| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 188/2016/2223/Э |
| Дугаар | 248 |
| Огноо | 2017-04-13 |
| Зүйл хэсэг | 181.3., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 248
Д.Батбаярт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ж.Энх-Амгалан,
Ялтан Д.Батбаярын өмгөөлөгч А.Төмөрчулуун,
Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Л.Баатар, Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Батбаярын өмгөөлөгч А.Төмөрчулууны гаргасан давж заалдах гомдлоор Д.Батбаярт холбогдох 201626011906 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Буянтгол овогт Даваагийн Батбаяр, 1975 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Улаабаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 45 дугаар гудамжны 46 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧГ75100376/,
Д.Батбаяр нь 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 45-46 тоот хашаанд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж үл ялих зүйлээр шалтаглан зэвсэг хэрэглэн хохирогч П.Баатарцогтыг зодож бие махбодид “Сээрний 12 дугаар нугалмын их биеийн хугарал, нервал аркнаас арын нум руу үргэлжилсэн зөрүүгүй хугарал, орчны булчингийн няцрал, цус хуралт, баруун далны хэсэгт зулгаралт” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Батбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Батбаярыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Д.Батбаярыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52.5 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Д.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан 1 ширхэг CD-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хаваргаж, Д.Батбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнийг цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.
Ялтан Д.Батбаярын өмгөөлөгч А.Төмөрчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Д.Батбаярыг танхайн сэдэлтэйгээр иргэн П.Баатарцогтын биед хүндэвтэр гэмтэл учруулсан уг гэмт хэргийг үйлдлэхдээ зэвсгийн чанартай зүйл ашигласан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр ял шийтгэсэн. 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Д.Батбаярыг гэртээ байхад нь иргэн Гантулга, Лувсанжамц, Баатарцогт, Уранчимэг нар ирдэг бөгөөд улмаар архи ууж согтоцгоосон. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад гэрч Уранчимэг, Лувсанжамц, хохирогч Баатарцогт нар нь Д.Батбаярынд хоносон. Хохирогч Баатарцогт Д.Батбаяртай өөрийн найз эмэгтэй болох Уранчимэгтэй хардсанаас болж хоорондоо маргаж улмаар П.Баатарцогт гэмтэл авсан байна. Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн бусад гэмт хэргээс ялгаж зөв үйлчлэх талаар Улсын дээд шүүхээс 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 тоот тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолд гэмт этгээд олон нийтийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн ичгүүр сонжуургүйгээр өөрийн бүдүүлэг зан авирыг гаргаж, бүдүүлэг үйлдлээрээ бусдын анхаарлын төвд байхыг эрмэлздэг байдлаараа иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс ялгагдах талаар заажээ. Д.Батбаяр анхнаасаа П.Баатарцогтыг зодоогүй гэж тогтвортой мэдүүлдэг бөгөөд П.Баатарцогтын мэдүүлгүүд, тайлбар зэрэг нь удаа дараа зөрүүтэй, мөн гэрч Уранчимэгийн мэдүүлэг зөрүүтэй байгаагаас харахад гэрч, хохирогч нар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна. Түүнчлэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэдэг боловч түлхүүр, троцов төмөр болон мод чулуугаар цохисон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй.
Иймд Д.Батбаярт холбогдоох хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлээр зүйлчилж, хорих ял шийтгэж, хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү…” гэв.
Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Батбаяр гэмт хэргээ анхнаасаа хүлээдэггүй боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчийн мэдүүлэг давхар нотлох баримтаар нотлогддоггүй харин хохирогч Баатарцогт, Уранчимэгийн удаа, дараа өгсөн мэдүүлэг зэргээр үгүйсгэгддэг. Мөн Лувсанжамц “тухайн үед би тасарсан байсан. Маргааш өглөө босоход хохирогч Баатарцогт нуруу өвдөөд байна гэсэн. Яасан бэ гэж асуухад Д.Батбаяр цохисон юм гэж хэлсэн. Би Д.Батбаярт та Баатарцогтыг цохисон юм уу гэж асуухад сүртэй юм зөөлхөн л цохисон шүү дээ гэсэн” гэж мэдүүлсэн. Уранчимэг нь хохирогчийн найз охин юм. Баатарцогт “Д.Батбаяр манай найз охин Уранчимэг рүү хандраад сээтэгнээд байхаар нь та яагаад байгаа юм бэ гэтэл зүгээр шүү дээ нэг л тэгье гээд байхаар нь би уурлаж маргалдаж эхэлсэн. Гэтэл намайг цохиод авсан” гэж мэдүүлдэг. Иймд Д.Батбаяр нь хохирогчийн найз охинтой нь сээтэгнээд болохгүй болохоор нь хохирогчийг зодож байгаа нь танхайн сэдэлттэй юм. Үүнд эр, эмийн хардалтын шинж байхгүй байна гэж үзэж зүйлчилсэн нь үндэслэлтэй юм. Мөн хохирогч “тухайн үед миний нуруу руу хатуу юмаар цохисон. Маш их өвдсөн” гэж мэдүүлдэг. Гэрч Уранчимэг “Миний дээгүүр давж ирээд машины дэргэд байсан төмөр буюу дорцов шиг зүйлээр нуруу руу нь цохисон” гэж мэдүүлдэг. Шинжээч эмч М.Аригуунтөгс “гараар цохих үед энэ гэмтэл үүсэхгүй. Хүчтэй зүйлийн нөлөөллөөр энэ гэмтэл үүснэ” гэж мэдүүлсэн. Иймд зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн нь үндэслэлтэй. “Эрхэмбаяр, Эрхэмбилэг нар зодоон, цохион болоогүй гэж ярьдаг” гэж байна. Энэ зодоон гадаа, хашааны урд хэсэгт болсон. Энэ хоёр байшин дотор байсан тул мэдэхгүй байх боломжтой гэж үзэж байна. Хохирогчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдож, хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгсөн тул Д.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Д.Батбаяр нь 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 45-46 тоот хашаанд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж үл ялих зүйлээр шалтаглан зэвсэг хэрэглэн хохирогч П.Баатарцогтыг зодож бие махбодид “Сээрний 12 дугаар нугалмын их биеийн хугарал, нервал аркнаас арын нум руу үргэлжилсэн зөрүүгүй хугарал, орчны булчингийн няцрал, цус хуралт, баруун далны хэсэгт зулгаралт” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч П.Баатарцогт мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ...Батаа гэдэг ах манай найз охин Урнаад үг хаяад сээтэгнээд байхаар нь би хажуугаас нь “та яагаад байгаа юм бэ, наад эмэгтэйн чинь найз залуу нь би байна шүү дээ” гэж хэлсэн ба энэ үед манай найз охин бие засах газар орох гээд явсан хойгуур нөгөө Батаа гэдэг ах намайг босож ирээд нүүр ам руу гараараа цохиод мөн намайг хашаанд байсан том тэрэгний дугуй руу түлхэж унагасан. Унах үедээ би нуруугаараа унасан. Энэ үед миний хамар, амнаас цус гараад шоконд ороод байж байтал Урнаа ирээд “та яагаад байгаа юм бэ, болиоч гэж” хэлээд намайг газар унасан бaйхад миний нүүрэн дээр дараад “болиоч ээ, та хүн аллаа шүү дээ” гэж хэлсэн ба энэ үед нөгөө Батаа гэдэг ах намайг хувцаснаас барьж чирээд “алчихъя” гэж хэлээд зодоод байсан. ...Батаа ахын гэрт хоносон. Өглөө нь би газар зассан гудсан дээрээс босож чадахгүй, хөдөлж чадахгүй болсон байсан. ...бид нарын сууж байсан машины ойролцоо байсан том дугуйны обуд төмөр лүү намайг ар нуруугаар түлхэж унагаад, газар чирээд миний нуруу, цээж рүү өшиглөөд зодож байхад Уранчимэг салгах гээд миний нүүрийг таглаад тэвэрч байхад цохиод байсан. Тэгэхэд төмөрөөр цохисон байх. ...Батбаяр Уранчимэгийг бие засаж газар луу явсан хойно ...цохиж байхад цаанаас Уранчимэг хүрч ирээд Батбаярыг “болиочээ” гээд миний толгой хэсгийг тэврээд авсан ба энэ үед Батбаяр цаашаа босоод явсан. Би тэр хооронд босох гээд өндийтэл Батбаяр миний нуруу луу ямар нэгэн хатуу юмаар цохих шиг болсон. Тухайн үед аймаар өвдсөн ба “ёо ёо” гэж орилсон юм. Тэр үед миний нуруу гэмтсэн ба ямар төмрөөр намайг цохихыг хараагүй, Уранчимэг намайг хамгаалаад “цаашаа” гээд түлхээд байсан...” /хх-ийн 17-19,164/,
гэрч Д.Лувсанжамц мөрдөн байцаалтын шатанд: “...Өглөө нь Батбаяр ахын гэрт сэрсэн чинь Баатарцогт миний хажууд доошоо харчихсан нуруугаа гаргачихсан хэвтэж байсан. Би “яасан, юу болсон юм” гэж асуусан чинь “намайг өчигдөр Батбаяр ах цохичихлоо” гэж хэлсэн. Батбаяр ахад хэлсэн чинь “юун сүртэй юм, нуруу луу нь юм орсон биз, айжуухан л цохисон шүү дээ” гэж хэлээд нуруу хугарсан xvн ингэж явахгүй шүү дээ гээд байсан. ...Баатараа “миний футволк байна уу, үздээ” гэхээр нь гадаа гараад хайтал жорлонгийн тэнд Баатараагийн футволк урагдсан, нил цус болсон байдалтай байхаар нь оруулж өгсөн...” /хх-ийн 20-21/,
гэрч Б.Уранчимэг мөрдөн байцаалтын шатанд: “...Бие засах газар луу орчихоод ирсэн чинь Батаа ах Баатарцогт хоёр хоорондоо зодоон хийж байсан. Баатарцогтын хамарнаас нь цус гарчихсан, Баатарцогтыг Батаа гэдэг хүн энгэрээс нь заамдчихсан байж байхаар нь би очиж “болиоч ээ” гээд Батаа ахын гарыг нь салгаад дунд нь орж ...арай гэж салгаад ...Батаа гэр лүүгээ орсон. ...тухайн үед юунаас болж хэрэлдэж маргалдсаныг мэдэхгүй. Хоорондоо зодоон хийж байхад том машины хажууд байсан том том төмөрнүүдээс нэг төмрийг нь Батбаяр газраас шүүрч аваад намайг дунд нь салгах гээд ноцолдож байхад Батбаяр миний дээгүүр Баатарцогтын нуруун дундуур нэг удаа цохиод авсан. Баатарцогт “ёо ёо” гэж орилоод доошоо суусан. Би Батбаяр ахыг “боль” гэж хэлээд болиулсан. Батбаяр нөгөө газраас авсан төмрөө гартаа бариад “алчихъя л даа” гээд дайраад байсан. ...уртаараа хүний тохойн чинээ, урд талаараа бөөрөнхий, хойд талаараа жижигхэн бөөрөнхий, хар бордуу гэмээр өнгөтэй 4-5 см өргөнтэй төмөр байсан. Баатарцогт өөрийгөө магтаад би ажилдаа сайн энэ тэр гээд ярьсан чинь Батбаяр ах хажуугаас нь “чам шиг юмны лаг гэж юу байхав дээ” гэх зэргээр ам зөрөөд хэсэг сууж байсан ба би бие засах газар луу яваад бие засчихаад ирсэн чинь Баатарцогт, Батбаяр хоёр хоорондоо барьцалдаад авсан, Батбаяр нь Баатарцогтыг хувцаснаас нь заамдаад барьчихсан, хамраас нь цус гарчихсан байхаар нь би дундуур нь ороод салгасан чинь Батбаяр газраас тохойн чинээ хэмжээтэй хоёр талдаа машины боолт тайлах зориулалт бүхий онгорхой өнгөө алдсан хар бор өнгийн гэмээр төмрөөр миний толгой дээгүүр гараа давуулаад Баатарцогтын нуруу руу нэг удаа цохисон...” /хх-ийн 22-23, 169/,
Шинжээч М.Аригуунтөгс мөрдөн байцаалтын шатанд: “...Тухайн гэмтэл авсан хүний нугас дарагдаагүй тохиолдолд үйл хөдлөл хөдөлгөөн хийх боломжтой. Хэрвээ нугас дарагдсан тохиолдолд өвдөлт мэдрэлийн талаас өөрчлөлт өгнө. П.Баатарцогтын хувьд мэдрэлийн талаас өөрчлөлт гарсан. Нугас дарагдсан шинж тэмдэг илрээгүй. ...КТГ-гэдэг шинжилгээ нь яс, хатуу биет зүйлийг хардаг шинжилгээ юм. Сээрний Th-12-p нугалмын их биеийн хугарал неврал аркнаас арын нум руу үргэлжилсэн зөрүүтээ хугарал гэдгийг дүгнэлт хэсэгт тусгаж өгсөн нугасны сувагийн өмнөд зай руу 0,3 см түрж орсон гэдэг нь хэрэв энэ зай ихсэж нугас дарж сээрний Th-12 с доош саа саажил үүссэн тохиолдолд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх байсан. Тухайн үед саа саажил үүсээгүй байсан учир нугламын их биеийн хугарал, неврал аркнаас арын нум руу үргэлжилсэн хугарлыг оруулж дүгнэлт гаргасан юм. ...хохирогчийн биед үүссэн гэмтэл нь хүний гараар цохигдох үед үүсэх боломжгүй ба гадны ямар нэгэн хүчин нөлөөгөөр үүсэх боломжтой гэмтэл юм...” /хх-ийн 33,170/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…П.Баатарцогтын биед сээрний Th-12-p нугалмын их биеийн хугарал, нервал аркнаас арын нум руу үргэжилсэн зөрүүгүй хугарал, орчны булчингийн няцрал, цус хуралт, баруун далны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмыг 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Сээрний Th-12-p нугалмын их биеийн хугарал, нервал аркнаас арын нум руу үргэжилсэн зөрүүгүй хугарал, орчны булчингийн няцрал, цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, баруун далны хэсэгт зулгаралт гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой…” болохыг тогтоосон шинжээчийн 10337 тоот дүгнэлт /хх-ийн 30/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн шалгасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Д.Батбаярын гэм буруу, түүний хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Давж заалдах шатны шүүхэд ялтан Д.Батбаярын өмгөөлөгч А.Төмөрчулууны гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:
Ялтан Д.Батбаярын өмгөөлөгч А.Төмөрчулууны “…Д.Батбаярт холбогдоох хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлээр зүйлчилж, хорих ял шийтгэж, хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах боломжгүй болно.
Учир нь танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн бусад гэмт хэргээс ялгахад гэмт этгээдийн гэм буруугийн сэдэлт, зорилго зэрэг субъектив талын шинж, түүнчлэн хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, үр дагавар, нөхцөл байдлыг зөв тогтоох нь чухал ач холбогдолтой байдгаас гадна уг үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй байдаг бол хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн тооцож төлөвлөсөн, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэж, үйлдлээ өөрөө хянаж, хүссэн үр дүндээ хүрээд үйлдлээ зогсоодог зэрэг онцлогтой байдаг.
Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан ялтан Д.Батбаяр нь 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 45-46 тоот хашаанд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж үл ялих зүйлээр шалтаглан зэвсэг хэрэглэн хохирогч П.Баатарцогтыг зодож бие махбодид “Сээрний 12 дугаар нугалмын их биеийн хугарал, нервал аркнаас арын нум руу үргэлжилсэн зөрүүгүй хугарал, орчны булчингийн няцрал, цус хуралт, баруун далны хэсэгт зулгаралт” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл учруулан танхайрсан гэж хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Д.Батбаярт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүнчлэн түүний хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болон хэргийн нөхцөл байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52.5 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Энэ хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон, анхан шатны шүүх ялтан Д.Батбаярын гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн ялтны мэдүүлгийг үндэслэл болгоогүй, түүний мэдүүлгээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч, шинжээч эмч нарын мэдүүлэгтэй нийцэж байгаа мэдүүлгийг үнэлж, бусад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол үндэслэлтэй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Батбаярын өмгөөлөгч А.Төмөрчулууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: