Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 212/МА2024/00075

 

 

 

 

 

 

 

Б.З-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00599 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч *********багт оршин суух Б овогт Б.З-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ********* оршин суух Ш овогт Х.Т-т холбогдох,

 

Баян-Өлгий аймгийн Т сумын 3 дугаар багт байршилтай Хавтгай улаан гэх өвөлжөөний газарт буй гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 64 м.кв хэмжээтэй модон байшин, 16 м.кв хэмжээтэй модон амбаар, 625 м.кв хэмжээтэй саравчтай хашаа, 500 м.кв хэмжээтэй задгай чулуу хашаа, 16 м.кв хэмжээтэй төлийн модон пүнз, 16 м.кв хэмжээтэй төлийн чулуун пүнз зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 14,580,498 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч Х.Т-, хариуцагчийн өмгөөлөгч Х.Бахыт, орчуулагч А.Ахмерей нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч Б.З- болон хариуцагч Х.Т- нар төрөл садны холбоотой хүмүүс юм. Маргаан бүхий хашаа хороог 1992 онд нэгдлийн эд хөрөнгийг хувьчлахад нэхэмжлэгч Б.З- болон талийгаач нөхөр Х.К- нар нь хувьчилж авсан бөгөөд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх үл хөдлөх хөрөнгө байсан.

1.2. Баян-Өлгий аймгийн Т сумын 3 дугаар багт байршилтай "Хавтгай Улаан" гэх эзэмшлийн өвөлжөөний газарт байсан байшин, хашаа хороог хариуцагч Х.Т-т худалдаагүй, нөхөр талийгаач Х.К- нь хүндээр өвдөж хөдөө амьдрах боломжгүй болж 2014 оны 6 дугаар сард тус аймгийн Өлгий сум руу нүүж, тэнд байгаа хөрөнгөө хариуцагчид захиж эзэн болгож мөн хэдэн малаа үлдээсэн байсан. Тухайн байшин, хашаа хороо зэрэг хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ аваагүй байгаа боловч тухайн өвөлжөөний газарт аймагт нүүх хүртэл амьдарч байсан. Хариуцагч нь одоо уг хашаа хороонд малаа маллаж амьдарч байгаа болно.

 

1.3. Нөхөр Х.К- нь өвчний улмаас 2019 оны 3 дугаар сард нас барсан. Нөхөр нь нас барсан ч гэсэн үлдсэн хэдэн мал нь Х.Т-т байсан. Гэтэл 2022 онд хариуцагч Х.Т- нь ард иргэдэд хашаа хороог талийгаач Х.К-гаас худалдаж авсан гэж хэлснийг нэхэмжлэгч Б.З- нь сонсоод тус шүүхэд хариуцагч Х.Т-т холбогдуулан Т сумын 3 дугаар багт байршилтай Хавтгай Улаан" гэх өвөлжөөний газраас түүнийг албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч Х.Т- нь маргаан бүхий газар, хашаа хороог өөрийн нэр дээр шилжүүлж авсныг мэдсэн.

1.4. Тэгээд уг маргааныг иргэний хэргийн шүүхээс хянан шийдвэрлэх боломжгүй болсон тул нэхэмжлэгч Б.З- нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Т сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Тухайн үед Т сумын Засаг дарга байсан Б.Анварсадет нь Газрын тухайн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж, талийгаач А.К-гаас авах ёстой баримтуудыг бүрдүүлээгүй байхад 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хууль бус захирамж гаргаж маргаан бүхий хөрөнгүүд байгаа доорх газрыг Х.Т-т шилжүүлсэн байна. Уг захирамжийг хүчингүй болгуулах тухай тус аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргасны дараа Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд Х.Т- талийгаач Х.К- нь Монгол хэл мэдэхгүй учраас бүх бичиг баримтыг би бичсэн гэж хүлээн зөвшөөрсөн.

1.5. Нэхэмжлэгчийн талийгаач нөхөр Х.К- нь Т суманд 8 дугаар анги төгссөн, цэрэгт 3 жил байсан, монгол хэлний тодорхой хэмжээний мэдлэгтэй, мэддэг байсан. Хариуцагч Х.Т- нь маргаан бүхий эд хөрөнгийг худалдаж авч, мөнгийг төлсөн гэж байгаа боловч энэ талаарх бичгийн нотлох баримт байхгүй байна.

1.6. Хэрэв нэхэмжлэгчийн талийгаач нөхөр Х.К-н хариуцагчид худалдсан бол нэхэмжлэгчид хэлж, түүнээс зөвшөөрөл авах ёстой байсан. Хариуцагч Х.Т- нь уг байшин, хашаа хорооны үнэ гэж 3,000,000 төгрөгийг талийгаач Х.К-д өгсөн гэж байгаа боловч нөхрөөс нь эхнэр болох Б.З-т байшин, хашаа хороог худалдсан гэж нэг ч төгрөг өгч байгаагүй байна. Маргаан бүхий байшин хашаа хороог худалдсан гэж мөнгө төгрөг өгсөн бол би хариуцагчид холбогдуулан нэхэмжлэгчээс тус шүүхэд албадан нүүлгэх болон тус аймгийн Т сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж маргаан гаргахгүй байсан.

1.7. Иймд хариуцагч Х.Т-аас Т сумын 3 дугаар багт байршилтай Хавтгай улаан гэх өвөлжөөний газарт буй гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 64 м.кв хэмжээтэй модон байшин, 16 м.кв хэмжээтэй модон амбаар, 625 м.кв хэмжээтэй саравчтай хашаа, 500 м.кв хэмжээтэй задгай чулуун хашаа, 16 м.кв хэмжээтэй төлийн модон пүнз, 16 м.кв хэмжээтэй төлийн чулуун пүнз зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 14,580,498 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Миний бие анх маргаан бүхий байшин, хашаа хороо, модон байшинг 2013 онд талийгаач Х.К- гэдэг хүнээс 3,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Харин нэхэмжлэгч Б.З- нь 2022 оны 3 дугаар сард манайд ирээд аймгийн төвд байгаа гэр маань дээвэр муудаад ус гоожиж байна, таньдаг хүмүүсээс тусламж гуйхаар ирлээ гэсэн. Тэгээд би одоогийн байдлаар зуд болж байна, тусламж үзүүлэх боломжгүй, намар ямаа самнахаараа ирээрэй тэр үед чадах чинээгээр тусламж үзүүлье гэсэн.

2.2. Тэгээд нэхэмжлэгч Б.З- нь 5 дугаар сард Т сумын Хонгор Өлөн гэх газар дээр байгаа айлуудаас тусламж гуйна, аймгийн төвд байгаа байшингаа засварлана 5,000,000 төгрөг хэрэгтэй байна гэж явсан.

2.3. Гэтэл 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхээс дуудсан. Тэгээд би шүүх дээр очиход хүний эзэмшлийн газар, байшин, хашаа хороог булааж авсан гэсэн нэхэмжлэл ирсэн, хэрэв та нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч байвал үүнтэй холбоотой баримт бүрдүүлж ирээрэй гэж эрх, үүрэг тайлбарлаж өгсөн. Миний бие Т сумын Засаг дарга болон багийн дарга нартай уулзаж, ярилцаж шүүхэд энэ асуудалтай холбоотой тайлбар гаргаарай гэж хэлсэн. Тэр хүмүүс бид өөрсдөө шүүхэд хэлэх үгээ мэдэж байгаа гэсэн.

2.4. Нэхэмжлэгч Б.З- нь мөнгө төгрөг хэрэгтэй болоод худлаа надаас мөнгө нэхэж байгаа. Би 2014 онд хашаа хороог худалдаж авсан бүх баримтууд байгаа. Би 2013 онд газар, байшин хашаа, хороог худалдаж авч, хоёр хувааж бэлэн өгсөн ба энэ нь тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Талийгаач Х.К- нь 2019 онд нас барсан, нас барахаасаа өмнө нэхэмжлэл гаргаж яагаад нэхэмжлээгүй юм вэ? Х.К- нь амьд байхдаа надаас нэг ч удаа мөнгө төгрөг нэхэж, нэхэмжлэл гаргаж байгаагүй.

2.5. Гэтэл талийгаач нас бараад 3 жилийн дараа Б.З- нэхэмжилж байгааг нь ойлгохгүй байна. Би худалдаж авсан хашаа хороог хоёр дахь удаа худалдаж авч чадахгүй. Өмнө нь захиргааны хэргийн шүүхээс үнэн зөвийг тогтоосон. Талийгаач Х.К- болон миний эхнэр хоёулаа төрсөн эгч дүүсийн хүүхэд юм. Х.К- гуай мөнх бусыг үзүүлэхээс өмнө надад миний эхнэр малаа авна гэвэл өг. Түүнээс биш үлдсэн хэдэн малыг маань асуугаагүй байхад нь битгий хөөж явуулаарай гэж захисны дагуу надад байсан. Гэтэл талийгаачийн охины нөхөр нь нэг өдөр ирж хадам ээж маань танд үлдсэн малыг авч ир гэж намайг явуулсан гэсэн. Тэгээд би түүнд эхлээд чиний хадам ээжтэй чинь ярьж байгаад өгөх эсэхийг шийдвэрлэе гэж нэхэмжлэгч Б.З- руу залгаад танай хүргэн надад байгаа үлдсэн малаа авах гэж ирсэн байна өгөх үү гэж асуусан. Нэхэмжлэгч Б.З- надад мал өгч болохгүй, битгий өгөөрэй гэсэн. Тэгээд би өгч чадахгүй гэдгээ хэлэхэд нөгөө Б.З-ын охин утсаар над руу залгаад би ээжтэй ярьсан байгаа. Та олон юм хэлээд байлгүй миний нөхөрт малаа өгөөд явуул гэсэн. Тэгээд би хүний малаар яах юм вэ? гэж түүний малыг хуваагаад өгсөн.

2.6. Би тухайн маргаан бүхий газар, байшин, хашаа хороог худалдаж авсан учраас нүүгээд очсон. Надад худалдаагүй байсан бол би тухайн өвөлжөөний газарт нүүгээд очих шаардлага байхгүй байсан. Шүүхээс хэргийн газрын үзлэг хийхээр очиход би болсон явдлыг үнэн зөвөөр хэлсэн. Намайг буруутгаж байгаа нь чи худалдсан бол мөнгөө өгсөн баримтаа гаргаад ир гэж байгаа. Тухайн үед төрөл садны хүмүүст итгэсэн учраас ямар нэгэн гарын баримт бичүүлж аваагүй. Хэрвээ би худалдаж аваагүй байсан бол талийгаач нас барсны 40 хоног өнгөрч байхад яагаад мөнгийг асуугаагүй юм бэ. Бүхэл бүтэн 10 жилийн дараа байшин, хашаа хороотой маргаан үүсгэнэ гэдгийг би мэдээгүй. Мэдсэн бол талийгаач Х.К-гаас шууд гарын баримт бичүүлж авах байсан. Хэрвээ аваагүй гэж байгаа бол би хамаатан хүний хувьд дахин 3.000.000 төгрөг өгөх талаар хэлсэн. Тэгэхэд эд нар намайг тухайн хашаа хороог 40.000.000 гаруй төгрөгт худалдана гэсэн. Тийм учраас бид хоорондоо учраа олоогүй юм. Нэхэмжлэгч тал тухайн газарт би нэг биш 2 байшин барьж байх хугацаанд ирж энэ бид нарын газар гэж хэлэх боломж нь байсан.

2.7. Манай эхнэр болон талийгаач Х.К- хоёр эгч, дүүсийн хүүхэд байсан учраас эхнэрээс зөвшөөрлийг авч гарын үсэг зуруулаад нотлох баримт аваад ир гэж хэлж чадаагүй юм. Хөдөө амьдардаг хүмүүст үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүйн улмаас нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй болсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00599 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Т-аас үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 14,580,498 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.З-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 160,652 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, хариуцагч Х.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 230,852 төгрөг болон шинжээчийн зардал 250,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.З-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Х.Т- би 1996 оноос эхлэн одоо хүртэл тус аймгийн Т сумын Хонгор өлөн 3 дугаар багт мал маллан амьдарч байгаа хүн бөгөөд 2013 оны 5 дугаар сард тус багийн нутаг дэвсгэр болох Хавтгай улаан хэмээх газар байгаа иргэн Х.К- гэх хүний өвөлжөөг худалдаж аваад суурьшсан. Уг өвөлжөөг нэхэмжлэгч Б.З-ийн талийгаач нөхөр Х.К- нь надад худалдсан, уг өвөлжөөнд байгаа байшин, малын хашаа хороо бүхий 700 м.кв газрыг Т сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/32 дугаартай захирамжаар иргэн Х.К-н эзэмшлээс Х.Т- миний эзэмшилд шилжүүлсэн. Уг захирамжаар Х.К-н *********дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон байдаг.

