Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 212/МА2024/00070

 

Х.С-ийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2024/00532 дугаар шийдвэртэй,  хүсэлт гаргагч ******* оршин суух И овогт Х-ийн С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлттэй,

 

Х.С-ийг Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 9 дүгээр цэцэрлэгт 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг дуустал угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн агуулга: 

1.1. Хүсэлт гаргагч Х.С- нь Өлгий сумын 3 дугаар багт оршин суудаг. Энэ жил 55 насанд хүрч байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэрт гарахаар бичиг баримтаа бүрдүүлж байгаа. Х.С- нь Өлгий хотын 9 дүгээр цэцэрлэгт 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг дуустал угаагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.

1.2. Хүсэлт гаргагчийн ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд архивын тасгаас гарахгүй байна. Хөдөлмөрийн дэвтрийн эх хувийг нотариатаар баталгаажуулж хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Түүнд 1994 оны 6 дугаар сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгосон.

1.3. Түүний Хөдөлмөрийн дэвтэрт 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацааны бичилт хийгдсэн. Тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс гэрчийн тодорхойлолт өгсөн. Тийм учраас хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. 

 

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2024/00532  дугаар шийдвэрээр:

2.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан И овогт Х-ийн С-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 9 дүгээр цэцэрлэгт 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг дуустал угаагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

 

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:  

3.1. Анхан шатны шүүх Х.С-ийн ажилласан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэхэд иргэний хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна.

3.2. Х.С- нь Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 9 дүгээр цэцэрлэгт 1988 оны 10 дугаар сарын 02-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг дуустал угаагчаар ажиллаж байсан нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр, Х.С-тэй         хамт ажиллаж байсан гэрч Б.А, К.Р, З.М нарын тодорхойлолт, шүүхэд гэрчүүдийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байхад анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үгүйсгэж байгаа явдалд гомдолтой байна

3.3. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар        сарын 27-ны өдрийн 130\ШШ2024\00532 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, Х.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд миний давж заалдах хангаж хүсэлтийнхээ шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

ХЯНАВАЛ:

 

4. Х.С-ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт бүхий анхан шатны шүүхийн онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн иргэний хэргийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэдэгт шүүх процессын хэм хэмжээг чанд мөрдөж, хэрэгт хуульд заасан арга, журмаар цугларсан, ач холбогдолтой, хамааралтай, хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, түүнд ач холбогдол бүхий бусад бүхий л нөхцөл байдлыг талуудын мэтгэлцээнийг үндэслэж сэргээн тогтоон, түүнд материаллаг хуулийг зөв тайлбарлаж хэрэглэх замаар маргааныг шийдвэрлэсэн байхыг ойлгох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан уг шаардлагыг хангаагүй байна.

 

5. И овогт Х-гийн С- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд угаагчаар ажиллаж байсан нь:

  • Түүний 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн 4, 5 дахь хуудаст тус цэцэрлэгийн тамга бүхий “№01; 1988.10.02; Өлгий хотын 9-р цэцэрлэгийн ... угаагчаар авч ажиллуулав; 9-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1988 оны 10-р сарын 02-ны 34-р тоот тушаалаар” гэх тэмдэглэгээ /хэрэгт хавсаргасан нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон эх хувиар/,
  • Хөдөлмөрийн дэвтрийн мөн хуудасны цэцэрлэгийн тамга бүхий “№02. 1994.06.21. Тус цэцэрлэг татан буугдсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Өлгий хотын 9-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1994.06.21-ний 16-р тоот тушаал” гэх тэмдэглэгээ /хэрэгт хавсаргасан, эх хувиар/,
  • Мөн дэвтрийн 6, 7 дахь хуудаст үйлдсэн Мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч С.Сьезийн тамга бүхий “2002.07.29. Улсын үзлэгээр ажилласан хугацааг 05 жил, 08 сар, 19 хоногоор тооцов” гэх тэмдэглэгээ /хэрэгт хавсаргасан, эх хувиар/,
  • нэхэмжлэлийн шаардлагад хамаарах буюу түүний Хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэсэн, “улсын үзлэгээр ажилласан хугацааг тооцсон” хугацааг Х.С-д олгосон 0299000861 дугаартай Баталгаажилтын хуудаст “1990 оны 01 дүгээр сараас 1994 оны 6 дугаар сарыг дуустал хугацааг Ажилласан жил, тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангаагүй” гэж тэмдэглэсэн байдал /хэргийн 6 дахь тал/,
  • “Хөдөлмөрийн дэвтрийн улсын үзлэгээр Х.С-д олгосон Хөдөлмөрийн дэвтэрт улсын байцаагч түүний ажилласан жилийг 05 жил, 08 сар, 19 хоногоор тооцсон учраас түүнд олгосон Баталгаажилтын хуудаст “1990 оны 01 дүгээр сараас 1994 оны 6 дугаар сарыг дуустал хугацааг Ажилласан жил, тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангаагүй” гэж тэмдэглэгдсэн” гэх агуулгатай Х.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, уг тайлбар нь Хөдөлмөрийн дэвтэр болон Баталгаажилтын хуудсаар нотлогдсон байдал,
  • Гэрч Б.А-ын “Х.С- нь 1987 онд анх тус Өлгий сумын 9 дүгээр цэцэрлэгт угаагчаар ажилд орж, би 1990 оны 9 дүгээр сард байх, сар өдрийг нь сайн санахгүй байна, Өлгий сумын 6 дугаар ахлах сургуульд шилжээд явах үед Х.С- нь тус Өлгий сумын 9 дүгээр цэцэрлэгт ажиллаж үлдсэн байсан..., цэцэрлэгийн эрхлэгч тухайн үед ажилчдын тушаал гаргадаг байсан... Х.С- нь Дэлүүн сумын уугуул иргэн байсан ба сургуулиа төгсөөд аймгийн төвд ирж, 1987 онд Өлгий сумын 9 дүгээр цэцэрлэгт ажилд орж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 51-52 дахь тал/,
  • Гэрч З.М-ын “Би ... 1983-2001 он хүртэл аймгийн цэцэрлэгүүдийн үндсэн хөрөнгийн нярваар ... ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Х.С- нь Өлгий сумын 9 дүгээр цэцэрлэгт 1988 оноос 1994 он хүртэл угаагчаар ажиллаж байсан. ...1994 онд 2 бүлгээр ажиллаж байгаад намар татан буугдсан байх. Тус хүүхдийн цэцэрлэг 1994 онд татан буугдах хүртэл Х.С- тэнд ажиллаж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 53-54 дахь тал/,
  • Шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн Х.Р-ны “Миний бие Өлгий хотын 9 дүгээр цэцэрлэгт 1983 онд асрагчаар ажиллаж байгаад 1989 онд Өлгий хотын 5 дугаар цэцэрлэгт туслах багшаар шилжиж явсан. ... Х.С- нь Өлгий хотын 9 дүгээр цэцэрлэгт 1988 оны 10 дугаар сард угаагчаар ажилд орсон. Хүсэлт гаргагч бид хоёр 1989 он хүртэл хамт ажиллаж байсан. Дараа нь би өөр цэцэрлэгт шилжиж явах үед Х.С- тэнд үлдсэн” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь, хооронд нь харьцуулах замаар дүгнэж үзвэл, Х.С-ийн дээрх ажилласан байдал хангалттай тогтоогдсон байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

6. Анхан шатны шүүх Х.С-д 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийг бусад нотлох баримтуудтай бодит байдлаар нь харьцуулахгүйгээр “эцгийн нэрийг засвартай” гэх шалтгаанаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцээгүй ба тус Хөдөлмөрийн дэвтрийн 3 дугаар нүүр болон 4-5 дугаар нүүрэнд 9 дүгээр цэцэрлэгийн тамга дарж баталгаажуулсан байдал, уг тамганууд зөрүүгүй нөхцөл байдал, тус дэвтрийн эзэмшигчийн цээж зураг болон бусад мэдээлэл дэвтэрт тусгагдсан байдал зэргийг дүгнээд, тухайн нотлох баримтыг Х.С-д олгосон 0299000861 дугаартай Баталгаажилтын хуудас, Хөдөлмөрийн дэвтэр дэх улсын байцаагчийн тэмдэглэгээ, гэрчүүдийн мэдүүлэгтэй харьцуулан үзэж, үнэн зөв гэж эргэлзээгүй талаас нь үнэлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй Баян-Өлгий аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 148 дугаар тушаалыг шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн үзлэгийн “Харин Ардын боловсролын хэлтсийн даргын тушаалаар Өлгий хотын цэцэрлэгийн албан хаагчдыг ажилд томилж, чөлөөлдөг болох нь үзлэгээр тогтоогдсон” гэх тэмдэглэлд харьцуулж, шүүхийн шийдвэрийн 6.3 дахь дүгнэлтэд “...тус цэцэрлэгийн тамгыг дарж баталгаажуулсан байх боловч ... мөн тухайн үед цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар бус Ардын боловсролын хэлтсийн даргын тушаалаар томилдог болох нь тус шүүхийн ... үзлэгийн тэмдэглэл болон Баян-Өлгий аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын гэрч З.Р-ыг ажилд томилсон тушаалаар тус тус нотлогдон тогтоогдсон” гэж дүгнэн, улмаар Х.С-ийн хүсэлтийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг буруу хэрэглэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дээр дурдсанчлан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлэх шаардлагыг зөрчсөн байна.

 

8. Иймд хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянаж үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт хамаарах шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмаар үнэлэхэд Х.С-ийн хүсэлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул түүнийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

9. Анхан шатны шүүх Х.С-ийн хүсэлт бүхий иргэний хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үед гэрчүүдээс мэдүүлэг авахдаа тэдгээрт үнэн зөв мэдүүлэг өгөх талаар сануулан, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсгийг анхааруулж баталгаа гаргуулсан ба энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцсэн учраас давж заалдах шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлсэн болно. Гэрчүүдийн нэхэмжлэгч Х.С-тэй тодорхой хугацаанд хамт ажиллаж байсан талаарх мэдүүлгүүд нь түүний гаргаж өгсөн Хөдөлмөрийн дэвтэр, түүнд агуулагдах баримтат мэдээллүүдтэй тохирч байгаа учраас гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

10. Давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэж, хүлээн авсан учраас Х.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2024/00532 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн  1 дэх заалтыг  “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад зааснаар И овогт Х-ийн С-ийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай” гэж өөрчилж, хүсэлт гаргагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч, мөн гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            Ж.ОТГОНХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК