Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/01595

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 12 210/МА2024/01595

 

 

 

Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/02494 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Нын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х ХХК-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 128,685,112 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Х ХХК-ийн захирал Д.Б болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б, Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн гүйцэтгэх захирал Н.Х нарын Авто тээврийн хэрэгслийн хорт хийн, утааны тортогжилтын хэмжээг бууруулах төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны №2012/01/26 дугаартай 830,000,000 төгрөгийн гэрээний гүйцэтгэл нь бодитой, бүрэн хэрэгжсэн эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

 Монгол Улсын Засгийн газрын тусгай сангаас тухайн гэрээний дагуу Х ХХК-д ...747,000,000 төгрөгийн санхүүжилтийг олгож, Х ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа, тортогжилтын хэмжээг бууруулах 2510 ширхэг SHP-600, SHP-800 маркийн төхөөрөмжүүдийг оруулж ирж, үүнээс 1658 ширхэг төхөөрөмжийг Төрийн байгууллагын эзэмшилд байгаа тээврийн хэрэгслүүдэд суурилуулсан байна.

 ...Байгаль орчин аялал, жуулчлалын яамны албан тушаалтнууд нь тендер сонгон шалгаруулах тухай хууль, тогтоомж зөрчин Х ХХК-тай бараа, ажил, үйлчилгээ худалдах авах гэрээг шууд байгуулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэж дүгнэн хэрэг бүртгэлийн хэргийг Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хааж шийдвэрлэсэн тул уг худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл буюу хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдохоор байх тул гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдөөгүй байна.

Иймд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын /төрийн, нийтийн/ эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 Х ХХК-иас автомашинд суурилуулаагүй SHP-600 маркийн 1 ширхэг нь 196,962 төгрөгийн үнэлгээтэй 348 ширхэг төхөөрөмжийн 68,542,776 төгрөг, SHP-800 маркийн 1 ширхэг нь 283,959 төгрөгийн үнэлгээтэй 504 ширхэг төхөөрөмжийн 143,115,336 төгрөг, нийт 211,658,112 төгрөг байна.

Гэвч Байгаль орчин, ногоон хөгжлийн яам нь Авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утааны тортогжилтын хэмжээг бууруулах төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах гэрээ-ний үнийн дүн 830,000,000 төгрөг шилжүүлэхээс 83,000,000 төгрөг шилжүүлээгүй байх тул уг үнийн дүнг автомашинд суурилуулаагүй нийт 812 тоног төхөөрөмжийн үнийн дүн болох 211,685,112 төгрөгөөс хасаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул "Х" ХХК-аас 128,685,112 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд олгож өгнө үү гэжээ. 

  

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд БОНХЯ, Монгол Улсын Засгийн газрын тусгай сан-Цэвэр агаарын сан, Х ХХК нарын хооронд 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Автотээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утааны тортогжилтын хэмжээг бууруулах төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах 2012/01/26 БОАЖЯ гурван талт гэрээний дагуу Х ХХК-иас БНХАУ-ын Шанхай хотын Сан Лиү тоног төхөөрөмжийн үйлдвэрээс оруулж ирсэн 2510 ширхэг тоног төхөөрөмжийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэн хүлээлгэн өгч гэрээ дуусгавар болсон.

 Тухайн үед энэ оруулж ирсэн тоног төхөөрөмжийг төрийн байгууллагаас гаргаж өгсөн тээврийн хэрэгслүүдэд харилцан адилгүй суурилуулсан. Ингэж суурилуулаад чанар стандартын шаардлага хангаж, лабораториор ороод баталгаажсан. Энэ 2510 ширхэг тоног төхөөрөмжөөс суурилуулах машин байхгүй байсан 852 ширхэг тоног төхөөрөмж үлдсэнийг тухайн үед хүрээлэн буй байгаль орчин нөөцийн газрын мэргэжилтэн н.Цэнгэл, Монгол Улсын газрын газрын тусгай сангийн цэвэр агаарын зохицуулалтын сангийн мэргэжилтэн Б.Баярсайхан Х ХХК-иас Б.Б, Нямдорж гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хүлээлгэж өгсөн. Цаашид хадгалах үүргийг "Х" ХХК-д ногдуулж баримт үйлдээд өнөөдрийг хүртэл хадгалагдсаар байна. Тэгэхээр Х компани нь ямар нэгэн байдлаар үүргээ биелүүлээгүй, хохирол учруулсан нөхцөл байдал байхгүй.

...н.Б гэх хүн буюу Х компани энэ хэрэгт ямар нэгэн байдлаар буруутгагдаж, иргэний нэхэмжлэгч гэдэг байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй. Тийм учраас албан тушаалтнуудтай холбоотой асуудал дээр ямар нэгэн хэрэг үүсээгүй учраас хохирол гэдэг асуудал яригдахгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа гэмт хэргийн улмаас хохирол учирсан гэх агуулгаар гаргасан хэр нь доголдлын талаар яриад байдаг. Тэгэхээр тэр доголдлын талаар дурдъя. Монгол Улсын болон олон улсын стандартуудыг зөрчсөн ч юм уу тэр стандартад нийцээгүй гэдэг ч юм уу ямар нэгэн гомдол, гэмт хэрэг, шүүхийн шийдвэр байхгүй юм. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Х ХХК-иас 128,685,112 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...Тус прокурорын газраас Х ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж прокурорын тогтоолоор хааж шийдвэрлэсэн шийдвэр болон эрүүгийн хэргийн материалтай танилцаж Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл болон мөн хуулийн 56 дугаар зүйлд заасан Хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэдэг агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон...

Эрх бүхий албан тушаалтнуудын хууль бус үйлдлээс гадна тухайн гэрээг байгуулсан Х ХХК-ийн гэрээгээр халхавчилсан хууль бус үйл ажиллагаа, үйлдэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзсэн. Тухайлбал: Авто тээврийн хэрэгслээс хорт хий, утааны тортогжилтийн хэмжээг бууруулах төхөөрөмж буюу ЗНР-600 маркийн утааны шүүлтүүрийг Х ХХК нь 2013 онд гэрээ байгуулагдахаас 2 жилийн өмнө буюу 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гаалийн бүрдүүлэлт хийж оруулж ирсэн болох нь Гаалийн ерөнхий газрын 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 02-2/479 дугаартай албан бичгээр нотлогдсон. Гэрээний дагуу автомашинд суурилуулсан тоног төхөөрөмжүүд нь ямар нэгэн үр дүнд хүрээгүй доголдолтой байсан талаарх гэрээ байгуулсан байгууллагын хурлын тэмдэглэл, машинд төхөөрөмж нийлүүлсэн байгууллагуудын албан тоот, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогддог.

...Дээрх иргэний хэрэгт авагдсан баримтуудаар Х ХХК-ийн үйлдэл, үйл ажиллагаа нь бусдын гэм хор учруулсны үр дүнг ашигласан, үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

...Эрүүгийн хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг яллагдагч зөвшөөрөөгүй тохиолдолд /гэм буруугүй гэж үзсэн бол/ мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээр цагаатгах тогтоол гаргуулахаар буюу гэм буруугүйд тооцуулахаар гомдол гаргах бөгөөд ийнхүү гомдол гаргаагүй тохиолдолд прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх хууль зүйн боломжгүй юм.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогоогүй нь бусдад буюу төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирол, хор уршгийг төлүүлэхээс чөлөөлөх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1- д Бусдын..эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хууль бусаар олсон орлого буюу бусдад учруулсан хохирлыг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

