| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2024/00290/И |
| Дугаар | 212/МА2024/00074 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 212/МА2024/00074
М.Г-ы нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч А.Жархынгүл, К.Бүлдирген нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2024/00525 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ******* багт оршин суух Б овогт М.Г-ы нэхэмжлэлтэй, хариуцагч ******** багт оршин суух М овогт Х.С-нд холбогдох,
“Хохирол 1,867,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгч М.Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Иргэн Х.С-ы Нурлы тан-2 орон сууцны 10 тоот байрны тагт хуучирч муудсан, бэхэлгээ муутай байсны улмаас 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнө салхинд хийсээд миний эзэмшилд байгаа Nissan juke ****БӨН машин дээр унаж, миний машинд ноцтой хохирол учирлаа. Энэ байрны эзэн Х.С- нь балконоо бэхлээгүй, аюулгүй байдлыг хангаагүй, тагтны бүрэн бүтэн байдалд хяналт тавиагүй, хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж хуучирч муудсан тагт нь салхинд хийсэж, миний машин дээр унаж, 1,867,000 төгрөгийн хохирол учирлаа. Машины хохирлын үнэлгээг мэргэжлийн үнэлгээчнээр гаргуулсан.
1.2. Осол гарсан өдөр аймгийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлаас холбогдох албан тушаалтнууд ирж, газар дээр нь үзлэг хийж, баримтжуулсан. Мөн байрны эзэн болох Х.С-ы аав, ах хоёр нь ирж, нөхцөл байдлыг харсан. Миний бие Цагдаагийн газарт гомдол гаргасан боловч уг хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн, аймгийн Прокурорын газраас хүчингүй болгосон байна.
1.3. Иргэн Х.С- нь Оюу толгойд ажилладаг, Баян-Өлгий аймагт байдаггүй тул утсаар удаа дараа холбогдож, миний машины хохирлыг барагдуулж өгөөч ээ гэсэн боловч иргэн Х.С- “миний балкон эвдэрч хохирол амслаа, би төлж чадахгүй” гэсэн хариу өгсөн. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр аргагүй байдалд хүрээд байна.
1.4. Миний бие өрх толгойлсон ганц бие эмэгтэй, оюутан ганц хүүхэдтэй бөгөөд иргэн Х.С-ы хариуцлагагүй байдлаас бэхэлгээ муутай балкон нь миний машинд унаж эвдсэнд гомдолтой байна.
1.5. Иймд миний хувийн эзэмшлийн Nissan juke маркийн ****БӨН дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 1,867,000 төгрөгийг Т.С-аас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, татгалзал:
2.1. Миний бие Х.С- “О” ХХК-д кординатор ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Миний эзэмшлийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай Нурлы тан-2 орон сууцнаас 2 өрөө байрыг 2023 оны 3 дугаар сард худалдан авсан. Худалдан авсны дараа засвар үйлчилгээ хийлгэж, 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэн Ч.М-т түрээслүүлсэн. 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ны өдөр шилжих шөнө Өлгий сумын нутаг дэвсгэрт салхи 20-24 метр секунтэд хүрч хүчтэй салхилж аюулын хэмжээнд хүрсний улмаас миний эзэмшлийн орон сууцны тагтны битүүмж унаж иргэн М.Г-ы тээврийн хэрэгслийг эвдсэн байв. М.Г- нь иргэн М.Б-аас тухайн байрны балкон нь хөдөлгөөнтэй, савлагаатай сул учраас бэхэлгээ хийгээрэй гэж тухайн байрны өмнөх эзэмшигч Х.Ө-д хэлж байсан хэмээн, иргэн З.Маратаас С-ы балкон сул хөдөлгөөнтэй, бэхэлгээгүй, зөвхөн сликоноор тогтоосон хэмээн худал тодорхойлолтуудыг бүрдүүлэн надаас мөнгө нэхэмжилсэн байна.
2.2. Миний худалдаж авсан байрны балкон нь бэхэлгээтэй байсан бөгөөд ямар нэгэн сул хөдөлгөөнтэй байгаагүй. Тэгээд ч надад болон өмнөх эзэмшигч Х.Ө-д хэн нэгэн энэ талаар ярьж байгаагүй атлаа худал тодорхойлолт олгож байгаад гомдолтой байна. Тухайн барилгыг байнгын ашиглалтад авсан улсын комисс шийдвэр гаргаж хүлээн авч байсан. Ямар ч бэхэлгээгүй, хүний эд хөрөнгө амь насанд аюултай барилгыг Улсын комисс ашиглалтад хүлээж авдаггүй.
2.3. Энэхүү болсон явдал нь гамшигт үзэгдлийн улмаас болсон байхад тухайн эд хөрөнгийн хохирлыг төлүүлж авахын тулд иргэдээс худал тодорхойлолт бичүүлж авч, хуурамч бичиг баримт бүрдүүлэн нэхэмжлэл гаргасан байна.
2.4. М.Г- нь тээврийн хэрэгслээ орон сууцны барилгад нааж тавьсан нь буруу бөгөөд тухайн байрлалд тээврийн хэрэгслээ тавих ёсгүй байсан. Тодруулбал: Зогсоолын бус эрсдэлтэй талбайд тээврийн хэрэгслээ байрлуулсан байжээ. Байгалын гамшигт үзэгдлийн улмаас орон сууцны барилгын гаднах хэсэг буюу балконы тагт салхинд хийсэж, М.Г-д гэм хор учруулсанд би буруугүй. Тухайн барилгыг иргэн Асан гэдэг хүн барьж ашиглалтад оруулсан гэж сонссон. Хэрэв иргэн М.Г-ы хохирлыг хэн нэгэн арилгах үүрэгтэй бол тухайн барилгын үндсэн хийц загвар болох тагтны битүүмж нь салхинд хийссэнтэй холбоотой гэм хорыг барилга барьж ашиглалтад оруулсан иргэн, хуулийн этгээд эсхүл тухайн барилгыг байнгын ашиглалтад авсан Улсын комисс хариуцах ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2024/00525 дугаар шийдвэрээр: 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 500 дугаар зүйлийн 500.1-д заасныг тус тус баримтлан М овогт Х.С-аас хохирол 1,867,000 /нэг сая найман зуун жаран долоон мянган/ төгрөг гаргуулан Б овогт М.Г-д олгож, 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Г-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.С-аас 44,822 /дөчин дөрвөн мянга найман зуун хорин хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Г-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хариуцагчийн татгалзаж буй үндэслэлийн талаар шийдвэртээ огт дурдаагүй бөгөөд ямар нэгэн няцаалт бичээгүй байна. Хариуцагчаас Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.2-т “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас, эсхүл хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас байшингаас ямар нэг зүйл унасан, хаягдсан буюу асгарсны улмаас гэм хор учирсан бол тухайн байшин барилгыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцлага хүлээхгүй” гэж заасны дагуу цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас байшингийн цонх унасан, мөн хариуцагч зогсоол бус газарт машинаа тавьсан өөрийн буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан гэж татгалзсан.
4.2. Хариуцагчаас хэд хэдэн татгалзах үндэслэл бүхий тайлбар нотлох баримтаа шүүхэд хүргүүлсэн бөгөөд үүний хамгийн гол үндэслэл нь 20-31 м/сек хүрч цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл болсон. Хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Ус, Цаг уур, орчны шинжилгээний төвийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаар тодорхойлолтоор 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 37 минутад Өлгий хот орчмоор хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдаж 3 дугаар сарын 04-ний өдрийн 80 цаг 11-минутад зогссон бөгөөд энэ нь Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээнд орох ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалт”-ын 1-рт баталснаар гамшигт үзэгдэл мөн байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг ямар учраас үнэлээгүй, яагаад гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал бий болоогүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг ойлгох боломжгүй байна. Үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.3. Мөн М.Г- нь тээврийн хэрэгслээ зогсоолын бус газар буюу орон сууцны хамгаалалтын бүсэд байрлуулснаас болж хохирол учирсан тул өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас байшингаас цонх нь унаж хохирол учруулсан бол хариуцлага хүлээхгүй хэмээн маргасан. М.Г- нь тээврийн хэрэгслээ буруу газар буюу орон сууцны орчны бүсэд зогсоолын бус газарт байрлуулсан нь нотлогдон тогтоогдсон байх бөгөөд үүнд маргаагүй юм. Гэтэл тухайн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.
4.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2024/00525 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:
5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг эс зөвшөөрч байна. Хариуцагчийн төлөөлөгч машиныг зогсоолын бус газарт тавьсан гэж буруу хэлж байна. Тус байрны урд ямар нэгэн ногоон байгууламж байхгүй. Хуульд заасан журмын дагуу байрнаас 2-3 метр зайтай машиныг тавьсан. Тухайн өдөр ямар нэгэн том хэмжээний гамшиг болоогүй. Өлгийн өөр орон сууцны байрны такт унаагүй. Энэ талаар Онцгой газрын албанаас тодруулж асуусан.
5.2. Тухайн байрны эзэн нь тактыг нь янзлаагүйгээс болж миний машиныг гэмтээсэнд гомдолтой байна. Журмын дагуу зогсоол дээр тавьсан машиныг маань шилийг нь хагалаад ямар ч үнэ цэнгүй болгосон. Машиныг зарна гэж бодож байсан одоо зарагдах боломжгүй боллоо. Үндсэндээ нэхэмжилж байгаа үнээс илүү машины засварт зардал гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
6. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд: “...Байгалийг гамшгаас болсон. Салхи салхилж, балконы тал ниссэн. Г- нь машины зогсоол биш газарт машинаа тавьсан байна. Нэхэмжлэл үндэслэлгүй.”
ХЯНАВАЛ:
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, маргааны үйл баримтад Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгч М.Г- нь хариуцагч Х.С-д холбогдуулан түүний өмчлөлийн орон сууцны тагтны вакум хаалт салхинд унаснаас нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашинд учирсан хохиролд 1,867,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
10. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нурлы Тан-2 байрны 2 давхрын 8 тоотын тагтны вакум хаалт 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний шилжих шөнө салхинд унаж М.Г-ы өмчлөлийн Nissan juke маркийн ****БӨН дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслээд зөв сэргээн тогтоожээ. Энэ талаар талууд маргаангүй байна.
11. Иргэний хуулийн 500 дугаар зүйлд барилга байгууламжийг ашиглах явцад бусдад учирсан гэм хорыг тухайн барилгын өмчлөгч буюу эзэмшигч хариуцахаар /өмчлөгч хариуцлагатай байх зарчим/ хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 500.1 дэх хэсэгт зааснаар зохих ёсоор арчилж хамгаалаагүй, гэмтэл согогтой байснаас бусад тохиолдолд байшин барилга бүтэн буюу хэсэгчлэн нурсны улмаас учирсан гэм хорыг тухайн барилгыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцахаар хуульчилжээ.
Х.С-ы өмчлөлийн орон сууцны тагтны вакум хаалт нь хэдийгээр тухайн барилгын үндсэн хийц, бүрдэл хэсэг биш боловч тухайн тагтны хаалтын салхинд тэсвэртэй байх, бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр барилгаас унах, бусдад гэм хор учруулах эрсдэлийг өмчлөгч хариуцах нь шударга ёсны зарчим хийгээд Иргэний хуулийн 500 дугаар зүйлд нийцэх учраас анхан шатны шүүхийн нэхэмжлэгч М.Г-ы нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд зааснаар өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
12. Хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэлд Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.2 дахь хэсэгт зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас, эсхүл хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас байшингаас ямар нэг зүйл унасан, хаягдсан буюу асгарсны улмаас гэм хор учирсан бол тухайн байшин барилгыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцлага хүлээхгүй талаар дурджээ.
Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаартай албан бичигт “2023 оны 12 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Өлгий хот орчмоор салхи 20-24м/с хүрч ширүүсэж, хүчтэй салхины аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн нь үнэн болно” гэж, хариуцагчийн гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаар албан бичигт “2023 оны 12 дугаар сарын 03-ны 22 цаг 37 минутад Өлгий хот орчмоор хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдаж 03 дугаар сарын 04-ний өдрийн 20 цаг 11 минутад зогсов. Аюултай үзэгдэл ажиглагдсан үеэр салхины хурд секундэд 20-31 метр хүрч шороон шуурга шуурсан нь үнэн болно” гэж тус тус тусгаснаас үзвэл, тухайн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт салхи хүчтэй салхилж, салхины хурд 20-24 м/с-д хүрсэн нь тогтоогдсон ба энэ талаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 059/03 дугаар актад мөн дурджээ.
13. Хариуцагчийн төлөөлөгчөөс Өлгий сумын орчмоор тухайн үед хүчтэй салхилсан дээрх үйл баримтыг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 286 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг үндэслэж, цаг агаарын уг үзэгдлийг “хүчтэй салхилах буюу гамшигт үзэгдэл”-д тооцогдох учраас Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.2 дахь хэсэгт заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд хамаарна гэж давж заалдах гомдол гаргаж, энэ талаарх үндэслэлээ тайлбарлажээ.
Салхины дундаж хурд 18 м/с, түүнээс их /өрөвхийлэлт 24 м/с түүнээс их/, мөн уулархаг нутагт 24 м/с, түүнээс их /өрөвхийлэлтийн хурд34 м/с болон түүнээс их/ тохиолдлыг дээрх журмаар “сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээнд орох” ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалтад нэрлэж заасан, харин уг үзэгдлийг дээрх эх сурвалжийг үндэслэн Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.2 дахь хэсэгт заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд тооцох хууль зүйн үндэслэлд хамаарахгүй байна.
14. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал гэж хүний оролцоотой хүчин зүйлтэй огт хамааралгүйгээр хэзээ, хэрхэн болох талаар урьдчилан сэргийлэх, эсхүл таамаглах, мөн шинжлэх ухаан, техникийн ололт, амжилтыг ашиглаж урьдчилан сэргийлж, даван туулах ямар ч боломжгүй гэнэтийн шинжтэй байгалийн бүх төрлийн гамшиг /гал түймэр, хүчтэй салхи, үер, газар хөдлөлт, нуралт зэрэг/-ийг ойлгох бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Өлгий хот орчмоор салхи 20-24м/с хүрч ширүүсэж, хүчтэй салхи салхилсан цаг агаарын нийтлэг үзэгдлийг гэнэтийн болон давагдашгүй шинжтэй онцгой нөхцөл байдалд тооцох хууль зүйн болон бодит үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Түүнчлэн хариуцагч Х.С- нь өөрийн өмчлөлийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нурлы Тан-2 байрны 2 давхрын 8 тоотын тагтны вакум хаалтын бүрэн бүтэн байдал, тагтнаас унаж бусдад хохирол учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, хянах, барилгын үндсэн хийц, бүрдэл хэсэгт үл хамаарах тус вакум хаалтыг барилгад найдвартай бэхлэх, тогтоох нь “өмчлөгч хариуцлагатай байх” зарчмын дагуу хариуцагчийн үүрэг учраас хариуцагчийн өмчлөлийн барилгын тагтны вакум хаалт унаж нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд зааснаар хариуцан арилгах нь Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн үзэл санаанд нийцэхээр байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй.
15. Хариуцагчийн өмчлөлийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нурлы Тан-2 байрны 2 давхрын 8 тоотын тагтны вакум хаалт унаснаас нэхэмжлэгчийн өмчлөлийн Nissan Juke маркийн, ****БӨН улсын дугаартай автомашинд 1,867,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон ба анхан шатны шүүх хариуцагчийн өмч хөрөнгийг ашиглах явцад бусдад учруулсан гэм хорын хохирлыг өмчлөгчөөр нөхөн төлүүлэн Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.1 дэх хэсгийг баримталж түүнээс 1,867,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.
Хуульд зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.
16. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “...Байгалийг гамшгаас болсон. Салхи салхилж, балконы тал ниссэн. Г- нь машины зогсоол биш газарт машинаа тавьсан байна. Нэхэмжлэл үндэслэлгүй” гэсэн дүгнэлтийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэр гаргах үед харгалзаж үзэхэд: хариуцагчийн өмчлөлийн орон сууцны тагтны вакум хаалт нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас тагтнаас унаагүй, барилгын үндсэн хийц, бүрдэл хэсэгт үл хамаарах уг тагтны хаалтыг тагтанд найдвартай бэхлэх, тогтоох нь өмчлөгчийн үүрэг учраас тагнаас вакум хаалт унаснаас бусдад учирсан эд хөрөнгийн хохирлыг өмчлөгч хариуцах тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ний өдрийн 130/ШШ2024/00525 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,822 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК