Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 473

 

 

 

 

 

 

 

 

 

    2019        05          16                                     473

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: П.Даваасүрэн;

шүүгдэгч: С.Мишээл (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Мөнхжин овогт Саранхүүгийн Мишээлд холбогдох эрүүгийн 1909006940427 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Улаанбаатар хотын банкинд теллер ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 16 дугаар хороолол, “Нью таун” хотхоны 43в байр 1401 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, УИ96061912 регистерийн дугаартай, Мөнхжин овогт Саранхүүгийн Мишээл.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч С.Мишээл нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оросын Холбооны Улсын элчин сайдын яамны урд талын пабад хохирогч Г.Мөнхбаттай баарны тооцооноос болж магалдсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Мишээл мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Мөнхбат /хх-ийн 5-6/, гэрч Э.Оргил /хх-ийн 10/, гэрч Б.Мөнх-Эрдэнэ /хх-ийн 11/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2187 дугаартай дүгнэлт /хх-ийн 13/, С.Мишээлийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 22-29/, хохирогч Г.Мөнхбатын хүсэлт /хх-ийн 31/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Мишээл нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах Оросын Холбооны Улсын элчин сайдын яамны урд талын пабад Г.Мөнхбаттай баарны тооцооноос болж магалдсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

           хохирогч Г.Мөнхбатын /хх-ийн 5-6/: “... би найзуудтайгаа 2019 оны 02 дугаар сарын 09-ний шөнө 02:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Оросын Холбооны Улсын элчин сайдын яамны урд талын пабад сууж байсан. Тэгээд бид нар гарах гээд тооцоон дээрээс болж би Мишээл гэх залуутай маргалдсан. Эхлээд миний нүүр лүү алгадсан. Би эргүүлээд цохих гэтэл оноогүй. Мишээл зөрүүлээд миний ам руу гараараа нэг удаа цохисон. Би шууд гараад явсан. Одоо миний дээд уруул хүндэвтэр шархтай, үүдний 2 шүд хөдөлгөөн орсон байна...” гэх мэдүүлгээр,

 

           гэрч Э.Оргилын /хх-ийн 10/: “... Мишээл Мөнхбат хоёр ширээний хоёр талаас хэрэлдээд байсан. Би “яасан” гэж асуусан чинь “тооцоон дээрээс маргалдсан” гэж байсан. ... Яг зодолдох үед нь би ариун цэврийн өрөөнд байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Мөнх-Эрдэнийн /хх-ийн 11/: “... тэр өдөр бид дөрөв пабад суусан юм. Тооцоогоо хийх болтол Мишээл “даачихаарай” гээд бид нарын дунд 10.000 төгрөг гаргаж ирсэн. Мөнхбат мөнгийг нь буцаагаад Мишээлийн нүүр рүү нь шидсэн чинь Мишээл зөрүүлээд Мөнхбатын эрүү орчим гараараа 2 удаа цохисон. Бид нар салгасан...” гэх мэдүүлгээр,

 

С.Мишээлийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 9, 19-20/: “... Мөнхбат миний өгсөн дутуу мөнгийг миний нүүр рүү шидсэн. Би “чи яаж байгаа юм бэ” гэхэд Мөнхбат өөдөөс харааж хэл амаар доромжилж намайг цохих гэхэд нь би бултаад зөрүүлээд нүүрэн тус газар ам хэсэг рүү нь хоёр удаа гараараа цохисон...” гэх мэдүүлгээр,

 

Г.Мөнхбатын биед “дээд уруулд шарх” бүхий мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2187 дугаартай дүгнэлт /хх-ийн 13/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан С.Мишээлийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч С.Мишээлийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Г.Мөнхбатын “...гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 30 дугаар хуудсанд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд С.Мишээлийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мишээл нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мөнхжин овогт Саранхүүгийн Мишээлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мишээлийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мишээл торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мишээлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