...Дээрх прокурорын тогтоол болон хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагчийн гэм буруу, үндэслэлгүйгээр, шударга бусаар эд хөрөнгө олж авсан гэж үзэхэд хамаарах болон нөлөөлөх нөхцөл байдал, шалтгаант холбооны талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх дүгнэлт хийж чадаагүй, үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/02494 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргав гэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Агаарын бохирдлыг бууруулах үүднээс тендерийн ажлыг албан тушаалтнууд буруу явуулсан гэдэг байдлаар нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлаж байна. Тендерийн материал 2-3 удаа шаардлага хангаагүй гэх үндэслэлээр буцаагдсан. Хуульд заасны дагуу шууд гэрээ байгуулах эрх нь Сангийн яаманд олгогдсон байдаг. Үүнтэй холбоотойгоор албан тушаалтнуудыг буруутгасан тогтоол гаргасан. Тус тогтоолд хөөн хэлэлцэх хугацаанаас гадна гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байдаг. Тогтоолд Х ХХК-ийн буруутай үйл ажиллагаа байгаа талаар үг, өгүүлбэр байдаггүй. Мөн энэ хэрэгт манайх гуравдагч этгээд эсхүл иргэний хариуцагчаар оролцсон зүйл байхгүй. Манайд энэ хэрэгтэй холбоотой ямар ч мэдээлэл байхгүй байхад нэхэмжлэгч гэнэт нэхэмжлэл гаргасан байсан. Иймд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Нийслэлийн прокурорын газар нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 128,685,112 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргасан.

 

3. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Цэвэр агаар сан, Х ХХК нарын хооронд байгуулсан автотээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утааны тортогжилтын хэмжээг бууруулах төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах тухай гэрээтэй холбоотой төрд учруулсан хохирлыг барагдуулахад Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар тус байгууллагын өмнөөс нэхэмжлэл гарган төлөөлж оролцох хүсэлт гаргажээ.

 

Улмаар энэхүү албан хүсэлтийг үндэслэн Нийслэлийн прокурорын газар нь Х ХХК-ийг зөрчлийн улмаас буюу гэм хор учруулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан ба Нын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 253 дугаар тогтоолоор хариуцагчийн гэм бурууг тогтоогоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

4. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

4.1. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Б, Монгол Улсын Засгийн газрын Тусгай сангийн гүйцэтгэх захирал Н.Х, Х ХХК-ийн ерөнхий захирал Д.Б нар 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утааны тортогжилтын хэмжээг бууруулах төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр тус компани авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа, тортогжилтын хэмжээг бууруулах SHP-600 болон AJ-IV үрэл, SHP-800 нэр төрлийн төхөөрөмжийг 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор нийлүүлэх, Монгол Улсын Засгийн газрын Тусгай сан нь тухайн төхөөрөмжийн нийлүүлэлт, суурилуулалтын төлбөрт 830,000,000 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх,

 

4.2. Уг гэрээний дагуу Х ХХК нь 747,000,000 төгрөгийн санхүүжилтийг хүлээн авч, БНХАУ-ын Шанхай хотын Сан Лиү тоног төхөөрөмжийн үйлдвэрээс 2,510 ширхэг төхөөрөмжийг оруулж ирж, үүнээс 1,658 ширхэгийг автомшинд суурилуулж, үлдэх 852 ширхэг төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хадгалалтын хэвийн нөхцөлийг хангаж нөөцөд хадгалахаар талууд 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тоног төхөөрөмж тоолж баталгаажуулсан акт үйлдсэн байна.

 

Тодруулбал, энэхүү актаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Монгол Улсын Засгийн газрын Тусгай сан, Х ХХК нар суурилагдаагүй үлдсэн 852 ширхэг төхөөрөмжийг цаашид хэрхэн ашиглах талаар Цэвэр агаар сангийн удирдах зөвлөлд танилцуулж шийдвэрлэтэл нийлүүлэгч компанид хадгалуулахаар тохирчээ.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хууль зөрчсөн гэм буруутай санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн өмч хөрөнгөд хохирол учирсан бол хариуцагч нь уг хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

6. Нын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 253 дугаар тогтоолоор:

 

