| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00288/И |
| Дугаар | 288 |
| Огноо | 2016-08-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 288
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч А.Бямбасүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, А.Бямбасүрэнгийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн иргэн Сартуул овогт Адъяахүүгийн Бямбасүрэн шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1987 оны 05 сарын 01-нээс 1990 оны 09 сарын 05-н хүртэл Завхан аймгийн Улиастай сумын 7-р цэцэрлэгт сахиулаар ажиллаж байсан. Миний ажилд орсон тушаал архиваас олдохгүй байгаа тул намайг дээрх онуудад ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагч А.Бямбасүрэн нь 1987 оны 05-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 09-р сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Улиастай сумын 7-р цэцэрлэгт сахиулаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 06-р сарын 22-ны өдрийн А/486 тоот лавлагаанд А.Бямбасүрэн нь 1987 онд Улиастай хотын 7-р цэцэрлэгт сахиулаар ажилд орсон тухайгаа тодруулахыг хүссэн боловч дээрх байгууллагын 1990 оноос өмнөх баримт манай архивт шилжигдэн ирээгүй байна гэжээ.
А.Бямбасүрэнгийн ажиллаж байсан байдал архиваас гарч ирээгүй хэдий ч түүний ажлаас чөлөөлөгдөж байсан Улиастай сумын 7-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны тушаал, гэрчүүдийн мэдүүлгүүд зэргийг үнэлэн түүний ажиллаж байсныг тогтоох боломжтой гэж үзэв.
Улиастай хотын 7-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 09-р сарын 05-ны өдрийн 24 тоот тушаалд сахиулаар ажиллаж байсан Бямбасүрэнг ажлаас чөлөөлж, сахиулаар ажиллаж байсан Бямбасүрэнгийн ажлыг хүлээлцэхийг нярав Энх-Амгаланд даалгасугай гэжээ.
Дээрх тушаалаар А.Бямбасүрэн нь сахиулаар ажиллаж байгаад 1990 онд ажлаас чөлөөлөгдсөн болох нь нотлогдож байна.
Түүний дээрх байдлаар ажиллаж байсан нь гэрч Б.Цэрэндуламын Нөхөр бид хоёр Улиастай сумын 7-р цэцэрлэгт цуг ажиллаж байсан юм. Би тус цэцэрлэгт туслах багшаар, манай хүн сахиулаар ажилладаг байсан юм. Би 1984 оноос эхэлж 1988 он хүртэл ажилласан юм. Манай хүн 1987 оны хавраас эхэлж ажиллаад 1990 онд ажлаасаа гарч байсан юм гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Загдбазарын Бямбасүрэн бид хоёр Улиастай сумын 7-р цэцэрлэгт цуг ажиллаж байсан юм. Би тус цэцэрлэгт тогооч бэлтгэгч зэрэг ажлуудыг 30 гаран жил хийсэн хүн байгаа юм. Бямбасүрэн 1987 оны хавар манай цэцэрлэгт сахиулаар ажиллаж эхэлсэн юм. Бямбасүрэн хэдэн он хүртэл ажилласныг сайн мэдэхгүй байна. Би болохоор 1994, 1995 оны үед л тэтгэвэртээ гарсан юм. Одоо тэтгэвэрт гараад 20 гаран жил болж байна гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Сартуул овгийн Адъяахүүгийн Бямбасүрэнг 1987 оны 05-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 09-р сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Улиастай сумын 7-р цэцэрлэгт сахиулаар ажиллаж байснаар тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