| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0456/э |
| Дугаар | 472 |
| Огноо | 2019-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 472
2019 05 16 472
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: Э.Халиун;
шүүгдэгч: Д.Очирбямбадорж (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тас овогт Дамдинсүрэнгийн Очирбямбадоржид холбогдох эрүүгийн 1909000000471 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгой 29 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, АЮ95053039 регистерийн дугаартай, Тас овогт Дамдинсүрэнгийн Очирбямбадорж.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Д.Очирбямбадорж нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, рашааны 7 дугаар гудамжинд байрлах нийтийн байрны гадаа хохирогч Д.Хатанбаатарыг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “ажлын үлдэгдэл мөнгө өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Очирбямбадорж мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Хатанбаатар /хх-ийн 11/, гэрч Б.Батбаяр /хх-ийн 13/, яллагдагч Д.Очирбямбадорж /хх-ийн 5/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4729 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/, яллагдагч Д.Очирбямбадоржийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 27-35/, Д.Очирбямбадоржийн хүсэлт /хх-ийн 39/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Очирбямбадорж нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, рашааны 7 дугаар гудамжинд байрлах нийтийн байрны гадаа Д.Хатанбаатарыг “үлдэгдэл цалин өгсөнгүй” хэмээн буруутган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Д.Хатанбаатарын /хх-ийн 11/: “... Би баруун 4 замд 5 хүний бүрэлдэхүүнтэй нэг бригад болоод барилгын ажил хийдэг юм. Бригадын ахлахаар нь би өөрөө ажиллаж тухайн барилгын компани болон ажил олгогчтой уулзаж барилгын ажил хийдэг юм. 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлээд баруун 4 замд шинээр баригдсан 16 давхрын дотоод заслын гипсэн тасалгааг хариуцан ажиллаж заасан хугацааны өмнө буюу 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр манай бригад ажлаа бүрэн хийж дуусгасан. Тэгээд одоогийн байдлаар нийт тухайн барилгын компаниас 1.000.000 төгрөг авах ёстой юм. Өнөөдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 09:00 цагийн орчимд би өөр ажилдаа явах гэж байхад манай бригадын залуу Очироо надаас цалин мөнгөө нэхэж хойноос татаж чангааж байгаад хэд хэдэн удаа өшиглөж гараараа толгой хэсэг рүү цохисон. Ажлынхаа үлдэгдэл цалин мөнгөө авах гээд намайг зодсон. Намайг зодоход нь би “цалинг чинь тухайн компани 2019 оны 04 дүгээр сарын 16-19-ний дотор өгнө гэсэн” гэж хэлж тайлбарласан. ... миний толгой өвдөж, чих хавдаж, баруун гарын яс нь хүндүүртэй байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Батбаярын /хх-ийн 13/: “... Нийтийн байранаас 10 цагийн орчим Хатанбаатар ахыг гарах гэж байхад нь Очирбямбадорж ах Хатанбаатар ахад “нөгөө цалин мөнгөө өгөхгүй юм уу, эхнэр жирэмсэн хэцүү байна, үзүүлмээр байна” гэтэл “чи ямар лайтай юм бэ, олон дахин асуугаад байх юм” гэж хэлсэн. Очирбямбадорж “ах та нөгөө хүн рүүгээ залгаад “цалин мөнгөө өгөхгүй юм уу” гээд асуугаад өгөөч” гэсэн чинь асууж өгөхгүй байсан. Улмаар маргалдаж эхэлсэн. Очирбямбадорж ах очоод Хатанбаатар ахын хацар руу 2 удаа алгадаад нэг удаа хөл хавьцаа нь өшиглөсөн. Хатанбаатар хаалгаар гараад явсан. Араас нь Очирбямбадорж ах “та нөгөө хүн рүүгээ яриад мөнгө аваад өгөөч” гэтэл тэр чигтээ яваад өгсөн юм. ... цалингаа өгөхгүй болохоор нь маргалдсан...” гэх мэдүүлгээр,
Д.Очирбямбадоржийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 5/: “... нийтийн байрны гадаа Хатанбаатарыг явж байхаар нь би очоод цалингаа нэхтэл “мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та ядаж надад хэдэн төгрөг өгчих” гээд хэлтэл “байхгүй” гэж хэлсэн. Бид маргалдаад намайг хэл амаар доромжилж “би чамайг тэжээж байхад тэжээсэн бяруу тэрэг эвддэг боллоо” гэхээр нь би зүүн гараараа баруун шанаанд нь 2 удаа алгадаж, гуя руу нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлгээр,
Д.Хатанбаатарын биед “тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4729 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Д.Очирбямбадоржийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Д.Очирбямбадоржийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Д.Хатанбаатарын “...эмчилгээний 556.500 төгрөг хүлээн авсан. Одоо гомдол, санал байхгүй...” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 39 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Д.Очирбямбадоржийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Очирбямбадорж нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тас овогт Дамдинсүрэнгийн Очирбямбадоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Очирбямбадоржийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Очирбямбадорж торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Очирбямбадоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