6.1. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Быг Авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утааны тортогжилтыг бууруулах төхөөрөмж нийлүүлэх тендер шалгаруулалт нь хуульд нийцээгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 24 дүгээр зүйлийн 24.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1-т тус тус заасныг зөрчиж 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр А-52 дугаартай тушаалаар Х ХХК-тай шууд гэрээ байгуулах эрх олгосноор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус компанид давуу байдал бий болгосон гэж,

 

Үнэлгээний хорооны дарга Д.Энхбатыг 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 6/820 дугаартай албан бичгээр шууд гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид өгснөөр мөн Х ХХК-д давуу байдлыг бий болгож, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус буруутгасан боловч хуульд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр эдгээр хүмүүст холбогдох бүртгэлийн 180200597 дугаартай хэргийг хаасан,

 

6.2. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Х ХХК нар 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр акт үйлдэж, SHP-600 төхөөрөмжөөс 504 ширхэг, SHP-800 төхөөрөмжөөс 384 ширхэг, нийт 852 ширхэг төхөөрөмж тус компанийн агуулахад хадгалагдаж буйг баталгаажуулсан ба Нын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 253 дугаар тогтоолд талуудыг тус төхөөрөмжийн үнийг иргэний журмаар шийдвэрлүүлэх талаар дурдсан байна.

 

Нийслэлийн прокурорын газар нь дээрх тогтоолыг үндэслэн Х ХХК-ийг гэм хор учруулсан гэсэн үндэслэлээр 128,685,112 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх хариуцагчийг гэм буруугүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Тодруулбал, энэхүү тогтоолоор тендер сонгон шалгаруулалт явуулсан захиалагч талын эрх бүхий этгээдүүдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн эсэхийг шалган тогтоох ажиллагаа явуулсан болохоос түүнд оролцогч уг компанийг гэм буруутай эсэхийг шалгаагүй байна.

 

Иймд, Х ХХК-ийн захирал Д.Быг гэм буруутай гэж тогтоогоогүй буюу түүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр шалгаж, гэм буруутайд тооцсон баримтгүй тул анхан шатны шүүхийн хариуцагчийг гэм буруугүй гэсэн дүгнэлтийг буруутгахгүй.

 

7. Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы явцад Лэндс ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд SHP-600 төхөөрөмжийн 1 ширхэгийг 196,962 төгрөгөөр тооцож 68,542,776 төгрөгийн, мөн SHP-800 төхөөрөмжийн 1 ширхэгийг 283,959 төгрөгөөр тооцож, 143,115,336 төгрөгийн нийт 211,658,112 төгрөгийн үнэлгээтэй гэсэн байна.

 

Нэхэмжлэгч Нийслэлийн прокурорын газар нь 852 ширхэг тоног төхөөрөмжийг үнэлсэн дээрх тайланд тусгагдсан 211,658,112 төгрөгөөс хариуцагч Х ХХК-д дутуу өгсөн 83,000,000 төгрөгийг хасаж 128,658,112 төгрөгийг хохирол гэж тодорхойлсон нь гэрээний үүргийг шаардаж байгаа, аль эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шаардаж байгаагийн аль нь болох нь тодорхойгүй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэм хор учруулсан гэсэн үндэслэлээр хариуцагчаас хохирол нэхэмжилж байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ба, харин Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон Монгол Улсын Засгийн газрын Тусгай сан, Х ХХК нарын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утааны тортогжилтын хэмжээг бууруулах төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах гэрээ цуцлагдсан, эсхүл хүчин төгөлдөр бус эсэх талаар гэрээний талуудыг оролцуулахгүйгээр шүүхээс тухайлан дүгнэлт өгөхгүй.

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг зөв тодорхойлоогүйгээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой зохицуулалтыг баримталсан нь алдаатай болсноос гадна шаардах эрхэнд хамааралтай тус хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс заалруулна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/02494 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэхь заалтын ....492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг хасаж, 497 дугаар зүйлийн 497.1 гэсний дараа 510 дугаар зүйлийн 510.1 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

 

Б.МАНДАЛБАЯР