Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
Хэргийн индекс | 130/2024/00281/И |
Дугаар | 212/МА2024/00071 |
Огноо | 2024-09-02 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 212/МА2024/00071
И.Ү-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2024/00496 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч **************оршин суух И овогт И-ийн Ү-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн А- сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Баян-Өлгий аймгийн А- сумын Засаг дарга /А.А/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгч И.Ү-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Миний бие И.Ү- Баян-Өлгий аймгийн А- сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан толгой хэмээх газарт *********** нэгж талбарын дугаартай 700 м.кв бүхий газар эзэмшдэг. Мөн тухайн газарт 180 м.кв талбайтай 6 өрөө үл хөдлөх хөрөнгийг эхнэр болон 2 хүүхдийн хамт өмчилж амьдарч байна. Миний бие тус суманд олон жил мал маллаж амьдарч байгаа бөгөөд надад улсаас 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ***********дугаартай малчны мэргэжлийн үнэмлэх олгож байсан.
1.2.Манай гэр бүлийн эзэмшдэг газрын урьд талд байдаг 3200 м.кв талбайтай газрыг эзэмшиж, ашиглах хүсэлтийг 2021 онд А- сумын Засаг даргад гаргаж, улмаар 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 148 дугаартай албан бичгээр тухайн газрыг хашиж хамгаалах буюу хашаа татаж ашиглах эрхийг олгож байсан. Улмаар, миний бие уг зөвшөөрлийн дагуу төмөр тор хашаа татахаар Төрийн банкнаас 15,000,000 төгрөгийн зээл авч, өөрийн 3 адуугаа 5 сая төгрөгөөр худалдаж, нийт 20,000,000 төгрөгийн зардал гаргасан юм. Уг төслийн зээлийг малын тоо толгойг өсгөх, малын үүлдэр, угсааг сайжруулах, малын ашиг шимийг дээшлүүлэх зорилгоор авсан бөгөөд зээлийг бүхэлд нь торон хашаа татах, татсан хашаанд ус оруулахад зарцуулж байсан.
1.3.Тодруулбал, хашааг татахын тулд дараах зардлуудыг бодитоор гаргаж байсан. Үүнд:
- ”Хызылсай” ХХК-аас шургааг мод нийт 1000 ширхгийг нэг бүрийн 8,000 төгрөгөөр нийт 8,000,000 төгрөгөөр худалдаж авсан;
- “Сауап” ХХК-аас 2,000 ширхэг торыг нийт 3,000,000 төгрөгөөр худалдаж авсан;
- “А.Ер болон Х.Е нарт трактороор Сагсай хэмээх голоос суваг, шуудуу татаж, торон хашаанд ус оруулсан бөгөөд суваг, шуудуу болон ажлын хөлсөнд 5,400,000 төгрөг төлсөн;
-Мөн торон хашаа барихад нийт 6 хүн 15 хоногт ажилласан ба нэг ажилчин 600,000 төгрөгийн ажлын хөлс авч нийт 3,600,000 төгрөг төлсөн;
1.4. Гэтэл А- сумын 3асаг дарга 2023 оны 6 дугаар 22-ны өдрийн А/85 дугаартай Зөвшөөрөлгүй баригдсан торон хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлөх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах тухай гэх захирамжаар миний татсан хашааг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд албадан буулгаж, газрыг чөлөөлсөн болно. Тус захирамжийг миний бие эсэргүүцээгүй боловч 2021 онд надад албан бичгээр хашаа татаж, эзэмшиж, ашиглахыг зөвшөөрсөн байсан.
1.5.Тухайн үед миний бие Засаг даргын шийдвэр, зөвшөөрлийн дагуу торон хашаанд их хэмжээний зардал гаргаж, хадлан болон мал оруулах хашаа татан ашиглаж явж байхад ийнхүү эсрэг тэсрэг захирамж гарган хашааг татан буулгаснаас болж надад дээр дурдсан хохирлууд гарсан. Хэрэв анхнаасаа надад тор харшаа татах зөвшөөрөл олгоогүй байсан бол би зардал гаргаж хашаа татахгүй байсан юм. Тус захиргааны байгууллага анх зөвшөөрлийн бичгийг олгохдоо надад итгэл төрүүлсэн бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар миний хууль ёсны итгэлийг хамгаалагдах ёстой.
1.6.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.” гэж, 101 дүгээр зүйлийн 101.1-д “Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна.” гэж, 101.2-д “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна.” гэж тус тус заасны дагуу А- сумын Засаг дарга болон тамгын газраас нэхэмжилж байна.
1.7.Иймд, Баян-Өлгий аймгийн А- сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас И.Ү- надад учирсан 20,000,000 төгрөгийн гэм хорыг буруутай захиргааны байгууллагаас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1. Баян-Өлгий аймгийн А- сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаартай Торон хашааг буулгах тухай тогтоол батлагдаж, уг тогтоолыг амьдралд хэрэгжүүлж ажиллахыг тус сумын Засаг даргад даалгасан байна. Баян-Өлгий аймгийн А- сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/183 дугаартай “Зарим иргэдийн торон хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулах тухай”, мөн сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/85 дугаартай “Зөвшөөрөлгүй баригдсан торон хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлөх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах тухай” захирамжууд гарсан байна.
2.2. Баян-Өлгий аймгийн А- сумын Засаг даргаас 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 147 дугаартай мэдэгдэх хуудсыг А- сумын 4 дүгээр багийн иргэн И.Ү-т, 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 142 дугаартай мэдэгдэх хуудсыг Ү-ийн хүү Жардембект тус тус хүргүүлэн зөвшөөрөлгүй барьсан торон хашаануудыг өөрсдийн санаачилгаар буулгахыг мэдэгдэж байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэх И.Ү- нь А- сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүй торон хашаа татсан асуудлыг албадан буулгах тухай асуудлыг тухайн үед мэдэж байсан юм.
2.3. Гэвч сумын Засаг даргаас байгуулсан ажлын хэсгийнхэн удаа дараа зөвшөөрөлгүй торон хашаа татсан иргэдтэй очиж уулзахад тэдний зүгээс торон хашаануудыг албадан буулгахыг эсэргүүцэж байсан. Энэ асуудлаар тухайн үед аймгийн Цагдаагийн газарт ч хүсэлт гарган сумын хэсгийн төлөөлөгч, хэв журмын цагдаагийн туслалцаа авч байсан. Эрх бүхий байгууллагаас удаа дараа гарсан шийдвэрийг А- сумын 4 дүгээр багийн иргэн И.Ү- нь сайн дураар биелүүлэхээс татгалзсан тул 2023 оны 06 дугаар сарын сүүлийн 7 хоногт ажлын хэсгийнхэн тус сумын цагдаагийн байгууллагатай хамтран иргэн И.Ү-ийн хууль бусаар татсан торон хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлсөн.
2.4.Төрийн эрх бүхий байгууллага холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг нийтийн эрх ашгийн үүднээс зохион байгуулсан тул И.Ү-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
2.5. Иймээс И.Ү-ийн тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн А- сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2024/00496 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И.Ү-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн А- сумын Засаг даргад холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 20,000,000 /хорин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч И.Ү-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч ****** тоот хаягт оршин суух И овогт И-ийн Ү-ийн өмгөөлөгч С.Нургайып миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх “Иргэний хуулийг буруу тайлбарласан, нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт цуглуулах тухай үндэслэл бүхий хүсэлтийг хүлээж авахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн” тул 2024 оны 5 сарын 14-ний өдрийн 130/ШШ2024/00496 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
4.2. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч түүний төлөөлөгчийн гаргасан үндэслэлийг шүүх шийдвэртээ огт тусгахгүйгээр, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг буруу ойлгож, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
4.3. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нэхэмжлэгч талаас дараах байдлаар тодорхойлсон.
4.4. А- сумын Засаг дарга А.А нь 2021.06.03-ны өдрийн 148 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч И.Ү-т тухайн газрыг хашиж хамгаалах буюу хашаа татаж ашиглах эрхийг олгож байсан. Улмаар, И.Ү- нь уг зөвшөөрлийн дагуу төмөр тор хашаа татахаар Төрийн банкнаас 15 сая төгрөгийн зээл авч, өөрийн 3 адуугаа 5 сая төгрөгөөр худалдаж, нийт 20 сая төгрөгийн зардал гаргаж өвөлжөөнийхөө урьд хэсгийг хашаалж, усалгаа хийж ашиглаж байсан. А- сумын Засаг дарга 2023.06.22-ны өдрийн А/85 дугаартай “Зөвшөөрөлгүй баригдсан торон хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлөх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах тухай” гэх захирамж нь И.Ү-т хамааралгүй байсан бөгөөд түүнд урьд өмнө нь ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй байсан. И.Ү- нь сумын Засаг дарга А.А-аас 2021.06.03-ны өдрийн 148 дугаартай албан бичгээр зөвшөөрөл авч хашаа татаж, газрыг ашиглаж байсан гэж үзэх ёстой байсан. Хэрэв сумын Засаг дарга А.А нь 2021.06.03-ны өдрийн 148 дугаартай албан бичгээр зөвшөөрөл өгөөгүй байсан бол И.Ү- нь 20 сая төгрөгийн зардал гаргахгүй байх байсан. Мөн сумын Иргэн И.Ү- өөрийнхөө өвөлжөөний ойролцоо газрыг малын хөлөөс хамгаалж, усалгааны суваг гаргаж ашиглаж байхад Засаг дарга захирамж, сумын ИТХ нь тогтоол гаргаж шууд хүч хэрэглэн дахин ашиглах боломжгүй болгож эвдэн сүйтгэх эрхгүй, Газрын тухай хуулийг зөрчсөн юм.
4.5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан нэхэмжлэгч И.Ү-ийн татсан торон хашаа татсан материалыг дахин ашиглах боломжгүй тул үнийг гаргуулахыг хүсэж байгаа тул төмөр тор болон шургаа модыг дахин ашиглах боломжтой эсэхэд шинжээч томилон дүгнэлт гаргуулах, тухайн торон хашаа татсан газрын кадастр болон байршил зэргийг тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтад "энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн" гэж үзэж байна. Учир нь, шүүх талуудын хүсэлтээр газрын асуудал хариуцсан мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл, шаардлагатай бусад албаны хүмүүс, мэргэжилтнүүдийг хэргийн оролцогчдын хамт оролцуулан үзлэг хийж зохигчийн гаргаж өгсөн нотлох баримтууд, зохигчоос тодруулах замаар маргааны үйл баримтыг бодитой сэргээн тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь талуудын мэтгэлцэх эрхийг хангахад чухал ач холбогдолтой байсан. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “зээлийн дансны төлбөрийн хуваарь, И.Ү-ийн эзэмшлийн Төрийн банкны *********** дугаартай зээлийн дансны харилцагчийн хуулга нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн "Цагаан толгой өвөлжөөний дээд талд төмөр барих, трактороор шуудуу татсан, ус ирүүлэх сувгийг цэвэрлэх, тор татах ажлуудыг хийсэн, гүйцэтгэсэн хүмүүсийн жагсаалт" гэх гарчиг бүхий гараар үйлдсэн хүснэгт, "А- сумын 4-р багийн малчин Ү- миний Цагаан толгой өвөлжөөний дээд талд барьсан төмөр торонд ажилласан хүмүүсийн цалин хөлс, тракторчийн хөлс, худалдаж авсан материалын үнэ зэрэг зардлуудын тооцоо" гэх гарчиг бүхий гараар үйлдсэн хүснэгт, Х.Е-ийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн баримт, А.Ер-ны 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн баримт, Өвөлжөөний 4 ширхэг гэрэл зураг, "Сагсай голоос Цагаан толгой хэмээх газарт суваг, шуудуу гаргасан зураг" гэх гарчиг бүхий 3 ширхэг гэрэл зураг, "Баян-Өлгий аймгийн А- сумын Засаг даргын 2023.06.22-ны өдрийн А/85 захирамжаар торон хашааг буулгасан байдал" гэх гарчиг бүхий 3 ширхэг гэрэл зураг зэрэг нотлох баримтуудыг хэн, хэрхэн, хэзээ үйлдсэн болох нь тодорхой бус байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж дүгнэсэн. Дээрх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудыг шүүхээс хэргийн оролцогчдыг оролцуулан үзлэг хийж, зохигчоос тодруулах замаар маргааны үйл баримтыг бодитой сэргээн тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь талуудын мэтгэлцэх эрхийг хангахад чухал ач холбогдолтой байсан. Иймд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй, мөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтуудыг үнэлээгүй шалтгаанаа бичээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.
4.6. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 сарын 14-ний өдрийн 130/ШШ2024/00496 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.
5. Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:
5.1. 2020 оноос эхэлж сумын төвд хэдэн хүн хашиж хамгаалаад, торон хашаа татаад бусад иргэдийн мал бэлчээх боломжгүй байдалд хүргэж, сүүлдээ машин, мал орох боломжгүй байдалд хүрээд иргэдээс маш их хүсэлт гаргасан тул 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр сумын Иргэдийн төлөөлөгч хуралдаад 42 дугаар тогтоолоор “Торон хашаа буулгах тухай” тогтоол гарсан.
5.2. Уг тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг тус сумын Засаг даргад даалгасан. А- сумын Засаг дарга энэ үүргийн дагуу захирамж гаргасан. 2022 оны 10 дугаар сар болчхоод тухайн үед ногоо, өвс байсан учраас бяруу, муу малуудыг тэр хашаанд оруулдаг юм байна. Тэгээд торон хашааг тухайн жилдээ бол байлгасан байна. Тэгээд хавраас эхэлж 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд 60-70 айл өрхүүдийн торон хашааг албадан татаж буулгаж газрыг чөлөөлсөн. Энэ нь нийтийн эрх ашгийн төлөө хийгдсэн ажил. Хот суурин газрыг буюу 3200м.кв газрыг хамгаалсан. Өнөөдрийн байдлаа А- сумын төвд нэг ч торон хашаа байхгүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэсэн дүгнэлттэй байна.
5.3. 2021 оны Засаг даргын өгсөн албан бичгийн талаар тодруулсан. Тухайн үед нэхэмжлэгч И.Ү- нь Төрийн банкнаас зээл авахаар Засаг даргад хандахад газар ашиглаж байсан гэх утгаар нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр албан бичиг өгсөн юм байна. Уг гарын үсэг нь Засаг даргын гарын үсэг мөн. Гэвч тус захирамжийг нэхэмжлэгч нь банкнаас зээл авахын төлөө гаргасан юм шиг байна. Харин газрыг ашиглуулах тухай захирамж гаргаагүй. Ийм учраас давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
6. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд: “...А- сумын Засаг даргаас зөвшөөрөл авсан байна. Хувь хүн материалын алдагдалтай байна. Ажил хөлсний зардал гаргасан буюу банкнаас 15,000,000 төгрөг, адуу зарж 5,000,000 төгрөг, их хэмжээний зардал гаргасан байна. Засаг дарга А.А буруутай, хувь хүний зөв байна.
ХЯНАВАЛ:
7. Анхан шатны шүүх гэм хорын харилцаанаас үүдэлтэй маргааны үйл баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн зөв сэргээн тогтоож, түүнд Иргэний хуулийн холбогдох заалтыг оновчтой сонгож, тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
8. Нэхэмжлэгч И.Ү- нь хариуцагч Баян-Өлгий аймгийн А- сумын Засаг даргад холбогдуулж, “Гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах тухай” тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “А- сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 148 дугаартай албан бичгээр олгосон зөвшөөрлийн дагуу 3200 м.кв талбайтай газарт төмөр тор хашаа татахаар 20,000,000 төгрөгийн зардал гаргаж хадлан болон мал оруулах хашаа татан ашиглаж байсан. А- сумын 3асаг дарга 2023 оны 6 дугаар 22-ны өдрийн А/85 дугаартай “Зөвшөөрөлгүй баригдсан торон хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлөх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах тухай” гэх захирамжаар миний татсан хашааг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд албадан буулгаж, газрыг чөлөөлсөн. Засаг даргаас ийнхүү эсрэг тэсрэг захирамж гарган хашааг татан буулгаснаас болж надад дээр дурдсан хохирлууд гарсан. Хэрэв анхнаасаа надад тор хашаа татах зөвшөөрөл олгоогүй байсан бол би зардал гаргаж хашаа татахгүй байсан” гэж тайлбарлаж,
хариуцагч эс зөвшөөрсөн үндэслэлээ “Баян-Өлгий аймгийн А- сумын ИТХ-ын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаартай “Торон хашааг буулгах тухай” тогтоол батлагдсаны дагуу А- сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/183 дугаартай “Зарим иргэдийн торон хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулах тухай”, мөн сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/85 дугаартай “Зөвшөөрөлгүй баригдсан торон хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлөх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах тухай” захирамжууд гарч, энэ талаар Засаг даргаас 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 147 дугаартай мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчид хүргүүлэн зөвшөөрөлгүй барьсан торон хашаануудыг өөрсдийн санаачилгаар буулгахыг мэдэгдэж байсан боловч сайн дураар биелүүлэхээс татгалзсан тул 2023 оны 06 дугаар сарын сүүлийн 7 хоногт ажлын хэсгийнхэн тус сумын цагдаагийн байгууллагатай хамтран иргэн И.Ү-ийн хууль бусаар татсан торон хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлсөн. Төрийн эрх бүхий байгууллага холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг нийтийн эрх ашгийн үүднээс зохион байгуулсан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж маргажээ.
9. Хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
- 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0000246702 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгч И.Ү- нь А- сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/165 тоот шийдвэрийг үндэслэн Баян-Өлгий аймгийн А- сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаантолгой гэх газарт нэгж талбарын *********** дугаартай 700 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшдэг,
- Баян-Өлгий аймгийн А- сумын Засаг дарга А.А- нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 148 дугаар албан бичигтээ “Тус сумын 4 дүгээр багийн иргэн И.Ү- нь Цагаан толгой гэдэг газарт оршин суудаг ба сумын Засаг даргын 2003 оны 38 тоот захирамжаар 1500м2 газрыг 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газартай юм. Дээрх өвөлжөөний газрын урьд талд 3200м2 хадлангийн талбайтай ба цаашид хашиж хамгаалан ашиглах бүрэн боломжтой болохыг тодорхойлов” гэжээ.
- Улмаар нэхэмжлэгч И.Ү- нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шургаа мод 1000 ширхэг нэг бүрийн үнэ 8000 төгрөгөөр бүгд дүн 8,000,000 төгрөгөөр, мөн “Сауап ХХК-аас 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 2000 метр хашааны тор худалдаж авсан хэмээн тайлбарлаж, “Сауап” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай “Зарлагын баримт”, “Хызылсай” ХХК-ийн захирал Х.Хурметбек бичсэн тодорхойлолтыг хавсарган ирүүлжээ.
- Баян-Өлгий аймгийн А- сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаар “Торон хашааг буулгах тухай” хуралдааны тогтоолоор ... тус сумын 4 дүгээр багийн газар нутагт зөвшөөрөлгүй, бэлчээр хамгаалах зорилгоор татсан торон хашааг буулгаж нийтийн хэрэгцээний бэлчээрийн талбай болгон хэрэглэхээр зөвшөөрч, энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга А.А-ад үүрэг болгон, тус хурлын нарийн бичгийн дарга С.Е-аас 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 14 тоот албан бичгийг хүргүүлжээ.
- Үүний дагуу А- сумын Засаг дарга 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр А/183 дугаар “Зарим иргэдийн торон хашааг албадан буулгаж, газрын чөлөөлөх ажлыг зохион байгуулах тухай”, мөн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр А/85 дугаартай “Зөвшөөрөлгүй баригдсан торон хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлөх ажлын үргэлжлүүлэн зохион байгуулах тухай” захирамжуудыг гаргаж, ажлын хэсэг байгуулжээ.
- Баян-Өлгий аймгийн А- сумын Засаг дарга А.А- 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 147 дугаартай “Мэдэгдэх хуудас хүргүүлэх тухай” албан бичгээр нэхэмжлэгч И.Ү-т: “Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг зөрчиж, нийтээр ашиглах газарт дур мэдэн торон хашаа барьж газрыг хууль бус эзэмшиж байгааг, уг асуудлаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хурлаар хэлэлцэж зөвшөөрөлгүй баригдсан торон хашааг буулгах тухай А- сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 42 тоот тогтоол гарсныг, зөвшөөрөлгүй баригдсан торон хашааг 10 хоногийн дотор буулгахыг үүгээр албан ёсоор мэдэгдэж, энэхүү хугацаатай мэдэгдлийг хүлээж авсны дараа Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн дагуу газрыг чөлөөлөх үүрэгтэй бөгөөд хэрэв биелүүлээгүй тохиолдолд дээрх хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсгийн дагуу дээрх газрыг албадан буулгах арга хэмжээ авах болно гэдгийг анхааруулжээ.
- 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А- сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй баригдсан торон хашааг албадан буулгасан ажлын хэсгийн илтгэх хуудаст дурдсанаар “...2023 оны 05 дугаар сар хүртэл торон хашаануудыг өөрсдөө буулгаж авах болно гэж иргэддээ найдсан боловч өөрсдөө буулгаагүй болохоор дахин мэдэгдэх хуудас хүргүүлэн хашаануудаа буулгаж авахыг шаардаж мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэх хуудас хүргүүлсэн үед ч хэн ч хашаагаа буулгаагүй. Тэр өдөртөө багтаан 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан бүх торон хашааг албадан буулгасан...” гэжээ.
10. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдох дээрх үйл баримтуудаас дүгнэвэл,
10.1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж хуульчилсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосон, тус 3200 м2 хадлангийн газарт хашаа татахыг зөвшөөрсөн гэх тус аймгийн А- сумын Засаг дарга А.А-ын 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 148 дугаар албан бичиг нь маргаж буй хадлангийн талбайг эзэмших эрхийг нэхэмжлэгчид олгож буй эрхийн акт биш юм.
Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гэж хуульчилснаас үзэхэд нэхэмжлэгч И.Ү-т 3200 м2 хадлангийн талбайг эзэмшүүлэх, тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу түүнд эзэмшүүлэх эсэхийг Засаг дарга шийдвэрлэхдээ энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. Иймээс нэхэмжлэгч И.Ү- нь 3200 м2 хадлангийн талбайн хууль ёсны эзэмшигч гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байх тул уг газрыг хашаалсан хашааг албадан буулгасантай холбоотой нэхэмжлэгчид учирсан гэх хохирлыг хариуцагч хариуцан арилгах үүрэг хүлээхгүй.
11. Түүнчлэн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, мөн хуулийн 57.4 дэх хэсэгт “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж хуульчилсны дагуу нэхэмжлэгч И.Ү- болон түүний хүү Ү.Ж-т хуулийн дээрх заалтуудыг тайлбарлаж хугацаатай мэдэгдлийг хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан А- сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 142, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 147 дугаартай мэдэгдлүүдээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй байна.
12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилсан боловч хариуцагч Баян-Өлгий аймгийн А- сумын Засаг дарга нэхэмжлэгч И.Ү-ийн эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүйгээр хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр, дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.
13. Анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “...Алтай сумын Засаг даргаас зөвшөөрөл авсан байна. Хувь хүн материалын алдагдалтай байна. Ажил хөлсний зардал гаргасан буюу банкнаас 15,000,000 төгрөг, адуу зарж 5,000,000 төгрөг, их хэмжээний зардал гаргасан байна. Засаг дарга А.А буруутай, хувь хүний зөв байна” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4 дэх заалтад “хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах;”, мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д ”Иргэдийн төлөөлөгч маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ бичгээр гаргана” гэж тус тус хуульчилсан. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг дарга нэхэмжлэгч И.Ү-ийн эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүйгээр хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дээрх дүгнэлтийг “хууль зүйн үндэслэлгүй” гэж харгалзаж үзсэн болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2024/00496 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК