Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2019/0491

 

 

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2019/0491

Улаанбаатар хот

 

                                

                             Д.Х-н нэхэмжлэлтэй

                                 захиргааны хэргийн тухай

    

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.Х-н нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч П.Алтанцэцэгт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/ 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5 дахь хэсэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Цаст-Алтайн жинчид” ХХК-ны 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дүрмийг 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч П.Алтанцэцэг би Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Ж.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х-н нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 2 дахь удаагаа хянан шийдвэрлэхдээ: 

Анхан шатны шүүх хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа зөвхөн Улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж байгаа “Ц.Ж “ ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан нотлох материалыг үндэслэж, бусад гуравдагч этгээд болон гэрчүүдийн мэдүүлэгт ач холбогдол өгөөгүй.

Ж.О ын тус компанид оруулсан хөрөнгө болох 112000 төгрөгийг гуравдагч этгээд болох Ц.Б нь 125000 төгрөг болгож Ж.О од өгсөн эсэхийг тогтоогоогүй.  Гэрч болох М.О , Э.Энхтайван нар худал мэдүүлэг өгч байсан. "Ц.Ж” ХХК-ийн 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хийлгэсэн бүртгэлийг тус компанийн үүсгэн байгуулагчдын өөрсдийн гаргасан шийдвэр, баталсан дүрмийн дагуу хийсэн бөгөөд компанийн хувьцаа эзэмшигчид Ж.О ыг хасаж, Ц.Б-г оруулсан дүрмээ өөрсдөө баталж авч ирсэн. Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.2-т “хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг заавал тусгана” гэж заасан байгаа тул Компанийн дүрмэнд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн нэр тусгагдахгүй харин тус компанид хувь нийлүүлсэн хувьцаа эзэмшигчдийн нэр тусгагдах ёстой. Иймд тус компанийн хувьцаа эзэмшигчид өөрсдөө өөрчлөлт оруулж дүрмээ баталж гарын үсэг зурсан байгааг нотлоогүй.

2015 онд захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр үүссэн “Ц.Ж” ХХК-ийн үүсгэн байгуулагчаар орох ёстой гэсэн олон жолооч нарын төлөөлөл болох П.Дашдорж, М.О  нарын нэхэмжлэлтэй одоо түдгэлзүүлсэн байгаа хэргийн материалын 43-48 дугаар хуудаст байгаа Үүсгэн байгуулагчийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ц.Ж” ХХК-ийн дүрмийн 1.3-д Компанийн хувь нийлүүлэгчид гэсэн нэрсийн жагсаалтад Ж.О ын нэр байхгүй байгаа нь энэ хүн хувьдаа эзэмшигчээс гарсныг нотолж байна.                 

Энэ хурлаар Ж.О ын О.Батмонгол нь тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр хасагдсан байгаа ба өөрийн аавыг хувьцаа эзэмшигчээс хассан байхад мэдэхгүй болж өнгөрөх үү.

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасны дагуу “Хувьцаа эзэмшигчдийн их хурлыг ... санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна" гэж заасны дагуу тус компани нь жил бүр хувьцаа эзэмшигчийн хурлаа худалдуулж байсан бол Ж.О  нь “Ц.Ж” ХХК-ийг байгуулагдсан 2010 оноос хойш 2018 онд гомдол гаргах хүртлээ бүтэн 8 жилийн хэдэн удаа хуралд оролцож хууль болон компанийн дүрмэнд заасны дагуу эрхээ эдэлж үүргээ биелүүлсэн юм.

 Хэрэв хурлын зар ирэхгүй байгаа бол компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчийн хувьд Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасны дагуу хэдэн удаа хувьцаа эзэмшигчдийн жил бүр хурлыг хуралдуулах санал, шаардлага гаргасан юм, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйл “Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх”, 68 дугаар зүйл хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох журам" зэргийг хэрхэн хангаж байсан, ер нь хувь нийлүүлж хувьцаа эзэмшигч болсон компани нь ажиллаж байна уу, үгүй гэдэгт хэрхэн хандаж байсан зэргийг тогтоогоогүй.

Иймд Ж.О  нь 2012 онд хувьцаа эзэмшигчээс гарснаас хойш 6 жилийн Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гомдол гаргах хугацаа зөрчиж, хэн нэгний шахалтаар итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, нэхэмжлэл гаргаж, төрийн ба байгууллагаар тоглож байгаа тул Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“Компанийн хуулийн дагуу 9 гишүүн өөрсдөө бичиж гарын үсэг зурж баталсан дүрмийг улсын бүртгэлийн байгууллага бүртгэж баталгаажуулсан байхад бүртгэлийг хүчингүй болгосон.

