Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 400

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Ө-ын нэхэмжлэлтэй,

Хаяг: Баянзүрх дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр хотхон,  дүгээр байр  тоот. 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох,

Хаяг: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Төр захиргааны байгууллагын байр.

  Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 22, 23 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, Э.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.П нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Х.Ө миний бие Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 2016 оны ээлжит сонгуульд Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авч иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулах тухай” 62 дугаар тогтоолоор Х.Ө намайг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар шийдвэрлэснийг Захиргааны хэргийн шүүхээс хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон. Гэтэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь дахин 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн нэрийн жагсаалтаас хасах тухай” 22 дугаар, “Дахин сонгууль явуулах тухай” 23 дугаар тогтоолуудыг гаргаж иргэдийн төлөөлөгч Х.Ө намайг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн хууль бус, бусармаг үйл ажиллагаа боллоо. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь 22 дугаар тогтоолоо гаргахдаа Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар зөрчлийг хэрэгсэхгүй болгосон магадлалыг үндэслэж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан Ардчилсан ёс, хууль дээдлэх, шударга ёсны зарчим”, 16 дугаар зүйлийн 9-д заасан “Иргэний төрийн байгууллагад сонсох, сонгогдох эрх”, Сонгуулийн тухайн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3, 159.4 дэх заалтыг зөрчсөн хууль бус шийдвэр болж Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч Х.Ө миний эрхийг ноцтой зөрчиж байна. Уг хууль бус захиргааны актуудын улмаас Баянзүрх дүүргийн Х.Ө надад өгсөн ард түмний саналыг үгүйсгэх гэсэн бусармаг үйл ажиллагаа болж, олон мянган татвар төлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироох шийдвэр гаргасанд гомдолтой байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаар тогтоолдоо үндэслэн мөн өдөр “Дахин сонгууль явуулах тухай” 23 дугаар тогтоолыг гаргасан нь хууль бус шийдвэрт үндэслэсэн хууль бус тогтоол болно...” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлд нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, үндэслэл, журмыг зааж өгсөн бөгөөд 159.1-д “нэр дэвшигч бүртгүүлсний дараа бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж, 159.2-д “нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13, 70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж тус тус заасан. 

        Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.10, 159.3, 159.4 дэх хэсэг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 56 дугаар магадлалыг тус тус үндэслэн Х.Ө-ыг нэрийн жагсаалтаас хасч, мандатыг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Тодруулбал: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар магадлалаар Х.Ө нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 “мөнгө, эд зүйл тараах”, 70.5.10-д “сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй хүн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, цалин хөлс, урамшуулал, тэтгэлэг олгох;....” 70.5.16-д “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах;” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоосон. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хориглох үйлдэл, үйл ажиллагаа зааж өгсөн бөгөөд уг хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д "Сонгуулийн штаб, түүний ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно" гэж заасны дагуу сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн штабын ажилтан менежер, шадар туслагч, ухуулагч байна. Х.Ө нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасан сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хамаарч байхаас гадна Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д заасан сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хориглох үйлдэл, үйл ажиллагаа мөн түүнд хамаарах юм. 

        Нэхэмжлэгч Х.Ө нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн болох нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байсныг үндэслэн мандатыг хүчингүй болгон шийдвэрлэсэн тул  Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оных 4 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 34 дүгээр зүйлийн 34.1.13, 160 дугаар зүйлийн 160.4, 163 дугаар зүйлийн 163.2, 163.3-т заасныг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулах болон санал авах өдрийг баталсан юм. 

 

Иймд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 22, 23 дугаар тогтоолууд нь холбогдох хууль тогтоомжийн дагуу гарсан хууль ёсны тогтоол юм.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Ө “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Х.Ө-ыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн нэрийн жагсаалтаас хасах тухай” 22, “Дахин сонгууль явуулах тухай” 23 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Намаас нэр дэвшигчийг бүртгэх тухай” 1 дүгээр тогтоолоор Х.Ө-ыг  Улс төрийн намаас Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд 19 дүгээр тойрогт  Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэжээ.

Нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдсан орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 19 дүгээр тойргийн нийт 4628 сонгогчоос 2389 сонгогч буюу 51.37 хувийн саналыг авч сонгогдон, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан Анхдугаар хуралдааны “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” А/01 дүгээр тогтоолоор түүний төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, үнэмлэх олгосон байна. 

 

Гэтэл үүнээс хойш буюу 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 56 дугаар магадлалаар “...2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сум, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт  Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Ө нь ухуулагч, шадар туслах болон бусад этгээдээр дамжуулан иргэд сонгогчдын саналыг авч Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.10, 70.5.16 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн” болохыг тогтоогдож, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. 

 

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно...”, 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг” ойлгохоор заасан.

Нэгэнт Х.Ө-ыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.10, 70.5.16 дахь хэсгийг зөрчсөн болохыг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон тул Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаар тогтоолоор түүнийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассаныг буруутгах, хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. 

Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т “сонгуулийн дүн гарсны дараа хамгийн олон санал авсан нэр дэвшигч нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасагдах тохиолдолд дахин сонгууль явуулна”, 163 дугаар зүйлийн 163.2-т “Дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гарган, энэ хуульд заасан ерөнхий журмын дагуу зохион байгуулж явуулна” гэж заасан дагуу хариуцагч тус тойрогт дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагааг явуулаагүй” гэж маргаж байх боловч энэ нь сонгуулийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан, тусгайлсан хэм хэмжээний хүрээнд гарсан маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 159 дүгээр зүйлийн 159.3, 159.4, 160 дугаар зүйлийн 160.3, 163 дугаар зүйлийн 163.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Х.Ө-ын “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 22, 23 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.МӨНХТУЛГА