| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0455/э |
| Дугаар | 456 |
| Огноо | 2019-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 456
2019 05 10 456
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Бумчимэг;
улсын яллагч: П.Ганбаатар;
шүүгдэгч: Б.Номин-Очир (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Балжин дарга овогт Баасанбатын Номин-Очирт холбогдох эрүүгийн 1909012620483 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 9 дүгээр гудамж, 132 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, УХ92111232 регистерийн дугаартай, Балжин дарга овогт Баасанбатын Номин-Очир.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Номин-Очир нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сант Асар” зочид буудалд иргэн Б.Чингүнжавыг хувийн таарамжгүй харьцаа буюу агсан тавьсан гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт, баруун хөмсөг, чамархай, хүзүүнд зулгаралт, хамрын нурууны, зүүн шагайд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Номин-Очир мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Чингүнжавын мэдүүлэг /хх-ийн 4-5/, Б.Номин-Очирын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3961 дугаартай дүгнэлт /хх-ийн 9/, Б.Чингүнжавын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 17-23/, Б.Чингүнжавын хүсэлт /хх-ийн 26/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Номин-Очир нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сант Асар” зочид буудалд Б.Чингүнжавыг “агсам тавьлаа” хэмээн буруутган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Б.Чингүнжавын /хх-ийн 4-5/: “... тухайн буудлын өрөөнд Номин-Очиртой ямар шалтгаанаар маргалдсанаа мэддэхгүй байна. Номин-Очир нь миний нүүр хэсэг рүү 2-3 удаа гараараа цохисон. Миний хамар хэсгээс цус гарсан тул Цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлгээр,
Б.Номин-Эрдэнийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 15-16/: “... Тус буудлын өрөөнд Чингүнжав агсам тавиад байхаар нь миний уур хүрээд Чингүнжавын нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Архи ууснаас ийм асуудал боллоо...” гэх мэдүүлгээр,
Б.Чингүнжавын биед “зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт, баруун хөмсөг, чамархай, хүзүүнд зулгаралт, хамрын нурууны, зүүн шагайд цус хуралт” бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үзүүлэхээс 3 хоногийн дотор үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3961 дугаартай дүгнэлт /хх-ийн 9/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Номин-Очирын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Б.Номин-Очирын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Б.Чингүнжавын “...гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Б.Номин-Очирыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Номин-Очир нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Балжин дарга овогт Баасанбатын Номин-Очирыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Номин-Очирыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Номин-Очир торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Номин-Очирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