Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 1409

 

Б.**гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дамдин-Од, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04273 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.**гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч **т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 1 646 563 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.** нь **тэй 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж орон тооны бус байцаагчаар ажилд орсон. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээг чандлан сахиж ажилласан. Гэтэл **сийн даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, татварын ажилтан нэр хүндтэй, харилцааны соёлтой байх зарчмын хүрээнд биеэ авч явах байдлаараа татварын албаны нэр хүндийг цэвэр байлгах, айлган сүрдүүлэх өнгө аяс бүхий захиа дүрсийг илгээхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас хууль бусаар халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд **сийн даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/11 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1 646 563 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч **сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.** нь 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хэлтсийн даргын 14 дүгээр тушаалаар орон тооны бус байцаагчаар томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан.

2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Гааль, **рын Ёс зүйн хороонд хандсан иргэн Н.Батцэцэгийн өргөдөл, гомдол болон хавсралтыг судлахад орон тооны бус байцаагч Б.** нь **рын даргын 2014 оны А/200 дугаар тушаалаар батлагдсан Үндэсний татварын албаны ажилтны ёс зүйн дүрмийн 2.2.6-д "Татварын ажилтан нэр хүндтэй, харилцаатай соёлтой байх зарчмын хүрээнд ... айлган сүрдүүлэх өнгө аяс, бүхий захиа дүрсийг илгээхгүй байх”, 3.3-т “Татварын ажилтан нь биеэ авч явах байдлаараа татварын албаны нэр хүндийг цэвэр байлгах", Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 506 дугаар захирамж “**т Татварын улсын байцаагч, орон тооны бус байцаагч ажиллуулах тухай журам”-ын 5.1.6-д “Ажлын байранд албан үүргээ гүйцэтгэж байхдаа ... ажлын цагаар үүрэгт ажилд нь холбогдолгүй үйл ажиллагаа явуулахгүй байх” зэрэг Үндэсний татварын албаны ажилтны ёс зүйн дүрэм, байгууллагын дотоод журам зөрчсөнөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан заалтыг үндэслэн хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/11 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Мөн нэхэмжлэгч Б.** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ аваагүй буюу гомдлоо Гааль, **рын дэргэдэх Ёс зүйн хороонд гаргаагүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.**г **сийн орон тооны бус байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар **сээс 1 405 476 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх нөхөх олговрыг гаргуулж Б.**д олгож, нэхэмжлэлээс үлдэх 241 088 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Б.**гийн нийгмийн даатгалд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийхийг **т үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, **сээс 128 962 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэлээр ** төлөөлүүлэх эрхээ Б.**д олгосон нь тус тус хууль зөрчөөгүй байна" гэсэн нь ойлгомжгүй, шийдвэр алдаатай байна.

Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан 73 хоногийн цалинтай тэнцэх нөхөх олговорт   1 405 476 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 241 088 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн. Шүүх Хөдөлмөрийн гэрээний хугацааг нягтлан үзэлгүйгээр нэг талыг барин шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч Б.** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ аваагүй байна. Өөрөөр хэлбэл, гомдлоо Гааль, **рын дэргэдэх Ёс зүйн хороонд гаргаагүй байхад шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Шүүх хуралдааны явцад гэрч оролцуулах хүсэлт бичгээр гаргасан байхад хэрэгт чухал ач холбргдол бүхий гэрчийг оролцуулалгүй шүүх хуралдааныг үргэлжүүлэн явуулсан. Хэрэгт хавсаргасан нотлох баримтыг үнэлээгүй, төрийн албан хаагчийн ёс зүйг уландаа гишигсэн зүй зохисгүй үг хэллэгээр бусдыг дайрч доромжилон, заналхийлсэн, гэр бүл үймүүлсэн бөгөөд ажлын цагаар дээрх үйлдлүүдийг гаргаж, бичил захидлуудыг удаа дараа илгээж байсан зэрэг ёс зүйгүй үйлдлүүдийг гаргасан байхад нэг талыг баримтлан шийдвэр гаргасан нь үндэслэлэгүй байна.

Иймд хууль бус шүүхийн шийдвэр гаргасныг хүчингүй болгож Гааль, **рын дэргэдэх Ёс зүйн хороо болон Төрийн албаны ёс зүйн хороонд шилжүүлэн өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.** нь хариуцагч **т холбогдуулан тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговорт 1 646 563 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

**сийн даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасныг баримтлан Үндэсний татварын албаны ажилтны ёс зүйн дүрмийн “Татварын ажилтан нь нэр хүндтэй, харилцааны соёлтой байх зарчмын хүрээнд биеэ авч явах байдлаараа татварын албаны нэр хүндийг цэвэр байлгах, айлган сүрдүүлэх өнгө аяс бүхий захиа дүрсийг илгээхгүй байх” заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Татварын хураалтын тасгийн орон тооны бус байцаагчаар ажиллаж байсан Б.**тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд заасан зөрчил тогтоогдоогүй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Хариуцагч байгууллага нь ажилтан Б.**г хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.4.6-д заасан Төрийн албаны нэр хүндийг унагасан зохисгүй авир гаргасан, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг гажуудуулсан гэх тайлбар гаргасан боловч энэ нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан Б/11 дугаар тушаалын үндэслэл болоогүй байна.

 

Ажилтанд Үндэсний татварын албаны ёс зүйн дүрмийн 4.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулахдаа ёс зүйн зөрчлийг тогтоох ажиллагааг хариуцагч байгууллага явуулаагүй тул тушаалыг үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

 

Тушаал хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн үндэслэл болно.

 

Иймд ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй тул ажилтны сарын дундаж цалин 548 854 төгрөг, 1 өдрийн цалин 25 647 төгрөг, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 73 хоногт 1 405 476 төгрөгийн олговор гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шийдсэн байна.

 

Түүнчлэн ажилтан ажлаас буруу халагдсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлйн 129.2 дахь хэсэгт заасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Б.** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ аваагүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан иргэн Н.Батцэцэгийг гэрчээр оролцуулах хүсэлт нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул шүүх уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэлээр ** төлөөлүүлэх эрхээ Б.**д олгосон” гэсэн дүгнэлт нь буруу боловч шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулж “2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэлээр ** төлөөлүүлэх эрхээ М.**д олгосон” гэж дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04273 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ** нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

 

     ШҮҮГЧИД                                        Д.ДАМДИН-ОД

 

Э.ЗОЛЗАЯА