4.2. Мөн өвөлжөө шилжүүлсэн талаар Х.К- болон Х.Т- бид тус тусдаа гар баримт бичиж нотариатаар гэрчлүүлсэн. Мөн 2014.06.05-ны өдөр Х.К- нь өвөлжөөний хашаа, хороо, хадлангийн талбайг надад худалдсан талаар гар баримт бичиж үлдээсэн. Т сумын Засаг даргын захирамжаар надад өвөлжөө шилжүүлсний дараа сумын газрын даамлын зүгээс надад 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ************ нэгж талбарын дугаартай өвөлжөөний зориулалттай 700 м.кв газар эзэмших гэрчилгээ бичиж өгсөн.Уг өвөлжөөг би худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлэн авснаас хойш 10 жил болж байгаа боловч талийгаач Х.К-н эхнэр Б.З- нь Х.Т- надаас мөнгө салгаж авахын тулд шунахайн зорилгоор анх 2022 оны 10 дугаар сард тус шүүхэд хандаж Т сумын 3 дугаар багийн нутаг дэвгэр Хавтгай улаан гэх газар байршилтай өвөлжөөнөөс албадан нүүлгэх шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан. Миний хувьд бүх холбогдох нотлох баримтуудыг шүүхэд бүрдүүлж өгсний дараа шүүхээс хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан товлон зарласан боловч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь зориуд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийг буцааж байсан удаатай.

4.3. Гэтэл түүний дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б.З- нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өөрийн дүү болох Б.Е-г оролцуулан тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Х.Т- надад Газар эзэмших эрх шилжүүлэх тухай Т сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган, маргаан үүсгэж байсан боловч захиргааны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 110/ШШ2023/0032 дугаартай шийдвэрээр түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч тал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлээд байсан.Тэгээд тэд эцсийн хувилбараа турших замаар 10 жилийн өмнө худалдсан хашаа хорооны үнийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүгчийн захирамжаар шинжээч томилуулан тэнд байсан хашаа хороо, байшин зэрэг үл хөрөнгөд үнэ тогтоолгосон. Тухайн үед миний Х.К-гаас худалдаж авсан өвөлжөөнд 5x6 метрийн хэмжээтэй улиас модоор барьсан өвлийн байшин, үүдэнд нь залгуулаад барьсан 3x3 метрийн түүхий тоосгоор барьсан амбаар байсныг нурааж түүний оронд миний хүү Хумырзах шинээр байшин барьсан ба түүнээс гадна 3x3 метрийн модон пүнз, мөн хэмжээтэй чулуугаар барьсан пүнз, мөн 7x8 метрийн хэмжээтэй тал саравчтай чулуугаар барьсан хашаа зэрэг нь одоо хүртэл байна. Үүнийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс үзлэг хийх үеэр үзэж, тэмдэглэл үйлдсэн.

4.4. Дээр дурдсан хөрөнгүүдийг газартай нь хадлангийн талбайтай нь оролцуулаад худалдаж авсан тул ямар нэгэн тооцоо байхгүй болох нь Захиргааны хэргийн 2 шатны шүүхийн шийдвэрээр нотлогдсон. Харин би тухайн хашаа хороог худалдаж авахад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гэж байгаагүй ба одоо хүртэл гэрчилгээ аваагүй, ер нь манай сумын малчин айлуудад гэрчилгээ олгож байгаагүй байх гэж бодож байна. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад заасан Т сумын 3-р баг Хавтгай улаан гэх газарт өмнө нь байсан 64 м.кв хэмжээтэй өвлийн модон байшин, 16 м.кв хэмжээтэй модон амбаар, 625 м.кв малын саравчтай хашаа хороо, 500 м.кв хэмжээтэй задгай чулуун хашаа хороо, 16 м.кв төлийн модон пүнз, 16 м.кв хэмжээтэй төлийн чулуун пүнз зэрэг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг шинжээч томилж тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг шүүхээс ханган шийдвэрлэсэн хэдий ч нэхэмжлэгчийн үнэлгээ тогтоолгохоор дурдсан эд хөрөнгүүдийн хэмжээ нь бодит байдалд нийцэхгүй байгаа гэж үзэж байсан тул байгаа хөрөнгүүдэд хэмжилт хийж бодит хэмжээг тогтоосны дараа үнэлгээ тогтоох ёстой гэж үзээд гомдол гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн гомдлыг хүлээж авахаас үндэслэлгүйгээр татгалзаж байсан ба тухайн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байсан тул энэ хүрээд зогсож байсан.

4.5. Гэтэл тухайн үед үл хөдлөх хөрөнгийн объёом хэмжээг шүүх зөвхөн нэхэмжлэгчийн аман баримжаа буюу өөрийн санаанд орсон бодит бусаар бичиж өгсөн хэмжээг үндэслэн шийдвэр гаргасан байсан юм. Яаг бодит байдал дээр: Дээрх үл хөдлөх хөрөнгөнүүдээс: Хонины чулуу хашаа 10x18 метрийн хэмжээтэй /4x10 метрийн хэмжээтэй хэсэг нь саравчтай/, 15x14 метр хэмжээтэй чулуугаар барьсан үхрийн хашаа, 3x4 метр хэмжээтэй чулуугаар барьсан пүнз, 3x2.5 метрийн хэмжээтэй модон пүнз зэрэг хөрөнгүүд одоо хүртэл байгаа бөгөөд харин 5x6 метрийн хэмжээтэй улиас модоор барьсан /гадна талыг шар шавраар шавардсан/, уг байшингийн үүдэнд залгуулаад түүхий шар шавар тоосгоор барьсан 4x3 метрийн хэмжээтэй үүдний өрөө, 4x3 метрийн хэмжээтэй модоор барьсан махны амбаар зэргийг буулгасан байгаа. Бодит байдал дээр үнэлгээ тогтоолгох гээд байгаа бол тэнд байгаа хашаа хороонд талуудыг байлцуулж байгаад нарийвчилсан хэмжилт хийсний дараа, үнэлгээг тогтоолгох байсан боловч маргаж байгаа талын амаар хэлсэн тоо хэмжээг үндэслэл болгоод үнэлгээ тогтоосонд мөн гомдолтой байна.

4.6. Х.Т- би тухайн үед буюу 2013 онд талийгаач К-гаас эзгүй газар уулын мухарт байгаа хоосон газрыг худалдаж авна гэж ямар юм байдаг юм бэ, хэн ч өвөлжөө, хашаа хороог ашиглан, ойр хавийн бэлчээрийн газарт нь мал бэлчээрлүүлэх малаа маллахаар авна гэдгийг ямар ч хүн ойлгодог баймаар юм гэж бодох юм. Мөн нэхэмжлэгч Б.З- нь 10 жилийн хугацаанд өөрийн өвөлжөөг худалдагдсаныг мэдээгүй сууна гэж ямар юм байдаг юм бэ, харин эсрэгээрээ мөнгө авсан талаар бичиг хийлгэж аваагүй, миний итгэмтгий гэнэн зан байдлыг өөртөө ашигтай байдлаар урвуулан ашиглаж, нөхрөө нас барсныг далимдуулан надаас дахин мөнгө авахаар дарамт шахалт үзүүлэх шунахайн зорилгодоо хөтлөгдөн намайг хохироох бусармаг оролдлого гэж ойлгож байна.

