс 132.6 м.кв-аар илүү газар хашаалсан байсан.

Мөн 2024 оны 02 сарын 07-ны өдөр “ Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-аас мэдэгдэл ирүүлсэн ба үүнд хашаа нь эрчим хүчний байгууламжийн хамгаалалтын зурвасыг зөрчсөн байна гэсэн ба энэ талаар хүсэлт гаргаж тодруулахад 2024 оны 03 сарын 26-ны өдөр 03/376 тоот албан бичгээр тус хашаа нь 6/0,4 кв-ын АТП-101 дэд станцын хамгаалалтын зурвасыг зөрчсөн тул 3.8 метр буцааж татахыг мэдэгдсэн хариу ирсэн. 

Манайх хашаагаа газрын кадастрын зурагт зааснаар буцааж татсан ч энэхүү хамгаалалтын зурвасыг зөрчсөн хэвээр байхаар байна.  Гео-Од ХХК-р 10 метрийн зайтай хашаагаа татсан байдлаар зургийг гаргуулж үзэхэд 755,3 м.кв газартай болохоор байгаа дүгнэлт гарсан. Иймд энэхүү газар нь бодит байдлаас хамаагүй бага хэмжээтэй байсан, мөн Эрчим хүчний дэд станцын хамгаалалтын  зурвасыг зөрчсөн байдалтай байгаа, газрыг цаашид зориулалтын дагуу ашиглах ямар ч боломжгүй доголдолтой байгаа тул худалдан авагчийн зүгээс гэрээг цуцалж, урьдчилж төлсөн 29,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ. /хх-59-60/

10.Нэхэмжлэгч ******* тайлбартаа : ... гэрээнүүдийг 2024 оны 1 сарын 31-нд улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн хэдий ч бидний хооронд ...Пионерийн 4-34 тоотын хашаа, дэлгүүрийн зориулалттай байшин, амьдрах зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг худалдах,худалдан авах гэрээ нь 2022 оны 8 сард амаар хийгдэж, гэрээний зүйлийг *******д 2023 оны 01 сарын 10-нд хүлээлгэн өгснөөр *******, ******* нарын эзэмшил, ашиглалтад бүрэн шилжсэн учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй гэж 6 үндэслэл дурджээ.

            Үүнд: 1.худалдах,худалдан авах гэрээний зүйл нь газар,хашаа,байшин. Харин цахилгааны шит нь гэрээний зүйлийн биет байдалд хамааралгүй, 2.*******, ******* нар нь худалдах,худалдах авах гэрээний зүйлийг хүлээн авч эзэмшсэнээс хойш 1 жил гаруй хугацаа өнгөрсөн. 3.*******, ******* нарт Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-н ...дэд станцыг шилжүүлэх ажил хийгдэх гэж байгаа гэх албан бичгийн тухай мэдэгдсэн, 4.гэрээний зүйл болох газрыг 2004 онд Аймгийн Засаг даргын 159-р захирамжаар иргэн д өмчлүүлж байсан, эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийг МУ-н Засгийн газрын 2020 оны 97-р тогтоолын 3-р хавсралтаар баталсан байна. 5. Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК –ийн 2020 оны 10 сарын 08-ны өдрийн 02/1448 дугаар албан бичигт хашааг татах тухай дурдсанаас өөрөөр *******д ямар нэгэн шаардлага мэдэгдэл ирүүлж байгаагүй, 6. Худалдах, худалдан авах гэрээний зүйлээс одоо 28 м.кв хэмжээтэй амьдрах зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******, ******* нар нурааж устгасан.,гэжээ. /хх-79/

11.Талуудын тайлбар, *******д 2020 онд олгогдсон  ... 795 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар  өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  гэрчилгээ/хх-25/,  ... 65 м.кв талбайтай, хүнсний дэлгүүрийн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-26/,  ... 28.0 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай  үл хөдлөх эд хөрөнгө  өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-27/,

газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим систем /нэгж талбарын тодорхойлолт, хавсралт/ хх-28 -30/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа/хх-38-40/, газар өмчлөх тухай хүсэлт /хх-48-51/, Б.Уянгын банкнаас зээл авах үедээ  өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэнтэй холбоотой бичгийн баримтууд (, *******, *******, *******, нарын хооронд 2022-2023 оны хооронд хийгдсэн худалдах,худалдан авах гэрээ, *******ын дансны хуулга, зээл хаасан баримт)  /хх-84-92/,  зэрэг бичгийн баримтуудаар  ******* нь өөрийн өмчлөлд байсан  ...  Пионер 4 гудамж 34 тоотод байрлах хашаа, газар, байшин, амьдрах сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2020 онд Б.Янжинлхамаас  худалдах, худалдан авах хэлцлээр худалдан авсан, улмаар  улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээнүүд  олгогдсон, 2022-2023 оны хооронд  *******, ******* нарын хооронд тодорхой хэлцэл хийгдэж байсан, 2024 оны 02 сараас ******* дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчилсөн байна.

Нэхэмжлэгч *******ын ... гэрээнүүдийг 2024 оны 01 сарын 31-нд улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн хэдий ч бидний хооронд ...Пионерийн 4-34 тоотын хашаа, дэлгүүрийн зориулалттай байшин, амьдрах зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг худалдах,худалдан авах гэрээ нь 2022 оны 8 сард амаар хийгдэж, гэрээний зүйлийг *******д 2023 оны 01 сарын 10-нд хүлээлгэн өгснөөр *******, ******* нарын эзэмшил, ашиглалтад бүрэн шилжсэн байсан ..гэх тайлбарыг хариуцагч тал үгүйсгэж, маргаагүй.

12.Худалдах-худалдан авах гэрээ нь нэг талаас үүргийн хэлцэл, нөгөө талаас өмчийн хэлцлийн шинжтэй бөгөөд зохигч нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах 0488 дугаартай гэрээ/хх-6/-ний  3.1,3.2-т ...795 м.кв газар буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 10,000,000 төгрөгөөр тохирч, урьдчилгаа 4,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 5,500,000 төгрөгийг банкны зээлээр төлнө гэж,

0489 дугаартай гэрээ/хх-7/-ний 3.1,3.2-т ... 65.0 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 60,000,000 төгрөгөөр тохирч, урьдчилгаа 11,000,000 төгрөгийг дансаар болон бэлнээр төлж  13,500,000 төгрөгийг бараагаар тооцож өгсөн, үлдэгдэл 35,500,000 төгрөгийг банкны зээлээр төлнө гэж тохирсон,

 Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь хариуцагч талын эзэмшил, өмчлөлд шилжигдсэн, түүнчлэн 795 м.кв газар дээр байрлах 28 м.кв амины  орон сууцыг нь буулгаж, зөвхөн хундам нь  үлдсэн байгаа гэх ба энэ талаар хэн  аль нь маргаагүй байх тул   нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлт шаардсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөрчөөгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

13.Иргэний хуулийн 254 дүгээр 254.1 “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж, 

Мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч нь шаардлага гаргах эрхээ алдана“ гэж,

Хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээнээс татгалзах эрхтэй болохыг тус тус  хуульчлан зохицуулсан.

Хариуцагч тал нь хашаа, байшин, амьдрах зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг хүлээн авч өөрсдийн эзэмшилд шилжүүлж, зарим үл хөдлөх эд хөрөнгийг хундам хүртэл нь буулгасан зэрэг  ажиллагаа явуулснаас  хойш тодорхой хугацааны дараа гэрээний үүргийн  үлдэгдэл төлбөрийг төлөх зорилгоор зээлийн материал бүрдүүлэх явцдаа үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээ, газрын кадастрын зургийг харсан, энэ үеэс доголдолтой гэдгийг мэдсэн гэж  гэрээгээ цуцалсан, урьдчилан  төлсөн нийт 29,000,000 төгрөгийг буцаан гаргуулах гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах үндэслэлгүй байна. 

Тухайн хашаалсан газрыг түүн дээрх байшин, амины сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгө зэргийн хамт анх хүлээн авах үедээ /2023 онд/ хэмжээний хувьд доголдолтой эсэхийг эрх бүхий байгууллагаар хэмжилт хийлгэх байдлаар мэдэх боломжтой байхад хүлээн авсан нь энэ талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар  анхан шатны шүүх зохих дүгнэлтийг хийсэн байна.   

            14.Иймд хэргийн үйл баримт, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтууд зэргээр гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. дахь Сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 135/ШШ2024/00887 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч  талын  давж заалдах  гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч *******аас  давж заалдах  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

     

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Р.ҮҮРИЙНТУЯА                                                               

                                            ШҮҮГЧИД                                     Г.МЯГМАРСҮРЭН                 

                                                                                                         Х.БАЙГАЛМАА