Иргэн би Ховд аймгийн шүүхээс тодорхой шалтаг шалтгааны улмаас татгалзаж байхад , мөн хариуцагч бөгөөд улсын бүртгэгч өөрийн биеэр байхгүй байхад шүүх хурап хийж миний хүсэлтийг хангаагүй.

Ж.О ын компанийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчээс гарах өргөдлийг "Ц.Ж” ХХК хууль бусаар эзэмшиж байгаа 3 шатны шүүхээр захирал биш гэдэг нь нотлогдсон М.О гээс тус өргөдлийг гаргуулж авж чадаагүй. 

Мөн Ц.Б надаас Ж.О  нь дүрмийн санд оруулсан гэх 125000 төгрөгийг хүлээж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн утас ярианы бичлэг байна гэхэд үүнийг нотлох баримтаар аваагүй.

Ж.О  нь хувьцаа эзэмшигчээсээ татгалзаагүй ТУЗ-ын гишүүнээсээ татгалзсан гэж мэдүүлсэн байгаа юм. Хэрэв хувьцаа эзэмшигчээсээ татгалзаагүй юм бол яагаад компаниас гарлаа гэдгээ зарласан юм. 

Яагаад хувь оруулсан 125000 төгрөгөө нэхэж авсан юм. Өөрөөр хэлбэл 125000 төгрөгийг хувь гэдгээ маш сайн мэдэж байсан хүн.

Шүүх тайлбартай шийдвэр баримт тайлбар байхгүй гэсэн байна. УБ-05 маягтийн дагуу гаргасан өргөдөл компанийн 009 дугаартай хүсэлт Удирдах зөвлөлийн гишүүнээс Ж.О ыг чөлөөлсөн 003 дугаар тогтоолоор Ц.Б-г удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон 004 дугаартай тогтоол, хурлын тэмдэглэл Хувьцаа эзэмшигчээс Ж.О ыг хасаж, Ц.Б-г оруулсан 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн компанийн дүрэм Мөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт нотлох баримтад хавсрагдсан байна.

Ж.О  2018 оны 03 дугаар сард бүртгэлийн талаар мэдсэн гэсэн нь үнэнд үл нийцэж байгаа юм. Учир нь түүний хүү О.Батмонгол нь манай компанийн гэрээт тээвэрчин бөгөөд “МО ЭН КО” ХХК-иас 2014 онд Компани тус бүрт 13 ширхэг хүнд даацын машин өгсөн бөгөөд “ЦАЖ” ХХК шийдвэрээр тээвэрчид уг машинуудыг сугалаагаар олгосон юм. 

Өөрөөр хэлбэл О.Батмонгол нэг машин сугалаагаар авч өнөөдрийг хүртэл 3 аас 4 машинаар тээвэрлэлт хийж байгаа бөгөөд 2014 оноос хойш компанийн маргаанд хамгийн идэвхитэй оролцож байгаа хүн юмаа.

“ЦАЖ” ХХК дотоод дүрмээр ТУЗ-ын гишүүн Хувьцаа эзэмшигч нь нэг ойлголт бөгөөд 2010-2011 онд Ж.О  ЦАЖ ХХК компанийн дүрмэнд нэр нь орсон байх үед “ЦАЖ” ХХК нь нэгж Хувьцаа гаргаагүй байсан ба 2012 оны дүрмийн өөрчлөлтөөр ТУЗ-ын гишүүдийн 100 хувийн саналаар 11.1 нэгж хувьцааг гаргахаар шийдвэрлэсэн билээ.

Ц.Б миний бие 2009 оноос хойш “ЦАЖ” ХХК-ийг үүсгэн байгуулалцаж, анхны үйл ажиллагааг удирдан зохион байгуулалцаж удирдаж, ирсэн бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлаас гишүүдийн 100 хувийн саналаар “ЦАЖ” ХХК-ний хувьцаа эзэмшигч болсон юм. Өөрөөр хэлбэл Ж.О ын дүрмийн санд оруулсан гэх 125000 төгрөгийг хоёрын хоёр амьд гэрчийн хамт өөрт нь бэлэн өгснийг шүүх хэрэгсэхгүй байна. Ж.О  нь “ЦАЖ” ХХК-ний үйл ажиллагаанд нэг ч удаа оролцоогүй бөгөөд дүрмийн санд оруулсан гэх 125000 төгрөгөө авч компаниас гарчхаад 7 жилийн дараа “ЦАЖ” ХХК-ийг хууль бусаар эзэмшиж байгаа М.О-тэй үгсэн хуйвалдаж ТУЗ-аас гараагүй хувьцаа эзэмшигч хэвээрээ байгаа гэж луйвар залилан хийх оролдлого нь хуульд хүний мөн чанарт үл нийцэж байгаа юм. М.О түүний төрсөн дүү болох ховд аймаг дахь эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч М.Нямбаярын шууд ба шууд бус нөлөөллөөр шүүгч Сонинболор энэхүү хэргийг үнэн мөнөөр хянан шийдвэрлэж өгсөнгүй гэж иргэн би үзэж байна.

Иймд үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч миний эрх ашиг үүсгэн байгуулагчдын шийдвэр тогтоол улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийг ноцтой зөрчиж байгаа тул уг хэргийг үнэн мөнөөр нь шийдэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

                                            ХЯНАВАЛ:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагч, гуравдагч этгээд  нар давж заалдах гомдол гаргасан байх тул хэргийг бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгчээс “Ц.Ж” ХХК-ийн 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дүрмийн 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

“Ц.Ж” ХХК нь 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үүсгэн байгуулсан тогтоол, дүрмийг улсын бүртгэлд бүртгэн үүсгэн байгуулагчаар Х.С , Ж.Д, Ж.О , Б.Ц, М.О, Н.Э , С.Э , Н.Г , Э.Э  нарыг бүртгэн, 40686777 регистрийн дугаар, 1611008094 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ олгосон бөгөөд тус хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 003 дугаар тогтоолоор Ж.О ыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, 004 дүгээр тогтоолоор Ц.Б-г төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ.

Харин маргаан бүхий бүртгэл болох компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээс Ж.О ыг хасч, Ц.Б-г нэмж оруулсан өөрчлөлт бүхий 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн компанийн дүрмийг 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн нь хэрэгт баримтаар авагдсан байна. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн зөв байна.

““Ц.Ж” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан нь буруу, энэ тухайн  компанийн удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудал тул төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөн нь түүний компанид оруулсан хувь буюу хувьцаа эзэмших эрхийг хязгаарлаж, хувьцаа эзэмшигчээс хасах үндэслэл болохгүй... хуульд заасан шаардлагыг хангасан эд хөрөнгө шилжүүлэх гэрээ эсвэл хувьцаагаа зарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчээс хасах компанийн удирдах байгууллагын шийдвэр гарсан байхыг шаардана” гэж дүгнэсэн үндэслэл бүхий болжээ.

Нөгөөтэйгүүр, хариуцагч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 23 дугаар зүйлийн 23.1 /Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх болон үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орохтой холбогдолгүй бөгөөд улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа бусад мэдээлэлд өөрчлөлт оруулахтай холбогдсон бүртгэлийг энэ хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллага хөтөлнө/, 23.2 /Бүртгэх байгууллага нь энэ хуулийн 23.1-д заасан бүртгэлийг явуулахдаа энэ хуулийн 10.1-д заасны дагуу Засгийн газраас баталсан журмыг баримтална/ дугаар зүйл болон тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2008 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 414 дүгээр тушаалын хавсралт Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.1-д улсын бүртгэгч Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийн /УБ-05/-ын дагуу бичигдсэн болон түүнд хавсаргасан баримт бичгийг нэг бүрчлэн нягтлан үзэж, хуудас бүрийг дугаарлан хүлээн авна... гэсний дагуу өөрчлөлтийг бүртгэхдээ ирүүлсэн баримтын үнэ зөв эсэхийг нягтлан шалгаж, баримт дутуу, эргэлзээтэй бол бүртгэл хийхээс татгалзах эрхтэй байжээ.

Иймд хууль зөрчсөн дээрх бүртгэлийн үйл ажиллагааг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4 /үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх/, 3.1.5 /нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх/-д заасантай нийцээгүй, энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул “Ц.Ж” ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах нь зүйд нийцэж байна.

Хариуцагч нь “...уг компанийн нэг онцлог нь үүсгэн байгуулагч 9 гишүүн нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байдаг гэж тайлбарладаг боловч Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д Энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгоно...” гэж зааснаас харахад төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх нь компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээс давхар чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. 

Мөн түүнчлэн гуравдагч этгээд Ц.Б нь “... би 125000 төгрөгийг Ж.О од өөрийн биеэр гэрт аваачиж өгсөн... энэ дүрмийн санд оруулсан хөрөнгө юм...” гэсэн тайлбарыг гаргасан. Гэтэл энэ тайлбар төдий байх бөгөөд гуравдагч этгээдээс ямар нэгэн нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, мөн 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Ц.Ж” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд Ж.О  нь хувьцаа шилжүүлэх тухай хүсэлтээ хэрхэн илэрхийлсэн болох нь хурлын тэмдэглэлд авагдаагүй байх тул энэ талаар нотлох баримтын төвшинд үнэлэн дүгнэх боломжгүй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

              

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.БАТБААТАР 

                    ШҮҮГЧ                     Д.БААТАРХҮҮ

                    ШҮҮГЧ                     Э.ЗОРИГТБААТАР