Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 486

 

 

 

 

 

 

 

 

 

     2019       05          20                                    2019/ШЦТ/486

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: Т.Жавхлантөгс;

шүүгдэгч: Т.Батхуяг (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Өлзийтэй овогт Тодмөнхийн Батхуягт холбогдох эрүүгийн 1909016680496 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны  өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр  хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Таван толгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ажилтан ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 23-А байрны 03 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УК92032631 регистерийн дугаартай, Өлзийтэй овогт Тодмөнхийн Батхуяг.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Т.Батхуяг нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Маркүү” гэх нэртэй бааранд 2019 оны 4 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө иргэн Г.Цэлмэгийн биед халдаж, улмаар хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Батхуяг мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн. Нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

 

   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Цэлмэг /хх-ийн 4-5/, гэрч О.Түвшин /хх-ийн 7/, Б.Оюунсүрэн /хх-ийн 8/ нарын мэдүүлэг, Т.Батхуягийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5118 тоот дүгнэлт /хх-ийн 10/, Т.Батхуягийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 21-26/, Г.Цэлмэгийн хүсэлт /хх-ийн 30/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч Т.Батхуяг нь 2019 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Маркүй” нэртэй бааранд Г.Цэлмэгийг онцлох шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Г.Цэлмэгийн мэдүүлсэн /хх-ийн 4-5/: “... 2019 оны 4 дүгээр сарын 21-ний шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Маркүй” нэртэй пабд найз Түвшин бид 2 пиво уугаад сууж байтал Батхуяг над руу залгаж “намайг ирж ав” гэсэн. Би жолооч явуулаад байгаа газраас нь аваад Батхуяг, Түвшин бид 3 сууж пиво уусан. Батхуяг над руу дайрч хэрүүл хийж сууж байгаа газрын төлбөр тооцооны талаар маргалдаж байгаад би Батхуяг руу ууж байсан пивоо цацтал Батхуяг бакал аваад миний баруун хацар руу шидсэн. Би нүүрээ дараад машинд суух гэтэл суулгахгүй байсан. Батхуяг машинд хамт суугаад цугтаа гэмтлийн эмнэлэг орж оёдол тавиулсан. Намайг гараад ирсэн чинь Батхуяг явсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч О.Түвшингийн мэдүүлсэн /хх-ийн 7/: “... 2019 оны 4 дүгээр сарын 21-ний шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Маркүй” нэртэй баарны 1 дүгээр давхарт Цэлмэг бид 2 пиво уугаад сууж байсан. Удалгүй Батхуяг орж ирээд бид 3 нийлж пиво ууж байгаад Цэлмэг, Батхуяг нар хоорондоо маргалдаж хэрэлдсэн. Цэлмэг эхэлж Батхуягийн нүүр рүү нь тамхи нясалсан. Дараа нь ууж байсан пивоо Батхуягийн нүүр рүү нь цацтал Батхуяг пивотой стаканаа Цэлмэгийн нүүр рүү нь шидэхэд Цэлмэгийн баруун хацар хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд бид нар гэмтлийн эмнэлэг явсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Оюунсүрэнгийн /хх-ийн 8/: “... Би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Маркүй” нэртэй пабд зөөгч хийдэг. Тухайн өдөр манай захирал Цэлмэг 2 найзын хамт уугаад сууж байсан. Хэсэг сууж байгаад хоорондоо маргалдаж нэг мэдсэн Цэлмэг захирлын баруун хацарнаас нь цус гарч байсан. Тэгээд пабаас гараад явцгаасан...” гэх мэдүүлгээр,

 

Т.Батхуягийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 16-17/: “... 2019 оны 4 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Маркүй” нэртэй пабд найз Түвшин, Цэлмэг нарыг хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Цэлмэг бид 2 үл ялих зүйлээс болж маргалдаад над руу тамхи нясалж, ууж байсан пивоо цацсан. Би пивотой стаканаа Цэлмэгийн нүүр рүү нь шидсэн. Тэгээд бид нар гэмтлийн эмнэлэг явсан...” гэх мэдүүлгээр,

 

  Г.Цэлмэгийн биед “баруун хацарт шарх, хамрын угалз, баруун хацарт зулгаралт” бүхий хурц ир ирмэгтэй зүйлийн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5118 дугаартай дүгнэлт /хх-ийн 10/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Т.Батхуягийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Т.Батхуягийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Г.Цэлмэг нь “... гомдол, саналгүй болсон...” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 30 дугаар хуудсанд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Т.Батхуягийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Батхуяг нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Өлзийтэй овогт Тодмөнхийн Батхуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Батхуягийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Батхуяг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Батхуягт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