4.7. Харин анхан шатны шүүх нь эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохдоо бодит бус байдлыг үндэслэн үнэлгээ хийлгэсэн, 10 жилийн өмнө худалдаж авсан хашаа хороог, нэхэмжлэгч 9 жилийн дараа гэнэт ухаан ороод мэдсэн болгож, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж дүгнэж, хөрөнгийн эзэн өөрийн гараар бичиж өгсөн Би хашаа хороо, хадлангаа Т-т худалдсан" гэсэн утга бүхий бичиг байхад түүнийг үнэлээгүй, бодит байдлыг нотолдог гэрчүүдийн мэдүүлгийг мөн үнэлээгүй нь хэргийн бодит байдалд нийцээгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж дүгнэж байна.

4.8. Дээрх хэргийн нөхцөл байдлуудыг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00599 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд:

5.1. Б.З-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Х.Т-ын өмгөөлөгч Т.Бахыт би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00599 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хавтас хэрэгт цугларсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг зөв үнэлээгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасныг тус тус үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

5.2. Уг шийдвэрийн үндэслэх хэсгийн 13 дугаарт: ...Х.К- Баян-Өлгий аймагт оршин суухаар нүүсэн тул Хавтгай улаанд байгаа өвөлжөө, хашаа, байшинг 3-р багийн иргэн Т-т зарсан тул миний хашаа байшинг Т-ын нэр дээр шилжүүлж өгөхийг хүсэж байна" гэх гарын баримтаар маргаан бүхий өвөлжөөний байшин хашаа, хороог хариуцагч худалдаж авсан болох нь тогтоогдож байгаа гэж энэ талаар зөв дүгнэлт хийсэн боловч үнэ ханшийн талаар дурдаагүй байна гэж, Мөн хэсгийн 14-т ...тухайн эд хөрөнгүүд нь нэхэмжлэгчийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байх ба түүнд талууд маргаагүй байна." гэж үндэслэл муутай буруу дүгнэлт хийсэн байна.

5.3. Шүүхээс Иргэний хуулийн 128 дугаар зүйлийг хэрэглэхдээ тухайн өрхийн тэргүүн, гишүүн хүн эд хөрөнгөө худалдахдаа гэр бүлийн гишүүн болох эхнэр Б.З-аас зөвшөөрөл аваагүй байсан мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Талийгаач нь эхнэрээсээ нуугаад хашаа хороо, байшингаа худалдсан гэдэг нь нотлогдохгүй, яагаад гэвэл 2013 онд аймгийн төв рүү нүүж очоод бүхэл бүтэн 6 жил өнгөрсний дараа нөхөр К- нь нас барсан байдаг, мөн нөхрөө нас барсны дараа 3 жил өнгөрөөд байхад сая нэг албадан нүүлгэнэ гэж шүүхэд хандаж байгаа эргэлзээтэй нөхцөл байдал үүсгээд байхад нэхэмжлэгч талын аман яриаг үндэслэн, хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэж шийдвэр гаргаж байгаа нь үндэслэл муутай байна.

5.4. Мөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хөрөнгийн үнийг гаргуулсан гэж дүгнэсэн боловч тэнд байгаа хашаа, хороо, байшин, пүнз зэрэг хөрөнгүүдийг газар дээр нь хэмжилт хийж үзээгүй, объектуудын эзлэхүүн болон талбайн хэмжээг тогтоогоогүй, зөвхөн нэхэмжлэгчийн аман зоргоор хэлснийг үндэс болгож үнэлгээ хийж байгаа нь мөн бодит байдалд нийцээгүй байна.

5.5. Шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг эрх нь зөрчигдсөн үеэс эхлэн нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сард нөхөр К- нь нас барсны дараа өвөлжөөний газраас Т-ыг албадан нүүлгэх талаар нэхэмжлэл гаргахад гэнэт мэдэж, улмаар газар эзэмших эрх шилжүүлсэн болохыг Захиргааны хэргийн шүүх тогтоосноор дахин иргэний хэргийн шүүхэд хандсан мэтээр дүгнэжээ. Гэтэл 2013 оноос хойш тэнд хариуцагч Т- эзэн сууж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байгаа. Энэ хугацаанд Т-ыг уг өвөлжөөнд түр суулгаж байсан талаарх гэрээ хэлцэл, мөн өвөлжөөг суллаж өгөхийг шаардаж байсан, түүнчлэн орон нутгийн холбогдох засаг захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж байсан талаарх нэг ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байдаг. Түүнчлэн Т-т түр хариуцуулж байсныг нотлох ямар нэгэн хөдлөнгийн нотлох баримт байхгүй, захиргааны хэргийн шүүхэд гэрчээр асуугдсан тухайн үед байсан баг, сумын засаг дарга нар, хөршүүд К- нь малаа худалдаад 2013 онд аймгийн төв рүү нүүгээд явсан гэдгийг гэрчлэн нотолдог.

5.6. Тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэргээс хуулбарлаж олгосон гэрч А.А, Х.М, Т.Ж, А.Х нарын мэдүүлгүүд, мөн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл, 2014.06.05-ны өдөр К-н казахаар бичсэн гар баримт, багийн засаг дарга А.Х-ны тодорхойлолт зэрэг хуулийн дагуу цуглуулсан бичгийн нотлох баримтуудыг үнэлээгүй байгаа явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дугаар заалтад нийцээгүй байгаа зэрэг нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх нотлох баримтуудыг дутуу үнэлсэн гэж тус тус үзэж байгаа тул ийнхүү гомдол гаргаж байна.

5.7. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00599 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:

6.1. Хариуцагч Т- бид ах дүү хамаатан садны холбоотой хүмүүс. 2013 онд талийгаач К- нь өвдөж тал малаа үлдээж, хашаа хороондоо эзэн болоод сууж байгаарай гээд хариуцагч Т-ыг суулгаад, өөрөө аймгийн төв рүү нүүж ирсэн. Дараа нь К- өвчний улмаас нас барсан. Талийгаачийн 40 хоног нь өнгөрөөгүй байхад Т- нь К-гийн малыг аймаг руу явуулсан. Бид анх тухайн газрын маргаантай асуудлыг сумын захиргаанд хандахад бидний шийдэх асуудал биш тул захиргааны хэргийн шүүхэд хандахыг зөвлөсөн. Тухайн газрыг хашаа хороотой нь хамт 3 сая төгрөгөөр зарна гэж байхгүй. Анх тус аймгийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад захиргааны хэргийн маргаан байна гэж татгалзахаар нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Тус газрыг талийгаач К- нь Т-т зарсан талаар баримт байхгүй. К- нь 3 жил цэрэгт явсан хүн учраас ядаж монгол хэлээр бичих ёстой. Хариуцагчийн гаргаж өгч байгаа баримтыг талийгаач К- бичсэн гэдэгт эргэлзэж байна. Гэрч нарын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Талийгаачийн гарын үсгийг бүрдүүлж тухайн маргаан бүхий газрыг нэр дээрээ шилжүүлж авсан. Тус газар нь 76 м.кв хэмжээтэй байсан. Тухайн үед захиргаанд ажилладаг байсан М гэдэг хүн 40 м.кв гэж бичсэн байна. Маргаан бүхий газрыг нэгдлийн үед өмч хувьчлах үед худалдаж авсан тул хамтран эзэмшигч нь нэхэмжлэх эрхтэй. Талийгаач К- нас барсан ч эд хөрөнгөд нь эзэн болох хүмүүс байгаа гэдгийг хэлье. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Анхан шатны шүүх хууль ёсны буюу зөв шийдвэр гаргасан. Хариуцагч талаас талийгаач К-н гарын баримтыг буруу үнэлсэн гэж тайлбарлаж байна. Бичгээр хийсэн хэлцлийг нотлох баримтын хүрээнд зөв үнэлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэг буюу 56.6 дахь хэсэгт заасан заалтуудыг хэрэглэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

7.2. Бас хариуцагч давж заалдах гомдолдоо гэрч нарын мэдүүлгийг үнэлээгүй гэсэн байна. Маргаан бүхий газар талийгаач К-н нэр дээр бүртгэлтэй байж байгаад 2014 онд Т-ын нэр дээр шилжүүлсэн нь тогтоогдож байна. Талийгаач амьд байхад түр шилжүүлсэн нь тогтоогдож байна. Тухайн үеийн хашаа хороог эвдэж, амбаар савыг томсгож барьсан. Ашид билгүүн ХХК-ны мэргэжилтнүүд очиж үзлэг хийж, дүгнэлт гаргасан. Түүнд нэхэмжлэгч талаас нөлөөлөх ямар ч боломжгүй. Уг дүгнэлтийг хариуцагч эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гомдол гаргасан. Түүнтэй холбоотой эцэслэн шийдвэрлэсэн.

7.3. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргасан. Талийгаач К-н казах хэлээр бичсэн гарын баримтыг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн. Хуулиа зөрчиж хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж заасан. Хэлцлээр шилжүүлсэн зарим зүйлийг буцаан шилжүүлэх боломжгүй бол мөнгөөр төлнө гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар хамтран амьдрагчийн өмчлөх эрх зөрчигдсөн. Гэр бүлийн гишүүдийн эрхийг зөрчсөн тул уг эрхийг нэхэмжлэгч З- нь бүрэн эдлэх эрхтэй. Нэхэмжлэгч З- ч гэсэн эд хөрөнгө захиран зарцуулах эрхтэй. Тус маргаан бүхий газрыг худалдсан эсэх нь тодорхой бус байна. Үл хөдлөх хөрөнгө бүртгэх газарт бүртгүүлэх хэрэгтэй байсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, нэхэмжлэлд зааснаас өөрөөр тодорхойлж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

 

9. Нэхэмжлэгч Б.З- нь хариуцагч Х.Т-т холбогдуулж Баян-Өлгий аймгийн Т сумын 3 дугаар багт байршилтай Хавтгай улаан гэх өвөлжөөний газарт буй гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 64 м.кв хэмжээтэй модон байшин, 16 м.кв хэмжээтэй модон амбаар, 625 м.кв хэмжээтэй саравчтай хашаа, 500 м.кв хэмжээтэй задгай чулуу хашаа, 16 м.кв хэмжээтэй төлийн модон пүнз, 16 м.кв хэмжээтэй төлийн чулуун пүнз зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 14,580,498 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хариуцагчийг дурдсан эд хөрөнгүүдийг үндэслэлгүйгээр эзэмшсэн гэж үзэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг дурдаж шаардах эрхийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

 

10. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тухайлан дурдсан шаардах эрхийн үндэслэлд анхаараагүй буюу дүгнэлт өгөөгүйн дээр, энэ талаар ...маргаан бүхий өвөлжөөний байшин, хашаа, хороог хариуцагч худалдаж авсан нь тогтоогдож байгаа боловч хариуцагчаас хэдээр худалдан авч, хэдэн төгрөг төлсөн эсэх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй... тус хөрөнгүүд нь Б.З- болон түүний нөхөр Х.К- нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө учраас тухайн хөрөнгүүдийг худалдахдаа Б.З-аас Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.2, 128.3 дах хэсэгт зааснаар зөвшөөрөл аваагүй. Тиймээс хариуцагч Х.Т- болон талийгаач Х.К- нарын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус гэсэн агуулгатай, нэхэмжлэлийн үндэслэлд зааснаас өөр бусад үндэслэлийн талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимд нийцээгүй байна.

 

11. Түүнчлэн шүүх нэхэмжлэгч Б.З-ын шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн холбогдох хэсгийг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг баримтлан хариуцагч Х.Т- болон Б.З-ийн нөхөр, төлийгаач Х.К- нарын хооронд хийсэн хэлцлийг хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж дүгнэхдээ Б.З- болон талийгаач Х.К- нар эхнэр, нөхөр буюу гэр бүлийн гишүүд мөн эсэх, гэрлэлтээ хуульд заасан зохих журмын дагуу бүртгүүлсэн эсэх зэргийг тодруулахгүйгээр нэхэмжлэгчийг хуульд заасан гэр бүлийн гишүүний шаардах эрхийг хэрэгжүүлнэ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байна.

 

12. Иймд дээрх хоёр үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтад шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэж зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж, шийдвэрийг хүчингүй болгож өгөн үү гэсэн хариуцагч Х.Т- болон түүний өмгөөлөгч Т.Бахыт нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

13. Хуульд зааснаар хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230.852 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж хариуцагч Х.Т-т буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00599 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,852 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас буцаан гаргуулж, хариуцагч Х.Т-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК